Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05014

 

2016 оны 09 сарын 01 өдөр

 

Дузгаар 102/ШШ2016/05014

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 38 дугаар байрны 3 дугаар орц 0 тоотод оршин байгаа Өргөө-144 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 38 дугаар байрны 113 тоотод оршин суух, Ганган хул овогт Балдандоржийн Мандах /РД-ЧЙ81022239/-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 324,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ-ны захирал Г.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өргөө 144 СӨХ-ны захирал Г.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 33 дугаар байрны СӨХ-ны төлбөрөө жил дараалан төлдөггүй өрх нь Иргэний хуулийн 147-149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 2,3,13,16 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан эрхийн дагуу 33 дугаар байрны 113 тоотод оршин суух Б.Мандахаас 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр болох 324,440 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 5 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 48,600 төгрөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 373,040 төгрөг болгосон. Хариуцагчтай шүүх хурлаас өмнө эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Б.Мандахаас 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын төлбөр болох 373,040 төгрөгийн төлбөр нэхэмжилснээс Өргөө-144 СӨХ нь 162,440 төгрөгийг татгалзаж, үлдэх 210,600 төгрөгийг Б.Мандах 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж тохирчээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ нь хариуцагч Б.Мандахаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 373,040 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Шүүх хуралдаанаас өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 373,040 төгрөгийн 162,440 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 210,600 төгрөгийг хариуцагч Б.Мандах нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өргөө-144 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Мандахад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн 373,040 төгрөгийн 162,440 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 210,600 төгрөгийг хариуцагч Б.Мандах нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мандахаас 10,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өргөө-144 СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД