Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04995

 

2016 оны 08 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04995

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А/25 25-4 тоотод оршин суух, эрэгтэй, Хард овогт Эрдэнэбатын Мөнх-Оргил /РД-ТИ86062911/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35 дугаар байр, 21 тоотод оршин суух, эмэгтэй, Дархан овогт Нямжавын Очгэрэл /РД-ЧР87072409/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Очгэрэлтэй 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр танилцаад гэр бүл болж, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн.

Бидний дундаас 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн. Гэрлэхээс өмнө Туркэд сурч байсан бөгөөд гэрлэсний дараагаар гадаадад суралцахаа үргэлжлүүлсэн бөгөөд Н.Очгэрэл, хүүгийнхээ хамт Монголд амьдарч байсан.

Удаан хугацааны турш тусдаа амьдарсны улмаас харилцан ойлголцоход хүндрэлтэй болж тус тусын амьдралыг хөөх болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар ярилцаж, тохиролцсон.

Бидний дундын өмч гэсэн зүйл байхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Очгэрэл, нөхөртэйгээ 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр танилцаад, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн.

Э.Мөнх-Оргил гадаадад байх хугацаанд үр хүүхэддээ болон хань ижилдээ халамж тавьж байгаагүй. Н.Очгэрэл өөрийн эцэг эхийнхээ хамт хүүгээ өсгөсөн. Энэ хугацаанд хүү М.Ирмүүн эцгийгээ санаж, аав хэзээ ирэх вэ гэж хүлээсээр өдийг хүрсэн. Н.Очгэрэлд Э.Мөнх-Оргилыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрлэлтээ цуцлуулъя гэсэн бодол байгаагүй.

Э.Мөнх-Оргилыг боловсролоо дээшлүүлээд ирвэл бидний амьдралд хэрэгтэй гэдэг үүднээс нэхэмжлэгчийг хүлээж байсан. Одоо нэгэнт Э.Мөнх-Оргил надтай хамт амьдрахгүй, тусдаа өөр амьдрал зохиож, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэгсдийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү М.Ирмүүнийг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэлтийг цуцлах шаардлагыг тавьж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнх-Оргил нь Н.Очгэрэлээс гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.Мөнх-Оргил, Н.Очгэрэл нар 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ирмүүн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-5-6 дугаар тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байх бөгөөд нэхэмжлэгч Э.Мөнх-Оргил нь өөр амьдрал зохиосон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байхаас гадна тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-7 дугаар тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр зохигчдын гэрлэлтийг цуцлав.

Хүү М.Ирмүүн одоо 6 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүг эх Н.Очгэрэлийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Мөнх-Оргилоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Э.Мөнх-Оргилд олгов.

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хард овогт Эрдэнэбатын Мөнх-Оргил, хариуцагч Дархан овогт Нямжавын Очгэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү М.Ирмүүнийг эх Н.Очгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Мөнх-Оргилоор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Очгэрэлээс 70.200 төгрөг гаргуулан Э.Мөнх-Оргилд буцаан олгосугай.

5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД