| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 103/2024/00689/И |
| Дугаар | 210/МА2025/00073 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/00073
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-т холбогдох,
Алданги 1,586,877 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тэй Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус цэцэрлэг нь 2022 оны 1-2 дугаар сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 1,586,877.03 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Тус цэцэрлэг нь тогтмол зардлын санхүүжилтийг дүүрэг орон нутгийн төсвөөс авч санхүүждэг төсвийн байгууллага. 2022 оны эхэнд төсвийн хуулийн шинэчлэлтэй холбоотой 1, 2 дугаар сарын орон нутгийн төсвийн орлогыг Нийслэлийн төсөв рүү төвлөрүүлж тухайн саруудад зөвхөн цалингийн зардал гарсан. 3 дугаар сараас тогтмол зардлууд төлөгдсөн. 1,586,877.03 төгрөг нь төсвийн сарын хуваариас шалтгаалан үүссэн 2022 оны 1, 2 дугаар сарын халаалтын төлөгдөөгүй төлбөрийн алдангийн дүн юм. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн *******т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны 01, 02 дугаар сарын халаалтын төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 1,586,877 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн худалдан авсан дулааны эрчим хүч нь ямар нэгэн доголдолгүй, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан байхад худалдагч тал буюу дулааны эрчим хүчээр хангагч байгууллагыг эрх зүйн байдлын хувьд хууль буюу гэрээнд заасан шаардах эрхээ алдсан мэт нөхцөл байдалд оруулж, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тусгагдсан анз болон гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд талууд гэрээ цуцалсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах тухай ойлголт байхгүй болох ба гэрээний харилцаа үргэлжилж байгаа нөхцөлд алданги гаргуулах үндэслэлтэйг шүүх анхаараагүй байна.
4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох талаар тусгасан байдаг хэдий ч бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй бөгөөд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
4.3. Нэхэмжлэгч нь санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн бөгөөд шүүх тухайн баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөв дүгнээгүй, хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан алданги 1,586,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. ******* нь *******-тай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21/71 дугаартай Дулааны эрчим хүчээр хангах, ДЭХ хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь дулааны эрчим хүчээр хангах, нөгөө тал нь дулааны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.2. Түүнчлэн талууд гэрээний 6.9-д Хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнг хоног тутамд 0.5 хувиар тооцон алданги ногдуулна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоотой нийцжээ.
Хариуцагч байгууллага нь дээрх гэрээний дагуу 2022 оны 1, 2 дугаар сарын дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн талаар зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон бөгөөд үүний улмаас гэрээний 6.9-д зааснаар алданги төлөх үүрэг үүссэн.
3.3. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь өөрийнх нь буруугаас болоогүйг нотлох үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд гэм буруугүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/19, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/55 дугаартай албан бичгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.
Дээрх баримтуудад Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан боловч хуулбар хувиар хэрэгт авагдсан байх тул тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагаа хийх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй нөхцөлд нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Иймд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч байгууллагын буруугаас болоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
4. Иймд хариуцагч байгууллага хууль болон гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
4.1. Хэргийн 27 дугаар талд авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 3 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх баримтад тусгагдсанаар талууд гэрээний үүргийг дүгнээд 17,105,637 төгрөгийг хариуцагч байгууллагын зүгээс төлөхөөр тогтож, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байх ба уг дүнд 1,586,877 төгрөгийн алданги орж тооцогдсон байна.
Иймд дээрх баримтаар илэрхийлэгдсэн талуудын хүсэл зориг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон тул хариуцагч байгууллагыг алданги төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэнэ.
4.2. Мөн хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэхийн баримтууд, 2024 оны 3, 6 дугаар сард үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудад хариуцагч байгууллагаас алданги болох 1,586,877 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбарыг бичсэн байх боловч энэ нь өмнөх хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.
Түүнчлэн, 2022 оны 3 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх баримтад алданги тусгагдсаныг анзааралгүй хүлээн авсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь уг баримтад гарын үсэг зурсан үйлдлээр үгүйсгэгдэх бөгөөд энэ нь төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй.
5. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас алданги 1,586,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******-аас 1,586,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА