Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04994

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04994

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд оршин байгаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Москва 40-01 тоотод оршин байгаа Дашваанжил ХХК /РД-2025191/-д холбогдох

Гэм хорын хохиролд 3,914,764 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 08 минутад Дашваанжил газ колонкийн захиалгаар Шинэ-Очир компанийн ажилчид барилгын цахилгааны кабель татахаар Daewoo маркийн экскаватороор кабелийн шуудуу татах ажил хийж байгаад Замын-Үүд, Эрээн хоорондын Tайхан маркийн 24 корын 2 ширхэг шилэн кабелийг урьдчилан мэдэгдэлгүй, дур мэдэн ухаж байгаад тасалсан.

Манай байгууллага 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг гэхэд шилэн кабелийг бүрэн сэргээж, зассан тухай актыг Дашваанжил ХХК-д танилцуулсан.

Дашваанжил ХХК-ийн инженер Ц.Наранбаяртай холбогдоход төлбөрийг барагдуулна гэсэн хариуг удаа дараа өгсөн боловч одоог хүртэл манай хохирлыг барагдуулаагүй тул тус компаниас хохирлын төлбөрт 3,914,764 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлыг хийн түлшээр нийлүүлж, биелүүлэхээр тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Эвлэрлийн гэрээний 2.3 дахь заалт нь энэ гэрээнд хамаарахгүй гэв.

Хариуцагч Дашваанжил ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах өөрийн эзэмшлийн газарт автомашин хийгээр цэнэглэх станц барихаар талбайн байр зүйн дэвсгэр зургийн ажлыг ТЗ2012/40 тоот тусгай зөвшөөрөлтэй Гранд-Армур ХХК-иар 2015 оны 5 дугаар сард гүйцэтгүүлсэн.

Геодези, зураг зүйн тухай хуулийн Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийг бүрэн эрх, чиг үүргийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д хот, тосгон, бусад суурины газар доорх болон дээрх инженерийн байгууламж, ерөнхий төлөвлөгөө, тохижилтын дэвсгэр зураг хийх, шинэчлэх гэж заасан.

Гранд-Армур ХХК нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, байр зүйн дэвсгэр зурагт Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шилэн кабель тэмдэглээгүйгээс тухайн шилэн кабелийг гүйцэтгэгч Шинэ-Очир ХХК-ийн ажилчид тасалсан байна.

Иймд нэхэмжилсэн хохирлын төлбөрийг эс зөвшөөрч байгаа тул Гранд-Армур ХХК-иас нэхэмжилнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Гэрээний 2.3 дахь заалт нь эвлэрлийн гэрээнд хамааралгүй. Манай компани, нэхэмжлэгч байгууллагатай хийн түлш худалдах-худалдан авах гэрээтэй. Энэ гэрээний алдангийн заалтыг тусгасан байна гэв.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 3,914,764 төгрөгийн хохирол учруулсан. Нэхэмжлэгч нь Дашваанжил ХХК-иас хийн түлш худалдан авдаг тул хийн түлшний үнийн дүнд гэм хорын хохирлын төлбөрийг суутган тооцуулахаар харилцан тохиров.

Дашваанжил ХХК нь Улаанбаатар төмөр замын Ган зам ресторан, Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар анги, Суудлын воган депо салбаруудад хийн түлш нийлүүлнэ. Хийн түлш худалдан авах гэрээнд заасан үнийн дүнгээр тооцож, нэхэмжлэгчийн хийн түлшний хэрэглээгээр төлбөрийн үнийн дүнг дуустал нийлүүлнэ.

Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэж тохирчээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Дашваанжил ХХК-иас гэм хорын хохиролд 3,914,764 төгрөг шаардан шүүхэд хандсан байна.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч Дашваанжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгтэй эвлэрэн хэлэлцэн, Дашваанжил ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,914,764 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийн хэмжээгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ган зам ресторан, Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар анги, Суудлын воган депо салбаруудад хийн түлш нийлүүлэн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,586 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь О.Баясгалан, А.Цэндзаяа нарт, Дашваанжил ХХК нь Н.Энхцэцэгт итгэмжлэл олгосон байх тул тэдгээрийг эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, Дашваанжил ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,914,764 /гурван сая есөн зуун арван дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийн хэмжээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Ган зам ресторан, Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар анги, Суудлын воган депо салбаруудад хийн түлш нийлүүлж, төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дашваанжил ХХК-иас 77,586 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

Х.ЭНХЗАЯА