Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

   2019         05          17                                      2019/ШЦТ/367

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Г.Нямдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-ын Г-д холбогдох эрүүгийн 1910005620314 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1954 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 22-213а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-ын Г- /РД:ШЕ54021474/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Г.О-гийн “Huawei р20 lite” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 784.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910005620314 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Хан-Уул дүүргийн 12-р хороо Сонгины хэсэгт байрлах “Н” 6-н нэрийн дэлгүүрт худалдагч хийдэг. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед дэлгүүртээ хүнд бараа үзүүлж байхад миний утас дуугарахад манай хүүхэд миний утсыг авчирч өгсөн. Би хүнтэй утсаар ярьчихаад лангуун дээрээ тавиад хүнд бараа үзүүлж байхад нөгөө талаас нэг эгч “нэгж авъя, энэ нэгжийг хийгээд өг” гэхээр нь хийж өгчихөөд дахиад нэг хүн орж ирэхээр нь нөгөө хүнд үйлчлээд тэр хооронд утсаа мартсан байсан. Дэлгүүрт байсан хүмүүс бүгд гараад явснаас хойш 20 минутын дараа гэнэт утсаа санаад хүнээр залгуулсан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. “Huawei р20 lite” маркийн гар утас байсан. Уг гар утсаа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Юнителийн салбараас С- гэдэг хүний нэр дээр лизингээр 1 жилийн хугацаатайгаар 840.000 төгрөгөөр худалдаж авсан. Цайвар ягаан өнгөтэй дэлгэцийн нүүрний шилний дээд үзүүр нь жаахан хууларсан резен нь кистэй тэр нь жаахан шаралж хуучирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч О.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Цагаан сарын үеэр санагдаж байна. Шинийн 1-н билүү 2-ны үеэр манай өвөө Г- таксинд явж байгаад ийм гар утас оллоо гээд надад өгөхөөр нь би өөрийнхөө ........гэсэн дугаарыг хийж ашиглаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ........гэсэн дугаарыг хйиж ашиглаж байна. Тухайн гар утас нь “Huawei Р20” маркийн ягаан өнгөтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei р20 lite” маркийн гар утсыг 748.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 23-р хуудас/,

Юнитель ХХК-аас ирүүлсэн албан бичигт: 867955043963138 имей кодтой утсанд ........дугаарыг 2019 оны 02 дугаар сарын 06-наас 04 дүгээр сарын 01-нд, ........дугаарыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус ашиглаж байна. 88897953, 88018951- О У- эзэмшдэг” гэх. /хх-ийн 29-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын эхээр байсан. Намайг дэлгүүрт ороход Отгоо /О-/ гэж дууддаг худалдагч лангууныхаа цаана зогсож байсан. Харин лангуун дээр нь нэг гар утас байсан. Би “тэр гар утсыг авчихвал мэдэхгүй байхдаа” гэж бодоод өөр нэг худалдан авагчтай яриад сатаарч байх хооронд нь лангуун дээр байсан rap утсыг аваад халаасандаа хийсэн. Би хоолны салат авчихаад гараад машиндаа суугаад нөгөө гар утсаа машиндаа нуусан. Удалгүй миний утас руу худалдагч Отгоо /О-/ залгаад “лангуун дээр байсан миний гар утас алга болсон байна, та авчихсан юм уу" гэхээр нь санаа зовж ичсэндээ “би юу гэж авдаг юм” гэж хэлсэн. Тэгээд “за энэ ер нь очиж үнэнээ хэлэхгүй бол болохгүй боллоо” гэж бодоод дэлгүүрт нь очоод үнэнээ хэлэх гэтэл санаа зовоод хэл эвлэж өгөхгүй байсан. Тэгэхээр нь дүүрсэн хэрэг гэж бодоод “би утас аваагүй, надад миний л утас байна, шалгуулдаг газраар нь шалгуул” гэж хэлээд гарсан. ...Хэсэг азнаад гайгүй юм шиг байхаар нь уг гар утсыг ач хүү У-т “өвөө нь таксинд явж байтал машинд хүн мартаад буусан байна” гэж хэлээд өгсөн. Миний буруу, хөгшин хүн байж ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 20-р хуудас/, гэрч Г.С-ийн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, гэрч Б.Б-ы мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Г.О-гийн “Huawei р20 lite” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 784.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.О-гийн ...Би хүнтэй утсаар ярьчихаад лангуун дээрээ тавиад хүнд бараа үзүүлж байхад нөгөө талаас нэг эгч “нэгж авъя, энэ нэгжийг хийгээд өг” гэхээр нь хийж өгчихөөд дахиад нэг хүн орж ирэхээр нь нөгөө хүнд үйлчлээд тэр хооронд утсаа мартсан байсан. Дэлгүүрт байсан хүмүүс бүгд гараад явснаас хойш 20 минутын дараа гэнэт утсаа санаад хүнээр залгуулсан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. “Huawei р20 lite” маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч О.У-ын ...Манай өвөө Г- таксинд явж байгаад ийм гар утас оллоо гээд надад өгөхөөр нь би өөрийнхөө ........гэсэн дугаарыг хийж ашиглаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ........гэсэн дугаарыг хйиж ашиглаж байна. Тухайн гар утас нь “Huawei Р20” маркийн ягаан өнгөтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Huawei р20 lite” маркийн гар утсыг 784.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 23-р хуудас/,

Юнитель ХХК-аас ирүүлсэн албан бичигт: 867955043963138 имей кодтой утсанд ........дугаарыг 2019 оны 02 дугаар сарын 06-наас 04 дүгээр сарын 01-нд, ........дугаарыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус ашиглаж байна. 88897953, 88018951- О У- эзэмшдэг” гэх. /хх-ийн 29-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Д.Г- яллагдагчаар өгсөн: ...Намайг дэлгүүрт ороход Отгоо /О-/ гэж дууддаг худалдагч лангууныхаа цаана зогсож байсан. Харин лангуун дээр нь нэг гар утас байсан. Би “тэр гар утсыг авчихвал мэдэхгүй байхдаа” гэж бодоод өөр нэг худалдан авагчтай яриад сатаарч байх хооронд нь лангуун дээр байсан rap утсыг аваад халаасандаа хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.Г- болон түүний өмгөөлөгч Г.Нямдалай нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Г- нь хохирогч Г.О-гийн эзэмшлийн 784.000 төгрөгийн үнэтэй “Huawei р20 lite” маркийн гар утсыг “Н” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

                Хохирогч Г.О-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 784.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 22-23-р хуудас/ ба хохирогч нь “гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 55-р хуудас/ гэснийг тогтоолд дурдав.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар.

           

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалайгаас “гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн, миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 1954 онд төрсөн, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 06 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо биет байдлаар төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон тэрээр .... онд төрсөн, .. настай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б- овогт Д-ын Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Г- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР