| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/04972/И |
| Дугаар | 210/МА2025/00076 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/00076
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04284 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон алдангид 38,033,887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******д 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 7,500 ам.долларыг 1 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ биелүүлэхгүй жил гаран болсон тул 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр 7,500 ам.долларыг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Гэвч өнөөдрийг хүртэл 7,500 ам.долларыг төлж барагдуулаагүй, 450 хоногоор хэтрүүлсэн байх ба 7,500 ам.долларын 50 хувь буюу 3,750 ам.долларын алданги шаардах эрхтэй байна.
1.3. Иймд зээлийн гэрээний үүрэгт 25,355,925 төгрөг /7,500 ам.доллар х 3,380.79/, алданги 12,677,962.5 /3,750 ам.доллар х 3,380.79/ нийт 38,033,887.5 төгрөгийг *******ас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******гаас 7,500 ам.долларыг зээлсэн бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр тохиролцсон.
2.2. Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 7,500 ам.долларыг тухайн үеийн буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ам.долларын ханш болох 2,914 төгрөгөөр тооцож, 21,855,000 /7,500 х 2,914/ төгрөг, алданги 10,927,500 төгрөг нийт 32,782,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 218 дугаар зүйлийн 218.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 32,815,237.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,218,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 322,026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэргийг шийдвэрлэхдээ 500,000 төгрөг илүү тооцоолж шийдвэрлэсэн тул бууруулж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь 7,500 ам.доллар зээлсэн болон алдангийг төлөх үйл баримтад маргадаггүй, ханшийн зөрүү буюу үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар төлнө гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ч манайх гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарт 32,782,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн дүнгээс 32,737.5 төгрөгөөр илүү хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн учир хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,355,925 төгрөг, алдангид 12,677,962 төгрөг, нийт 38,033,887 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 7,500 ам.долларыг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор *******д төлж барагдуулах, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийн талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
4.1. Талууд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр ******* нь *******гаас 7,500 ам.долларыг нэг сарын хугацаатай зээлэхээр тохирсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэжээ.
4.2. Дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ******* хүлээн авсан, харин буцаан өгөх үүргээ биелүүлээгүй талаар зохигч маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон боловч ам.долларын ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэж дүгнэж, тухайн өдрийн ам.долларын ханш болох 2,916.91 төгрөгөөр тооцсон нь алдаатай болсон.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гадаад вальютын ханшийг төгрөгтэй харьцуулсан зохицуулалт биш, харин төгрөгийн худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм.
Шүүхээс гадаад валютын ханшийг төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.
4.3. Түүнчлэн, талууд төлбөр барагдуулах гэрээний 2.1-д алдангийн хэмжээг 0,5 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоотой нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлөх хугацаа болох 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 7,500 ам доллароос хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги шаардах эрхтэй, алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих зээлийн төлбөр болон алдангийн хэмжээг зөв тогтоосон, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ 500,000 төгрөг илүү тооцсон гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА