Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

  2019          05           17                                   2019/ШЦТ/366              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын А-т холбогдох эрүүгийн 1910007220259 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ....... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар таксигаар үйлчилж явахдаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин тойруулгын орчимд хохирогч В.А-ийн зүүж явсан алтан ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910007220259 дугаартай хэргээс:

 

Хохирогч В.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн дүү М-ын гэрт архи уусан. Тухайн өдөр цэргийн баяр болох гэж байсан учраас гэртээ баярын зүйлс аваад очье гэж бодоод дүүгийн хамт гарч такси бариад 19-н үйлчилгээний төвийн орчимд ломбарданд өөрийнхөө бөгжийг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Нэг мэдэхэд дүү М- явчихсан байсан. Би М-тай хамт караокед сууна гэж бодож байсан ч явчихсан байхаар такси бариад гэрт нь дахин очиход байхгүй байсан. Би бөгжөө барьцаанд тавьж авсан 100.000 төгрөгөөс 70.000 төгрөгийг хасуулчихъя гэж бодоод нөгөө ломбардаа хайсан боловч олоогүй. Тэгээд таксины жолооч залууг /А-/ ломбард хайж олоод өгөөч гэж гуйгаад 100.000 төгрөгнөөсөө 70.000 төгрөгийг хасуулсан. Би Удирдлагын академийн ойролцоо байдаг дүүгийнхээ гэрт очсон боловч гэрт нь хүн байгаагүй. Би буцаж таксиндаа суугаад Их наран явж байх замдаа хүүхэдтэйгээ ярих гэсэн боловч утсаа аваагүй учраас жолоочийн /А-/ утсаар худ А-тэй ярихад “21 дүгээр хороололд хүрээд ир” гэсэн. Би таксины жолоочид /А-/ “21 дүгээр хороолол явъя” гэж хэлээд унтсан байсан. Нэг сэрэхэд харанхуй газар ирсэн байсан. Жолооч надад хандан “ээмгээ өгөх болж дээ авгай минь” гэхээр нь би айсандаа чихнээсээ ээмгээ салгаж өгөөд “эгчийгээ хотын төв рүү оруулаад өгчих” гэж гуйсан. Би “намайг зодож цохиод гэмтээчих болов уу” гэж бодоод ээмгээ өөрөө авч өгсөн. Тухайн үед жолоочид “эгч нь гарч бие засмаар байна” гээд буусан. Тэгээд дөнгөж буутал машин хөдлөөд явчихсан. ...Одоо миний санаж байгаагаар машин хөдөлж байх үед би араас нь гүйх гэж байгаад харанхуйд бүдэрч нүүрээрээ унасан. Тухайн үед юу ч харагдахгүй байсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд харахад миний зүүн нүдний орчим шалбарсан байсан. Өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би өөрийн хос ээмгээ хүлээж авсан. Мөн таксины жолооч /А-/ “эмчилгээ хийлгээрэй” гээд надад 250.000 төгрөг өгсөн тул гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3673 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар, шанаа хэсгийг хамарсан 5x7см хэмжээтэй шархтай. Зүүн сарвууны ар хэсэгт 0.9x0.2см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун бугалганы дотор хэсэгт 1x1см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1x1см, зүүн өвдөгт 1x1см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дүгнэлт.

1. В.А-ийн биед зүүн хацарт шарх, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хос алтан ээмэг 220.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би эхнэр А- болон охин Э-, хадам аав Ж- нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын 1-1 тоотод амьдардаг. Би өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай “Приус” маркийн машинаар таксинд явдаг. Мөн барилгын ажил хийж мөнгө олдог юм. Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 19-н үйлчилгээний төвийн орчмоос архи ууж согтуурсан байдалтай 50 орчим насны эмэгтэйг /А-/ машиндаа суулгасан. Тэр эмэгтэй /А-/ “ломбард хайж байна, чи хайгаад олоод өгөөч” гэж хэлсэн. Би тэр хавиар хайж байгаад тухайн ломбардыг нь олж өгөхөд тэрээр “эгч нь сая энд бөгжөө тавьсан, одоо буцааж мөнгөө хасуулах гэсэн юм” гээд надад бэлнээр 70.000 төгрөг өгөхөөр нь би ломбард руу орж бөгжний мөнгөнөөс нь хасуулсан. Тэгээд А- эгчийг “Удирдлагын академи явна” гэхээр нь явсан. Очсон айлд хүн байхгүй, хаалгаа тайлж өгөөгүй тул А- эгч буцаж машинд суугаад “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг 37 дугаар сургуулийн орчимд очно, эгч нь тэнд амьдардаг” гээд явсан. Тэгээд 37 дугаар сургуулийн орчимд очиход А- эгч миний  гар утасыг гуйж нэг хүнтэй ярьж байснаа “эгч нь дүүгийнхээ гэрт гар утсаа мартсан байна, буцаад Удирдлагын академи явъя” гэсэн. Тэгээд дахин нөгөө айлдаа очиход хаалгаа бас тайлж өгөөгүй. А- эгч “Их наран явна, тэнд манай хүргэнийх байдаг” гээд явсан. Яармагийн гүүр өнгөрөөд явж байхад А- эгч машин дотор унтаад өгсөн. Би явсан км-ээ харахад ойролцоогоор 30 орчим км явсан байсан тул А- эгчийг сэрээгээд “танд мөнгө байгаа юм уу” гэхэд “байхгүй, чи намайг хүргээд өгчих” гэхээр нь “нэгэнт мөнгөгүй юм чинь хүргэж өгөх шаардлагагүй юм байна” гэж бодсон. Тэгээд А- эгчийг харахад чихэнд нь шаргал өнгийн ээмэг байхаар нь “таксины мөнгөндөө ээмгийг нь авчихъя” гэж бодоод Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Морин тойруулгын хашаанд тулж зогссон. А- эгчийг сэрээгээд “ээмгээ өг” гэж ширүүн дуугаар хэлэхэд тэрээр өөрөө ээмгээ тайлж өгөөд “эгчийгээ 21 дүгээр хороолол хүргээд өгчих” гэж хэлснээ хуруунаасаа бөгжөө тайлаад амандаа маани уншаад байсан. Мөн надад өөрийгөө удган гэж хэлсэн. Би дотроо бага зэрэг айгаад “ямар ч байсан зам дээр дөхүүлж өгье” гэж бодоод хөдлөх гэж байтал “эгч нь бие засмаар байна” гэж хэлсэн. Би машины хаалганы түгжээг нээхэд А- эгч бие засахаар машинаас буусан. Би А- эгчийг дөнгөж буунгуут нь машинаа хөдөлгөөд зугтахад араас “хөөе” гээд үлдсэн. А- эгч миний машинаас буух үедээ биед нь ямар ч гэмтэл шарх байгаагүй. Анх суухдаа ч гэсэн гэмтэл шархгүй байсан. Харин нилээн согтуу байсан. Миний машинд явж байхдаа том 2.5 литрийн савлагаатай пиво ганцаараа уугаад явсан. Би Цагдаагийн байгууллагад баригдаж ирээд А- эгчээс авсан ээмгийг нь буцааж хүлээлгэн өгсөн. Мөн хохиролд 250.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31, 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой ....... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-ийн үйлчилгээний төв орчмоос хохирогч В.А-ийг суулгаж явсан ба хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин тойруулгын орчимд автомашин дотроо хохирогч В.А-ийн ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч В.А-ийн ...Нэг сэрэхэд харанхуй газар ирсэн байсан. Жолооч надад “ээмгээ өгөх болж дээ авгай минь” гэхээр нь би айсандаа чихнээсээ ээмгээ салгаж өгөөд “эгчийгээ хотын төв рүү оруулаад өгчих” гэж гуйсан. Би “намайг зодож цохиод гэмтээчих болов уу” гэж бодоод ээмгээ өөрөө авч өгсөн. Би жолоочоос /А-/ “эгчийгээ хот руу төв зам бараадуулаад буулгачих” гэхэд явахгүй байсан. Тухайн үед миний шээс хүрээд “эгч нь гарч бие засмаар байна” гээд буусан. Тэгээд машин буутал хөдлөөд явчихсан. ...Миний санаж байгаагаар машин хөдөлж байх үед би араас нь гүйх гэж байгаад харанхуйд бүдэрч нүүрээрээ унасан. Тухайн үед юу ч харагдахгүй байсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд харахад миний зүүн нүдний орчим шалбарсан байсан. Өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3673 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. В.А-ийн биед зүүн хацарт шарх, зүүн сарвуунд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хос алтан ээмэг 220.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 27-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд Б.А- яллагдагчаар өгсөн: ...А- эгчийг сэрээгээд “танд мөнгө байгаа юм уу” гэхэд “байхгүй, чи намайг хүргээд өгчих” гэхээр нь “нэгэнт мөнгөгүй юм чинь хүргэж өгөх шаардлагагүй юм байна” гэж бодсон. А- эгчийг харахад чихэнд нь шаргал өнгийн ээмэг байхаар нь “таксины мөнгөндөө ээмгийг нь авчихъя” гэж бодоод Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Морин тойруулгын харалдаа ирээд төв замаас салаад А- эгчийг сэрээгээд “ээмгээ өг” гэж ширүүн дуугаар хэлэхэд тэрээр өөрөө ээмгээ тайлж өгсөн. ...Би машины хаалганы түгжээг нээхэд А- эгч бие засахаар машинаас буухаар нь явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.А- нь хохирогч В.А-т таксигаар үйлчилж байхдаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин тойруулгын орчимд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн согтуу байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, хохирогчийн алтан ээмгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А- болон түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

            Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй, Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ..бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

                Хохирогч В.А-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 220.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан ба хохирогч В.А- нь “Би алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан, эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн  13-р хуудас/ гэснийг тогтоолд дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс “Б.А- нь учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, такси үйлчилгээ эрхэлж ар гэрээ тэжээдэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч Б.А-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б- овогт Б-ын А-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.А-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР