Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2024/0041

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт,

шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А,

З.Ц нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                        Г.Банзрагч                           

                                           Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2024/0056 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0097 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Д.А, З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“К” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, З.Ц нарт холбогдуулан “... тус татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25********* дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, З.Ц нар нь “К” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийх ерөнхий удирдамж, 2********* дугаар томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэжээ.

2.1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25********* дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэл хэсэгт ... 2019 онд 1,784,494,819.69 төгрөгийн, 2020 онд 3,140,996,105.25 төгрөгийн, 2021 онд 773,524,117.21 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй; ... 2021 оны 774,795,570.82 төгрөгийн зөрчлөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан 525,429,026.65 төгрөгийн баримтаар нотлогдох зардлыг хасаж тооцон, Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд:

-2019 онд 779,046,338.62 төгрөгийн, 2020 онд 142,485,281.06 төгрөгийн, 2021 онд 59,539,866.96 төгрөгийн, нийт 981,071,486.64 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтын орлогод ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын /2015/ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3-т заасныг;

-2021 онд 774,795,570.82 төгрөгийн төслийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1-д заасныг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 1,755,867,057.46 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглэж, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79.1, 79.4.3-т заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 123,043,803.09 төгрөгийн нөхөн татвар, 38,933,392.241 төгрөгийн торгууль, 1,360,543.86 төгрөгийн алданги, нийт 163,337,739.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс “... “К” ХХК нь анх байгуулагдахдаа “М” ХХК гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд нэрээ өөрчилсөн бүртгэлээ 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хийлгэсэн, “М” ХХК гэсэн оноосон нэртэй байхдаа 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын Ойн ерөнхий газар хоорондын Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлсэн “Ногоон хэрэм” төслөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах” ажлын гүйцэтгэгчээр шалгарч, 2018 онд гараа байгуулан уг төслийг хэрэгжүүлж, 2021 оны 06 дугаар сард дуусгасан, Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд ажлыг нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр буюу НӨАТ-аас чөлөөлөгдөж гүйцэтгэхээр заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д зааснаар Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын баталж, тус журмын 2.1.4-д хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг баталсан, манай компани нь 2018, 2019 онуудад уг жагсаалтад багтаагүй, Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалын хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ногоон хэрэм төслийн нэгж жагсаалтад орсон, харин 2020 оны 79 дүгээр тушаалын хавсралтаар манай компани уг жагсаалтад орсон, 2019 онд Сангийн сайдын жагсаалтад ороогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар Ногоон хэрэм төслийн нэгжээс шилжүүлсэн харин 2020 оны 79 дүгээр тушаалын хавсралтаар жагсаалтад орсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т зааснаар хасалт хийх боломжгүй болсон, манай компанийн борлуулалт нь 100 хувь НӨАТ-аас чөлөөлөгдөх орлого байдаггүй, энэ нь компанийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тайлангаас тодорхой болно, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу татвараа зөв тайлагнасан байхад хуулийн дагуу тайлагнаж, төлж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг НӨАТ хасалт хийхгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн компанийн тайлагнасан дотоодоос худалдан авсан 1,605,547,856.12 төгрөгийн худалдан авалтуудын аль нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т заасны дагуу хасах ёсгүй байсан гэж үзсэн нь тодорхойгүй, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл бүрдээгүй буюу торгууль, алданги төлөх үндэслэлгүй, ... 23,371,390.16 төгрөгийн торгууль ногдуулсан нь нөхөн татварын 10 хувиас хэтэрсэн байгаа нь татварын улсын байцаагч нар хуулиа зөрчсөн, ... 2022 онд багтааж тайланг илгээх, засварлах, баталгаажуулах хууль зүйн боломжтой байхад татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тооцож, торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй” гэж нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч маргажээ.

3.1.Хариуцагчаас “...  тус компани нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлсэн, 2018 онд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд уул уурхай сөрөг нөлөөллийн менежмент, байгаль орчны менежментийн зөвлөгөө өгөх гэрээний дагуу ажил гүйцэтгэж орлого тайлагнасан. 2019-2021 онд Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2019-2021 оны худалдан авалтын хасалт хийсэн дүнгээс залруулгыг хасаж 2019 онд 779,046,338.62 төгрөгийн, 2020 онд 142,485,281.06 төгрөгийн, 2021 онд 59,539,866.96 төгрөгийн нийт 981,071,486.64 төгрөгийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т заасныг үндэслэн 2019 онд Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дах заалт, 2020-2021 онд Татварын ерөнхий хуулийн 73.2.1 дэх заалт, 84.1 дэх хэсгээр тус тус хариуцлага ногдуулсан, төслийн санхүүжилт нь Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн нэгжээс “К” ХХК-ийн харилцах дансаар орсон, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4-т заасныг үндэслэсэн “К” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу “Г с” ХХК нь Баянгол дүүргийн татварын хэлтэст шалгагдсан бөгөөд тус компанид холбогдох асуудал нь нэхэмжлэгч компанийн маргаанд хамааралгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх, татварын торгууль, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан “К” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25********* дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0097 дугаар тогтоолоор хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын өдрийн 23-ны өдрийн 221/МА2024/0056 дугаар магадлалыг “шүүхийн хуулийн хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрх зүйн шинэ ойлголт эсхүл хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

7.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь “.... “К” ХХК-ийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.“Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:”, 14.6.3. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ .... заасанд нийцсэн” гэж аль аль шүүх нь дүгнэжээ. Бүүр давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч “К” ХХК-ийг төслийг хэрэгжүүлэгч хуулийн этгээд гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч “К” ХХК нь анх 2016 онд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын Ойн ерөнхий газар хоорондын Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлсэн “Ногоон хэрэм” төслөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах” ажлын гүйцэтгэгчээр шалгарч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан уг төслийг хэрэгжүүлж 2021 оны 06 сард дуусгасан. Өөрөөр хэлбэл тухайн төслийг гүйцэтгэгч байгууллага болохоос тухайн төслийн ур шимийг хүртэгч буюу эцсийн хэрэглэгч биш юм.

7.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай олон улсын татварын эрх зүйн ойлголт болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үзэл баримтлалаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар нь далд эдийн засгийн хянах зорилготой, тухайн бараа, ажил, үйлчилгээ нь эхний үйлдвэрлэгч буюу бүтээгчээс хэдэн шат дамжлагын дараа эцсийн хэрэглэгчид хүрч байгааг хянах, эцсийн хэрэглэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх зохицуулалт ойлголт юм. Иймд нэхэмжлэгч компани нь эцсийн хэрэглэгч биш тул НӨАТ-ийн хасалт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “... Хэдийгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “эцсийн хэрэглэгч”, “завсрын болон эцсийн хэрэглээ” зэрэг ойлголтуудыг хуульчлаагүй ч шүүхээс маргаан бүхий харилцаанд холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн онолын ойлголтуудыг хэрэглэсэн нь, мөн “үйлдвэрлэл,..-ийн зориулалтаар” гэснийг үг зүйн утгаар бус, харин нэмэгдсэн өртгийн албан татварын ойлголт, зорилго, зарчимтай уялдуулан тайлбарласныг буруутгах үндэслэлгүй, харин ч хууль тайлбарлах онол, арга зүйд нийцсэн гэж үзнэ ...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж байжээ. Энэ нь шүүхийн хуулийн хэрэглээний зөрүүг үүсгэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

7.3.Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарын ногдуулсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2019 оны зөрчил гэж үзэж 779,040,633.86 төгрөгийн нөхөн татвар, 23,371,390.16 төгрөгийн торгууль нийт 101,276,024.02 төгрөг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Албан Татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй” гэсэн хэсгийг үндэслэж байгаа болно. Учир нь нэхэмжлэгчийн хувьд 2019 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд байгаагүй юм.

7.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд гэдэгт ямар этгээд хамаарах талаар тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг ба Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам” гаргасан.

7.5.Уг журмын 2-д 2.1.2-т ““төсөл хэрэгжүүлэгч” Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг; 2.1.3-т ““төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага” олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан татварын чөлөөлөлт эдлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч эсхүл төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулах боломжгүй төсөл, арга хэмжээний хувьд уг зээл, тусламжийг олгож буй хандивлагч олон улсын байгууллагыг”, 2.1.4-т ““жагсаалт” гэж хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг”, 2.1.7-д ““бэлтгэн нийлүүлэгч” гэж төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчид хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бараа, ажил, үйлчилгээг борлуулж буй худалдаа эрхлэгч этгээдийг”, 2.1.8-д ““туслан гүйцэтгэгч” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад хамрагдсан этгээдийг” тус тус ойлгоно гэж тодорхойлжээ. Журмын дээрх ойлголтуудаас харахад Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад багтсан этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд гэж ойлгохоор байна. Гэтэл манай компанийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримт болох Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад багтаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд биш тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т заасныг баримтлан хасалт хийснийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

7.6.Эрх зүйн шинэ ойлголт эсхүл хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: Монгол Улсын төвийг сахисан гадаад бодлогын хүрээнд Монгол Улсын гадаад харилцаа жилээс жилд эрчимжиж, гадаад улсууд болон олон улсын тусламжийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийгдэх төсөл хөтөлбөрүүд улам ихсэж байна. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гадаад дотоодын хуулийн этгээдүүд тухайн төслийг хэрэгжүүлэхэд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр орох явдал их гардаг. Эдгээр гүйцэтгэгч байгууллага бүхэнд нэхэмжлэгч компанид тохиолдсон шиг татварын эрсдэлүүд үүсэж байгаа бөгөөд энэхүү маргааныг шийдэх замаар хуулийг тайлбарлах эрх зүйн шинэ ойлголтыг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь олон улсын татварын эрх зүйд “тунгалаг шилний зарчим” гэдэг ойлголт байдаг бөгөөд энэ нь анхны бараа, ажил, үйлчилгээний орлого буюу борлуулалт нь татвараас чөлөөлөгдсөн бол үүнтэй холбоотой дараа дараачийн борлуулалт нь татвараас чөлөөлөгдөнө гэсэн зарчим юм. Манай Улсын хувьд уг тунгалаг шилний зарчим хэрэгждэггүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэг нь зөвхөн жагсаалтад багтсан этгээд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө, харин жагсаалтад багтсан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэсэн зохицуулалт юм. Нэхэмжлэгч компанийн хувьд Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад багтаагүй тул жагсаалтад багтсан этгээдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн этгээд гэж ойлгоно. Аливаа шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийг хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг юу гэж ойлгохыг тайлбарлах эрхтэй ганц субъект байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь шийдвэр, магадлалдаа нэхэмжлэгч бидний үндэслэл болгоод байгаа дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсгийг хэрхэн ойлгох, яагаад энэ хуулийн зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзсэн, мөн 2019 онд нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд мөн байсан эсэхэд ямар ч дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

7.7.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын өдрийн 23-ны өдрийн 221/МА2024/0056 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актын 2019 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, 2021 оны  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд ногдуулсан торгууль, алдангийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... маргаан бүхий актын 2019 оны зөрчил гэж үзэж 77,904,633.86 төгрөгийн нөхөн татвар, 23,371,390.16 төгрөгийн торгууль нийт 101,276,024.02 төгрөг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж дурдсан байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн хүрээгээр дүгнэлт хийснийг тэмдэглэх нь зүйтэй.

11.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө:” гээд 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;”, 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.

12.Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар[1] “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, Журмын 2.1.2-т ““төсөл хэрэгжүүлэгч” Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг”, 2.1.4-т ““жагсаалт” гэж хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг”, 2.1.7-д ““бэлтгэн нийлүүлэгч” гэж төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчид хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бараа, ажил, үйлчилгээг борлуулж буй худалдаа эрхлэгч этгээдийг”, 2.1.8-д ““туслан гүйцэтгэгч” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад хамрагдсан этгээдийг” гэж тус тус ангилан тодорхойлжээ.

13.Түүнчлэн Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт”-ыг хавсралтаар баталж, уг хавсралтын №49 хүснэгтэд “Ногоон хэрэм” төсөл, Төслийн хөрөнгийн эх үүсвэр нь БНСУ-ын Засгийн газар, төсөл эхлэх хугацаа 2017.01.01, дуусах хугацаа 2021.05.09-ний өдөр, төсөл хэрэгжүүлэгчийг “яам/агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын яам”, “нэгж, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нь төсөл хэрэгжүүлэх нэгж” гэх нэр томьёоллоор жагсаан ангилсан боловч төсөл хэрэгжүүлэгч болох нэгжүүд буюу “бэлтгэн нийлүүлэгч”, “туслан гүйцэтгэгч”-ийн талаарх нэрсийн жагсаалтыг шууд баталж, тусгаагүйгээс энэхүү маргаан үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч компанийн “... тус тушаалаар батлагдсан жагсаалтад компанийн нэр багтаагүй, жагсаалтад байхгүй” гэх тайлбар үндэслэлтэй буюу уг тушаалаар батлагдсан жагсаалтад компанийн нэр бичигдээгүй нь илэрхий байна.

14.Хэдий дээрх тушаалаар батлагдсан жагсаалтад нэхэмжлэгчийн нэр багтаагүй ч, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзвэл, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Ногоон хэрэм” төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Ойн ерөнхий газар хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах” ажлын гүйцэтгэгчээр “М” ХХК шалгаран (2022.03.04-ний өдөр компанийн нэрийг “К” ХХК болгон өөрчилсөн) 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, ажлыг (2019-2021 онд) хийж гүйцэтгэсэн нь тогтоогдох бөгөөд эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс үгүйсгэн маргаагүй.

15.Тодруулбал, Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалаар “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад “К” ХХК-ийн нэр тодорхой бичигдээгүй ч бодит нөхцөлд тухайн төслийн гүйцэтгэгчээр ажиллаж, төслийн нэгжээс бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний орлого буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн борлуулалтын орлогыг хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд, нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээдэд хамааруулан үзэхээр байна, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад багтсан этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд гэж ойлгохоор байна, манай компанийн хувьд Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалын жагсаалтад багтаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд биш тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т заасныг баримтлан хасалт хийснийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

16.Учир нь, нэхэмжлэгч “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах” ажлын гүйцэтгэгчээр бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, энэ нь БНСУ-ын Засгийн газрын хөрөнгийн эх үүсвэртэй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийгдсэн ажил, үйлчилгээнд хамаарах бөгөөд  жагсаалтаар баталсан төсөл хэрэгжүүлэгчээр зөвхөн хязгаарлахгүй, өөрөөр хэлбэл тухайн “Ногоон хэрэм” төсөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;”-ний орлогыг албан татварыг хасаж тооцохгүй талаар хуульчилсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэж, борлуулалтын орлогыг хүлээн авсныг дахин албан татвараас хасалт хийж, тайлагнасан нь буруу, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 472 дугаар тогтоолд “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “эцсийн хэрэглэгч”, “завсрын болон эцсийн хэрэглээ” зэрэг ойлголтуудыг хуульчлаагүй ч шүүхээс маргаан бүхий харилцаанд холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглэхдээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн онолын ойлголтуудыг хэрэглэсэн нь, мөн “үйлдвэрлэл,..-ийн зориулалтаар” гэснийг үг зүйн утгаар бус, харин нэмэгдсэн өртгийн албан татварын ойлголт, зорилго, зарчимтай уялдуулан тайлбарласныг буруутгах үндэслэлгүй, харин ч хууль тайлбарлах онол, арга зүйд нийцсэн ...” гэж эцсийн хэрэглэгч, завсрын болон эцсийн хэрэглээний ойлголтуудыг хуульчлаагүй талаар дүгнэсэн хэдий ч энэ хэргийн нөхцөл байдалд “эцсийн хэрэглэгч” гэх нэр томьёоллыг тайлбарлан хэрэглэх шаардлагагүй, тухайн маргаанаас хууль хэрэглээний хувьд өөр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төслийн үр шимийг хүртэгч буюу эцсийн хэрэглэгч биш юм” гэх хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

18.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэж буй аливаа эрх зүйн акт, журам нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд нэгэнт хууль тогтоогч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;”-г албан татвараас чөлөөлөх талаар салаа утгагүй шууд заасан, энэ тохиолдолд хариуцагчаас Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журмыг хуулийн 13.1.3 дахь заалтад нийцүүлэн хэрэгжүүлж, гадаад улсын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр хийгдсэн төслийн хэрэгжүүлэгчийг зөв тодорхойлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, үйлчилгээнээс татварыг хасаж тооцохгүй талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, татвараа бууруулан тайлагнасан нэхэмжлэгчид нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гээд 76.1.1-д“хууль дээдлэх” гэж заасантай нийцжээ.

19.Мөн нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн үндэслэл, шүүхэд гаргасан гомдол тайлбарууддаа тухайн “Ногоон хэрэм” төслийн туслан гүйцэтгэгчээр ажилласан талаар хүлээн зөвшөөрч, 2020, 2021 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд уг ажил, үйлчилгээтэй холбоотой албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар тайлагнасан мөртлөө Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтад багтаагүй үндэслэлээр төслийг хэрэгжүүлэгч этгээд биш, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа үйлчилгээнээс борлуулалтын орлого хасаж тооцох үндэслэлтэй гэж тайлбарлан, хяналтын гомдлын үндэслэлээ тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

20.Тухайн компанийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн этгээдэд хамаарах тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь заалт хамаарахгүй буюу чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцон, албан татвараас хасалт хийх үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

21.Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2024/0056 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                               Д.БАТБААТАР

                                                                                                              Х.БАТСҮРЭН

                                         

 

 

 

[1] Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар хүчингүй болгосон. https://legalinfo.mn/mn/detail/11677/2/207077