Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00059

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04256 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* 2022 оны 03 сараас 05 сарын хооронд *******д 60,000,000 төгрөгийг хувааж өгсөн. Тухайн үед ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй.

1.2. 60,000,000 төгрөгийг өгсөн шалтгаан нь ******* нь жоншны ордны тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийн хувьцааны өөрийн эзэмших хувиас 10 хувийг *******т өгнө гэж тохирч, хувьцаа эзэмшигчдийн тогтоол үйлдсэн. Гэтэл компанийн 10 хувь шилжсэн зүйл байхгүй, тус үйлдвэр нь *******гийнх биш байсан.

1.3. ******* нь хэд хэдэн удаа ярьж мөнгөө асуусан боловч мөн л өгөхгүй, хойшлуулсаар байна.

Иймд *******гээс 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******аас ******* мөнгө зээлээгүй. ******* нь ******* ХХК-ийн 10 хувийг худалдаж авах талаар тохиролцон, тус компанийн удирдах зөвлөл хуралдаж холбогдох тогтоол шийдвэр гаргасан. Тухайн бүртгэлийн байгууллагаар хийлгээгүй асуудлууд нь *******гийн хариуцлагын асуудал мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Тухайн мөнгийг *******д орсон боловч хувьдаа авч зарцуулсан зүйл байхгүй гэж тайлбарладаг. ******* ХХК-ийн 10 хувьд зориулж шилжүүлсэн мөнгө болохоос биш *******д зээлсэн мөнгө биш.

2.2. ******* ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөх, цаашид хувьцаа эзэмшигч болоод хөрөнгө оруулагч нартай холбоотой бичиг баримтын цэгцлэлт хийгдэж байгаа тул үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардаж байгаа ба *******ын шилжүүлсэн мөнгө нь компанитай холбоотой мөнгө юм. ******* уг асуудлыг хариуцах этгээд биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* -гээс 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 458,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хувьцааны ямар нэгэн бүртгэл хөдөлгөөн хийгдээгүй гэж дүгнэсэн байх ба энэ нь нотлох баримтаар тогтоогддог, харин тухайн мөнгөний зарцуулалт хаана хийгдсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хууль зүйн хувьд тайлбарлахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шаардлага гаргасан байхад нийт хувьцаа эзэмшигч нар *******тэй хувьцаа худалдан авахаар тохирсон гэж татгалзсан гэж дүгнэжээ. Гэтэл нийт 100 хувийн хувьцааг 5 иргэн эзэмшдэг бөгөөд бүгд зөвхөн *******гийн хувьцааг авахаар тохиролцсон гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад шүүхээс ямар нотлох баримтад тулгуурласан нь ойлгомжгүй, буруу дүгнэлт болсон.

4.2. Ганц хувьцаа эзэмшигч ******* гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд ******* нь нийт хувьцааны 25 хувийг эзэмшдэг, дангаараа бүх хувьцаа эзэмшигч нарыг төлөөлнө гэсэн ойлголт биш юм. Гэтэл хэрэгт ийм баримт авагдсан байхад ******* ХХК-ийн хувьцааны 75 хувийг эзэмшдэг иргэдээс ямар нэгэн байдлаар асууж тодруулахгүйгээр дээрх дүгнэлт хийсэн нь буруу болсон.

4.3. Хэргийг шийдвэрлэхдээ хувьцаа худалдан авахаар 60,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх үйл баримттай хариуцагч маргаагүйг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгийг хариуцах хариуцагч нь ******* биш юм. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг дангаараа тухайн компанийн 15 хувийг эзэмшдэг ******* төлөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байхад анхан шатны шүүх зөвтгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын бичгээр өгсөн тайлбарын дагуу нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж, ******* ХХК-д 10 хувийн хувьцаа эзэмшигчээр *******ыг бүртгүүлсэн эсэх, тухайн компанийг анх жоншны ордтой компани гэж хэлж мөнгө авсан тул уг компанийн нэр дээр лиценз байдаг эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн бөгөөд энэ лавлагаанд *******ыг 10 хувийн хувьцаа эзэмшигчээр огт бүртгүүлээгүй байсан. Мөн уг компанийг жоншны ордтой компани гэж хэлж, баримтууд авч ирж үзүүлэн 60,000,000 төгрөгийг авсан. Гэтэл уг компанийн нэр дээр ямар ч жоншны орд байхгүй гэх талаарх лавлагаа ирсэн.

5.2. Хариуцагч тал нь бид компанид зарцуулсан гэх тайлбарыг өгдөг боловч өнөөдрийн байдлаар татгалзлын талаарх ямар ч баримт өгөөгүй. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр ******* гэх хүн гэрчээр асуугдсан бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ миний 25 хувийн хувьцаа байгаа, ******* нь өөрийн 10 хувийн хувьцаагаа *******т худалдсан гэх зүйлийг хэлдэг. Тэгэхээр тухайн үед энэ компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* өөрөө байсан бөгөөд өөрийн хувьцааг худалдсан байж болзошгүй боловч энэ талаар улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч, үндэслэлгүйгээр 60,000,000 төгрөгийг авсан. Үнэхээр 60,000,000 төгрөгийг авч компанийн хувьцааг худалдсан бол улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... хариуцагч биш, 60,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул дангаар хариуцах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлан, зохигч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор ... 2022 оны 03 сараас 5 сарын хооронд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн эзэмшлийн 25 хувийн хувьцааны 10 хувийг худалдах авахаар тохиролцож, *******д 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлан, 2022 оны 03 сарын 02-ны өдрөөр огноолсон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол гэсэн баримтыг шүүхэд гарган өгчээ.

Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 9-9252 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл, ******* ХХК-ийг 2018 оны 03 сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн, хувь нийлүүлэгч ******* 15 хувь, ******* 20 хувь, ******* 25 хувь, ******* 25 хувь, ******* 15 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байжээ. /хх49-53/

Зохигчийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн хугацаа 2022 оны 03 сараас хойш ******* ХХК-ийн хувь нийлүүлэгч нарын эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийгдээгүй байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1345 дугаартай тушаалаар тус компанийг улсын бүртгэлээс хассан байна. /хх26-27/ Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

3.3. Хариуцагч ******* нь *******аас 60,000,000 төгрөг хүлээн авсан болох нь хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг үндэслэн талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнээд хариуцагч *******гээс 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

 

Иймд ...******* ХХК-ийн хувьцааг худалдахаар хэлцэл хийсэн, ..., ******* ХХК-ийн хувьцааны 75 хувийг эзэмшдэг иргэдээс ямар нэгэн байдлаар асууж тодруулахгүйгээр дээрх дүгнэлт хийсэн нь буруу болсон., ... 60,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул дангаар хариуцахгүй, ... нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон, шүүх зөвтгөхгүйгээр шийдвэр гаргасан... гэх хариуцагч талын татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04256 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД