Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 172

 

Д.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 875 дугаар магадлалтай, Д.У-д холбогдох 2210000000390 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын  гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ам бүл 1, Цагаан гэрүүд овогт Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Цагаан гэрүүд овгийн Д.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.У-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоосноор гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, хэргийн зүйлчлэл болоод ялын бодлогод шууд нөлөөлдөг тул эдгээрийг хангалттай бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр Д.У-д холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Д.Г, С.Х нарыг оролцуулсан бөгөөд гэрчүүдийн хувьд хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгүүдээс зөрүүтэй байдлаар мэдүүлснээс үзэхэд хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй.

Тодруулбал, гэрч Р.Эийн “...37 тоот айлын хаалгыг тогшиход эмэгтэй хүн хаалга тайлсан ба тэгээд эмэгтэйгээс нь энэ хүнийг таних уу гэсэн чинь мэдэхгүй гэсэн ба эрэгтэй нь мөн танихгүй гэж хэлсэн. Тэгээд О яаралтай түргэн тусламж 103-т албаны 80910459 дугаараас дуудлага өгсөн. Тэгээд байж байтал тус байрны үйлчлэгч эмэгтэй нэг залуу дагуулаад бид нар дээр хүрээд ирсэн ба тэр залуу гартаа архи, ундаа барьчихсан байсан. Тэгтэл үйлчлэгч эмэгтэй энэ залуу наад хөгшнийг чинь энэ айлаас гаргасан /энэ залуу гээд байгаа хүн нь гэрч Д.Г байсан/ гээд 37 тоот айл руу заасан. Тэгтэл нөгөө эмэгтэй хаалга нээгээд за тэгвэл буцаагаад оруулчих гэж хэлсэн ба 37 тоот айлаас гарч ирсэн эмэгтэй хэвтэж байсан эрэгтэй хүний гутлыг нь өмсүүлэх гэж оролдсон боловч чадаагүй ба нөгөө архи ундаа  авчирсан залуу архи ундаагаа ширээн дээр тавьчихаад арынх нь өрөө луу яваад орчихсон. Газар хэвтэж байсан хүнийг 37 тоот айлаас гарч ирсэн эмэгтэй буцаагаад оруулчихъя гээд байхаар нь ахлах ахлагч О бид хоёр буйдангийн урд ирмэгээр гал тогооны хэсэг рүү харуулаад хэвтүүлсэн, тэгээд гараад явчихсан. Тэгээд гарахдаа 103-т өгсөн дуудлагаа буцаасан” /1хx 79-81/,

 Гэрч Г.Д-н “... тэгээд намайг гэрт нь ороход Илдээ гэж хочтой Д.Г жижиг өрөөнд буйдан дээр унтаж байсан, гэрийн эзэн У ах болохоор том өрөөнд ширээний хажууд гудас дэвсээд газар дээр унтаж байсан, тэгээд Алтай хотхоны Эфэс дэлгүүрийн үйлчлэгч Х эгч буйдан дээр сэрүүн сууж байсан, талийгаач буйдангийн хажууд газарт бүтээлэг дэвсээд унтаж байсан. У ах Э ах руу заагаад наад ахыгаа гэрт нь хүргэж өг гэж хэлсэн, тэгэхээр нь би гар хугархай болохоор авч явж дийлэхгүй гэж хэлээд гараад явсан. ...Намайг У ахын гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ...Илдээ ерөөсөө жижиг өрөөнөөс гараагүй унтаж байсан” / 1хх 67-68/,

Гэрч Д.Гийн “...У ахын гэрт 0,75 л хоёр шил Хараа архи байсан, тэрийг хувааж уугаад талийгаач согтуу агсраад байхаар нь “та одоо гайгүй байгаа дээрээ гэртээ харь” гэж хэлээд У ахын гэрээс гаргасан. Тэгээд би унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа би сэрэхэд талийгаачийн хамар, амнаас цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд сэрээх гэтэл сэрэхгүй болохоор нь 102,103-руу залгаж дуудлага өгсөн. ...ямар нэгэн маргаан болоогүй, талийгаач өөрөө согтуурхаад агсраад байсан, тэр үед “та гэртээ харь” гэж хэлээд гаргаж байснаа талаараа санаж байна”,

мөн 2022.03.24/25-ны өдрийн “...Х, Э, У гурав уугаад үлдсэн. Дуу чангараад хэрүүл болоод байхаар нь би сэрээд том өрөө рүү ортол Э ах газар сууж байсан. Би Э ах дээр та гайгүй дээрээ хариа гэхэд амандаа хараалын үг хэлээд байсан. Би араас суганаас нь өргөөд гэрээс гарсан. Тэгээд би гаргаад та харьчхаарай гэж хэлээд хаалга хаасан. Би Э ахыг гаргаад унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. ...Би унтаж байгаад У ахын дуу нь чангарахаар босоод ирсэн. У ахын хажууд нь буйдан дээр сууж байсан, цонхон талд Х эгч, харин газар шалан дээр талийгаач амандаа хараагаад сууж байсан. Юу болсон бэ гэхэд наадхыгаа зайлуул гэж хэлсэн”,

мөн 2022.03.29-ний өдрийн “...газар шалан дээр Э ах газар сууж байсан. Би Э ах дээр та гайгүй дээрээ хариа гэхэд амандаа хараалын үг хэлээд байсан. Би араас суганаас нь өргөөд гэрээс гарсан, тэгээд би гаргаад та харьчихаарай гэж хэлээд хаалга хаасан... гэж Би худлаа айгаад тэгж хэлсэн юм. ...У ах хараагаад энийгээ гаргаач гэж хэлсэн. Би талийгаачийг харахад ор, хөргөгч хоёрын хооронд бөгсөөрөө суусан толгой нь хоёр хөл рүүгээ тонгойсон байдалтай байсан. Би очоод сэрээх гэсэн боловч сэрэхгүй тасарчихсан байна гэж бодоод суганаас нь өргөөд чирээд коридор луу гаргаад, тэгээд өмсөж байсан цамцыг нь дэрлүүлээд, гутал нь үүдэн хэсэгт байхаар гаргасан. Тэгээд би тасарчихсан байна л гэж бодсон бөгөөд сэрээд явчих байх гэж бодсон. Буцаад би жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Нойл орох гээд бостол талийгаач өмнөх байсан газраа хэвтээ байдалтай унтаж байсан. Би У ах, Х хоёроос хэзээ буцаад ороод ирэв гэхэд хоёр цагдаа оруулж ирсэн гэж хэлсэн”,  

Гэрч С.Хгийн “...Талийгаач орж ирээд 1-2 удаа архинаас аваад толгой өвдөөд байна гээд орны хажууд унтаад өгсөн. -У.Б гэх залууг аваад яваа гэж хэлсэн. Гэтэл Б согтуу хүн жаахан унтаж байг гэж хэлсэн. Б архи дуусаад гарах гэхэд У “авчирсан хүнээ аваад яв, гэр оронд нь хүргэж өг” гэж хэлсэн. Жоохон унтаж байгаад өөрөө босоод гэртээ харьчихна гэж хэлсэн. Тэгээд Уын дүү “ахаа энэ хүн нэг л биш байна цагдаа, эмч дуудаа” гэсэн тэгээд дуудлагаар цагдаа эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Б бол Уын хамаатны дүү гэж хэлсэн. Б талийгаач хоёр архи бариад орж ирсэн, орж ирээд талийгаач авчирсан архинаас хоёр удаа 100 граммаар татаад толгой өвдөөд байна гээд унтаад өгсөн. Хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй, У болон түүний дүү нэлээн согтуу байсан”,

2022.03.24-ний өдрийн “... нэг шил архийг хувааж уусан, эргээд сууж байсан бөгөөд талийгаач 2-3 удаа татсан жижиг төмөр хундагаар, ингээд би буйдан дээр цонхон талдаа У, тэгээд би голд нь суусан, талийгаач миний зүүн гар талд суусан. ...Уыг талийгаач “би чамайг хошногодоно шүү” гэж хэлсэн. Тэгээд талийгаач эхлээд Уыг цохих гэхэд миний ардуур У зөрүүлээд “шаана шүү гэрээс зайл” гээд талийгаачийг өндөр саарал сандал дээр сууж байхад  гараараа цохьсон бөгөөд сандал дээрээс арагшаа саваад унасан. Тэгээд босож ирээгүй талийгаач газар ëо пизда ...Бг гарч явсны дараа Ган-Илд босож ирсэн. Тэгээд ямартай ч талийгаачийг гаргасан, нэг мэдэхэд цагдаа ороод ирсэн талийгаачийг гэрт оруулж ирж байсан, та нар хамт уусан юм уу архи нь гараад явна биз гэхээр нь бид тийм ээ гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан.

Гэрчүүдийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай нь нотлогдож байна гэсэн нь дээрх хэрэгт авагдсан хэргийн бодит байдал, нөхцөлтэй нийцэхгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” заасантай нийцэхгүй байна.

 Гэрч Х, Ган-Илд нараас урьд өгсөн мэдүүлгийг нь асуухад тэгсэн шиг санагдаж байна, сайн мэдэхгүй байна гэх, мөн талийгаачийг сандлаас унасан эсэхийг санахгүй байх ба сандлаасаа унасан гэж үзвэл унахаас өмнө эсхүл дараа нь Д.Уын гэрээс хэзээ, хэн, хэрхэн гаргасан, гаргах явцдаа газар унагасан эсэх, байрны хана, шкаф, хаалга зэргийг мөргүүлсэн эсэхийг шалгаж тодруулаагүй зэргээр мэдүүлгийн зөрүү, тухайн хэрэг гарсан нөхцөл, үйл явдлыг тогтоогоогүй, эх сурвалжийг зааж чадахгүй байснаас гадна хэрэг учрал гарах үеийн тухай илт зөрүүтэй мэдүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ үүсгэж байна.

Мөн гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан нөхцөл байдалтай харьцуулахгүйгээр зөвхөн яллах талыг баримталж, мэдүүлгийн эх сурвалжийг нарийвчлан шалгахын оронд өгсөн мэдүүлгээс нь хэрэгтэй “холбоо үгийг” таслан авч гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь буруу юм.

Хэрэгт авагдсан гэрч С.Х, Д.Г, бусад гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй байх ба яллагдагч Д.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлшгүй баримтаар тогтоогоогүй, эргэлзээтэй байна.

Хоёр. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь Д.Уын гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар хэрэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Д.Уыг гэм буруутай гэж үзсэн бол шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг нотолж ирүүлэх нь прокурор, мөрдөгчийн үүрэг бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг прокурор шүүхийн өмнө нотлох ёстой. Д.Уын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байх ёстой ба санаатай юу, болгоомжгүй юу, хөнгөмсгөөр найдсан уу, хайхрамжгүй хандсан уу аль нь болох талаар прокурор дүгнэлт хийгээгүй. Бусдыг ална гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байгаагүй ба өөрийн үйлдэл нь хүний амийг хохироож болно гэдгийг урьдаас мэдэх боломжгүй ба өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгох ба талийгаачийг зодож, хүч хэрэглэсний улмаас амь насыг санаатай хохироосон үйлдэлд буруутгаж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хувьд “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг. Прокурор, анхан шатны шүүх нь хуульд заасан үүргийнхээ хүрээнд шүүгдэгч Д.Уыг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж тус тус заасан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.У нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Гэрэлт-Өргөө хотхоны 47Е байрны 37 тоотод архидан согтуурсны улмаас хохирогч С.Э-тэй маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж газарт унаган, биед нь тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны шугаман хугарал бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Энэ талаар анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хохирогч С.Э нь яаралтай эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс Д.Уыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан “Хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Түүнчлэн хохирогч С.Эийн тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул С.Уын хийсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэж дүгнэхээр байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 875 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Уд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Уыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхоны 47-Е байрны 37 тоот гэртээ архидан согтуурсан үедээ С.Эрдэнэбилэгтэй маргалдаж, түүнийг цохисны улмаас хохирогч сууж байсан сандал дээрээсээ газарт унаж, гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Д.Уын үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий болжээ.

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсч, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн хувьд тухайн үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч болно гэдгийг урьдчилан мэдэж, тийм үр дагаврыг бий болгохгүй гэж тооцсон боловч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь насыг хохироосон, эсхүл хүний амь нас хохирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохироосон байдаг ялгаатай шинжийг харгалзан гэм буруугийн хэлбэрийг тогтооно.

 “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу бодит санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой.

Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж, улмаар түүнийг сандал дээр сууж байхад нь нүүрэн тус газар цохиж унагасан Д.У-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч тэрээр талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, түүнд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын гомдолд дурдсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн үйл баримт тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 875 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

            ШҮҮГЧ                                                    С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ