Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00034

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/04531 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46,954,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2020 оны 11 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Монголын 21 аймгийн үзэсгэлэнт байгаль, газар зүйн онцлогийг танилцуулсан төсөөллийн аяллын хөтөч номыг Augmented Reality технологиор баяжуулсан тусгай аппликейшн бүтээж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн буюу гэрээний хавсралтад заасан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан.

1.2. Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 2.3-т зааснаар төлбөр төлөгдөж, мэдээлэл авснаас хойш 45 хоногийн хугацаанд ажлын үр дүнг 2020 оны 12 сарын 20-ны өдөр гэхэд дуусгаж акт үйлдэж хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажлын хөлс нийт 38,000,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний 2.2-т урьдчилгаа 60 хувь болох 22,800,000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц шилжүүлж, аппликейшн бэлэн болж тест хийгдэхэд 20 хувь 7,600,000 төгрөг, үлдэх 20 хувь 7,600,000 төгрөгийг уг аппликейшныг Appstore болон Playstore-д байршуулж, талууд харилцан акт үйлдсэний дараа 3 хоногийн дотор бүрэн төлөх үүрэг хүлээсэн.

1.3. ******* өөрийн үүргээ биелүүлж 22,800,000 төгрөгийг *******-ийн ******* банкны ******* дугаарын данс руу 2020 оны 11 сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Цахимаар шаардлагатай мэдээлэл болох нэр, уриа, үг, номын концепци, зураг, текст, зэргийг илгээсэн. 2020 оны 11 сарын 20, 30-ны өдрүүдэд ковидтой холбоотойгоор цахимаар хуралдаж мэдээлэл солилцож байсан. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заасны дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, дизайнаа 7 хоногийн дотор, нэрийн хуудсыг 3 хоногт, 3D моделийг 4 хоногт, аппыг 20 хоногийн дотор, тестийг 5 хоногт, аппыг апп стор, плэй сторт 7 хоногт суурилуулахаар тохирсон ч энэ ажлуудаа хийж өгөөгүй.

1.4. Хариуцагч үүргээ биелүүлээгүй байсан ба улмаар удаа дараа боломж олгож байсан ч ажлаа хийхгүй байсан учраас гэрээнээс татгалзах мэдэгдлээ 2021 оны 02 сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар болон и-мэйлээр илгээхэд хариуцагч талаас 2021 оны 03 сарын 01-ний өдөр и-мэйлээр гэрээний 6.2-т заасны дагуу асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн.

1.5. Гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээгээр шилжүүлсэн 22,800,000 төгрөгийг гаргуулна.

Мөн нэхэмжлэгч нь ажлыг *******-аар 45,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлж, 7,500,000 төгрөг илүү төлж хохирсон. Өмгөөллийн үйлчилгээнд 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 6.2-т заасны дагуу алданги тооцсон бөгөөд 2020 оны 12 сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэлх алданги 12,654,000 төгрөг, нийт хариуцагчаас 46,954,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь захиалагчийн материалаар гүйцэтгэгч гэрээнд заасан ажил гүйцэтгэж, түүнийг хүлээлгэн өгдөг.

Бидний 2020 оны 11 сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Монголын 21 аймгийн үзэсгэлэнт байгаль газар зүйн онцлогийг танилцуулсан төсөөллийн аяллын хөтөч номыг Augmented reality технологиор баяжуулсан тусгай аппликейшн /бүтээгдэхүүн/-г захиалагчийн өмчлөлд шилжүүлж хүлээлгэн өгөх, захиалагч уг бүтээгдэхүүний үнийг гүйцэтгэгчид шилжүүлэх үүрэг хүлээхээр тохиролцож тусгай аппликейшнд байрших мэдээллийг *******т хүлээлгэн өгч түүний дараа бид 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Гэрээний 2.3, 4.1.2, гэрээний хавсралтын үйл ажиллагааны үе шат хэсэгт “захиалагч тал хариуцах хэсэгт аппликейшныг бүтээхэд шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс, бичлэг, зэрэг материалыг гүйцэтгэгч талд бэлтгэн өгөх” гэж заасан. Дээрх заалтын дагуу захиалагчийн өгсөн мэдээлэл, зураг бичлэг зэргийг үндэслэн гүйцэтгэгч аппликейшн бүтээх ёстой. Гэтэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй атлаа үүнд гүйцэтгэгчийг буруутгаж 29,434,800 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2.3. Ковид гарснаас шалтгаалан хөл хорионы үеэр манай зүгээс онлайн хурал олон нийтийн сүлжээний чатаар мэдээллээ ирүүлэх талаар олон удаа шаардаж байсан боловч бидэнд өгөөгүй. Бид захиалагчтай гэрээ байгуулснаас хойш захиалагч Их бурхант цогцолборын фото зургийг 2020 оны 11 сарын 21-ний өдөр илгээсэн. Түүний дагуу цаг хугацаанд нь нийт 6 бурханы 3D моделийг зурж гүйцэтгэн zoom хурал дээр танилцуулсан, мөн материал хүлээх хугацаандаа AR аппликейшн хийхэд шаардлагатай суурь кодыг бичсэн, олон удаагийн уулзалтуудад оролцож өөрсдийн үйл ажиллагааны зүгээс зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажилласан.

Иймээс эдгээр ажлыг нийтэд нь 17,000,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд бидний зүгээс ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 22,800,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн тул 5,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжтой.

2.4. Гэрээний 5.1-д зааснаар алданги тооцож шаардсан нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг заалтад гэрээний 2.3-т заасан хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан бөгөөд гэрээний 2.3-т аппликейшныг бүтээхэд шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс, бичлэг зэрэг материалыг хүлээн авснаас хойш 45 хоногт гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл дээрх мэдээллээ өгөөгүй атлаа хугацаа тоолж алданги тооцож байгаа нь үндэслэлгүй.

2.5. *******-аар ажил гүйцэтгүүлсэн гэрээний зөрүү 7,500,000 төгрөгийг хохиролд, өмгөөлөгчийн зардалд 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Бидний хувьд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээгээр тохирсон ажил удааширч хугацаа хожимдсон. Аппликейшнд байрших мэдээллийг ******* хүлээлгэн өгч түүний дараа бид 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон байхад гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан атлаа үүнд гүйцэтгэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Захиалагч дээрх үүргээ богино хугацаанд биелүүлсэн бол бидний ажил дууссан байх байсан. Бид гэрээнд заасан мэдээлэл, дүрс бичлэг ирээгүй байхад аппликейшныг дуусгах боломжгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ захиалагч биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйд захиалагч тал буруутай. Бүх материалаа манайд хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй. 2021 оны 02 сарын 20-ны өдөр номын задгай файлыг ******* Зоригоод хүлээлгэж өгсөн.

Гүйцэтгэсэн ажил дээр шинжээч томилж 9,000,000 төгрөгөөр үнэлсэн, 10,800,000 төгрөгийг буцааж өгье гэсэн боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 22,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,154,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,124 төгрөг, 245,546 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 271,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд нэхэмжлэгч буруутай талаар үндэслэх хэсгийн 12б дугаарт “...нэхэмжлэгч талаас гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зарим мэдээлэл, тухайлбал нэрийн хуудасны бичлэг ая сонгож зурагтай тохируулах, гүйцэтгэгчийн хийсэн видео контент бичлэг, зургийг баталгаажуулах ажлыг тухай бүрд нь хийгээгүйгээс ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй асуудалд нэхэмжлэгч талын үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

Гэрээний 2.3, 4.1.2, гэрээний хавсралтын үйл ажиллагааны үе шат хэсгийн захиалагч тал хариуцах хэсэгт “аппликейшныг бүтээхэд шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс, бичлэг зэрэг материалыг гүйцэтгэгч талд бэлтгэн өгөх” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу гэрээний хугацаа захиалагч шаардлагатай мэдээлэл, зураг бичлэг, текст аяыг бүрэн сонгосноос хойш 45 хоногийн хугацаа тоологдох бөгөөд энэ хугацаанд ажлыг гүйцэтгэх байсан. Гэтэл захиалагч гэрээнд заасны дагуу шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс, бичлэг зэрэг материалыг 2021 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар хүлээлгэж өгөөгүй байсан гэдэг нь шүүхээс 2022 оны 11 сарын 09-ний өдөр Book project групп чатанд үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргаж авсан зурвас, нэхэмжлэгч талын дизайнер *******той хариуцагч талын захирал Зоригоогийн чатаар харилцсан шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 04 сарын 13-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн зүүм хуралдааны тэмдэглэлд нэрийн хуудас хийхэд шаардлагатай видео бичлэг, аяыг өгөөгүй талаар нэхэмжлэгч ярьсан талаарх тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэхэд шаардагдах 20 ширхэг видео, номын зурагт тусгагдах текстын эцсийн засвар, нэрийн хуудас, видео хийхэд шаардагдах 2 видео текст зэргийг өгөөгүй байсан гэдэг нь нотлогдоно. Ажил гүйцэтгэх гэрээний хавралтын 3 дахь хэсэгт эдгээр видеог нэхэмжлэгч өгсний дагуу түүнийг AR технологид хөрвүүлж 45 хоногт аппликейшн бүрэн дуусах байсан.

4.2. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд “...Дараах загвартай аппликейшн хийгдэх ёстой байсан. Энэ дундаас гол функц нь AR камер юм. Энэ функцыг хийхийн тулд камерт уншуулах зураг болон уншуулсны дараа харагдах видео контент бэлэн болох ёстой. Энэ видео контентууд бэлэн болсноор аппликейшн эцэслэн дуусна.” гэж захиалагч өөрийн сонгосон видео зургийг бүрэн өгснөөр аппликейшн бүрэн болох боломжтой талаар дүгнэж хариуцагчийн хийсэн ажлыг 11,5 сая төгрөг үүн дээр 3D моделийн үнэ байхаар үнэлсээр байтал гэрээний үүргээ үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

Гэрээний үүргийг биелүүлэх хугацааг тоолохдоо захиалагч бүрэн материалаа хүлээлгэж өгснөөс хойш 45 хоног байхаар талууд тохиролцсон, гэтэл нэхэмжлэгч 2021 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл материалаа бүрэн өгөөгүй байсан гэдэг нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэгээр нотлогддог.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.3, 227 дугаар зүйлийн 227.2, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.3, 352 дугаар зүйлийн 352.5, 352.5.1-д тус тус зааснаар захиалагч нь гэрээнээс татгалзах эрхгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэнд захиалагч өөрөө буруутай тул нэхэмжлэл гаргах эрхгүй.

Гэрээг захиалагч өөрийн хүсэлтээр цуцалж байгаа бол гүйцэтгэгчийн хийсэн ажлыг хүлээн авсан тул тохирох хөлсийг төлөх ёстой. Учир нь гэрээний үүргээ гүйцэтгэгч зөрчиж хугацаа хэтрүүлээгүй. Мөн аппликейшныг бүрэн ашиглах боломжтой болгохын тулд захиалагч видео болон текст зургаа бүрэн өгөөгүй тул ашиглах боломжтойгоор хийж чадаагүй байдаг. Шүүхээс захиалагч өөрөө материалаа өгөөгүй байгаагаас болж ажлыг дутуу гүйцэтгэсэн байхад үүнд хариуцагчийг буруутгаж өгсөн материалын дагуу хийсэн ажлыг дангаар ашиглах боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнээд байгаа эсэх нь тодорхойгүй, бөөрөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан. Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй талаар заасаар байтал дээрх заалтыг анхаарсангүй.

Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2020 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш тооцоход 45 хоног буюу 2020 оны 12 сарын 20-ны өдөр гэхэд хариуцагч тал нь бидэнд аппликейшныг гаргаж, бүрэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй байхад энэхүү үүргээ биелүүлээгүй ба цар тахлын үе байсан гэж үзсэн учир нэхэмжлэгч тал нэмэлт хугацаа тогтоож, хугацааг 2021 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл сунгаж боломж олгосон. Гэтэл ямар нэгэн ажлын үр дүн гараагүй буюу хариуцагч тал аппликейшны анхны дизайнаа танилцуулаагүй учир нэхэмжлэгч талын зүгээс аргагүйн эрхэнд гэрээнээс татгалзах мэдэгдлээ 2020 оны 12 сарын 21-ний өдөр албан бичгээр хариуцагч талд хүргүүлсэн.

5.2. Түүнчлэн гэрээнээс татгалзлаа гэж мэдэгдсэнээс хойш ч мөн адил хариуцагчийн зүгээс ямар нэгэн ажил хийсэн талаар бидэнд мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй. Энэ хэрэг маргаан шүүхийн байгууллагаар 4 жилийн хугацаанд явж байх хооронд хариуцагч тал гэнэт юу нь мэдэгдэхгүй 1 ширхэг CD гаргаж ирснээ “бид кодыг нь бичиж байсан эх код нь энэ байна, мөн бид бурхны 3D моделийг хийсэн байсан” гэж тайлбарладаг. Гэтэл тэр ажлыг хэзээ хийсэн болохыг бид мэдэхгүй, учир нь бидэнд хүлээлгэж өгөөгүй. Түүнчлэн хүлээлгэж өгсөн байсан ч тэр нь бидэнд хэрэггүй байсан.

5.3. Учир нь бидний ажлын үр дүн аппликейшн л байсан. Тэгэхээр ганц ширхэг бурхны зургийг 3D болгосон ажлаа 11,000,000 төгрөг гэж үнэлсэн, мөн хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй буюу магадгүй шүүх дээр хэрэг маргаан явж байхад хийж авч ирсэн байж болзошгүй, эх код гэх зүйл нь өөр зүйлд ашигладаг суурь загвар ч байж болзошгүй бидний мэдэхгүй зүйлийг гаргаж ирсэн нь бидэнд хэрэггүй байсан учир манай талын зүгээс хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 22,800,000 төгрөг, алданги 12,654,000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 11,500,000 төгрөг, нийт 46,954,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “гэрээний захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон, … захиалагч тал ажил гүйцэтгэхэд хэрэгтэй материалуудыг гүйцэтгэгч талд нийлүүлээгүйгээс ажил хойшилсон” гэсэн үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. *******, ******* нар 2020 оны 11 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* нь гэрээний хавсралт 1-т заасан шаардлага бүхий Монголын 21 аймгийн үзэсгэлэнт байгаль, газар зүйн онцлогийг танилцуулсан төсөөллийн аяллын хөтөч номыг Augmented Reality технологиор баяжуулсан тусгай аппликейшныг бүтээж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэж өгөх, захиалагч ******* нь гэрээт ажлын хөлс 38,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа урьдчилгаа 60 хувь болох 22,800,000 төгрөгийг, аппликейшн бэлэн болж тест хийгдэж эхлэхэд 20 хувь 7,600,000 төгрөгийг, үлдэх 20 хувь 7,600,000 төгрөгийг аппликейшныг Appstore болон Playstore-д байршуулж, талууд харилцан бүтээгдэхүүн хүлээлцэх акт үйлдсэний дараа 3 хоногийн дотор бүрэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-5-10/

 

4. Гэрээний дагуу ******* нь 2020 оны 11 сарын 06-ны өдөр ******* банк дахь өөрийн эзэмшлийн ******* дугаартай данснаас 22,800,000 төгрөгийг хариуцагч *******-ийн ******* дугаартай данс руу “Төсөөллийн аялал номны урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* банк дахь дансны хуулга нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй. /1хх-11/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.  

 

6. Нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан гэрээг 2021 оны 02 сарын 23-ны өдөр цуцалсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 02 сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах тухай албан бичиг, “Монгол шуудан” ХК-ийн тодорхойлолт, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон. /1хх-12-13, 3хх-192, 193/

 

7. Гэрээ цуцлагдсан үндэслэл, түүнтэй холбогдон учирсан хохирол нөхөн төлөх үүрэг үүссэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

8. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглэж хариуцагч талаас ажлын хөлсөнд төлсөн 22,800,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг дүгнээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

8.1. Гэрээний 3.1, 4.1 болон хавсралт 1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулах, ажлын төлөвлөгөө батлуулах,  аппликейшныг бүтээхэд шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс бичлэг зэрэг материалыг гүйцэтгэгч талд бэлтгэж өгөх, AR технологиор баяжуулах номны эх бэлтгэл, нэрийн хуудасны дизайныг эцсийн байдлаар гүйцэтгэгч талд бэлтгэж өгөх,  аппликейшны нэр сонгох үүрэг, хариуцагч ******* нь гэрээний хавсралт 1-д дурдсан аппликейшны дизайн гаргаж батлуулах, нэрийн хуудас болон мэндчилгээ, видео контент бүтээх, номны хавтаст байрлах 3D модель бүтээх, AR аппликейшн бүтээх, AR холболтын кодчилол, тест хийх, AR аппликейшныг Playstore болон Appstore-д байршуулан хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн байна. /1хх6-7,10/

8.2. Мөн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг “гэрээ хүчин төгөлдөр болж, урьдчилгааны төлбөр эхний байдлаар төлөгдөж, захиалагч талын материалыг хүлээж авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор бүтээж бэлэн болгон захиалагчид нийлүүлнэ. Талууд бүтээгдэхүүнийг хүлээлцсэн тухай акт үйлдэнэ” гэж гэрээний 2.3 дахь заалтаар харилцан тохиролцжээ. /1хх-6/

8.3. Нэхэмжлэгч тал AR технологиор баяжуулах номны эх бэлтгэл өгөх үүргээ гүйцэтгэсэн гэх үндэслэлээ нотлохоор “Halgai” гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч үгүйсгэж, маргаагүй. /1хх69-207/

Шүүх талуудын хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцаж байсан Book project фэйсбүүк групп чат, Zoom online хурлын бичлэг зэрэгт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн байна. /2хх-177-250, 3хх-1-190, 4хх-10-52/

Дээрх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ******* нь аппликейшныг бүтээхэд шаардлагатай зураг, мэдээлэл, дүрс бичлэг зэрэг материал, нэрийн хуудасны дизайныг эцсийн байдлаар гүйцэтгэгч талд бэлтгэж өгөх буюу ажлын үр дүнг бий болгоход нөлөөлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч *******-ийн хувьд гэрээний хавсралт 1-д заасан ажлаас номны хавтаст байрлах 3D модель бүтээх, AR холболтын кодчилол хийх ажлыг гүйцэтгэсэн үйл баримт хэргийн нотлох баримт болон зохигчийн маргаангүй тайлбар зэргээр тогтоогдсон. /4хх-138,140,143/

Иймд хариуцагч талыг гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Харин хэргийн 1 хавтасны 12-13 дахь талд авагдсан нэхэмжлэгч *******ээс 2021 оны 02 сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах тухай” хариуцагч *******-д хүргүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд гэрээг цуцалсан гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Энэ тохиолдолд мөн зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээг дуусгавар болгох хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Харин нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.

8.4. Анхан шатны шүүх, Их бурхант цогцолборын 7 бурханы 3D модель, AR аппликейшн хийхэд шаардлагатай суурь код бичсэн ажлын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаж Шинжлэх у*******, технологийн их сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийг шинжээчээр томилжээ. /4хх-71-73/

Шинжээч нь дүгнэлтэд “Их бурхант цогцолборын 7 бурханы 3D модель, AR аппликейшн хийхэд шаардлагатай суурь код бичсэн ажлын зах зээлийн үнэлгээг дундажаар тооцоолоход  дараах үр дүн гарч байна. 1. 3D модель зурах үнэ, 2. SDK үнэ-4 сая, Аппликейшний UI,UX үнэ-3 сая, хөгжүүлэгчийн үнэ-4,5 сая нийт үнэ=/4 сая+3 сая+4,5 сая+3D модель үнэ/ энэ үнийн нийлбэр болно” гэжээ. /4хх-87-91/ Уг дүгнэлтээс үзвэл, гүйцэтгэсэн ажлыг 11,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “…нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, манайх 9,800,000 төгрөгийг хийсэн ажлынхаа хөлсөнд авна, 10,100,000 төгрөгийг буцааж өгье гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй…” гэсэн тайлбар гаргасан байна. /4хх-144/

Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд, хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг 9,800,000 төгрөгт тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

8.5. Иймд нэхэмжлэгч *******ийн ажлын хөлсөнд төлсөн 22,800,000 төгрөгөөс 9,800,000 төгрөгийг суутган тооцож, үлдэх 13,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хохирол 11,500,000 төгрөг, алданги 12,654,000 төгрөг, нийт 24,154,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/04531 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 355.6, 232 дугаар зүйлийн 232.6 дахьхэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,954,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “271,950” гэснийг “222,950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

 

                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                Ч.ЦЭНД