Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00044

 

******* ТББ,  *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ТББ, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч ******* ТББ, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга:

******* ХХК нь 2008 оноос ******* аймгийн *******сумын нутагт Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулж, одоогийн байдлаар 6 баяжуулах үйлдвэр барьж баяжмалыг БНХАУ руу Бургастайн боомтоор экспортолж байна. ******* ХХК-ийн ТЭЗҮ, БОНБНҮ зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд уурхайгаас Бургастай боомт хүртэлх баяжмал тээвэрлэх замыг хатуу хучилттай байдлаар шийдвэрлэнэ, байгаль орчинд хор хохиролгүй үйл ажиллагаа явуулна гэж тусгасан. Уулын баяжуулах Таян нуурын хүдрийн уурхайн үйл ажиллагааны тэсэлгээ, дэлбэлэлт, бутлалт, шигшилт, ангилан ялгалалт, угаалт, 80-120 тонны хүнд даацын автомашины сүлжилдэх дуу чимээ, шороо тоосноос байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон. Энэ уурхайн үйл ажиллагааг явуулахад олон улсын стандартаар авто зам тавихаар тусгасан ч өнөөдрийг хүртэл зам тавиагүй, нийт замын 90 хувь нь улсын чанартай зам. Сумуудад зам тавихаар газар олгосон байдаг. Маргааны явцад хохирлыг үндэслэлгүй гэж үзээд шүүхээс хийлгэсэн үзлэгээр 168 км замаар явж бургастайн боомт орсон. Тоосжилт ихтэй, аваар гарахаар, асар их хохиролтой байна гэж тогтоогдсон. 2013 онд БОНХ яамнаас замаа тавиагүйгээс байгаль орчинд учруулсан хохирлыг сайдын тушаалаар батлагдсан аргачлал, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлан ******* ХХК-аар тооцуулан авсан. Уг хохирлыг барагдуулах талаар ******* ХХК ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал болох ургамлын нөмрөгт учруулсан хохирол 5,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөд учруулсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учруулсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт хийхэд 30,441,400 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 331,953,600 төгрөг, хохирол тооцсон ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасны дагуу Байгаль хамгаалах санд оруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх хохиролд дахин шинжээч томилж, ******* ХХК-аар дүгнэлт гаргуулахад тус компани нь энэ чиглэлээр мэргэшээгүй, дөнгөж анх удаа хохирол тооцож байгаа ажлын туршлагагүй компани байсан. Нэхэмжлэлээр 10,8 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж байхад 1,8 сая төгрөгийн хохирол гаргасан. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ой, амьтан, ус, хөрс, газар гэх мэтээр байгалийн бүрэлдэхүүн тус бүрээр нь хохирлыг тооцож гаргадаг. ******* ХХК-ийн дүгнэлт цаг хугацаа он дарааллын хувьд бодитой эсэх нь эргэлзээтэй. 2008 онд болсон зүйлд сүүлд шинжээч томилсон нь буруу гэх асуудал гарч байсан. Бид нөхөн сэргээлттэй холбоотой маргаагүй, нөхөн сэргээх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Харин учруулсан хохирлын асуудлыг тусдаа нэхэмжилж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр нөхөн сэргээсэн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Хариуцагчийн уурхайн үйл ажиллагаа явагдахгүй, зогссон гэдэг тайлбар худлаа, явагдсаар байгаа. Мөн уурхайн үйл ажиллагаа 2007 оны 11 сараас эхэлж, тэр үеэс тээвэрлэлт эхэлсэн. Инженерийн зураг төсөлд хатуу хучилттай зам барих гэж зааж өгсөн. Энэ нэхэмжлэл нь 2007-2013 оны хугацаанд тээвэр хийсэнтэй холбоотой гарсан хохирол яригдаж байна гэжээ.

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь илт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2013 онд гаргасан байгаль орчны хохирол гэх зүйлийг ******* ХХК-аас нэхэмжлэх ёсгүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу 2 жил тутам аудит хийлгэн зөвлөмж биелүүлэн ажилладаг. Харин уурхайн үйл ажиллагаа хаагдсан, компанийн үйл ажиллагаа зогссон үед холбогдох нөхөн сэргээлтээ хийгээгүй бол байгаль орчны улсын байцаагч хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах үүрэгтэй. Гэтэл ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн жил бүр нөхөн сэргээлтийн ажлаа хийсээр байна. ******* ХХК-аар хийлгэсэн тайлан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хохирол тооцогдоогүй бөгөөд энэ нь тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын захиалгаар Байгаль орчны яам, байгаль хамгаалах сангаас зардлыг нь гарган хийлгэсэн талаар байгаль орчны яамнаас бидэнд мэдэгдсэн. Тайланг албан ёсоор компанид хүргүүлж, хохирол төлөхийг шаардаж байсан зүйл огт байхгүй. Улсын мөрдөн байцаах газраас байгаль орчинд учруулсан хохиролтой холбоотой гэмт хэрэг байгаа эсэхийг шалгахад уг тайланг ашигласан бөгөөд эрүү үүсээгүй тул хэрэг хаагдсан. Байгаль орчны яамнаас өөрсдийн санаачилгаар хохирол тооцуулаагүй, энэ хохирол гэх зүйл нь жил бүр өөрчлөгдөж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу нөхөн сэргээлтийн зардлаараа арилаад явдаг гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна гэснээс харахад нэхэмжлэгч тооцоолох эрхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8-д зааснаар компанийн үйл ажиллагаа зогсож хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн бол уг асуудлыг шийдвэрлэх процессыг заахдаа байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан төлбөрийг барагдуулах үүрэгтэй, барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр хандах журамтай. Тус нэхэмжлэлийн шаардлага нь зам тавиагүйгээс хохирол учирсан гэх агуулгатай. Гэтэл ******* ХХК-ийн хохирлын дүгнэлт энд зам тавивал хөрс байхгүй болно, ургамалд ингэж нөлөөлнө гэсэн агуулгаар гаргаж байгаа нь буруу, хоорондоо зөрүүтэй байна. Харин сүүлийн ******* ХХК дүгнэлтээ бодитой гаргасан. 10,8 тэрбум төгрөгийн хохирол нь зам тавиагүйгээс гараад байгаа хохирлын үнэлгээ биш, зам тавивал ийм хэмжээний хохирол учирна гэсэн дүгнэлт юм. Бид яамтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас зам тавигдаагүй. Анх ТЭЗҮ батлагдахад зам барих асуудал байгаагүй, сүүлд өөрчлөлт орсон. Мөн өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагаа зогссон, хаагдаад удаж байгаа. Хариуцагчаас зам тавихын тулд карьер гаргасан, түүнээс зам тавиагүй учраас карьер гараагүй. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, зам тавиад үүсгэсэн хохирол гэсэн бол өөр байсан. Зам тавих гээд үүсгэсэн карьерыг хохирол гээд нэхэмжлээд байна гэжээ.

3.   Иргэдийн төлөөлөгч******* дүгнэлтийн агуулга:

******* ХХК нь байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай уул уурхай явуулж чадаагүй нь олон баримт, дүгнэлтээр нотлогдож байна. Анх Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас төслөө батлуулж, зээл авахдаа байгаль орчны талаар тодорхой ажлууд хийж байж төсөл хэрэгжүүлнэ гэж амлалт өгч байжээ. Энэ үүргээ биелүүлээгүй тул 2014 онд энэ төсөлтэй холбоотой хөндлөнгийн хяналт хийгдэж, олон зөрчил илрүүлсэн гэдэг нь нээлттэй эх сурвалжуудад байна. Байгаль орчин, оршин суугчдад сөрөг нөлөө, хор хохирол учруулсан буруутай гэж үзэж байна гэжээ.

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар ******* ХХК-аас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөгийг гаргуулж, *******-д оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 54,174,112 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5.  Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах мөн хариуцагчаас өмгөөлүүлэх эрхээр хангуулах зорилгоор өмгөөлөгч *******-ыг авч, хэргийн материалтай танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтүүд гаргаж, мөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг дэмжсэн. Гэтэл шүүх зохигчдын гаргасан хүсэлтийг татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь зохигчдын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй байгаль орчинд учруулсан хохирол гэхийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалт буюу Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хэрэв анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд буюу төрийн өмчид хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг анхаарч үзэх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* ТББ болон *******, *******, ******* нарын хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдөөгүй хуульд зааснаар нэхэмжлэгчийг буюу төрийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын маргасан шаардах эрхийн талаар дүгнэлт өгөхдөө Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 1-д заасныг барьж нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдал үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх тайлбар мөн тайлбараа дэмжсэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй.

5.3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно гэж дурдсан боловч уг заалтад энэ нэхэмжлэл хамаарахгүй. Гэтэл улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлгүй иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д дээрх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хамаарах бөгөөд уг нэхэмжлэлийг прокурор гаргаагүй иргэн болон төрийн бус байгууллага гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой. Гэтэл шаардлага хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-д хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах гэж заасан. Гэтэл иргэдийн төлөөлөгч ******* нь цахим хэрэгсэлд тавигдсан батлагдаагүй мэдээ уншиж, хэргийн материалд авагдаагүй үйл баримт ярьж шүүх хуралдаанд дүгнэлт өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.5.  Мөн шүүхийн үндэслэл болгож байгаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасан байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ноогдуулахаар заасан бөгөөд Төрийн бус байгууллага болон иргэнд нөхөн төлбөр ногдуулах эрх олгогдоогүй. Өнөөдрийг хүртэл байгаль орчны хяналтын улсын байцаагч болон өөр эрх бүхий этгээдээс ******* ХХК-д байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсны нөхөн төлбөр ногдуулсан зүйл байхгүйг дурдах нь зүйтэй.

5.6.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч ******* ХХК нь хохирлын хэмжээг 1,895,660 төгрөгөөр тогтоосон боловч шүүхээс өөрийн томилсон уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн. Ингэхдээ******* ХХК-ийн тайланд 2014-2018 оны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн нь уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх өөрийн томилсон шинжээчийн дүгнэлтийг илт үгүйсгэж шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь үндэслэлгүй.

5.7.  Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй 2013 онд ******* ХХК-ийн гаргасан үнэлгээ нь өөрөө хохирол тооцох үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүй. Хэдийгээр энэ үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас захиалж хийлгэсэн гэх боловч энэ үнэлгээний дагуу ямар нэгэн хохирол нэхэмжилсэн зүйл төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, сумаас байхгүйг нотолсон тодорхойлолтууд хэрэгт авагдсан. Шүүх үүнд дүгнэлт өгөөгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11-д заасан бөгөөд энд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа яригдаагүй тул байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохын тулд байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх, хэтрүүлсэн бол үүнийг хэрхэн тогтоох асуудал яригдах ёстой. Түүнчлэн байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн эсэх талаар ямар нэгэн материал хэрэгт байхгүйг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******-ийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие ******* аймгийн *******суманд байрладаг уурхайн дэргэдүүр өдөр бүр өнгөрдөг бөгөөд нүдээрээ харж, гараараа барьж байдаг хүний хувьд хэлэхэд уурхай ажилладаггүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Шинэ оноос өмнө болон намрын улирлаас хойш 40 автомашин байнга явсан, одоо ч явсаар байна, уурхай хаагдаагүй. ******* ХХК нь зам тавина гэж байгалийн цэвэр урсаж буй голын усыг зөөж зам барихад ашигласан. Үүнээс шалтгаалан гол ус ширгэж, товгорын худаг шавхагдаад малчид малаа усалж чадахгүй нөхцөлд хүрсэн. Мөн энэ компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан цөлжилт үүсэж манай нутгийн малчид жил бүр ган, зуданд нэрвэгдэж байна. Хэдэн жилийн турш мал аж ахуй дампуурахад хүрч малчин иргэд малаа бөөнд нь зарж суурин газар бараадаж байна. Бодит нөхцөл байдал ийм байна гэжээ.

7.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч ******* ТББ, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааснаас хойш 2 жилийн хугацаанд хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа байсан. Шүүх хуралдаан эхлэх үед талуудад шүүх хуралдаан явуулахтай холбоотой ямар нэгэн хүсэлт байхгүй гэсэн учраас шүүх хуралдааныг явуулсан. Үүнд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаагүй гэдэг нь үндэслэлгүй, анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. ******* ХХК нь 2008 оноос хойш зам тавьж, төмрийн үйлдвэр болон баяжуулах үйлдвэр барих тоног төхөөрөмжийг бургастай боомтоор зөөсөн бөгөөд тухайн зам нь зөвхөн ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулагдаж байсан. Аливаа төсөл, арга хэмжээ эхлэхийн өмнө дэд бүтцийг шийднэ гэдэг боловч ******* ХХК-ийн байгаль орчны үнэлгээнд дэд бүтцийн асуудалд авто замыг тавина гэж тусгасан. Засгийн газрын тогтоол, шийдвэрээр тухайн компанийн эхний хэсгийг 2013 оны 03 сарын 15-ны дотор үлдсэн хэсгийг 2014 онд бүрэн барьж ашиглалтад оруулахыг даалгаж байсан. Анх төсөл хэрэгжихээс өмнө зам тавих асуудал шийдээгүйгээс шалтгаалан 2008-2013 оны хооронд тухайн байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой компанийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн аль алинаас нь үүдэлтэйгээр байгаль орчинд үүссэн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн тооцох вэ гэхээр 2012 онд Байгаль орчны багц хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнтэй холбоотойгоор Байгаль хамгаалах тухай хуульд олон өөрчлөлт орсон. Үүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд учирсан хохирлыг төлөх талаар тодорхой заасан. ******* ТББ-ын нэхэмжилсэн мөнгөн дүн нь Засгийн газрын тусгай санд орно гэдэг утгаараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар чөлөөлөгдөнө. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр ******* орж, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай холбоотой асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл, нийтэд ил баримт бөгөөд ******* ХХК анх төсөл хэрэгжүүлэхдээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100,000,000 ам.долларын зээлийг авто зам тавина гэж авсан байдаг. Бид 2017 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банканд гомдол гаргаад тухайн асуудлаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьдаг 4 улсын шинжээч болон төмрийн хүдрээр мэргэшсэн шинжээч нар оролцсон. Үүнд ******* ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохиролтой холбоотой асуудлын талаар иргэдийн төлөөлөгч нийтэд ил баримтыг ярьсан нь зөв дүгнэлт гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.******* ХХК нь 2014-2018 онд шинжилгээ хийгээд 1,895,660 төгрөгөөр хохирлыг үнэлсэн байдаг. Уг дүгнэлттэй холбоотойгоор тухайн үед шүүхээс 168,3 км засмал зам тавиагүйгээс байгаль орчин, ургамлын бүрхэвч, агаарын чанар, газрын нөөцөд хохирол учирсан эсэх, мөн 71 м.кв хатуу хучилттай зам тавигдахаас өмнө ашиглаж байсан сайжруулсан замын зурваст өртсөн байгаль орчны бүс, ургамлын бүрхэвч, агаарын чанар, газрын нөөцөд хохирол учирсан эсэх, зам тавихтай холбоотойгоор олборлолт явуулж байсан 32 карьерт техникийн нөхөн сэргээлт хийсэн эсэх гэсэн эдгээр гурван асуудлыг тодруулах үүрэг даалгавар өгсөн. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт 32 карьерын 29 нь техникийн сэргээлт хийгдсэн байна гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасан. Уг хохирлыг тооцоогүй бодитой эсэх нь тогтоогдоогүй боловч бидний маргааны гол зүйл болох******* ХХК-ийн гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Цаг хугацаа, орон зайн хувьд 2013 он хүртэл байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилсэн бөгөөд түүнээс хойших хугацааны хохирлыг тусдаа асуудал гэж өнөөдрийг хүртэл маргасан. Дээр дурдсан 1,895,660 төгрөгийн асуудал нь 168 км замд энэ хэмжээний хохирол учирсан гэсэн нь ямар ч хүний оюун ухаанд багтахааргүй дүгнэлт юм. ******* ХХК-ийн гаргасан дүгнэлтийг *******наас захиалж хийлгэсэн. Нэхэмжлэгч нар нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчинд учирсан хохирлыг тооцсон аргачлал, хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн байдал зэрэгт үндэслэн хохирлыг нэхэмжилсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 7-д хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнд ******* буюу төрийн сангаас гарсан мөнгө болох 10,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-д иргэн байгальд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 1.1-д заасны хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээгээр тодорхой хэмжээний хохирол учирсан, уг хохирол нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа болон бургастай боомт хүртэл төмрийн хүдэр тээвэрлэж буй процесс үйл ажиллагаанд зам тавиагүй гэх шалтгаант холбоог тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан. Зөвхөн хөрсөнд тавих байсан гэх асуудал ярьсан боловч байгаль орчны хохирлыг тооцох аргачлал буюу хуулиар байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр хохирлыг тооцно гэж заасан. Хуульд зааснаар хохирлыг улсын байцаагч тогтоох эрхтэй хэдий ч байгаль орчны сайдад олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгаль орчинд учирсан хохирлыг тооцох асуудлыг тушаал шийдвэрээр гаргаж, сонгон шалгаруулалтаар мэргэжлийн компанийг сонгосон. Тухайлбал, *******анд 278 мэргэжлийн компани байгаль орчинд учирсан хохирол болон бусад үнэлгээг хийх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага байдаг. ******* ХХК-ийн гаргасан үнэлгээ үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг *******ны мэргэжлийн зөвлөл буюу 20 гаруй гишүүдийн зөвлөлөөр тухайн хохирлын үнэлгээг хийлгүүлэхээр зөвлөлийн хурлаар хүлээж аваад эрх олгодог болохоос бид нар үндэслэлтэй, үндэслэлгүйг дүгнэх боломжгүй. Тухайн зам нь тэнхлэгээрээ 9м, уртаараа 168 км замд учирсан хохирлыг тооцох ёстой гэх агуулгыг хариуцагч тал ярьдаг боловч цаад агуулгаараа хохирол тооцох нь зөв гэдгийг дэмжиж байна гэж ойлгосон.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* НҮТББ, *******, *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан байгаль орчинд учирсан хохирол 10,803,232,289 төгрөгийг гаргуулж, Байгаль хамгаалах санд оруулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 44, 8хх 4-26/

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... ******* ХХК нь ******* аймгийн *******сумын нутагт Таян нуурын уурхайд төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулдаг, олборлосон төмрийн хүдрээ БНХАУ руу Бургастай хилийн боомтоор экспортлохдоо хатуу хучилттай авто зам барих үүргээ биелүүлээгүйгээс ******* аймгийн 4 сум, 6 багийн газар нутгийг талхалж байгаль орчинд хохирол учруулсан, хохирлыг ******* ХХК-ийн хийсэн үнэлгээгээр тооцон шаардаж байна... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нар шаардах эрхгүй, ******* ХХК нь 2 жил тутам аудит хийлгэн зөвлөмж биелүүлэн ажилладаг, уурхайн үйл ажиллагаа хаагдсан, холбогдох нөхөн сэргээлтээ хийгээгүй бол байгаль орчны улсын байцаагч хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах үүрэгтэй, ******* ХХК нь жил бүр нөхөн сэргээлтийн ажлыг хийсээр байгаа, Байгаль орчны яамнаас хохирол тооцуулаагүй, хохирол нь жил бүр өөрчлөгдөж, нөхөн сэргээлтийн зардлаараа арилаад явдаг, ******* ХХК-ийн гаргасан хохирлын дүгнэлт үндэслэлгүй, зам тавивал ийм хэмжээний хохирол учирна гэсэн дүгнэлт байдаг... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1.  ******* ХХК нь ******* аймгийн *******сумын нутаг дэвсгэрт байршилтай Таян нуурын уурхайд төмрийн хүдэр олборлох, баяжуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг;

5.2.  ******* ХХК нь уурхайгаас олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын авто машинаар тээвэрлэн БНХАУ руу Бургастай хилийн боомтоор экспортолдог бөгөөд уурхайгаас хилийн боомт хүртэлх авто зам нь ******* аймгийн *******, *******, *******, ******* сумдын нутаг дэвсгэрээр дамжин 168.3 км үргэлжилдэг;

5.3.  ******* (тухайн үед *******м)-наас 2013 оны 03 сарын 12-14-ний өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс болон уурхай, баяжуулах үйлдвэрээс үүдэн гарсан тоосжилтоор тухайн орчны байгаль орчин бохирдож, доройтох, хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болон авто замын осол аваар гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд ажлын хэсгээс Таян нуурын уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06 сарын 15-ны өдрийн дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд авто замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулахыг үүрэг болгосон; /1хх 59-60/

5.4.  ******* (тухайн үед *******м)-ны захиалгаар ******* ХХК-ийн 2013 онд гаргасан хохирлын үнэлгээний тайлангаар Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км шороон авто зам төслийн байгаль орчны хохирлын үнэлгээг нийт 3,801,396,645 төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг нийт 362,395 төгрөг гэж тодорхойлсон; /1хх 18-22, 235-250, 2хх 1-65/

5.5.  ******* ХХК-аас 2014 оны 10 сард 50 км хатуу хучилттай авто замыг, 2017 оны 11 сард 21 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан (нийт 71 км) бөгөөд үлдэх 97.3 км авто зам нь сайжруулсан (хайрган хучилттай) авто зам байна; /5хх 56-57/

5.6.  Шүүхээс томилогдсон шинжээч ******* ХХК-ийн 2018 оны 08 сарын 17-ны өдөр гаргасан байгаль орчны үнэлгээгээр Таян нуурын уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто зам төслийн байгаль орчинд учирсан гэм хорын үнэлгээг нийт 1,895,660 төгрөг гэж тодорхойлсон. /5хх 12-16, 50-126/

6.   Нэхэмжлэгч талын шаардах эрхийн тухайд:

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх ... байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар, нэхэмжлэгч ******* НҮТББ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, ... гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар тус тус шаардах эрхтэй.

Иймд, ...нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөөгүй тул тэдгээр нь шаардах эрхгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.   Хариуцагч ******* ХХК гэм буруутай эсэх тухайд:

7.1.  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж ******* ХХК нь ******* аймгийн *******сумын нутаг дэвсгэрт байршилтай Таян нуурын уурхайгаас төмрийн хүдэр олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулахдаа уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км цемент бетон хучилттай авто зам тавих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчинд хохирол (агаарын чанар, газрын хөрс, нөөц, ургамлын нөмрөг зэрэг) учруулсан үйл баримтыг зөв тогтоожээ. /1хх 12-13, 14-15, 16, 24-25, 59-60, 2хх 72-74, 79-88, 89-95, 96-98/

7.2.  Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон ******* нь ...******* ХХК нь байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай уул уурхай явуулж чадаагүй нь олон баримт, дүгнэлтээр нотлогдож байна. ...Байгаль орчин, оршин суугчдад сөрөг нөлөө, хор хохирол учруулсан буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. /8хх 1/

Иргэдийн төлөөлөгч ******* нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч, ... зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргасан байх тул ...иргэдийн төлөөлөгч нь хэргийн материалд авагдаагүй үйл баримт ярьж шүүх хуралдаанд дүгнэлт өгч байгаа нь хуульд нийцэхгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8.   ******* ХХК-ийн хохирлын үнэлгээг, эсхүл ******* ХХК-ийн хохирлын үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тухайд:

8.1.  Энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.4, 5.6-д тус тус дурдагдсан хохирлын үнэлгээний тайланг гаргасан ******* ХХК, ******* ХХК-иудын аль аль нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал-ыг үндэслэн дүгнэлтээ гаргасан байна. /1хх 18, 208-211, 2хх 63, 5хх 61, 125/

8.2.  Нэхэмжлэгч нар нь Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийх үүргээ ******* ХХК биелүүлээгүйн улмаас 2007-2013 онуудад байгаль орчинд учирсан хохирол шаардсан тул холбогдох цаг хугацаанд хамаарах хохирлын үнэлгээг гаргасан ******* ХХК-ийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь зөв.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн хийсэн ...******* ХХК нь байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо ургамлан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын чанарт учирсан хохирлын хэмжээг бүхэлд нь тооцож гаргасан, харин ******* ХХК нь агаарын чанарт учирсан хохирлыг тооцож, хөрс, ургамлан бүрхүүл, бэлчээрийн хомсдол зэрэгт хохирол учраагүй гэж дүгнэхдээ хариуцагчийг газар эзэмших эрхтэй газрынхаа хэмжээнээс хэтрээгүй учраас хохирол учруулаагүй гэж зөрүүтэйгээр дүгнэсэн... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иймд, ...анхан шатны шүүх өөрийн томилсон шинжээчийн дүгнэлтийг илт үгүйсгэж шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Анхан шатны шүүх ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч, аль хохирлын үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтын зохицуулалтыг анхаараагүйн улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг үндэслэлгүй нэмэгдүүлсэн байна. Тодруулбал:

9.1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэгт бодит гэм хорыг ойлгоно.

Анхан шатны шүүх бодит гэм хорыг нөхөн төлбөрийн хамт тооцож гаргуулсан нь буруу болжээ.

9.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар иргэн, төрийн бус байгууллагад хохирол шаардах эрхийг олгосон байтал анхан шатны шүүх хохирол-оос гадна нөхөн төлбөр-ийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

9.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтаар байгаль орчинд учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлж, нөхөн төлбөр ногдуулах эрхийг байгаль орчны хяналтын улсын байцаагч эдэлнэ.

Анхан шатны шүүх байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эдлэх эрхийг иргэн, төрийн бус байгууллагад эдлүүлсэн нь буруу болжээ.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас байгаль орчинд учирсан бодит хохирол буюу ургамлын нөмрөгт учирсан хохирол 1,109,718,561 төгрөг, газрын хөрсөнд учирсан хохирол 1,095,100,000 төгрөг, газрын нөөцөд учирсан хохирол 183,200 төгрөг, агаарын чанарт учирсан хохирол 1,596,394,884 төгрөг, нийт 3,801,396,645 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Өөрөөр хэлбэл, ...байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулахаар хуульд заасан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

11. Анхан шатны шүүх ...хариуцагчаас өмгөөлөгч, төлөөлөгчөө нийт 14 удаа сольж, өмнө нь хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцахаар хүсэлт гаргаж байсныг шүүхээс удаа дараа эрхээр нь хангаж шийдвэрлэсэн... гэсэн үндэслэлийг зааж, хариуцагч талаас гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул ...шүүхийн зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн зохигчдын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

12. Нэхэмжлэгч нарын шаардсан мөнгөн дүн нь улсын төсөвт буюу Байгаль орчин, уур амьсгалын санд орох тул нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул ...анхан шатны шүүх шаардлага хангаагүй нэхэмжлэл үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

13. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...10,803,232,289... гэснийг ...3,801,396,645... гэж, ...оруулсугай... гэснийг ...оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,001,835,644 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар төсөвт төлөх төлбөрийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 19,164,933 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 54,174,112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.НЯМБАЗАР