Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00003

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Золзаяа даргалж, шүүгч Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183ШШ2024/03947 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* -д холбогдох

******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* 106.51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* болон ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/OF-MLS тоот Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь ******* нутаг дэвсгэрт баригдаж буй оффис, үйлчилгээний зориулалттай ******* блокийн давхрын 106.51 м.кв талбайтай, нийт 442,016,500 төгрөгийн үнэ бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон. *******гийн төлөх төлбөрийг уг гэрээний хавсралт 1-д заасны дагуу ******* -ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах авлагаар төлбөрийг төлөгдсөн гэж харилцан тохиролцсон.

1.2. Гэвч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Манай компанийн зүгээс иргэн *******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021-OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцалж, *******, ******* нарын нэр дээр дээрх оффисын талбайг шилжүүлнэ үү гэж ******* -д хандсан.

Уг албан бичгийн хариуд ******* -ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153 тоот албан бичигт ...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор манай компанийн зүгээс ******* -д бартерт илүү шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан авсан бөгөөд ******* -иас *******той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул 066/2021-OF-MLS тоот гэрээг цуцалсан. Иймд уг гэрээг цуцалсантай холбоотой аливаа асуудлаар ******* -д хандана уу гэсэн.

1.3. Дээрх байдлаар гэрээ цуцалж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээний 11.1-д заасны дагуу гуравдагч этгээд ******* болон ******* -ийн хоорондын асуудал энэхүү гэрээнд хамааралгүй. Иймд ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн давхрын 106.51 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ******* -д даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь ******* -тай 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 04/2020-MLS тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь барилгын ажил гүйцэтгэж, уг барилгын ажилд шаардлагатай арматур нийлүүлэх, ******* нь төлбөрт тодорхой бартерын зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон.

2.2. ******* нь төлбөрт авахаар тохирсон ******* блокийн ******* 106.51 м.кв оффисын талбайг *******д шилжүүлэх хүсэлтийг ирүүлснээр үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрхийг *******д шилжүүлж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 066/2021-OF-MLS дугаартай үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

2.3. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* -иас ...Манай компанийн зүгээс *******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021/OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцалж, уг хөрөнгийг *******, нарын нэр дээр 21/02 тоот хэлцлийн 3-т дурдсан ******* блокийн ******* 106.51 м.кв оффисын талбайг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгийн захиалан бариулах гэрээг *******, нартай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, захиалгын эрхийг шилжүүлсэн.

2.4. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө нь ******* болон ******* -ийн хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн төлбөрийн хэрэгсэл бөгөөд уг хөрөнгийг зөвхөн ******* захиран зарцуулах эрхтэй. Иймээс хөрөнгүүдийг ******* -ийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх, борлуулах, арилжаалах эрхгүй. ******* болон ******* нарын хооронд ямар төрлийн гэрээ хийгдсэн, төлбөр тооцооны ямар асуудалтай байгааг мэдэх боломжгүй, энэ талаарх мэдээллийг шаардах эрхгүй ба тус компани нь ******* -иас ирүүлсэн албан бичигт үндэслэн үл хөдлөх хөрөнгийн захиалгаар бариулах гэрээг шилжүүлсэн. Иймд ******* нь хариуцах үндэслэлгүй.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч ******* болон ******* -ийн хоорондын маргааны улмаас бидний эрх ашиг зөрчигдөж байгаа. Бид нартай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн байсан. Бидний нэр дээр байсан байрыг бидэнд мэдэгдэхгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн *******д хууль бусаар шилжүүлсэн байна гэж үзэж байна. ******* -ийн захирал ******* нь иргэн *******той тооцоо дууссан бөгөөд ямар ч төлбөрийн тооцоо байхгүй гэж хэлж *******, ******* миний нэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулах хүсэлт өгсөн байдаг.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* -д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлж, ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* 106.51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,368,032 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. ******* нь ******* -д гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийн дагуу ******* -ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ******* -д бартерт илүү шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авсан, ******* -ийн зүгээс *******той төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдсэн тул 066/2021-0F-MLS тоот Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г цуцлах болсон гээд гэрээ цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ-ний 11.1-т заасны дагуу гуравдагч этгээд ******* болон ******* -ийн хоорондын асуудал энэхүү гэрээнд хамааралгүй юм.

Мөн ******* -ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 033 дугаартай Тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичгээр ....манай байгууллага нь ******* -иас авсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 442,016,500 төгрөгийн өглөгийн оронд ******* -ийн ******* 106.51 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцуулахаар тохирч, уг үл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг ******* -тай ******* овогтой *******гийн нэр дээр байгуулахыг зөвшөөрсөн нь үнэн болно гэсэн нь өр төлбөртөө өгсөн хэлцэл нь хүчин төгөлдөр байгааг хүлээн зөвшөөрсөн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ******* -ийн захирал ******* нь ******* нь ******* -д гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг н., н. нарын гуйлтаар андуурч гарын үсэг зурсан, одоо энэ маргаан бүхий оффисын байрыг *******д өгөх ёстой гэж мэдүүлсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч ******* -иас Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г шилжүүлэх боломжтой талаар хүсэлтийг дахин авсан тохиолдолд бид гэрээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх боломжтой юм тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сүүлийн шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байгаа зэргээс дүгнэхэд ******* -ийн хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаан бүхий оффисын байрыг нэхэмжлэгчид өгөх санаа зорилготой байгааг анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн.

5.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар мэдэгдсэн, ...гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болох бөгөөд ... үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс гэрээ цуцлагдаж байгааг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулснаас хойш 27 хоногийн дараа мэдэгдсэнийг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдээгүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй болно. Мөн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 066/2021/OF-MLS тоот Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-ний 7.1-д Гэрээний 3.1.3-д зааснаас бусад тохиолдолд аль нэг тал нь гэрээг цуцлах бол энэ тухайгаа нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэснийг зөрчсөн.

5.3. ******* болон ******* , иргэн *******, ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 тоот хэлцлийг гуравдагч этгээд *******, ******* нарт гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг хэлцлийг цуцалснаа гурван тал 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 21/02-01 дугаартай Хэлцэл цуцлах акт-аар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, ******* нь гуравдагч этгээд *******, ******* нарт гэрээ байгуулах зөвшөөрлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон боловч үүнээс нэг хоногийн өмнө ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******, ******* нартай гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.4. Хавтаст хэрэгт байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх албан бичигт 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүхэлдээ бүртгэлтэй байна, мөн гэрч ******* нь маргаан бүхий оффисын байрыг бүхэлд нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан тухай мэдүүлсэн зэргээс харахад өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч, гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* 106.51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч шаардах эрх шилжих болон гэрээнээс татгалзах журмын талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулна.

3.1. ******* болон ******* -ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, тус гэрээний дагуу 2020 оны 8 дугаар сарын 26, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ тус тус байгуулагдсан, дээрх гэрээнүүдийн дагуу ******* нь барилгын ажил гүйцэтгэх, уг ажилд шаардлагатай арматур нийлүүлэх, ******* нь гэрээний төлбөрийн зарим хэсэгт ******* блокийн ******* 673.43 м.кв /оффис 1,2,3,4,5,8,9,10/ талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-57-98/

Дээр дурдсан гэрээний дагуу ******* ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлж авах ******* блокийн ******* 106.51 м.кв оффисын талбайг *******гийн өмчлөлд шилжүүлэхийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21/210 дугаар албан бичгээр ******* -д мэдэгдсэн байх ба үүний үндсэн дээр ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 066/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г *******той байгуулжээ. /хх-100, 5-9/

Иймд ******* нь төлбөртөө шилжүүлж авах үл хөдлөх эд хөрөнгө шаардах эрхийг Иргэний хуулийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар *******д шилжүүлсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийг шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл авах шаардлагагүйгээс гадна ******* нь уг шаардах эрх шилжүүлснийг зөвшөөрч *******той Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан нь хууль зөрчихгүй юм.

Түүнчлэн уг гэрээний хавсралт 1-д төлбөр 100% төлөгдсөн гэж тохиролцсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд хоёр тал үүрэг хүлээсэн гэрээний шаардах эрхийг шилжүүлэхэд мөн өр шилжүүлэгдэх бөгөөд төлбөр төлөгдсөн тохиолдолд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өрийг шилжүүлэх шаардлагагүй юм.

Иймд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* -ийн хооронд Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсан нь алдаатай болжээ.

3.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* -ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ******* -ийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрлөө хүчингүй болгосон тул хариуцагч ******* -ийг уг гэрээг цуцлах эрхтэй гэж алдаатай дүгнэлт хийснийг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлөөр хийх хэлцэлд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* -ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт нь хэлцэл хийгч нэг талын эрх зүйн чадамжаас хамаарч түүний хууль ёсны төлөөлөгч хуулийн дагуу зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд байх учиртай.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд түүнийг хэн нэгний өмчлөлд шилжүүлэх үүрэг нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үүрэгт хамаарах тул тэдгээр нь байгуулагдсан гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхад анхан шатны шүүх анхаараагүйгээс шийдвэрт уг гэрээг цуцалсан талаар алдаатай дүгнэлт хийжээ.

3.3. Иймд хариуцагч ******* нь гэрээнээс татгалзах бол хуульд заасан үндэслэлээр уг эрхээ хэрэгжүүлэх учиртай. Тэрээр нэхэмжлэгч *******той байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлийг ******* -иас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...Манай компанийн зүгээс *******той аливаа төлбөр тооцоогүй байгаа учраас 066/2021/OF-MLS тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг цуцалж, уг хөрөнгийг *******, нарын нэр дээр 21/02 тоот хэлцлийн 3-т дурдсан ******* блокийн ******* 106.51 м.кв оффисын талбайг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн гэж тайлбарлажээ. Уг албан бичгийн агуулгаас дүгнэвэл ******* нь *******д шилжүүлсэн шаардах эрх шилжүүлсэн гэрээнээс татгалзсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгч *******д гэрээний 7.1-д зааснаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэхээр тохиролцсон боловч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн хугацаа тодорхойгүй байх тул тухайн мэдэгдлийн огноогоор тооцож, гэрээг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд хариуцагч гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэнээр хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, гэрээ дуусгавар болсон гэсэн шүүхийн дүгнэлт алдаатай болсон.

3.4. ******* , ******* болон гуравдагч этгээд болох *******, ******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/02 дугаартай Хэлцэл гэх нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу ******* нь *******, ******* нартай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 013/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шаардах эрхийг ******* -иас *******, ******* нарт шилжүүлж, уг хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргийг ******* хүлээсэн байна. /хх-ийн 164-167 дугаар тал/

Дээрх гэрээний талууд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг дуусгавар болгосон акт /хх-205/ үйлдэж, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 013/2021-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г дуусгавар болсонд тооцож, ******* нь ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй болохыг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй болохын хувьд уг гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийг илэрхийлэх эрхтэй, энэ хүрээнд хариуцагч ******* болон гуравдагч этгээд *******, ******* нарын хүсэл зориг нэгдэж, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 013/2021-OF-MLS дугаартай гэрээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ.

Иймд ******* -ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/209 дугаартай албан бичгийг үндэслэн ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 013/2022-OF-MLS дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г *******, ******* нартай /хх-206-209/ байгуулж, уг гэрээгээр ******* блокийн ******* 106.51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь уг гэрээнээс өмнө шаардах эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

4. Дээр дурдсан үндэслэлээр ******* блокийн ******* 106.51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй.

5. Мөн гэрээний зүйлийн байршлыг гэрээнд ******* дүүргийн 2 дугаар хороо гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан бусад баримтуудаар маргаан бүхий хөрөнгө нь ******* дүүргийн 20 дугаар хороо-нд байршилтай нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5/1803 тоот албан бичгээр гаргасан лавлагаанд ******* -ийн өмчлөлд ******* дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэр ******* , , тоот хаягт байрлах үйлчилгээ, конторын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн , , дугаар бүртгэлтэй байх бөгөөд дээр үл хөдлөх эд хөрөнгүүд жагсаалтаар захиалагчдын өмчлөлд салж бүртгэгдээгүй байна гэжээ.

Иймд дээрх баримтыг үндэслэн гэрээний зүйлийн байршлыг тодорхойлох боломжтой байна.

6. ******* , ******* , *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис үйлчилгээний зориулалттай ******* блокийн ******* 106.51 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч *******д гаргаж өгөхийг хариуцагч ******* -д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,368,032 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,368,032 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,368,032 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА