| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/02608/И |
| Дугаар | 102/ШШ2016/04992 |
| Огноо | 2015-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2016/04992
| 2016 он,ы 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04992 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 8 дугаар гудамж, 170 тоотод оршин суух, эрэгтэй, Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбат /РД-ФА84102571/-ын
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Эко 19 дүгээр байр, 20 тоотод оршин суух, эмэгтэй, Жанцан овогт Шандасын Мөнгөнчимэг /РД-ЧВ84053165/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хариуцагчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэгт 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тодномбат, хариуцагч Ш.Мөнгөнчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тодномбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр 2007 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул суманд танилцаж, хамт амьдраад 2009 онд том охин Т.Энхлэн, 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бага охин Т.Энхрийлэн нар төрсөн.
Энэ хугацаанд ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл тэмцэл гарч байгаагүй. Би архи ууж, хүүхдээ айлган, хариуцагчийн хэлж байгаа шиг байдал хэзээ ч гаргаж байгаагүй.
Сүүлийн жилүүдэд бид хоёрын зан харилцаа таарамжгүй болж, бие биедээ итгэх итгэлгүй болсон. Энэ цаг мөчид миний бие алдаа гаргаж, гэр бүлээс гадуурх харилцаанд орсныг манай эхнэр мэдсэн. Үүнээс хойш тусдаа амьдрах болсон. Ш.Мөнгөнчимэг өөрийг нь зодсон гээд цагдаагийн газар шалгаж байхад намайг оргон зайлсан гэж хэлсэнд би гомдож байна.
Намайг Солонгос Улс руу явж сурна гэдгийг манай эхнэр мэдсэн, тэр ч бүү хэл явах юм бол би чамаас сална шүү гэж хэлж байсан удаа ч би. Мөн намайг ядуу тарчиг амьдралтай, цалингийн зээлтэй, охидоо өсгөөгүй, аав ээж нь хоёр охиныг өсгөсөн гэх зэрэг зүйлийг бичсэн байгаа. Хэдийгээр би тиймэрхүү амьдралтай байсан боловч 100 хувь тийм байгаагүй.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир Ш.Мөнгөнчимэгээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хоёр охиноо эхийнх нь асрамжид үлдээж, би өөрөө бүх талаас нь дэмжихээ амлаж байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эхнэр, 2 охиндоо шүүхээс томилсон шинжээчийн үнэлгээг үндэслэн ногдох хэсгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2007 онд Д.Тодномбаттай танилцаж, хамт амьдарч байсан. 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Солонгос руу туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор 2 сарын хугацаатай хамт явсан. Ингэж явахдаа гэрлэх тухайгаа ярилцаж, улмаар 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсон ба тухайн үед хуримын бүх зардлыг манайх даасан.
2009 онд анхны маань охин төрөөд 2010 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны, 8-170 тоотод бид байшин барьсан.
Д.Тодномбат нь урьд нь өөр хүнтэй хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон, түүнийхээ тэтгэмжийг төлдөгөө надаас нуусан байсан.
Хариуцагч нь амьдралдаа үнэнч биш, хувиа бодсон, ар гэрийн амьдралдаа халамжгүй нэгэн. Тэрээр намайг удаа дараа зодож доромжилдог байсан. 2012 онд ээжтэйгээ нийлж зодсон. Миний охин 7 сартай байхад охины минь дэргэд ээжтэйгээ нийлж цус нөжтэй минь хутгалдтал зодчихоод ээж нь хүн ирэхээс өмнө гээд миний хувцсыг хүчээр тайлж шатааж байсан. Намайг зодож танхайрсан үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улс руу зугтан явж, хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болсон.
Би энэ хугацаанд яаж амьдарч байсныг хариуцагч мэдэж байгаа. Бид хоёр туршлага судлахаар хамт Солонгос руу яваад буцаж ирэхдээ би жирэмсэн ирж байсан бөгөөд 12 дугаар сард манай нөхөр явна гэсээр байгаад дахин Солонгос явж байсан. Би нялх хүүхэдтэй өвөл хашаа, байшинд амьдрахад үнэхээр хүнд байсан боловч өөрөө сонгосон амьдралаа өөрөө авч явахыг хичээсэн. Тэгэхэд энэ худал яриад байна.
Д.Тоднамбат Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ажиллах 5 жилийн гэрээтэй байсан бөгөөд зардлаар нь сурсан учир ажиллахаар явсан. Тэр сумандаа ажиллаж байх хугацаандаа Ц.Амартайван гэх эмчтэй хувийн харилцаа үүсгээд 1 жил болсон байсан.
Би хариуцагчаас юм шаардаж байгаагүй, хадам ээж манай амьдралд маш их оролцдог. Түүний бусармаг явдлуудыг 2 хүүхдээ бодоод уучилсаар ирсэн. Гэтэл ийм байдлаар намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би өөрөө оюутан, хоёр хүүхдээ өсгөөд ядарч байна. Хүүхэд цэцэрлэгт ороход хариуцагч 60,000 төгрөг өгсөн. Том охин маань одоо 7 нас хүрч, сургуульд орох гэж байна. Ийм хариуцлагатай насанд дээр нь би хүүхдээ орхиод ажиллаж, амьдрах гээд зүтгэж явна. Ээж, аав маань хүүхдийг маань өдийг хүртэл өсгөөд хооллож хувцаслаж байгаа.
Одоо Д.Тодномбат өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул түүнээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Ш.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.Энхлэн, Т.Энхрийлэн нарт төрсөн эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно.
Бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 8-170 тоот хашаа, байшинг 40,000,000 төгрөгөөр үнэлж, 2 хүүхэд болон өөрт ногдох хэсэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан.
Шүүхээс томилсон шинжээч дүгнэлтээр хашаа, байшинг 12,864,000 төгрөгөөр үнэлсэн байсан тул бидэнд ногдох хэсгийг уг дүгнэлтийн тагуу хувааж гаргахад татгалзахгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Тодномбат нь Ш.Мөнгөнчимэгээс гэрлэлтээ цуцлуулах үндсэн нэхэмжлэл,
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Тодномбат, Ш.Мөнгөнчимэг нар 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, мөн өдрөө эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Энхлэн, 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бага охин Т.Энхрийлэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-10-12 дугаар тал/
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарч, цаашид хэн аль нь нийлж амьдрах хүсэлгүй байхаас гадна талуудын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахаар орсон ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-13 дугаар тал/
Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлав.
Охин Т.Энхлэн, Т.Энхрийлэн нар эхийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Т.Энхлэн, Т.Энхрийлэн нарыг эх Ш.Мөнгөнчимэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Ш.Мөнгөнчимэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 170 тоотод байрлалтай хашаа, байшингийн үнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэгт 30,000,000 сая төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйн гадна хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг татгалзаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Энхлэн, Т.Энхрийлэн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Тодномбатаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Д.Тодномбат, Ш.Мөнгөнчимэг нар хамтран амьдарч байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжны 170 тоотод хашаа, байшин барьсан байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болжээ.
Уг эд хөрөнгийг Д.Тодномбат бусдад худалдсан байдаг.
Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүйн гадна хэн аль нь шүүхээс томилсон шинжилгээний байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 506 дугаар дүгнэлтээр ирүүлсэн үнэлгээ буюу 12,846,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь уг үнэлгээнээс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулахыг хүсч байна. /хх-55-60, 72 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тоднамбатаас 9,648,000 /есөн сая зургаан зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,352,000 /хорин сая гурван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Д.Тодномбатад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул хариуцагч Ш.Мөнгөнчимэгийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, нэхэмжлэгч Д.Тодномбатаас 169,318 төгрөг гаргуулан Ш.Мөнгөнчимэгт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбат, Жанцан овогт Шандасын Мөнгөнчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Т.Энхлэн, Т.Энхрийлэн нарыг эх Ш.Мөнгөнчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Энхлэн, Т.Энхрийлэн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Тодномбатаас тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тоднамбатаас 9,648,000 /есөн сая зургаан зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,352,000 /хорин сая гурван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүйболгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Д.Тодномбатад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч Ш.Мөнгөнчимэгийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 237,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Тодномбатаас 169,318 төгрөг гаргуулан Ш.Мөнгөнчимэгт буцаан олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |