Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04996

 

2016 оны 08 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04996

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51 дүгээр байр, 91 тоотод оршин суух, эмэгтэй, Дархан баавай овогт Нямхүүгийн Номинзул /ХО85121818/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51-91 тоотод оршин суух, эрэгтэй, Жалайр овогт Баасанжавын Ганзориг /РД-ЧК81092113/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү, хариуцагч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав /шүүхэд төлөөлөх эрх-0167/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Номинзул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Номинзул нь Б.Ганзоригтой 2004 оны 7 дугаар сарын 14-ний гэр бүл болсон. Бидний дундаас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.Одням төрсөн бөгөөд одоо миний эцэг, эхийн асрамжид, Орос 3 дугаар сургуульд сурч байна.

Б.Ганзориг нь охин бид хоёртой хамт амьдарч байхдаа бидэнд анхаарал, халамж тавьдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, эцэг, эхээс байнга хараат байдалтай амьдарч байснаас гадна архи ууж, шөнө хаана байгаа нь мэдэгдэхгүй тэнэдэг зэрэг шалтгаанаас хэрүүл, маргаан гардаг байсныг манай 2 талын эцэг, эхчүүд мэднэ.

Б.Ганзориг нь намайг байхгүйд охиноо харж хандахгүй болсон бөгөөд бидний хоорондох харилцаа хөндийрч, эвлэрэх боломжгүй болж салахаар болоод байна.

Эвлэрүүлэн зуучлагчид хандаж дараа нь шүүхэд хандсан. Шүүхээс 3 сарын эвлэрэх хугацаа олгосон бөгөөд талууд нэг удаа уулзсан. Хариуцагч дахин ирээгүйгээс эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээн, эцэгт нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2005 онд Н.Номинзултай албан ёсоор гэрлэж, 2006 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охинтой болсон. Охин Б.Одням Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуульд суралцаж байна.

Н.Номинзул нэхэмжлэлдээ намайг ажил эрхэлдэггүй, орлого байхгүй, эцэг эхээс хараат амьдардаг гэжээ. Миний бие 2003 онд сургууль төгссөний дараа эцэг, эхийнхээ хувийн бизнест тусалж байгаад 2005 оны 9 дүгээр сараас 2006 оны хавар хүртэл эхнэр Н.Номинзулын хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Олон Улсын их сургуульд суралцаж байгаад эхнэр төрөх болсон тул буцаж ирсэн.

2007-2008 онд эцэг, эхийн бизнест тусалж байгаад 2008-2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын туслах, Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2009 оны орон нутгийн сонгуулийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн.

2010 оны 01 дүгээр сард эхнэрийн хамт БНСАУ-ын Пай Чай их сургуулийн хэлний курст суралцахаар явсан. Хэлний курсээ дуусгасны дараа эхнэр үргэлжлүүлэн магистрантурт суралцах болсон тул би түр буцаж ирсэн.

2012-2013 онуудад эцэг эхийн хувийн компанид менежер хийсэн ба энэ хугацаанд Хайлааст Ой ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн энэ хугацаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлсэн. Бид суралцаж байх хугацаандаа манай эцэг эхээс хөрөнгө мөнгөний туслалцаа авч байсан. Миний хувьд тэтгэвэрт байгаа эцэг эхдээ тусалж амьдрах нь хүний ёс гэж үздэг. Үүнийг эцэг, эхээсээ хараат амьдралтай гэж байгаа гайхаж байна.

Н.Номинзул намайг түүнд болон охиндоо халамж анхаарал тавьдаггүй гэжээ. Н.Номинзулыг Монгол Улсын Их Сургуулийн хятад хэлний анги, БНХАУ-ын Шанхайн Их сургууль болон БНСУ-ын Пай Чай Их сургуульд суралцсан бүх зардлыг би болон манай эцэг, эх дааж сургуулийг нь төгсгөсөн.

Охин Г.Однямын сургалтын төлбөр болон бусад зардлыг би төлдөг байсан. Харин Н.Номинзул охин хүүхэдтэй эх хүн атал түүнийгээ орхиод, тодорхой шалтгаангүйгээр 3-4 жил ирэхгүй, гадаадад байгаад байгааг хүүхдэдээ тавих анхаарал, халамж гэж би бодохгүй байна.

Н.Номинзул бид хоёрыг гэрлэсний дараагаар миний эцэг эх орон байраа бид өгсөн бөгөөд тэр байранд бид 2 охинтой, Н.Номинзулын аав, ээж, дүү нартай нь 7 жил хамт амьдарсан. Дөнгөж гэрлэсэн залуу хүн эхнэр, хүүхэдтэйгээ бие даан дангаараа амьдрах хүсэл их байсан ч эхнэрийнхээ эцэг эхийн амьдралын тав тухгүй, хүнд нөхцлийг хараад бага ч гэсэн туслах үүднээс олон зүйлийг тэвчиж, тэсэж тэдэнтэй хамт амьдарч байсан.

Миний бие залуу хүний хувьд найз нөхөдтэйгээ нийлэх, төрсөн өдөр, хурим, найр тэмдэглэлт арга хэмжээнүүдэд очих үе гардаг. Н.Номинзул ч гэсэн ийм арга хэмжээнүүдэд хамтдаа болон ганцаараа зөндөө явдаг байсан. Намайг байнга архи уудаг байсан мэтээр бичсэн нь үнэнд нийцэхгүй. Миний бие ямар ч үед эхнэртээ болон гэр бүлийнхэндээ гар хүрч байгаагүй.

Н.Номинзул Солонгос улсаас ирэлгүй 4 жил болж байна. Миний хувьд эхнэрээ ирнэ гэж хүлээж сууснаас салах тухай өргөдөл авна гэж бодоогүй.

Н.Номинзулыг гэрлэлт цуцлуулахад хүргэсэн шалтгаан гэх зүйл нь шалтгаан биш шалтаг байна. Гэр бүл салах нь ганц бид хоёрын асуудал биш, цаана бидний охины хувь заяа хөндөгдөж байгаа.

Нэгэнт эвлэрэх боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин би охин Г.Однямыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Н.Номинзул хүүхдээ өөрөө өсгөдөггүй, Солонгост байдаг. Охиныг маань өөрийнхөө эцэг эх дээр байлгадаг гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Номинзул нь Б.Ганзоригоос гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Н.Номинзул, Б.Ганзориг нар 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Одням төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-5-6 дугаар тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх бөгөөд шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өдөр 3 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй байна. /хх-11, 33 дүгээр тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн /цаашид хуулийн гэх/ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар тэдгээрийн гэрлэлтийг цуцлав.

Охин Г.Одням 9 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд хариуцагч хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэх боловч тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орон байргүй байна.

Түүнчлэн хүүхдийн асрамжтай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах эрхтэй байхад хариуцагч уг боломжоо эдлэхийг хүсээгүй тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охиныг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Однямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганзоригоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Н.Номинзулд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан байвай овогт Нямхүүгийн Номинзул, хариуцагч Жалайр овогт Баасанжавын Ганзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Г.Однямыг эх Н.Номинзулын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Однямын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Ганзоригоос 70,200 төгрөг гаргуулан Н.Номинзулд буцаан олгосугай.

5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД