Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01599

 

Р.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00777 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1603 дугаар магадлалтай,

           Р.Бы нэхэмжлэлтэй

           “О” ХХК-д холбогдох

           Үндсэн нэхэмжлэл: 25 сая төгрөг гаргуулах 

           Сөрөг нэхэмжлэл: 4.561.102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал нар оролцов.

           Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014-09-01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо 50 мянгат 23 байрны 4 тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж захирал н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээг 2014-09-03-с 2015-09-07 хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж, түрээсийн барьцаанд 2 сая төгрөг өгсөн. Ингээд цайны газарт үйл ажиллагаа явуулахын тулд тохижилт болон үйл ажиллагааны 25 сая  төгрөгийн зардал гаргаж, ажиллуулж байтал  “О” ХХК гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Миний түрээсэлсэн цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114 м.кв биш, 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан. Цайны газрын голд нь “О” ХХК нь оффислодог. Мөн доод давхардаа өөрсдийнх нь ашигладаг Караокены 3 том өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Ингээд миний бие нь цайны газрыг түрээсэлсэн даруйдаа өөрийн түрээсэлж буй гал тогоо, үйлчилгээний заалыг хэмжиж үзтэл 54 м.кв байсан. Ингээд уг компани нь хууль бусаар 60 м.кв-ийг илүү тооцож сарын 947.000 төгрөг төлөх байтал 2сая төгрөг төлүүлж хохироож байсан. Сар бүр ашиглалтын зардалд бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. 1 жилийн гэрээ хийж барьцаа болгон 2 сая төгрөг, түрээсийн төлбөрөө 2 сараар нь шууд бэлэн авснаас хойш түрээсийн төлбөр хугацаанд нь хийсээр байтал гэнэт 12 сарын 10-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр гэрээг дангаараа цуцалсан.  Цайны газрыг ажиллуулахдаа би Төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2% хүүтэй, 30 сая  төгрөгийг, “Прогресс Капитал” ББСБ-аас 12 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, 5% хүүтэй зээлсэн. 10, 11-р сард тохижилт маркетингийн зардал, үйл ажиллагаанд 23 сая төгрөг гаргасан. Үүний үр дүнд  байнгын олон үйлчлүүлэгчтэй болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал “О” ХХК гэрээ цуцалснаас олох байсан орлого болон бодитоор 25 сая төгрөгийн хохирол учирсан. Түрээсийн төлбөр 3.987.250 төгрөг, түүхий эдийн зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалин 1.200.000 төгрөг, маркетингийн зардал 2.612.750 төгрөг олох байсан орлого 12.700.000 төгрөг, нийт 25 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Р.Бтай 2 дугаар хороо, 50 мянгат, 23 байрны 4 тоот өргөтгөлийн хамт 114 м.кв талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээг анх байгуулахад бизнес эрхэлж байгаатай холбогдуулан хямдрал үзүүлж 1.500.000 төгрөгийг 2014-09-03-ны өдрөөс 2014-10-08-н хүртэл түрээсийн төлбөрт авч, цаашид төлбөрийг 2 сая төгрөг байхаар тохиролцсон. Сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр гэрээний 5.1-д заасан. Манай компани дээрх ажлын байрыг үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс өөрсдийн хөрөнгөөр засч, тохижуулан Р.Бд түрээсийн гэрээний хавсралт 1.2-ийн дагуу хүлээлгэн өгсөн тул барьцаа хөрөнгийг 2сая төгрөг байхаар Р.Бтай тохиролцож, хүлээн авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлөх, 5.4-т цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Тус обьектод ашиглагддаггүй 1 өрөө болон зоорийн давхрын караоке өрөө болгон тохижуулсан 3 өрөө, бие засах өрөөг манай компани караоке, ресторан болгон ажиллуулахаар тохижуулсан боловч зөвшөөрөл олгогдоогүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй. Гэрээг цуцлах өдөр хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгийг тоолж, элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг илрүүлж, барьцаа хөрөнгөөс суутган авч, үлдсэн хэсгийг хүлээлгэн өгч, баримт үйлдсэн. Р.Б нь гэрээний үндсэн төлбөр 2 сая төгрөгийг гэрээнд заасан сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. Манай компанийн зүгээс Р.Бы энэ байдлаас болж цахилгааны тоолуур тавиулан цаашид гарах маргаанаас зайлсхийж, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажиллаж байсан ч түрээслэгч нь дээр дурдсан алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан. Дээрх алдаа зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байсан тул гэрээний 6.6-д заасны дагуу Р.Бтай цаашид хамтран ажиллах боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014-12-12 өдөр тавьсан. Саналыг Р.Б тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 11 сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2сая төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаар гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан. Манайх гэрээг дангаар цуцлаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Түрээслэгч ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж ашигтай ажиллаж байсан. Гэвч Р.Б эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Түрээсийн гэрээний 5.3-т заасан 150.000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлөхгүй гэж маргаж 130.000 төгрөг төлөөд явсан ч төлбөрийг их гэж гомдол гаргасны дагуу түрээслэгчийн хүсэлтээр манайх өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилуулсан тул 380 вольт /3 фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600 төгрөг, 10 метр кабелийн утасны үнэ 285.000 төгрөг, суурилуулалтын зардал 70.000 төгрөг, нийт 537.600 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл Р.Б зоорийн давхрыг ашигласны төлбөрийг төлөөгүй, гэрээнд заагдаагүй зоорийн давхрыг ашиглаж өөртөө ашигтай байдал үүсгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул /зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 давхрын түрээсийн төлбөр 17.500 төгрөгөөр тооцож, нийт 64.38 м.кв талбайн 1 сарын түрээс 1.126.650 төгрөг, 2014-12-12-ныг хүртэл 2 сар 27 хоногийн түрээсийн төлбөрт 3.267.285 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас бид шүүхэд нотлох баримт бүрдүүлсэн нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 3.279.785 төгрөгийг Иргэний хуулийн 492.1-т зааснаар, тоолуур суурилуулалтын зардалд 537.600, ашиглалтын зардалд 743.717 буюу 1.281.317 төгрөгийг Иргэний хуулийн 219.1-д зааснаар төлөх ёстой тул нийт 4.561.102 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Тухайн караокед өөрсдөө орж дуулдаг, зарим тохиолдолд хүн оруулж ашиг олдог байсан. Мэргэжлийн хяналтаас тоолуур байхгүй байхад өөрөө суурилуулж өгсөн байж нэхэмжлэх боломжгүй.Иймд   сөрөг нэхэмжлэл  үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00777 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 294 дүгээр зүйлийн 294.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг  хариуцагчаас 6 сая төгрөг гаргуулж Р.Бд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 19-ний өдрийн 1603 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Р.Бы нэхэмжлэл болон “О” ХХК-н сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч  хяналтын гомдолдоо: Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх  гэрээг дүгнэсэн мөртлөө түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээний журам адил хамт үйлчлэхээр Иргэний хуулийн 318.5-д  заасан байхад  318.1 гэж дүгнэсэн нь  хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын тайлбараас үзвэл  талууд анхнаасаа ямар санаа зорилготой гэрээг цуцлахад оролцсоныг  харж болно. "О" ХХК  Р.Бтай хамтран ажиллах боломжгүй гэж үзээд  гэрээ цуцлах  санал 2014-12-12-ны өдөр  тавьсан байдаг.  ИХ-н 294.3, 294.4-т зохицуулсан байхад хариуцагч “..түрээсийнхээ төлбөр нэмнэ.. зөвшөөрөхгүй бол гарч болно.. өнөөдөр гар...”  гээд 2014-12-12 -нд  шаардлага тавьсан. Энэ бүгд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон,  мэдэгдэл өгсөн өдрөө хүчээр, дангаараа гэрээ цуцалсан  ба гэрээний зүйл заалт бүрийг хариуцагч зөрчиж байхад  хууль бус магадлалыг гаргасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний 6.З-т  гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар  “...обьектыг зориулалтын дагуу ашиглаагүй.. түрээсийн байрыг санаатай буюу болгоомжгүйгээр гэмтээсэн, муутгасан... төлбөрийг нэг сарын турш төлөөгүй... байр ашиглаж болохгүй нөхцөл байдалд байгаа нь түрээслүүлэгчээс шалтгаалахгүй... давагдашгүй хүчин зүйл...” гэсэн 5 үндэслэлийг талууд 2014-09-03 өдөр тусгасан. Р.Б гэрээ цуцлах тохиолдлыг гаргаагүй нь  нотлогдож байгаа. Шүүх  “О" ХХК дангаараа гэрээ цуцалсан байхад  хуульд заасан үүргээс чөлөөлөөд байгаа нь хуульд зөрчиж байна. Анхан шатны шүүх  гэрээг хууль бусаар цуцалсан болохыг тайлбар, гэрчүүдийн  мэдүүлэг бусад  баримтыг харьцуулан хууль ёсны шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд Р.Мягмарбаатар нь  гэрээг  санаачлаад цуцалсан гэдгээ хэлсэн. /хх-104/ Шүүхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг анх гаргаж өгөхдөө гэрээ байгуулснаас авахуулаад, төлбөрөө сар бүр төлж байсныг нотлох, мөн сар бүрийн ашиглалтын зардлууд хэрхэн яаж төлж байсан, ямар зардлууд гаргаж байж энэхүү цайны газрыг ашиг орлоготой ажилладаг үйлчлүүлэгч олонтой цайны газар болгосон, мөн ажиллуулж байх хугацаанд "О" ХХК-д гаргасан санал гомдол, удаа дараагийн шүүх хуралдаан дээр гэрчээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг  гаргаж өгсөн. Тийм ч учраас шүүх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал нь нийт 9.804.500 төгрөгийг төлсөн зэрэг нь түрээслэгч нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын хамт төлөх үүргээ зохих ёсоор биелүүлснээр хариуцагчийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна хэмээн зөв дүгнэсэн байдаг. Ер нь хариуцагч талаас нэг л баримтыг шүүхэд ирүүлсэн байдаг бөгөөд энэ нь зөвхөн “Эд хөрөнгө хүлээлцсэн акт” юм. Давж заалдах шатны шүүх нь түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээний зүйл заалтыг хэрэглээгүйгээр  хууль бус магадлал гаргасан. Талуудын хооронд 2014-09-03-ны өдөр 09/113 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ба гэрээ  түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар маргаагүй гэдгийг нотолно. Р.Б байр болон жагсаалтын дагуу тодорхой эд хөрөнгүүдийг хүлээн авсан байдаг. Энэ нь ИХ 318.1, 318.5 тай нийцнэ. 2014-12-12-ны өдөр талуудын хооронд хийгдсэн “Гэрээ цуцлах тухай" нэртэй баримт нь түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг хүлээлгэн өгч, барьцаанаас дутуу төлбөрийг суутган авсан талаар үйлдэгдсэн баримт юм. Энд мөн адил ИХ-н 294.4, 294.3-г давж заалдах шатны шүүх нь баримтлаагүй, хариуцагч энэ үүргээс нь чөлөөлсөн хууль бус шийдвэрийг гаргасан  ба энэхүү хуулийн заалтыг энэ маргаанд хамаатуулах ёстой байсан. Гэтэл энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүйгээр зогсохгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хх 207-д буй “Гэрээ цуцлах тухай” баримтыг нэхэмжлэгч урьдчилгаанд төлсөн 2 сая төгрөгийг авахын тулд хийсэн гэж, хариуцагч 2 тал харилцан тохиролцсоноор цуцалсан гэж тайлбарласан  ч хуулинд “...Хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг өгөөгүй, мэдэгдсэнээс хойш хуульд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсанд...” хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1-д “...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талд мэдэгдэж...”, ИХ 204.2-т “...Гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно...” гэж заасныг хариуцагч  нь ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх нь ИХ-ийн 204.2-г зөрчсөн шийдвэр гаргасан. ИХ-н 294.1-д “... гэрээний хугацаа дууссан, тодорхойгүй хугацаагаар байгуулсан бол цуцлах тухай мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэрээ дуусгавар болохоор...” зохицуулсан байдаг. Иймд хуульд буюу гэрээнд зааснаар гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэж хугацаа олгоогүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдсон ИХ-н 227.3, 227.1-р шаардах эрхтэй. Давж заалдах шатны шүүх нь хэт нэг талыг барин хууль бус шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж, хуулинд заасны дагуу шүүхэд хариуцагчийг буруутай гэдгийг нь нотолсон нотлох баримтын хангалттай бүрдүүлсэн, мөн Иргэний хуулинд ч талуудын хооронд 2014 оны  09/113 тоот  гэрээг хэрхэн яаж зохицуулах тухай харилцааг зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг дутуу, буруу үнэлэн, хэт нэг талыг барин хэргийг хууль бус шийдвэрлэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.Баярсайхан 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, О ХХК-с 25 сая төгрөг шаардсан /хх 1-1, 24, 184, 223/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр /хх 2-ын 53, 55/ нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөрөөс илүү төлсөн 1.807.778 төгрөг, ашиглалтын төлбөр 668.944 төгрөг, дохиолол, хог, кабель 262.500 төгрөг, хэмжилт хийлгэсэн зардал 133.000 төгрөг, олох байсан орлого 2.000.000 төгрөг нийт 4.872.222 төгрөг болгосон боловч шүүх хуралдаан дээр нэмэгдүүлж 25 сая төгрөг /хх 2-ын 97/ болгожээ. Г.Баярсайханы нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасан  шаардлагын хэмжээнд хэлэлцэх хүсэлтийг хариуцагч гаргасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

       Өөрөөр хэлбэл, Г.Баярсайхан нь түрээсийн төлбөрт илүү төлсөн 3.987.250 төгрөг, түүхий эдийн зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалинд 1.200.000 төгрөг, тохижилт маркетингийн зардалд 2.612.750 төгрөг, олох байсан орлогод 12.700.000 төгрөг нийт 25 сая төгрөгийг О ХХК-с гаргуулахыг  шаарджээ.  

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-ийн 19/ маргаж, 2015-10-05-ны өдөр сөрөг нэхэмжлэл /хх 1-ийн 142-144/ гаргасан байна.   

       Анхан шатны шүүх олох байсан орлого 12.700.000 төгрөгөөс 6.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ.  

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон  байна.

       Магадлалыг хүчингүй болгох, шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх” тухай 09/113 тоот гэрээ байгуулж гэрээний зүйлийг хүлээн авсан бөгөөд энэ талаар маргаагүй, шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ. 

       Талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг цуцалсан нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байхдаа ямар хэмжээний ашиг олж байсан нь нотлогдоогүй тул олох байсан орлогод хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулах   үндэслэлгүй. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 204, 227, 318 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрдэнэчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ