Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1271

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 01                     Дугаар 1271                                Улаанбаатар хот

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК,

Хариуцагч ХХХнарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 38 928 183 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хонины ноос худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэхүү гэрээний дагуу 38 928 183 төгрөгийг хариуцагч ХХХХ-аас гаргуулахыг хүсч байна. Монгол Улсын Засгийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоол гарсан, энэхүү тогтоол нь сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэл болон тэдгээрийн худалдан борлуулалт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам болон "ХХХХ" ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдаж, хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд 121 000 000 төгрөгийг олгосон байдаг. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон сүлжмэлийн үйлдвэрүүдтэй ээрмэл утас нийлүүлэх гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Гэрээний хавсралтад 3 компани зааж байгаагийн нэг нь "ХХХХ" ХХК юм. Түүхий ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна угааж цэвэрлэх шат дамжилгуудыг багтаасан гэрээ байгаа. Утас үйлдвэрлэж байгаа компани нь сүлжмэлийн үйлдвэрүүдтэйгээ давхар гэрээ байгуулах, үйлдвэрлэсэн     утсаар нь майк кардиган цамц үйлдвэрлэх гэрээ байгуулах энэ гэрээний хувьд "ХХХХХ" ХХК хонины ноос, ээрмэл утсыг "ХХХХ" ХХК-д худалдаж 25 952 122 төгрөгийн үнэ бүхий 851,7 кг утсыг 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийлүүлсэн. Энэхүү гэрээнд "ХХХХ" ХХК гэж байгаа боловч ХХХгарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний 5 дугаар зүйлд зааснаар худалдагч тал хонины ноосыг зээлээр олгоно, 5.3-т буцаан нийлүүлсэн бүтээгдэхүүн боловсруулах байгууллагад 2 тал утасны зарцуулалтыг тооцон, энэхүү гэрээний 6 дугаар зүйлд зааснаар ажлаа графикт зааснаар явуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөл заасан бөгөөд энэхүү заалт хэрэгжээгүй. "ХХХХ" ХХК-ийн нэрээр л авсан болохоос ХХХбүх асуудлыг мэдэж зохицуулсан атлаа ямар ч төлбөр төлөөгүй байгаа тул ХХХ-г хариуцагчаар татаж төлбөрийг гаргуулахыг хүссэн гэрээ хийх үед "ХХХХ" ХХК-ийг ХХХтөлөөлж байгаа мэт боловч ХХХнь энэхүү компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэдэг нь тодорхой болсон. 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэхэд энэхүү компанийн хувь эзэмшигч байхаа больсон, гүйцэтгэх захиралын үйл ажиллагаа явуулахгүй болсон гэдэг Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн хуулбараар ХХХхасагдаж байгаа. Мөн 2013 оноос эхлээд "ХХХХ" ХХК-тай холбоогүй болсон гэдэг тайлбараа ХХХөөрөө гаргасан. Нөгөө талд нь "ХХХХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХХ гэдэг хүн мөн адил 2013 оноос эхлээд холбоогүй гэсэн тайлбар өгсөн энэхүү байдлаас үндэслээд хариуцагчаар ХХХ-г татаж төлбөр гаргуулах хүсэлтэй байна. Гэрээнд заасан хэмжээний алдангийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ХХХшүүхэд ирүүлсэн тайлбартаа: "ХХХХ" ХХК-тай холбоотой хэргийн хариуцагч болох боломжгүй болно. 2013 онд тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, захирал ХХХтай 2014 онд гэр бүлээ цуцалсан зэрэг шалтгаантай болно. Эдгээр шалтгаан нь мөн хамтран хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр явуулна уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ХХХХ-аас          38 928 183 төгрөгийг гаргуулахыг хүссэн "ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар "ХХХХ" ХХК-иас 38 928 183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан "ХХХХ" ХХК-ийн татгалзлыг баталж, холбогдох хэрийг хэрэгсэхүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 250 дугаар “Сурагчдын дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ба “ХХХХ” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/10 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцасний нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд зориулж             121 000 000 төгрөгийг олгосон байдаг. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон сүлжмэлийн үйлдвэрүүдтэй ээрмэл утас нийлүүлэх гэрээ байгуулсан байх /хавсралт-1/, гэсэн үүргийг хүлээсэн бөгөөд үүнийхээ дагуу гэрээний Хавсралт 1-д заасан “ХХХХ” ХХК, “ХХХ” ХХК, “ХХХХ” гэх сүлжмэлийн компаниуд тус бүртэй мөн яамнаас бэлтгэж боловсруулсан “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.

Дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үйл баримтыг зөв үнэлж дүгнэлгүйгэээр өнгөц үндэслэл муутай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тухайн үед “ХХХ” ХХК-тай гэрээ байгуулахаас эхлээд бүтээгдэхүүн хүлээлцэх, зэрэг бүхий л үйл ажиллагаанд тус компанийг төлөөлж ХХХдээрх    бүхий л асуудалд гардан оролцож, компаний үйл ажиллагааг удирдаж байсан бөгөөд гэрээ болон холбогдох баримтуудад уг компаний захирлыг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг. Төлөөлөх эрхгүй этгээд байсан нь тодорхой болсон бөгөөд ийнхүү компаний нэр, тамга тэмдэг зэргийг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон байх атлаа     ямар ч төлбөр төлөөгүй байгаа тул ХХХ-г хариуцагчаар татаж төлбөрийг гаргуулахыг хүссэн. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, үүнтэй холбоотойгоор үр дагавар бодитоор бий болсон утсыг тоо хэмжээгээр хүлээж авч, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж цааш борлуулсан, гэрээг хэдийгээр “ХХХ” ХХК-тай байгуулсан гэж байгаа ч тухайн компаний баримтуудаар хангалттай тогтоогдож байх атал шүүхээс “гэрээг байгуулахдаа тус компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг нэхэмжлэгч тал тодруулах байжээ. Түүнийг хариуцагч биш гэж үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК, ХХХнарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 38 928 183 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ХХХ” ХХК-тай   2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хонины ноос худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд ХХХгарын үсэг зурсан, бараа материалыг хүлээн авсан учир утасны үнэ 25 952 022 төгрөг, алданги 12 676 000 төгрөг, бүгд 38 825 610 төгрөгийн төлбөрийг ХХХ-гаас гаргуулах...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “ХХХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хариуцагч     ХХХнь “ХХХ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байхаас гадна иргэн ХХХХХ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ зааж буй 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал нь “ХХХ” ХХК байх бөгөөд иргэн ХХХХ-тай гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй тул худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч ХХХ-гаас шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Компанийг төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөгдсөн нь компанийн байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өөр этгээдэд шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Харин шүүх “ХХХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч татан авсныг “нэхэмжлэлээсээ татгалзсан” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нийцэхгүй тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны     шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-иас 38 928 183 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 352 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

       

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ