Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Цэцэгмаа,

          Ялтан П.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бат-Эрдэнэд холбогдох 2016 2502 0523 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Пүрэвдавгын Бат-Эрдэнэ, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1173 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 11 дүгээр гудамжны 299А тоотод оршин суух,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, /РД:ЙР90062211/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Бат-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх үедээ 2016 оны 2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “32” шөнийн клубт танхайн сэдэлтээр хохирогч Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар П.Бат-Эрдэнийг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар П.Бат-Эрдэнээс 4.165.850 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баяржаргалд олгуулж, бусад хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан П.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь миний бие хохирогч Ц.Баяржаргалд танхайн сэдэлтээр бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулаагүй юм. Үүнийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт миний бие тогтвортой мэдүүлдэг.

Тухайн өдөр “32” шөнийн клубт миний бие өөрийн танил болох Амгаланбат, Баярсайхан, Батцэнгэл нарын хамт орсон. Хэсэг хугацааны дараа Баярсайхан, Батцэнгэл нар гараад явсан. Бүжгийн талбайд Амгаланбат нь хүнтэй маргалдаад байсан. Би Амгаланбатыг хүнтэй маргалдаж магадгүй гэж бодоод Амгаланбатыг дуудсан боловч хөгжмийн чимээнд сонсоогүй. Тэгэхээр нь анхаарлыг нь татах гэж ширээнээс босч хоёр гараа өргөтөл зүүн гарт байсан тал пивотой шил гараас мултарч хохирогчийг оносон. Тухайн үед нь хохирогчоос өөрийн санаандгүй болсон үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйсан.

Хохирогчийг урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Миний ийм хэрэгт орох болсон шалтгаан нь Амгаланбаттай шууд хамааралтай гэж үзэж байна.

Учир нь Амгаланбат хүнтэй маргалдаагүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Миний хийсэн үйлдэл нь огт төлөвлөөгүй, санаандгүй болсон үйл явдал юм. Гэрч Батсайхан мэдүүлэхдээ Амгаланбатыг огт дурдаагүй, хоёр найз нь гараад явсан гэсэн байдаг.

Тэгтэл би гурван найзын хамт орсон байдаг. Мөн гэрч Зоригоо нь өөрөө хараагүй хүнийг харсан мэтээр мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч М.Алдар нь гэрч Зоригоогоос “П.Бат-Эрдэнийг шил шидсэнийг яг харсан уу” гэж хоёр удаа давтан асуухад мөн л хараагүй хүнийг харсан мэтээр мэдүүлдэг. Ийм байхад шийтгэх тогтоолд зөвхөн нэг талыг баримтлан надад огт тохирохгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсанд туйлын их гомдолтой байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгүүдэд заасныг шалгаж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан П.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.

П.Бат-Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 00.30 минутад 32-т байдаг шөнийн клубт орсон ба өөрийн санамсар, болгоомжгүй үйлдлээс болж гартаа байсан тал пивотой шилийг найзыгаа дуудах үйлдэл хийж гараараа даллах үедээ алдсанаас болж хохирогч Ц.Баяржаргалд хүнд гэмтэл учруулсан болно.

Анхан шатны шүүх П.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн.

П.Бат-Эрдэнэ нь эрүүл байсан ба тухайн бааранд бусадтай маргалдаж, зодолдох, муудалцах ямар ч үйлдэл гаргаагүй ба танхайн сэдэлттэй үйлдэл гаргаагүй болно.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.3 дахь хэсэгт “... “танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ ...”, “... танхайн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих зэрэг хэлбэрээр илэрнэ ...” гэж заасан.

П.Бат-Эрдэнийн үйлдэл нь ямар ч танхайн сэдэлт байхгүй ба эхнэр, хоёр настай, долоон сартай хүүгийн хамт амьдардаг. Эхнэр нь хүүхдээ харж гэртээ байдаг ба тодорхой эрхэлсэн ажилгүй. П.Бат-Эрдэнэ нь нүүрс ачиж буулгах ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг болно. П.Бат-Эрдэнэ нь хохирогч Ц.Баяржаргалын эмчилгээний зардал болох 4.700.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Мөн улсын яллагчийн зүгээс П.Бат-Эрдэнийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөлтэй гэж үзсэн ба шүүх 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа” нь өршөөн хэлтрүүлэгдсэн гэж үзэхээр байна гэж үзсэн.

П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. П.Бат-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж П.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... П.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

П.Бат-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “32” шөнийн клубт танхайн сэдэлтээр хохирогч Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Баяржаргалын мэдүүлсэн “... миний баруун талаас “Сэнгүр” нэртэй пивоны шил шидэгдэж ирээд толгойн баруун зулайг оносон. Толгойноос маш ихээр цус гарсан. Баарны ажилтнууд над руу пивоны шил шидсэн 25 орчим насны бордуу царайтай, 160 см орчим өндөртэй залууг барьчихсан цагдаад хүлээлгэж өгөхөөр зогсож байсан. ... тэр залуу надад хэлэхдээ “хөгшинийгөө уучлаарай, би нялх нойтон хүүхэдтэй хүн” гэхээр нь тэр хүнд “Гэмтлийн эмнэлэг оруулж өгөөд толгойд оёдол тавиулж өг, цус нь тогтохгүй надад хэцүү байна” гэж хэлтэл тэгье гэж тохироод баарнаас гарангуутаа цагаан өнгийн суудлын автомашинд суугаад 7 буудлын чигтээ зугтаад яваад өгсөн. Би зам гараад такси бариaд Гэмтлийн эмнэлэг рүү ганцаараа очиж толгойдоо 12 оёдол тавиулсан. Миний духны баруун талд 7 см урттай 1 см гүн цөмөрсөн ...” /хх 15-18, 34-35/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Зоригоогийн мэдүүлсэн “... Шөнийн 01 цагийн үед “BE” нэртэй шөнийн клубт хамгаалагчаар ажилладаг Баагий ч гэж дууддаг, Амараа ч /П.Бат-Эрдэнэ/ гэж дууддаг залуу хоёр найзынхаа хамт манай шөнийн клубт орж ирж үйлчлүүлсэн юм. Тэгтэл нөгөө Баагий гэх залуу баарнаас гарж явахдаа манай баарны зүүн талын таамбар дээр зогсож байсан нэг залуугийн толгой руу пивоны шил шидчихсэн гэж манай бармен эмэгтэй Гэрэлээ хэлэхээр нь би хамгаалагч нартаа хэлээд Баагийг барьж авсан ...” /хх 19-20/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Батсайханы мэдүүлсэн “... Ганцаараа үлдсэн шивээстэй залуу нэг их удалгүй ширээнээсээ нэг шил пивотой босож ирээд гарах хаалга руу явж байх замдаа 6 номерийн ширээн дээр сууж байсан нэг залуу руу пивоны шилээ ямар ч шалтгаангүй шидчихсэн. Тэгэхэд нь би пивоны шил шидсэн залуугийн араас гарч “чи хүний толгой хагалчихлаа шүү дээ” гэж хэлээд буцаагаад оруулж ирсэн ...” /хх 21-22/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Баярсайханы мэдүүлсэн “... Батцэнгэл жолоо барьж явсан болохоор архи уугаагүй, удалгүй явлаа гээд яваад өгсөн. Бат-Эрдэнэ, Амгаланбат бид гурав үлдсэн. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр ширээн дээрээ сууж үлдээд, Амгаланбат гарч бүжиглэнэ гээд тайз руу явсан ба удалгүй хартал нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Амгаланбатыг нөгөө хүнээс нь салгачихаад буцаад ширээ лүүгээ явж байтал Бат-Эрдэнэ бид хоёртой зөрөөд “ариун цэврийн өрөө орлоо” гэхээр нь би түүнд “одоо гаръя” гэж хэлээд ширээндээ очоод хувцаснуудаа аваад Амгаланбаттай тус баарнаас гараад зам гарч нөгөө талаас такси барихаар зогссон. Мөнгөлөг өнгийн автомашин зогсоод Амгаланбат бид хоёр машинд ороод суутал яг араас Бат-Эрдэнэ гүйж ирээд суусан. Тэгтэл түүний араас туранхай, жижгэвтэр биетэй залуу хүрч ирээд автомашинд суух гээд байхаар нь би “танихгүй хүн байна, яв яв” гэж таксины жолоочид хэлтэл тэр залуу “Бат-Эрдэнэтэй л уулзмаар байна” гээд байсан. Тэгээд такси хөдөлсний дараа Бат-Эрдэнээс “энэ юун хүн юм бэ, яах гээд байгаа юм” гэж асуухад Бат-Эрдэнэ надад “миний шилэнд оногдсон залуу юм шиг байна” гэж хэлсэн. Шил шидэж байхыг бид хоёр хараагүй, бид хоёрыг гарсны дараа болсон зүйл юм шиг байна лээ ...” /хх 109-110/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… Ц.Баяржаргалын биед толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 дахь хэсэгт заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна …” гэсэн 2364 тоот шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,

 

Хохирогч Ц.Баяржаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 89-98/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 103-104, 105-107/, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хх 108/, хохирлын баримтууд /хх 137-138/, хохирол төлсөн баримт /хх 202/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Ялтан П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар “... хохирогч Ц.Баяржаргалтай зодолдох, ноцолдох үйлдэл хийгээгүй, санаандгүй болсон үйл явдал ...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2364 тоот дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Баяржаргалын бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан П.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр бусдаар хохирогч Ц.Баяржаргалыг зодсон, цохисон хүч хэрэглэсэн байдал, өөр хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Танхайн сэдэлт нь урьдаас төлөвлөгдөөгүй, тухайн агшинд гэнэт, зарим тохиолдолд ялимгүй зүйлийг шалтаглан үүсдэг бөгөөд хохирогчийн зүгээс эхэлж ямар нэгэн өдөөн хатгалт хийгддэггүй, уг үйлдэл бусдыг илтэд үл хүндэтгэсэн зэрэг шинжийг агуулсан байдаг. Харин хохирогч Ц.Баяржаргалын зүгээс П.Бат-Эрдэнийг өдөөн хатгасан, улмаар уг гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой шалтгаан тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан П.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх П.Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих яллаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд ялтан П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.МӨНХТУУЛ

 

                                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ