| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04168/И |
| Дугаар | 210/МА2025/00066 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00066
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04771 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,
Ванны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192,200,000 төгрөг гаргуулах, тухай төлбөрт хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136,175,000 төгрөгийг хасаж, зөрүү 56,025,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, хохиролд 22,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...******* нь ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан, ... ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ХХК-тай бартераар нийлүүлэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 1,021,743,800 төгрөгөөр бараа худалдан авахаар тохирч, гэрээний урьдчилгаанд 21,743,800 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг бараа материалаар төлөх, нийлүүлэх тоноглол, материалыг гэрээний хавсралтаар баталсан.
Манай компани хариуцагч ******* ХХК-нд нийт 1,012,517,000 төгрөгийн бэлэн мөнгө болон бартерын орон сууц, машин зэргийг гэрээгээр тохиролцсоны дагуу хүлээлгэн өгсөн.
Харин ******* ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийнхээ дагуу 701,486,000 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн боловч гэрээнд заасан 142 ширхэг автомат цоожийг 2020 оны сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх үүргээ зөрчиж одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй.
Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор дижитал цоожийг нэг сарын хугацаанд нийлүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл нийлүүлэх байсан хугацаанаасаа жил гаруй хугацаа өнгөрсөн ба бидний зүгээс ч гэсэн хугацаа олгож байсан.
Мөн ХХК-ийн нийлүүлсэн ванны шүршүүрийг хийгээд оршин суугчдаа оруулсны дараа оршин суугчдаас гомдол ирсэн. Тодруулбал, шүршүүр буюу шууд хананд байрлагдаад доошоо шал руугаа урсдаг шүршүүрийг бидэнд өөрчлөөд андуураад өгчихсөн юм болов уу гэж тухайн үед ойлгогдохоор байсан.
Ванны цоргыг нээхэд ус хананаасаа 5-10 см хэртэй талбай дээр унаад, гадагшаа ус алдаад байсан. Тэр ус алдаад байгааг ямар ч байдлаар шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар хариуцагчид утсаар хэлсэн, албан бичгээр хоёр удаа хариуцагчид ванны шүршүүрийн доголдлыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
Нэхэмжлэгч талын хувьд хариуцагчийн хүлээлгэж өгсөн бараа буюу шүршүүрийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангасан бус, оршин суугчид зориулалтаар ашиглах боломжгүй байгаа учир доголдолтой гэдгийг үзээд тухайн холбогдох ванны шүршүүрийг эргэж аваад өөрөөр солих зардлуудыг нийлүүлж нэхэмжилж байна.
Ингээд ******* ХХК болон Эсүтрэйд ХХК-ийн хооронд байгуулсан бартераар нийлүүлэх гэрээний зарим хэсэг нь биелэгдсэн, зарим хэсэг нь биелэгдээгүй тул бидний зүгээс гэрээнний тухайн хэсгүүдээс татгалзаад, хоёр талын гэрээнд хариуцагч нь үүрэг зөрчсөн гэдэг байдлаар хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Манай компани ихэнх төлбөрт бартераар орон сууц буюу машин шилжүүлсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 22/609 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тухайн орон сууцыг *******ын эзэмшилд шилжүүлсэн учир түүнээс буцаан гаргуулж албадан чөлөөлөхийг даалгаад төлбөрийн зөрүү 56,025,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.
Тодруулбал, хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан ванны шүршүүр худалдан авахад 57,200,000 төгрөг, суурилуулах ажлын хөлсөнд 27,200,000 төгрөг, хаалганы цоож худалдан авахад 107,800,000 төгрөг, нийт 192,200,000 төгрөг төлөхөөс *******ын өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136,175,000 төгрөгийг хасаж, зөрүү 56,025,000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх, мөн хохирол буюу дээрх орон сууцдыг бусдад 13 сарын хугацаанд хөлслүүлэхэд олох ёстой байсан орлого гэж 22,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2.1. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хавсралтад заасан 142 ширхэг хаалганы дижитал цоожийг БНХАУ-ын Yongkang Chengxi Tongmen үйлдвэрээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиалсан боловч корона вирус цар тахлын улмаас хорио цээр тавьсан тул ачаа тээвэр биднээс шалтгаалахгүй саатсан. Энэ талаар ХХК-нд тухай бүр мэдэгдэж байсан.
Нэхэмжлэгч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар хаалганы дижитал цоож нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хожимдсон байхад цоожийг авахгүй, цоожны мөнгө авна гэж ойлгомжгүй зүйл шаардсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дижитал цоожийг нийлүүлж чадаагүй гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм.
Бид гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар нэг бүр нь 322,000 төгрөгийн үнэ бүхий 138 ширхэг ванны шүршүүрийг тоо хэмжээ, чанар, маркийн хувьд стандартын шаардлага хангасан байдлаар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн нягтлан бодогч д гарын үсэг зуруулж, тамга тэмдгээр баталгаажуулан хүлээлгэн өгсөн ба тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Манай компани зөвхөн бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй болохоос суурилуулах үүрэг хүлээгээгүй. Усны цорго ванны ирмэг дээр гоожиж байгаа нь буруу суурилуулалт, барилгын хэмжээний зөрүү зэрэг олон хүчин зүйлээс үүдэх боломжтой байхад стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнээс болсон гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь тухайн зүйлийг шалган авах үүргээ биелүүлээгүй учир гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан.
Эрээн цав агро ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул ХХК-нд аливаа байдлаар учруулсан хохирол байхгүй. Нэхэмжлэгч нь маргаж буй дижитал цоож болон ванны цорго нь үнэхээр асуудалтай болоод үүнтэй шууд хамааралтайгаар өөрт бодитоор хохирол учирсан бол холбогдох нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэх эрхэй. Гэтэл маргаж буй асуудалтай холбоогүй урьд өмнө манай компанийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүнд тооцож шилжүүлсэн орон сууцыг бусдад түрээслэх байсан гэх үндэслэл нь бодитой бус, бодитоор хохирол учраагүй байхад өөрсдийн үзэмжээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ХХК-тай 54.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 136,175,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг бэлнээр төлсөн, сүүлийн 4 жил уг байрандаа амьдарч байгаа. Энэ маргаан нь ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан учир түүнд хамааралгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдох банны шүршүүр, хаалганы цоожны үнэ, ажлын хөлс нийт 192,200,000 төгрөг гаргуулах, тухайн төлбөрт хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136,175,000 төгрөгийг хасаж тооцож, зөрүү 56,025,000 төгрөг гаргуулах, орон сууц хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, хохирол 22,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,376,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинээжийн зардал 395,000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төвд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Гэрээний дагуу 139 ширхэг 3 үйлдэлтэй ванны шүршүүрийг хүлээн авах үед нүдээр харж доголдолтой эсэхийг шалгах боломжтой байдлаар шалгахад хэвийн ажиллагаатай, 3 үйлдэлтэй, ванны шүршүүр байсан учир хүлээн авсан. Улсын комисс барилгыг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгосноос хойш оршин суугчид шүршүүрээ хэрэглэж эхэлснээс хойш ванны ус цоргоноос гоожихдоо ванны ирмэг дээр усаа гоожуулж байгаа тул гадуур нь ус хальж ус алдахад хүрч байна гэсэн гомдлууд тасралтгүй ирсэн. Эдгээр гомдол гаргасан оршин суугчдын төлөөллөөс гэрчээр оролцуулсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн цоргыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна гэж үзсэн. Тиймээс тухайн ванны шүршүүрийг хүлээж авах үед тоо ширхгээр нь, бараа материалыг мөн эсэхийг, ажиллагаа нь хэвийн эсэхийг шалгаж авах боломжтой байснаас бус зориулалтын дагуу ашиглах боломжгүй юм байна гэдгийг мэдэх боломжгүй байсан болно.
Шүүхээс гомдлын шаардлагын хугацаа дууссан гэж үзэж байгаа боловч Барилгын тухай хуулийн 14.3, 4.6, 14.7, 14.6-д тус тус зааснаар зөрчлийг буруутай этгээд буюу материал ханган нийлүүлэгч хохирлыг барагдуулахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтаас харахад гомдлын шаардлага гаргах хугацаа дуусгавар болоогүй байсан гэж үзэхээр байна. Мөн тухайн бараа материалыг хүлээн авах үед доголдлыг илрүүлэх боломжгүй байсан тул доголдлыг мэдсэн цагаас гомдлын шаардлага гаргах хугацааг тоолохоор байна. Иргэний хуулийн 76.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаа мөн дуусгавар болоогүй байна.
Гэрээгээр тохирсны дагуу 142 ширхэг смарт цоожийг 2020 оны 11 сарын 15-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон, төлбөр бартераар төлөгдсөн байхад төлбөрөө авсан атлаа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй. Улсын комисс хүлээж авах үед хаалганы цоожийг суурилуулж хүлээлгэн өгсөн байх ёстой. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирлоо нэхэмжилсэн билээ. Тухайн үеийн смарт цоож худалдаж авах үнэ одоо авах үнийн хооронд зөрүү үүссэн тул одоо худалдан авах ханшаар нэхэмжилсэн болно. Гэрээний үүргээ биелүүлээгүйн илтэд байхад смарт цоожтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.1. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх буюу худалдах, худалдан авах харилцаа үүссэн. Барилгын тухай хууль нь захиалагч болон барилгыг гүйцэтгэгч компанийн харилцааг зохицуулсан хууль юм. Уг хууль нь талуудын хооронд үүссэн харилцаанд хамааралгүй. Хариуцагч компани нэхэмжлэгчид 138 ширхэг шүршүүрийг бэлтгэн нийлүүлж өгсөн. Захиалагчийн гэрээний хавсралтад заасан зураг, төслийн дагуу нийлүүлсэн. Талуудын тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан. Ванны шүршүүрийг суурилуулсны дараа усыг гоожуулж доголдлыг мэдэх боломжтой байсан. Нийлүүлсэн бүх шүршүүрийг оршин суугчид ашиглаж байгаа. Шүршүүрийг ашиглах боломжтой, хэвийн болох нь үзлэгээр нотлогдсон. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад талууд бэлтгэн нийлүүлсэн материалын үнэ болон төлбөрийн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан. 142 ширхэг цоожийг өгөх гэхээр авдаггүй, харин мөнгийг нь нэхдэг байсан.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
5.2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан. ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ нь хариуцагч *******ын орон сууц захиалах гэрээтэй хамааралгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. ХХК нь ******* ХХК, ******* нарт холбогдуулан ванны шүршүүр худалдан авахад 57,200,000 төгрөг, суурилуулах ажлын хөлсөнд 27,200,000 төгрөг, хаалганы цоож худалдан авахад 107,800,000 төгрөг, нийт 192,200,000 төгрөг төлөхөөс *******ын өмчлөлд шилжүүлсэн орон сууцны үнэ 136,175,000 төгрөгийг хасаж, зөрүү 56,025,000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх, мөн хохирол буюу олох ёстой байсан орлогод 22,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХК нь шаардах эрхээ *******д шилжүүлснийг үндэслэн шүүгчийн 2022 оны сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/19382 тоот захирамжаар түүнийг нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар оролцуулсан байна. /1.х.х-ийн 120/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3. Хэрэгт цугларсан баримтаар ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай бартераар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, барилгын 26 нэр төрлийн 14,160 ширхэг барааг 1,021,743,800 төгрөгөөр худалдан авах, гэрээний урьдчилгаанд 21,743,800 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг бараа материалаар төлөхөөр харилцан тохирч, нийлүүлэх тоноглол, материалыг гэрээний хавсралтаар баталжээ. /1.х.х-ийн 31-37/
Улмаар талууд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дээрх гэрээний хавсралтад 18 нэр төрлийн 6,712 ширхэг бараа бүтээгдэхүүнийг 745,931,400 төгрөгөөр нийлүүлэхээр өөрчлөлт оруулсан байна. /1.х.х-ийн 38-39/
Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь тохиролцсон үнийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Хэрэгт цугларсан баримтаар талууд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, энэхүү актанд ХХК нь ******* ХХК-иас нийт 772,711,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч, хариу төлбөрт 672,325,000 төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, бэлэн мөнгө өгсөн гэжээ. /1.х.х-ийн 109/
Гэвч зохигч нар худалдах, худалдан авах гэрээний хавсралтад 142 ширхэг хаалганы цоож /кодоор онгойдог/-ний үнийг 50,225,400 төгрөг гэж тохирч, үүнийг тооцоо нийлсэн актанд гүйцэтгэсэн гэж тусгасан боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ******* ХХК нь уг хаалганы цоожийг ХХК-нд нийлүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж, 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж тус тус заасан.
******* ХХК нь дээрх 142 ширхэг хаалганы цоожийг худалдах, худалдан авах гэрээнд зааснаар 2020 оны сарын 15-ны өдрийн дотор ХХК-нд нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан.
Хэдийгээр талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д дайн, бослого үймээн, гал түймэр, халдварт өвчин зэргийг давагдашгүй хүчин зүйлд тооцож, үүний улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохирсон боловч ******* ХХК нь хаалганы цоожийг нийлүүлээгүй, ХХК нь гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаж байна.
Энэ тохиолдолд худалдан авагч нь худалдагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн болон авсан зүйлээ харилцан буцаахыг шаардах эрхтэй.
6. Хэрэгт цугларсан баримтаар ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцнаас С блок, 6 дугаар давхар, 2 тоот хаягт байрлах 54.47 м.кв талбайтай орон сууцыг 136,175,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгчээ. /1.х.х-ийн 96-98/
Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү орон сууцыг ХХК-иас ******* ХХК-нд худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөрт тооцож өгөх байсныг тус компанийн хүсэлтээр *******ын өмчлөлд шилжүүлсэн гэжээ.
Иймээс Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ******* ХХК нь ХХК-иас тус орон сууцыг авах шаардах эрхээ шилжүүлсэн байх тул *******ыг энэхүү орон сууцыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд түүний ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гээд 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн гэж заажээ.
Нэгэнт ******* ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хүлээн авсан 54.47 м.кв талбайтай орон сууц нь *******д шилжсэн, одоо биет байдлаар буцаах боломжгүй байх тул хариуцагч тус компани нийлүүлээгүй хаалганы цоожийн үнэ болох 50,225,400 төгрөгийг ХХК-нд буцааж төлөх үүрэг хүлээнэ.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ******* ХХК-иас 50,225,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн өөрчлөлт оруулна.
8. Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын бусад хэсгийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
8.1 ******* ХХК нь ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хавсралтад тохирсон нэр, төрөл, загварын 139 ширхэг ванны шүршүүрийг нийлүүлсэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг доголдолтой гэж маргасан.
А/ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.
Зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд чанарын талаар тухайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь энэ хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар дундаас доошгүй чанартай байсан гэдгээ нотлох ёстой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчийн дүгнэлтэд ...ариун цэврийн өрөөнд суурилуулсан холигч нь босоо душ, гар шүршүүр, цорго гэсэн 3 үйлдэлтэй ба ашиглалтын үед эвдрэл гэмтэл гараагүй гэх боловч уг холигчийн цорго нь усанд орох /ванн/-ны ирмэгийг давж өнгийхгүй хэтэрхий богинохон төдийгүй гоожсон ус нь усанд орон онгоцны ирмэг хөвөөн дээр бууж хана дагаж доошоо гоождог нь ашиглалтын шаардлага хангахгүй зориулалтын бус байна... гэснээс үзвэл үүнийг ванны шүршүүрийг суурилалттай холбоотой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
Б/ Мөн анхан шатны шүүх ХХК-ийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагчийн хувьд уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй учир эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд захиалагчийг ....батлагдсан зургийн даалгавраас зөрүүтэй боловсруулсан зураг төсөл болон хүчин чадал, технологийн стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тоног төхөөрөмж, барилгын материал хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй, ... гэсэн.
Үүнээс үзвэл ХХК нь барилга захиалагчийн хувьд ванны шүршүүрийг хүлээж авах болон суурилуулах үед хэвийн ажиллаж буй эсэхийг шалгах ёстой, мөн энэ талаар мэдэх боломжтой байсан бөгөөд харин оршин суугч нар орон сууцыг ашиглаж эхэлсэн цаг хугацаанаас уг холигчийн цорго нь усанд орох /ванн/-ны ирмэгийг давж өнгийхгүй хэтэрхий богинохон байсан гэдгийг мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Тиймээс анхан шатны шүүх хаалганы цоожийг нийлүүлээгүй, мөн ванны шүршүүр доголдолтой гэсэн үндэслэлээр худалдан авах болон түүнийг суурилуулахад гарах зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
8.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227-т тус тус зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоос гэрээнээс татгалзсантай холбогдон хохирол шаардаж болох хэдий ч анхан шатны шүүхийн ХХК нь ******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 54.47 м.кв талбайтай орон сууцыг *******д шилжүүлсэнээс олох ёстой байсан орлого 22,100,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Учир нь, ******* нь ХХК болон ******* ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний оролцогч этгээд биш, тэрбээр орон сууцыг авах шаардах эрхийг шилжүүлэн авч өмчлөгч нь болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болно.
Түүнчлэн зохигч нар ******* ХХК нь ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хавсралтад тохирсон нэр, төрөл, загварын 139 ширхэг ванны шүршүүр нийлүүлсэн талаар маргаагүй, тухайн ванны шүршүүр доголдолтой болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь доголдлын талаарх гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан.
Харин ******* ХХК нь 142 ширхэг хаалганы цоожийг ХХК-нд нийлүүлэх үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгч нь 22,100,000 төгрөгийг олох ёстой байсан гэсэн тайлбар үүнтэй шууд холбоотой биш байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагад хамааралтай хуулийн баримталвал зохих зохицуулалтыг баримтлаагүйгээс гадна мөн хамааралгүй зохицуулалтыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 50,225,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141,974,600 төгрөг, хохиролд 22,100,000 төгрөг гаргуулах болон хариуцагч *******ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,376,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 409,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 395,000 төгрөгийг гаргуулж Барилга хөгжлийн төв-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,376,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР