Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00001

 

******* -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* , *******, *******, *******, ******* нарт холбогдох

2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* -ийн 10.43 хувийн хувьцааг ******* -д худалдахыг *******, *******, *******, ******* нарт даалгах

******* -ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдийн 23/01, 23/02 дугаартай тогтоолууд, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/03, 23/04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болохыг тогтоолгох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******билэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь нийт 5 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд ******* 27.5%, ******* 15%, ******* 15%, ******* 15%, ******* 27.5%-ийн хувьцааг тус тус эзэмшиж байсан.

Хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшлийн 27.5%-ийн хувьцааг бусад гурван хувьцаа эзэмшигч болох *******, *******, ******* нартай хуйвалдан огт мэдэгдэлгүйгээр үгсэн тохирч, хувьцаагаа тэдэнд хуваан зарж борлуулсан. Энэ талаар манай компанид дүр үзүүлсэн шинжтэй мэдэгдэл бүхий бичгийг шууданд хийж илгээсэн боловч шуудангаас -д буцаасан байдаг.

1.2. Хувьцаа худалдах санал гаргаж буй хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь ижил тэнцүү эрхтэйгээр, 1 цаг хугацаанд хэрэгжих санал тогтоох, компани саналыг хувьцаа эзэмшигч нарт дамжуулан мэдэгдэх учиртай. *******, *******, ******* нарын хувьд гуравдагч этгээд биш, харин худалдах гэж буй хувьцааны эрхээр удирдлага нь хэрэгжиж буй ******* -ийн хувьцаа эзэмшигч нар. Гэтэл ******* нь *******, *******, ******* нартай 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр худалдах, худалдан гэрээ байгуулж, худалдах хувьцааны тоо хэмжээ, үнийн дүнг тохирч, нотариатаар баталгаажуулж, мөнгө төлбөрөө авч бүх зүйл болоод дууссаны дараа манай компанид мэдэгдлийг явуулсан нь дүр үзүүлсэн, хэрэгжих боломжгүй хууль бус мэдэгдэл.

Хариуцагч нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээнүүдийн 3.2-т 27.5%-ийн хувьцаа эзэмшигч ******* нь худалдаж буй хувьцааг тэргүүн ээлжид хувь тэнцүүлэн худалдан авах эрхээ хэрэгжүүлсний улмаас худалдаж буй хувьцааны тоо хэмжээ багассан тохиолдолд худалдаж авсан хувьцааны тоо хэмжээгээр энэхүү гэрээний 3.1-т заасан хувьцааны үнэ өөрчлөгдөж болно гэж заасан нь нэгэнт гэрээ байгуулчихаад дараа нь хэлбэрийн төдий дүр үзүүлсэн байдлаар хандсан нь харагдаж байна. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэлдээ 7 хоногийн хугацаа тогтоосон атлаа хэрэгт авагдсан гүйлгээний баримтуудаас харахад 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 94.8 хувийн төлбөр төлөгдчихсөн байдаг.

Иймд хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн 27.5%-ийн хувьцаагаа бусад 3 хувьцаа эзэмшигчдэд хувааж худалдсанаар хуулийг зөрчиж, нэг хувьцаа эзэмшигчийг ялгаварлан орхигдуулж, манай компанийн тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах давуу эрх буюу хуулиар баталгаажсан эрх зөрчигдсөн.

1.3. 2023.04.10-ны өдөр ******* -иас илгээсэн гэх Мэдэгдэл хүргүүлэх тухай №23/04/10-02 тоот албан бичгээс үзвэл, тус мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан мэдэгдэл биш.

Зүй нь хэрэв хувьцаа худалдах талын саналд худалдан авах хугацаа тодорхой бус тохиолдолд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй санал /мэдэгдэл/ тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу худалдах санал гарснаас хойш ажлын 30 хоногийн худалдан авах боломжит хугацаа олгогдох ёстой. Өөрөөр хэлбэл, эхлээд мэдэгдээд хувьцаа эзэмшигчид хуралдаад шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаа тогтоох ёстой байсан. Гэтэл 7 хоногийн хугацаа тогтоож байгаа нь мэдэгдлийн хувьд боломжгүй.

1.4. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.3-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана гэж заасан. Хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.8-д заасан эрхийн зарим эрхийг хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлээгүй татгалзсан тохиолдолд ******* -д татгалзсан хэмжээнд давуу эрхээр хувьцаа худалдан авах эрх шилжиж, хувьцааг худалдан авах эсэх шийдвэр гаргана.

Гэтэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.12-т зааснаар ******* -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлыг хэлэлцүүлэлгүйгээр, компани өөрийн хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргах ажиллагаа хийгдээгүй хууль зөрчигдсөн.

1.5. Хувьцаа эзэмшигчийн худалдахаар санал болгож буй хувьцаа эрхийн зөрчилгүй буюу доголдолгүй байх ёстой. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдах тухайн цаг хугацаанд ******* нь өөрийн эзэмшлийн ******* -ийн 27.5%-ийн хувьцаагаа арилжааны банкнаас авсан зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэх эвлэрлийн гэрээ байгуулагдсан, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байжээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт банкинд шилжихээр шийдвэрлэсэн хувьцааг бидэнд давхардуулан зарах боломжгүй байсан. Иймд эрхийн доголдолгүй буюу зөрчилгүй хөрөнгө худалдах Иргэний хуулийн зохицуулалтууд болон худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг зөрчиж, хууль зөрчсөн.

1.6. Түүнчлэн, гэрээний зүйл болох хувьцаа нь арилжааны банкны хүчин төгөлдөр шаардах эрхээр бусдад шилжүүлэх эрх нь хязгаарлагдаж байхад шаардах эрхтэй этгээдээс ч мөн зөвшөөрөл аваагүй. Мөн төлбөр төлөгч нь тухайн хөрөнгөтэй холбоотой үйлдлийг хийх гэж байгаа бол шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан. Тэгэхээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах юм.

1.7. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10.1.4, 17.1, 26.1-д зааснаар хувьцаа борлуулсны орлого нь албан татвар ногдох орлого бөгөөд уг татварыг албан татвар төлөгч нь үнэн зөв тодорхойлж, төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нарын гэрээний 3.1, 5.1, 5.2-т орлого олоогүй тал нь татварыг төлөх гэрээ байгуулсан нь дээрх хуулийг зөрчсөн.

1.8. Иймээс маргаан бүхий 2023.04.07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан шинжийг давхар агуулсан хэлцлүүд байна. 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.4-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах эрхтэй. Мөн энэ хүрээнд шинээр баталсан дүрмээр 258,241 ширхэг хувьцааг *******аас бусад хувьцаа эзэмшигчид худалдсан үнээр худалдан авах эрхтэй.

Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *******ын худалдсан ******* -ийн 27.47 хувийн хувьцаанаас өөрт ногдох 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч нарт даалгаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.

1.9. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг баталгаажуулж гарсан -ийн 2023.04.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 23/01, 23/02 тоот тогтоолууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үр дагаварт хамаарах тул хүчин төгөлдөр бус шийдвэрүүд юм.

Түүнчлэн, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлох болон зар хүргүүлэх процесс нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4-д заасантай нийцээгүй.

Манай компанид хурлын зарыг шуудангаар илгээсэн гэдэг боловч 2023.04.10-ны өдрийн мэдэгдэл шуудангаас буцаагдсан, хаягтаа байдаггүй болохыг мэдсээр байтал илгээж буй нь дүр үзүүлэх шинжтэй болохыг нотлох юм.

1.10. Мөн дээрх хүчин төгөлдөр бус гэрээнүүд болон тогтоолуудын үр дагаварт хариуцагч компани нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулж, мөн өдрийн 23/03, 23/04 тоот тогтоолоор ******* -ийн 2022 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг баталж, компанийн хувьцааг 100-д хувааж, компанийн хаяг өөрчилж, компанийн гүйцэтгэх захирлаас ийг чөлөөлж гүйцэтгэх захирлаар ыг томилж, төлөөлөн удирдах зөвлөлгүй байсан компанийг ТУЗ-тэй байхаар тогтоож, *******, *******, ******* нарыг ТУЗ-ийн гишүүдээр, ийг ТУЗ-ийн даргаар сонгож, компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. 

2023.04.28-ны өдрийн хууль бус тогтоолуудаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо хэмжээ, саналын эрх нэмэгдсэнээр 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №23/03, 23/04 тоот тогтоолуудыг нэхэмжлэгч ******* -ийн оролцоогүйгээр батлах нөхцөл бүрдсэн.

Иймээс -ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023.06.28-ны өдрийн 23/03, 23/04 тоот тогтоолууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хэлцэлд хамаарна.

Дээрх хууль гэрээнүүд болон тогтоолуудаар нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхийг зөрчиж, хувьцааг хуваах, компанийн дүрэм шинэчлэн батлах зэрэг асуудлаар саналын эрх эдэлж чадаагүй эрх зөрчигдсөн. Иймд ******* -ийн 2023.04.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 23/01, 23/02, 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 23/03, 23/04 тоот тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

2. Хариуцагч ******* -ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* -ийн хувьцаа эзэмшигч ******* болон тус компанид хамааралгүй иргэн , нь н банкинд зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгүүд болон *******ын эзэмшлийн ******* -ийн 27,5 хувийн хувьцаагаар хангуулахаар эвлэрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* болон бусад төлбөр төлөгч нар төлбөрийг мөнгөн хэлбэрээр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлж, өр төлбөргүй болсноор үүргийн гүйцэтгэлийг хувьцаагаар хангах шаардлага гараагүй.

2.2. Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа өөрийн үзэмжээр захиран зарцуулах буюу бусдад худалдах, шилжүүлэх, бэлэглэх эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигч нь хувьцааг нь худалдаж авахаар тохиролцсон талтай хэдийд ч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийг байгуулж болох, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу тус гэрээнд аливаа урьдчилсан нөхцөл, болзол тавих, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг тусгах эрхтэй.

Бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсны дараа гэрээ хийх, байгуулах эрхтэй гэсэн шаардлагыг хуульд заагаагүй. Гэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу хэрэв хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдахаар санал гаргасан, тохиролцсон, гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч бусад хувьцаа эзэмшигч нар нь уг хувьцааг тэргүүн ээлжид худалдаж авах эрхтэй байхаар хуульчилсан.

Энэ эрхийг ******* -ийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхээс татгалзах эсэхийг урьдчилж таамаглах боломжгүй тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нөхцөл, болзол тавьж байгуулж болох бөгөөд ******* эзэмшиж байсан хувьцааг худалдах, худалдан авах гэрээнүүд нь мөн Компанийн тухай хуулийн дээрх заалт, бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг зайлшгүй хүндэтгэж, болзол, нөхцөл тавьж хийгдсэн хэлцэл байсан.

Гэрээний 3.2-т нэхэмжлэгчийг тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд худалдах хувьцааны тоо, төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөр тусгагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсаны дараа ******* нь энэ талаарх саналаа ******* -д хүргүүлсэн.

Хэрэв нэхэмжлэгч тал давуу эрхээ эдэлж, хэрэгжүүлсэн бол гэрээнд заагдсан дээрх болзол нөхцөлийн дагуу бусад хувьцаа эзэмшигч нарт шилжих хувьцааны тоо хэмжээ, төлбөр өөрчлөгдөхөөр байсан. Иймд гэрээ хууль зөрчөөгүй.

2.3. ******* -иас 2023.04.10-ны өдрийн мэдэгдэл бүхий бичгийг хувьцаа эзэмшигч ******* -ийн хувийн хэрэг дэх хаяг, улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Мөн 2023 оны 3 дугаар сарын 03-нд н банкны Гүйцэтгэх захирлын орлогч нь ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулж, улмаар компаниас авсан итгэмжлэлийг үзүүлэн н банкны төв байранд өөрийн өрөөндөө уулзаж байсан тул руу мэдэгдлийг шуудангаар явуулсан. Өөрөөр хэлбэл, бидэнд байгаа мэдээллээр боломжтой бүх хаяг, холбоотой гэж үзсэн хүн рүү явуулсан.

2.4. ******* -ийн 2023.04.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах журмыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд тусгайлан зохицуулж өгсөн, тус зүйлийн 61.9 дэх хэсэгт ээлжит бус хурал зарлах хугацааг тодорхой заасан. Иймд хурлын товыг тогтооход хууль зөрчсөн гэж байгаа нь хуулийг буруу ойлгосон асуудал болжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч *******, *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* нар нь н банкны нэхэмжлэл бүхий хэрэгт хариуцагчаар оролцож, зээлийн гэрээний тодорхой үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой үл хөдлөх хөрөнгүүд болон ******* -д эзэмшдэг хувьцааг барьцаалсан байсан. Гэхдээ төлбөрөө мөнгөн хэлбэрээр бүрэн төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч нар ямар учраас үүрэг гүйцэтгэх үндсэн арга хэлбэр болох мөнгөөр төлбөр төлчихсөн байхад хувьцааг мөн банкинд шилжих ёстой байсан, банкинд шилжсэн байх хувьцааг бусдад худалдсан нь хууль бус гэж үзээд байгаа нь ойлгомжгүй.

3.2. *******тай багагүй хугацаанд хэлэлцээр хийж хувьцааг зарах үнэ болон бусад асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан. Компанийн тухай хуульд гэрээ хэзээ байгуулах талаар нарийвчлан заагаагүй, заах ч шаардлагагүй. Харин хувьцаа эзэмшигчид давуу эрхээр хувьцаа авах эрхийг эдлүүлэх талаар тодорхой заасан. ******* ч тэр, түүний хувьцааг авч байгаа иргэд ч ялгаагүй Компанийн тухай хуульд байгаа шаардлагуудыг биелүүлэх, ямарваа хуулийн зөрчил үүсгэхгүй байх тал дээр санал нэгдсэн.

Иймд адилхан төслөөр хийгдсэн гэрээ бүрт хэрэв ******* нь *******ын хувьцаанаас тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд худалдах хувьцааны тоо, төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөр тусгагдсан. Ингээд ******* нь хуульд заасан журмын дагуу саналаа ******* -д хүргүүлсэн.

Гэрээ нь нэгэнт болзол бүхий гэрээ тул ******* -ийн үйлдлээс шалтгаалж шилжих хувьцааны тоо, төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж болохыг талууд эргэлзээгүй зөвшөөрсөн. 

3.3. Компаниас 2023 оны 4 дүгээр сарын 10-нд нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдлийг явуулсан байдаг. Мэдэгдэлд *******ын хувьцаанаас авах бол ямар арга хэмжээ авах талаар, хувьцааны төлбөрийг хэрхэн төлөх талаар гээд маш тодорхой дурдсан. Иймд хувьцаа худалдах журмыг зөрчсөн, бусад этгээдээс зөвшөөрөл авах журам зөрчсөн зэрэг нь үндэслэлгүй юм. 

Хариуцагч нарын зүгээс ******* -д давуу эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хуулийн дагуу олгосон ба тус компани уг эрхээ эдлээгүй, хэрэгжүүлээгүйд хариуцагч нарын буруутай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа огт байхгүй гэж үзэж байна.

3.4. Худалдах, худалдан авах гэрээг хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд давуу эрхээр хувьцаа авах эрхийг нь хөндсөн, хууль зөрчиж гэрээ байгуулсан асуудал байхгүйгээс гадна нэхэмжлэгч талд хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг хүргүүлсэн байхад хуралдаа ирж оролцоогүй, давуу эрхээр хувьцаа авах асуудлаар санал гаргаагүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

4. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1. ******* -ийн хувьцаа эзэмшигч ******* би өөрийн эзэмшлийн 27.5%-ийн хувьцааг худалдахаар хуульд заасны дагуу саналаа ******* -д мэдэгдсэн. ******* -иас хуульд зааснаар саналыг компанид бүртгэлтэй хаягаар хүргүүлнэ. Нэхэмжлэгчид мэдэгдсэн учраас тухайн хариу мэдэгдэх үүрэгтэй байтал хариу ирүүлээгүй.

4.2. Хувьцаа эзэмшигч ******* миний эзэмшлийн хувьцааг арилжааны банкинд шилжүүлэх шүүхийн шийдвэр гараагүй. Худалдах, худалдан авах гэрээг гэрээг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Учир нь худалдах худалдан авах гэрээг хүчингүй болговол *******ын хувьцааны эрх сэргэнэ.

4.3. Нэхэмжлэлд дурдагдсан бусад асуудлыг мэдэхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* -ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай №23/01 тоот тогтоол, ******* -ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай №23/02 тоот тогтоол, ******* -ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №23/03 тоот тогтоол, ******* -ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай №23/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, хариуцагч *******, ******* нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, хариуцагч *******, ******* нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох ******* -д ногдох ******* -ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч *******, *******, *******, ******* нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,891,950.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -иас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Компанийн тухай хуулийн 5.3-т заасныг зөрчиж Хувьцаа худалдах гэрээ байгуулсныхаа дараа нэхэмжлэгч ******* -д мэдэгдсэн нь хувьцаа эзэмшигч нарт ялгавартай хандаж, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгчид мэдэгдэл хэзээ явуулсан болон бусад хувьцаа эзэмшигчид хэзээ мэдэгдсэн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

Хавтаст хэрэгт 2023.04.07-ны өдрөөс өмнө явуулсан ямар нэг мэдэгдэл байхгүй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан зохицуулалт нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг худалдах гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд заавал хэрэгжүүлэх үүрэг бөгөөд энэхүү үүргийг хэрэгжүүлэлгүйгээр хувьцаа эзэмшигчид хоорондоо эхэлж гэрээ байгуулах, түүний араас үлдэх хувьцаа эзэмшигчид мэдэгдэхийг Компанийн тухай хуулиар зөвшөөрөөгүй.

Хариуцагч *******аас 2023.04.07-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө компанид хүргүүлсэн болон компани хувьцаа эзэмшигчдэд саналыг дамжуулсан мэдэгдлүүд огт байхгүй, аавтаст хэрэгт авагдаагүй, ийм үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч ******* нь хувьцаа худалдах тухай мэдэгдлийг ******* -д хүргүүлснээр хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хангасан гэж үзнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2023.04.07-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө хувьцаа эзэмшигчдийн хэнээс ч хувьцаа худалдан авах талаар шийдвэрийг мөн хуулийн 5.7-д заасан шаардлагыг хангаж компанид хүргүүлж байгаагүй атал гэрээ байгуулахдаа хуульд заасан хугацааг баримталсан эсэх талаар огт дүгнээгүй байна.

6.2. Нэхэмжлэгчээс хэлцлүүд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах талаар хэд хэдэн үндэслэлүүдийг тайлбарлан маргасан боловч заримыг нь илт дүгнэхээс зайлсхийж заримыг нь огт дүгнээгүй.

Нэхэмжлэгч нь татвар төл гэж шаардлага гаргаагүй бөгөөд гагцхүү гэрээ Татварын хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад татварын хууль зөрчсөн нь маргаанд хамааралгүй гэж шүүх дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийхээс татгалзсан байна.

Мөн маргаан бүхий гэрээний зүйл болох хувьцаа нь арилжааны банкны барьцаанд хураагдаж, энэ талаар хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ хийгдсэн, шүүгчийн захирамж гарсан, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжихээр ажиллагаа хийгдэж байсан, 2023.04.07-ны өдөр гэрээ байгуулахын өмнө шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад мэдэгдсэн /зөвшөөрөл авсан/ эсэх талаар дүгнээгүй, хувьцааны эрхийн доголдолтой холбоотой хууль зөрчсөн асуудлыг дүгнэхээс зайлсхийсэн.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдол арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад эрхийн доголдлын талаар маргах, шаардлага гаргах эрхгүй гэж шүүх дүгнэсэн, Иргэний хуулийн 243.1-д заасан эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдах хуулийн шаардлага зөрчигдсөн асуудлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байхад энэ талаар дүгнэхээс илт зайлсхийсэнд гомдолтой.

6.3. Хэрэв нэхэмжлэгч тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх компанид шилжинэ. Улмаар компани хувьцааг худалдан авах эсэх талаар шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн гаргах хуулийн зохицуулалттай боловч компани нэхэмжлэгчид ногдох хувьцааг худалдан авах эсэх тухай шийдвэр огт гаргаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлээгүй болно.

Ийнхүү зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр буюу нэхэмжлэгчээс шилжсэн эрхийн дагуу хувьцааг компани эргүүлэн худалдан авах эсэх-ийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн зүйл байхгүй ч энэ талаар огт дүгнээгүй байна.

6.4. Нэхэмжлэгчийн зүгээс ******* нь давуу эрхээ хэрэгжүүлэхээс хамаарч гэрээний үлдэгдэл төлбөр төлөх, хувьцааны тоо хэмжээ буурах болзол тавьсан хэсэгт хариуцагч нарыг дүр үзүүлсэн байна гэж маргасан. Учир нь, энэхүү болзлын дагуу давуу эрх хэрэгжүүлэх нөхцөл биелэгдэж, үр дүнд хүрнэ гэсэн хүсэл зориг хариуцагч нарт анхнаасаа байгаагүй, зөвхөн гадаад илэрхийллийн хувьд гэрээнд болзол тавьж Компанийн тухай хуульд заасан эрхээр /хууль зөрчиж болзол тогтоон/ нэхэмжлэгчийг хангаж буй мэт дүр үзүүлсэн. Дүр үзүүлсэн болох нь нэхэмжлэгчид тогтоосон хариу өгөх хугацаа болоогүй байхад хувьцааны төлбөрөө хүлээж авсан үйл баримтаар тогтоогдож байгаа юм.

Тодруулбал, гэрээний 3.3-д хувьцаа шилжих бүртгэл хийгдсэн өдөр төлбөр төлнө гэж болзол заасан атал хавтаст хэрэгт хариуцагч нараас гаргаж өгсөн гэрээний төлбөр төлсөн 6 ширхэг гүйлгээний баримт болон 2023.04.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлээс харахад мэдэгдэлд заасан 2023.04.17-ны өдрийн хугацаа болохоос өмнө 2023.04.12-ны өдөр хувьцааны төлбөрийг нэгэнт төлсөн атлаа энэ талаараа гэрээний хуваарийн дагуу төлбөрүүд хийгдэх мэтээр 2023.04.28-ны өдөр хурлын тэмдэглэл зохиомлоор үйлдсэн нь нотлогдоно.

Иймд Компанийн тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй, хуулийн хүрээнээс хэтэрсэн болзол бүхий хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Улмаар хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн 2023.04.10-ны өдөр хүргүүлсэн гэх мэдэгдэл мөн хүчин төгөлдөр бус байх бөгөөд Компанийн тухай хуулийн 5.4-д заасан гэрээ байгуулахаасаа өмнө мэдэгдэл явуулах хуулийн шаардлага хангагдаагүй.

6.5. Компанийн тухай хуулийн 38.3-д Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ гэж заасны дагуу худалдан авалтын шийдвэр гаргах хугацааг хуульд заасан боломжтой хэмжээгээр тогтоогоогүй талаар огт дүгнэлгүй орхигдуулсанд гомдолтой.

Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 03968 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч байгууллагад мэдэгдлийг явуулах бүх арга хэмжээг авч явуулсан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа хаяг руу, компанийн дүрэмд заасан хаяг руу, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын орлогч н. гэх хүн рүү тус тус явуулсан.

7.2. Нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэл явуулсан талаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

8. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. ******* нь өөрийн хувьцааг зарж гарахдаа энэ компанийн хувьцаа эзэмшигч болох манай үйлчлүүлэгч нарт зарах талаар хэлж, талууд тохиролцож гэрээг байгуулсан, энэ талаар компанид мэдэгдсэн. Нэхэмжлэгч компани нь хувьцаа эзэмшигчийн хувьд огт үйл ажиллагаанд оролцдоггүй, хурал зарлахаар ирдэггүй учраас уг компанид хувьцаа худалдах талаар компаниас хаягаар нь мэдэгдсэн гэдэг. Ингээд нэхэмжлэгч байгууллагад зохих ёсоор мэдэгдсэн, хариу өгөөгүй учраас төлбөрийг бүрэн төлсөн. Иймд уг хэлцэл нь хууль зөрчсөн, дүр үзүүлж хийсэн хэлцэлд хамаарахгүй.

8.2. ******* -ийг *******ын хувьцаанаас тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлнэ гэвэл худалдах, худалдан авах гэрээний үнэ болон төлбөрийн нөхцөлд өөрчлөлт орох талаар нээлттэй тусгаж гэрээг байгуулсан.

8.3. Худалдан авч байгаа учраас татварын зардлыг манайх хариуцахаар, тайлагнаж төлөх асуудлыг ******* хариуцахаар харилцан тохирсон. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш.

8.4. *******ын хувьцаа банкинд шилжсэн байсан ч банк 10.43 хувийг авч, үлдсэн хэсгийг хариуцагч нар авах эрхтэй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 10.43 хувийг авах талаар дурдсан нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч буй хэлбэр юм.

8.5. Гэрээний зүйл болох хувьцаа нь гэрээ байгуулагдснаар өмчлөх эрх шилждэггүй харин бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх шилждэг. Хариуцагч нартай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь байгуулагдмагц өмчлөх эрх шилжсэн зүйл байхгүй. Иймд гэрээ байгуулагдсаны дараа Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан худалдан авах журмыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй.

8.6. Мөн нэхэмжлэгчийн зүгээс компани шинээр хувьцаа гаргаж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч давуу эрхээ эдлэх харилцааг хувь эзэмшигч хувьцааг худалдаж байгаа харилцаатай хольж хуулийг буруу тайлбарлаж байна. Харин компани хувьцааг эргүүлэн худалдаж авах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэнэ.

9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг ойлгоогүй. Нэхэмжлэгч компани нь Виржинийн арал буюу оффшор бүсэд байдаг компани, үүнийгээ мэдсээр байж мэдэгдэл хүргүүлсэнгүй гэж маргадаг. Тухайн бүстэй холбогдох боломжгүй, энэ бүсэд байдаг гэдгээ нэхэмжлэгч тайлбараараа хүлээн зөвшөөрсөн.

9.2. Шүүх хуралдааны товыг мэдэгдэхтэй адил хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдэх ёстой. Хуульд заасан зохицуулалтын дагуу бүртгэлтэй хаягт мэдэгдлийг явуулж, хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлсэн. Банкинд хувьцааг эзэмших эрх байхгүй, мөнгө эзэмших л үүрэгтэй. Банкны хувьд аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиар хориотой байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

10. Хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

10.1. Нэхэмжлэлд бичсэнээр болон шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцсэнээр, маргаан бүхий Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд нь хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлийг баталгаажуулж гарсан тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу тус гэрээнүүдийн үр дагаврыг арилгах арга хэмжээ болгож тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.

Хэрэв хувьцаа шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон бол энэхүү тогтоолууд нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр болох үр дагавар үүснэ.

Гэвч хувьцаа шилжүүлсэн хэлцлүүд буюу Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй байхад түүнийг баталгаажуулсан тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.9-д заасан нөхцлүүд үүсээгүй, хэлцэл нь хүчин төгөлдөр байхад 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, 56.1.10-т заасны дагуу ямарваа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь үндэслэлгүй юм.

10.2. Нөгөө талаар, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нүүд хүчин төгөлдөр гэдгийг зөв тогтоосон боловч түүнийг баталгаажуулсан тогтоолуудыг хүчингүй болгосноор тус тогтоолуудын дагуу компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан иргэн *******ыг дахин компанийн хувьцаа эзэмшигч болгож буй мэт, хуучин дүрмийг сэргээсэн мэт зохиомол үр дагаврыг бий болголоо.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчилж өгнө үү.

11. Хариуцагч ******* -ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

11.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Талууд худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хурлуудын шийдвэр нь хүчин төгөлдөр бус, мөн уг хурлуудыг хийхдээ нэхэмжлэгчид мэдэгдэж оролцоог хангаагүй гэх агуулгаар маргаж мэтгэлцээн үргэлжилсэн. Хэргийн материалын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх баримт гарч ирээгүй. Энэ талаар хариуцагч нар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мэдэгдээгүй нь тогтоогдсон бөгөөд оролцоог хангаагүй гэж үзээд хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Хариуцагч -ийн гаргасан гомдол үндэслэлгүй байгаа тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

12. Хариуцагч ******* -ийн давж заалдах гомдолд хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

12.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хэтрээд компанийн дотоод мэдэгдэл буюу талуудын маргаагүй асуудал руу орсон. Хариуцагч -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлж дараалсан хуралд нэхэмжлэгч байгууллага оролцдоггүй атлаа *******ын хувьцааг бүхэлд нь авах ёстой байсан гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй.

13. Хариуцагч ******* -ийн давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

13.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахаар заасан. Нэхэмжлэгч тал яаж, хэрхэн мэдсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлсний дараа нэхэмжлэл гаргах эрх нь үүснэ. Анхан шатны шүүх хүлээж авах боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй хэргийг хүлээж авч шийдвэрлэсэн учраас хариуцагч ******* -ийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******  нь хариуцагч ******* , *******, *******, *******, ******* нарт холбогдуулан тэдний хооронд 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* -ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг *******, *******, *******, ******* нарт даалгах,

******* -ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдийн 23/01, 23/02 дугаартай тогтоолууд, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/03, 23/04 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд

3.1. нь 5 хувьцаа эзэмшигчтэй, ******* 27.5 хувийг, ******* 27.5 хувийг, ******* 15 хувь, ******* 15 хувь, ******* 15 хувийг тус тус эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирлаар ******* бүртгэлтэй.

3.2. Хувьцаа эзэмшигч ******* нь *******, *******, ******* нартай 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г тус бүр байгуулсан, уг гэрээнүүдээр ******* нь -д эзэмшиж буй энгийн хувьцааны 9,17 хувьтай тэнцэх 2,269.39 ширхэг хувьцааг *******д, 9,17 хувьтай тэнцэх 2,269.39 ширхэг хувьцааг *******д, 9,17 хувьтай тэнцэх 2,269.39 ширхэг хувьцааг *******д тус тус шилжүүлэх, ******* хувьцааны үнэ 2,342,486,678.37 төгрөг, ******* хувьцааны үнэ 2,342,486,678.37 төгрөг, ******* хувьцааны үнэ 2,342,486,678.37 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээний төлбөрт 2023 оны 4 дүгээр сарын 07-12-ны өдрүүдэд нийт 4,441,247,792.52 төгрөг төлсөн. /1хх-ийн 31-39, 40-48, 49-57, 239-244/

3.3. Дээрх 3 гэрээний дагуу ******* нь өөрийн эзэмшиж буй хувьцааг *******, *******, ******* нарт худалдахаар харилцан тохирсон, нөгөө хувьцаа эзэмшигч болох ******* нь түүний хувьцааны 10.43 хувьтай тэнцэх буюу 2,582.41 ширхэг хувьцааг худалдан авах боломжтой, нэг ширхэг хувьцааны үнэ 1,032,209.83 төгрөг, худалдаж авах эсэхээ 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө ирүүлэх, төлбөр төлөх данс зэрэг мэдээллийг тусгаж, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр -д мэдэгджээ. /1хх- 182/

3.4. Уг мэдэгдлийг үндэслэн нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны №23/04/10-02 дугаартай албан бичгээр хувьцаа эзэмшигч *******ын хувьцаагаа худалдах саналыг ******* -ийн ******* хаягаар 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлсэн, хаягт байхгүй үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд буцаагдсан байна. /1хх-ийн 199-208 дугаар тал/

3.5. Улмаар, -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23/04/19-01 дугаартай шийдвэрээр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тухайн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/01, 23/02 дугаартай тогтоолуудаар -ийн хувьцаа эзэмшигчээс *******ыг хасаж, ******* -ийг 27,50 хувь буюу 6,808.18 ширхэг, ******* 24,17 хувь буюу 5,982.94 ширхэг, ******* 24,17 хувь буюу 5,982.94 ширхэг, ******* 24,17 хувь буюу 5,982.94 ширхэг хувьцаа эзэмших болохыг баталгаажуулж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлжээ. /1хх-ийн 58-76/

3.6. Мөн -ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, тус хурлын 23/03, 23/04 дугаартай тогтоолуудаар санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан баталж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 100 төгрөг байсныг 1 төгрөг болгон бууруулж нийт 2,475,700 ширхэг хувьцаатай байхаар тогтоож, гүйцэтгэх захирлаас ийг чөлөөлж, ыг томилсон, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр *******, *******, ******* нарыг сонгосон шийдвэрийг гаргасан. /1хх-ийн 123-143/

3.7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны өдрийн 181/ШШ2023/00495 дугаар шүүгчийн захирамжаар н банк -ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч , , ******* нар нь 5,839,284,460.14 төгрөгийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө болон *******ын эзэмшлийн -ийн 27.47 хувийн хувьцаа, хувьцааны эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх-ийн 225-228/

3.8. Дээрх тогтоогдсон үйл баримтын талаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний дагуу хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр хүчинтэй эсэх, тус хурлын зарыг хуульд заасан журмаар мэдэгдсэн эсэх, эдгээр үйл баримтыг үндэслэн хийсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр хүчинтэй эсэх асуудал болсон байна.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хувьцаа эзэмшигч нарын хооронд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргааны зарим үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнээд, шийдлийг хэвээр үлдээнэ.

4.1. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр. Харин гэрээний зүйл нь хувьцаа байгаа тохиолдолд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу худалдсан эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд мөн хамааралтай.

Хэрэгт авагдсан баримтаар -ийн хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшиж буй 27.5 хувийн хувьцаа болох 6,808.175 ширхэг энгийн хувьцааг хувьцаа эзэмшигч *******, *******, ******* нарт худалдахаар тохиролцсон талаар дурдаж, уг хувьцаанаас хувьцаа эзэмшигч ******* -ийн тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдах үнэ, хугацаа, журмыг тодорхойлсон 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдлийг -д хүргүүлсэн, энэ талаар нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр ******* -ийн улсын бүртгэлд бүртгэлтэй болон компанийн дүрэмд заасан хаягийн дагуу шуудангийн байгууллагаар хүргүүлсэн байх тул хувьцаа худалдах саналыг бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Учир нь, хариуцагч нь мэдэгдлийг хүргүүлэхдээ нэхэмжлэгч байгууллагын оршин байгаа газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт нийцжээ.

Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар компанийн хаягийн өөрчлөлтийг бүртгэх байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч байгууллага уг үүргээ биелүүлээгүйгээс мэдэгдлийг хүлээн аваагүй явдалд хариуцагч -ийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, нь тус компанийн дүрэмд нэхэмжлэгчийн талаарх мэдээлэлд тусгасан хаягаар дээрх мэдэгдлийг хүргүүлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр өөрөөс шалтгаалах үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгч байгууллагыг дээрх хаягуудад оршин байдаггүй болохыг -ийг мэдэж байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

4.2. Хувьцаа эзэмшигч нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байгаа тохиолдолд Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснээр гэрээний талуудын эрх, үүрэг хэрэгжиж, хүчинтэй болно.

Нэхэмжлэгч байгууллагад хувьцаа худалдах талаарх саналыг хүргүүлэх үед буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй байхаас гадна ******* нь хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд худалдаж буй хувьцааны тоо хэмжээ багасах болохыг гэрээний 3.2-т тохиролцжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь гэрээний талууд хэн аль нь эрх, үүрэг хүлээх болон хууль зүйн үр дагавар гаргах хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.

Гэрээний талуудын дээрх тохиролцоо нь тэдний хүсэл зоригоос бус ******* -ийн хүсэл зоригоос хамааран хэрэгжих эсэх нь тодорхойлогдсон байх тул уг хүсэл зоригийн илэрхийллийг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийн 1хх-ийн 239-243 дугаар талд авагдсан баримтаар 2023 оны 4 дүгээр сарын 07-12-ны өдрүүдэд хувьцааны төлбөрт 4,441,247,792.52 төгрөг төлөгдсөн нь тогтоогдсон, энэ тохиолдолд дээрх үйлдлийг дүр үзүүлсэн гэж дүгнэхгүй.

Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдснаар, уг гэрээний дагуу үнийн тодорхой хэсгийг төлснөөр хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

4.3. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар ******* нь хувьцаагаа худалдахаар санал болгож буй хувьцаа эзэмшигч болох *******ын саналыг хүлээн авсан эсэхээ мэдэгдэлд заасан хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан хугацаа хамаарахгүй. Хуулийн дээрх зохицуулалт нь компаниас нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхэд хамааралтай тул мэдэгдэлд заасан хугацаа нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй.

4.4. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар компанийн хувьд хувьцаа худалдан авах эрх нь хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигчийн санал болгосон үнээр бусад хувьцаа эзэмшигч худалдан авахаас татгалзсан нөхцөлд хэрэгжих бөгөөд үүнд талуудын тохиолдол хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаа эзэмшигч хувьцааг худалдан авахаас татгалзсан нь бусад хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хязгаарлахгүй тул компанийн хувьд хувьцаа худалдан авах эрх шууд үүсэхгүй. Иймд хувьцаа эзэмшигч нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

4.5. Түүнчлэн, худалдан авагч нь худалдан авч буй хувьцааг гуравдагч этгээдийн барьцааны эрхээр хязгаарлагдсан болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тохиолдолд энэ нь эрхийн доголдолтой эд хөрөнгөд хамаарч болно, харин гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, худалдсан эд хөрөнгө доголдолтой байх нь гэрээнээс татгалзах үндэслэл бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.6. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасан тул барьцааны эрхэд бүртгэлтэй хувьцааг бусдад худалдах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч нь барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдтэй хэлцэл хийх тохиолдолд барьцаалагчид мэдэгдэх бөгөөд зөвшөөрөл авах шаардлагагүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй талаар зохицуулсан.

Энэ тохиолдолд хариуцагч *******ын эзэмшлийн хувьцаа гуравдагч этгээдийн барьцааны эрхэд бүртгэлтэй, үүнтэй холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан нь уг хувьцааг захиран зарцуулахад саад болохгүй.

Иймд хариуцагч ******* болон *******, *******, ******* нарын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарахгүй, гуравдагч этгээдээс зөвшөөрөл аваагүй гэж буруутгах үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, хууль зөрчсөн хэлцэлд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөний улмаас тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй хэлцлийг ойлгох бөгөөд гуравдагч этгээдэд мэдэгдээгүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Дээрх үйл баримттай холбогдуулан шүүх талуудын маргааныг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гэж буруу дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болно.

4.7. Гэрээний 5.2-т хувьцаа борлуулсны 10 хувийн татварыг худалдагч талын өмнөөс худалдан авагч төлөхөөр тохирсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн тул уг тохиролцоо хууль зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэжээ.

4.8. Нэгэнт хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу бусдад худалдсан хувьцааг өөрт нь худалдахыг шаардах эрхгүй.

5. Дээрхийг нэгтгэвэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хувьцаа худалдах талаар хуульд заасан журам болон бусад хуулийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар шүүх зөв дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

6. Мөн анхан шатны шүүх хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын талаар болон хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн.

6.1. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж тус тус заасан.

-ийн гүйцэтгэх захирал нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23/04/19-01 дугаартай шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт хуралдуулах шийдвэр гаргаж, уг шийдвэртээ хэлэлцэх асуудал, хурлын зарыг мэдэгдэх журам зэрэг хуулиар тодорхойлсон тусгавал зохих зүйлийг заажээ. /хх-ийн 58/

Дээрх шийдвэртээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигчид утсаар эсвэл биечилж мэдэгдэх, боломжгүй бол компанийн дүрэм болон улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд бүртгэлтэй хаягаар хүргүүлэхээр тогтоосон байх боловч аль ч хэлбэрээр нэхэмжлэгчид хурлын зарыг хүргүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлд /хх-62/ хувьцаа эзэмшигч ******* -д хурлын зарыг компанийн дүрэмд бичигдсэн хаягаар, мөн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн болно гэж тусгагдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч -ийг энэ талаарх тайлбараа баримтаар нотолж чадаагүй буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг саналын эрхтэй этгээд болох ******* -д мэдэгдээгүйгээс хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хэлэлцэх асуудалд санал оруулах, санал өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэсэн бөгөөд энэ тохиолдолд тухайн хурлаас гарсан шийдвэрийг хүчинтэй гэж дүгнэх үндэслэлгүй.

6.2. Дээрх хурлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/01, 23/02 дугаартай тогтоолуудаар хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаа эзэмшигчээс *******ыг хасаж, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, эзэмшиж буй хувьцааны хувь, хэмжээнд өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан компанийн дүрмийг шинэчлэн баталсан. /хх-59-61/

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас хууль зөрчиж гарсан дээрх тогтоолуудыг үндэслэн гарсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 23/03/, 23/04 дугаартай тогтоолууд нь мөн хууль зөрчсөн, хүчингүй бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

7. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

7.1. Нэхэмжлэгч байгууллагаас -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 23/01, 23/02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлээ хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, мөн уг хурлын зарыг хүргүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй, хурлын зарыг мэдэгдээгүй гэж тайлбарлажээ. /хх-6/. Талууд энэ хүрээнд тайлбар гаргаж, мэтгэлцсэн байх тул зөвхөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах агуулгаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

8. Дээрх үндэслэлээр зохигч, түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 35,365,450.18 төгрөгийг, хариуцагч ******* -иас төлсөн 280,800 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

ГАНДИЙМАА