| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2023/00453/И |
| Дугаар | 203/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 203/МА2025/00002
2025 оны 01 сарын 08 өдөр Дугаар 203/МА2025/00002 Даланзадгад сум
М.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00368 дугаар шийдвэртэй
М.*******ын нэхэмжлэлтэй
Ж.*******д холбогдох
121 888 253 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 24 302 014.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарыг агуулга:
М.******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг, Цохион хад гэх газарт Ж.*******д буудуулсны улмаас баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үеийн толгой, титэм сэртэн, хацар яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгаралт, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх бүхий хүнд гэмтэл авсан. Улмаар хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группт орсон.
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд:
-Эмчилгээ болон эм, эмнэлгийн хэрэгсэлд гаргасан зардал 5 602 160 төгрөг,
-Улаанбаатар хотод оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 14 100 000 төгрөг, урсгал зардал буюу тог, ус, СӨХ-д төлсөн 788 077 төгрөг,
Өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөг
- шатахуунд зарцуулсан 6 579 763 төгрөг
- Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг
-Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг нийт 121 888 253 төгрөг гаргуулна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа буюу хамгийн сүүлд нэхэмжлээд байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт нэхэмжилсэн 81 950 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, үлдэгдэл 39 938 253 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал ба сөрөг нэхэмжлэлдээ:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжилж буй төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох, үгүйсгэх зорилгоор хэд хэдэн бичгийн нотлох баримтуудыг зохих газруудаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүхээс ханган шийдвэрлэж өгсөн. Хүсэлтийн хүрээнд нэхэмжлэгч М.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг гаргуулсан.
Нэхэмжлэгч М.******* нь өмнө нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх үе шатанд ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлүүлсэн ба тухайн цаг хугацаанд хариуцагчаас илүү мөнгө нэхэмжилж ор үндэслэлгүйгээр хохирол төлбөрт мөнгө гаргуулан авсан байна. Тухайн үед илүү мөнгө хохиролд тооцуулан авчхаад одоо ахиад мөн л хохирол гарсан гэж мөнгө нэхэмжилсэн нь хууль бус.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаар тогтоолоор хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг дуустал нийт 13 сарын хугацаагаар нэхэмжилснийг шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 34 680 048 төгрөгийг гаргуулахаар тогтоол гаргасныг төлж барагдуулсан. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгч М.******* нь 24 302 014 төгрөгийн цалинг ******* ХХК-аас авсан болох нь тогтоогдож үндэслэлгүйгээр хохиролд илүү мөнгө тооцуулан авсан байна. Иймээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт илүү өгсөн мөнгө болох 24 302 014,59 төгрөгийг нэхэмжлэгч М.*******аас гаргуулан хариуцагч Ж.*******д олгож өгнө үү гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******гаас 20 399 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож,
Нэхэмжлэлийн шаардлагаас 19 538 316 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Сөрөг нэхэмжлэгч Ж.*******гийн 24 302 014.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч М.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 81 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 259 950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо:
Давж заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэл нь 00368 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлон дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаан дээр маргаж мэтгэлцсэн үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай уялдуулан хууль зүйн бодит үнэнд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, хариуцагч талаас шүүх хуралдаанд маргаж мэтгэлцсэн үйл баримтыг үгүйсгэсэн няцаасан эрх зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн хийгээгүйд гомдолтой байна.
Шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүхээс гэм хорын хохирлын нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхойлон бичсэн байгаа ба уг нотлох баримтуудыг үнэлсэн дүгнэлтийг хариуцагч болоод өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.
1.Эмчилгээтэй холбоотой үнэлсэн нотлох баримтуудын 4 922 740 төгрөгийн баримтыг шаардлага хангасан гэх, харин 1 161 550 төгрөгийн баримт нь юуны баримт болох нь тодорхойгүй, эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн байна. Хавтаст хэргийн хүрээнд эмчилгээтэй холбоотой ямар, ямар нийт хэчнээн төгрөгийн зардлын баримтыг гарган өгсөн талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хариуцагч талтай маргаж мэтгэлцэж чадаагүй, ямар эм тарианы баримт гарган өгсөн, мөнгөн дүнгээ тайлбарлаж чадаагүй, тухайн эмтэй холбоотой баримтыг юунд хэрэглэсэн талаар тайлбарлаж чадаагүй, өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх атал шүүх бүрэлдэхүүн өөрсдийн хийсвэр нөхцөл байдалд тулгуурлан эмчилгээтэй холбогдох баримтыг үнэлж хариуцагчаас гаргуулахаар шийдвэр гаргасан нь хэргийн бодит үнэнтэй нийцээгүй болно.
Нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өөрсдийн гарган өгсөн нотлох баримтуудаа бодитойгоор эргэлзээгүйгээр тайлбарлаж чадаагүй, цаашлаад эмийг эмчийн заавраар хэрэглэх атал худалдан авсан гэх эмээ ямар эмчийн заавраар, эмчийн ямар жороор, эмчид хэдийд үзүүлсэн баримтуудаа хэрэгт нотлох баримтаар гарган давхар нотлох үүргээ биелүүлж чадаагүйг шүүхээс анхааран үзэлгүйгээр мөнгөн төлбөрийг төлүүлэхээр эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль бус.
Шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бидний зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг хэрэгт хамааралтай эсэх талаас нь нэг бүрчлэн тайлбараа дэлгэцэн ашиглан график болон хүснэгтээр гаргасан тайлбараа гаргах явцад шүүх бүрэлдэхүүнээс буюу шүүгч Р.Уранчимэг нь илтэд уурлаж, яагаад энэ эмийг хэрэглэж болохгүй юм, ууж болно шүү дээ, хүүхдийн тунгаар ч хэрэглэж болно ш дээ гэх мэтээр тайлбарыг тасалдуулан уур бухимдлаа илэрхийлж байсан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Энэ талаарх шүүх хуралдааны бичлэгийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүн үзэхийг хүсэж байна.
Эмчилгээтэй холбоотой хэдий хэмжээний зардлын баримт гарган өгсөн, хэрэгт авагдсан баримтаар нийт хичнээн төгрөгийн нотлох баримтуудыг өгсөн эсэхэд шүүхээс ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжилж буй мөнгөн дүнгээсээ илүү баримт байхаар байдаг.
Хэргийн оролцогч нарын маргаж буй үйл баримтад шүүхээс бодитой эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй болох нь шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдана.
2. Түрээсийн төлбөрийн 9 000 000 төгрөгийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн төлбөрийн талаар шүүх хуралдаан дээр маргаж мэтгэлцсэн боловч тухайн марган мэтгэлцсэн үйл баримтад шүүхээс бодитой үгүйсгэсэн няцаасан дүгнэлтийг хийгээгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүх хуралдаанд дэлгэрүүлэн тайлбарлана.
3. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн талаар шүүхээс ямар ч эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр 788 077 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ шаардлагад маргаж мэтгэлцсэн. Тухайн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хуулийн зүйл заалттай уялдуулан тайлбарлахын зэрэгцээ түрээсийн төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэх үйл баримттай холбон тайлбарласан боловч мөн л энэ шаардлагад шүүхээс үгүйсгэсэн няцаасан дүгнэлтийг шийдвэртээ тусган дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй болохоо мөн шүүх хуралдаан дээр дэлгэрүүлэн тайлбарлана.
4. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан гэх 4 000 000 төгрөгийг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Нөгөөтээгүүр шүүх хуралдаан дээр энэ талаар маргаж мэтгэлцсэн боловч шүүхээс бидний мэтгэлцсэн үйл баримтад үгүйсгэсэн няцаасан эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой. Энэ талаарх гомдлоо шүүх хуралдаан дээр дэлгэрүүлэн тайлбарлах болно.
5. Шатахууны зардлын баримтаар 4 890 643 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх шатахууны баримтыг үнэлэх үндэслэлгүй байсан. Учир нь Улаанбаатар хотод байр хөлсөлсөн юм бол нааш цааш явсан гэх шатахууны зардлыг тооцох шалтгаант холбоо үүсэх эрх зүйн үндэслэлгүй болно. Гэтэл шүүхээс ямар, ямар ажлаар яах гэж явж шатахууны зардал гаргаад байгааг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас маргаж мэтгэлцэж чадаагүй мөн МУ-д мөрдөгдөж буй шатахууны зарцуулалтын нормтой холбогдуулан тайлбараа гаргасан боловч мөн л үүнд үгүйсгэсэн няцаасан дүгнэлт хийж өгөөгүйд гомдолтой.
6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Дахин хэлэлцэх үндэслэлгүй биш харин ч энэ гэм хорын хохиролтой холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шалтгаант холбоо үүсгэн тайлбарласныг шүүх анхааран үзээгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх талуудаас гаргаж өгсөн нотлох баримт, хэргийн үйл явдалтай холбогдуулаад энэ хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах гээд Цагаан хуур цадиг ухаан гэдэг төрийн бус байгууллагатай гэрээ хийсэн байдаг. Энэ бол опен дата гээд нээлттэй мэдээллийн системээс дурын хүн хайхад үйл ажиллагааны чиглэл болон хаягийн мэдээлэл тодорхой байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрээн дээр ямар нэгэн хаяг байдаггүй. Чиглэл нь болохоор ашгийн төлөө бус байгууллага, хүүхдийн сургалтын үйл ажиллагаа явуулах гэсэн байдаг. Энэ дээр ямар нэгэн сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх, ашиг олох юм байдаггүй. Энэ бүгдийг та бүгд харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийдвэр маш дэлгэрэнгүй, ойлгомжтой бичигдсэн. Бүх асуудал дээр бүх нэхэмжлэлийн шаардлага дээр төлбөрийн баримтуудыг бүгдийг нь жагсаагаад гаргачихсан. Нэхэмжлэгч орон сууцын төлбөр төлсөн баримтууд СӨХ-ын төлбөрүүдийг төлсөн баримтуудаа бүгдийг нь гаргаад өгчихсөн. Эдгээр баримтуудыг үнэлээд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж харж байна. Цахилгаан нь хэд гарсан юм. Ус нь хэд гарсан юм гээд байдаг. Тэр чинь нэхэмжлэгдээд нэг данс, нэг тоо тавигдаад л явж байгаа. Тэрийг утгаар нь шилжүүллээ. Тэгээд өөр ямар нэгэн лавлагаа авах боломж байхгүй. Байрны өмчлөгч биш учраас тухайн үед төлсөн төлбөрүүдээ боломжтой бүх хэлбэрээрээ нотолж, бүртгэлийн баримтыг гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэдэг байр суурьтай байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг хэргийн хүрээнд гаргаж өгсөн. Үүнийг үзэхэд 24,302,015 төгрөгийн цалин авсан нь нотлогддог. Ингэхээр илүү мөнгө авчхаад дахиад баримт бүрдүүлээд авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн 368 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нэхэмжлэлд дурдагдсан үйл баримттай уялдуулан эрх зүйн бодитой дүгнэлтийг хийгээгүй. Байгаагүй баримтыг байгаа мэтээр шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхаарна уу гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
2. Нэхэмжлэгч М.******* эмчилгээ болон эм, эмнэлгийн хэрэгсэлд гаргасан зардал 5 602 160 төгрөг, Улаанбаатар хотод эмчийн хяналтад эмчлүүлэхээр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 14 100 000 төгрөг, урсгал зардал буюу тог, ус, СӨХ-д төлсөн 788 077 төгрөг, өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөг, шатахуунд зарцуулсан 6 579 763 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг нийт 121 888 253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нийт 39 938 253 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан олгосон 24.302.014 төгрөгийг буцаан авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцжээ.
Зохигчид эрүүл мэндэд учирсан гэм хор болон гэм буруугийн талаар маргаагүй.
3. Хариуцагч Ж.******* 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Вепрь загварын галт зэвсэгтэй харьцах явцдаа санамсаргүйгээр нэг удаа буудлага үйлдэж, уг бууны сум нь иргэн М.*******ын нүүрэн тус газарт тусаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон байна.
Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1-т заасны дагуу хариуцагч Ж.*******гаас 20 399 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 538 316 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэгч Ж.*******гийн 24 302 014.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
4. Хариуцагч Ж.******* бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй ч нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох нотолгооны үүрэг хуваарилагдана.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа ...Эмчилгээтэй холбоотой үнэлсэн нотлох баримтуудын 4 922 740 төгрөгийн баримтыг шаардлага хангасан гэх, харин 1 161 550 төгрөгийн баримт нь юуны баримт болох нь тодорхойгүй, эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн байна. Түрээсийн төлбөрийн талаар шүүх хуралдаан дээр маргаж мэтгэлцсэн боловч тухайн марган мэтгэлцсэн үйл баримтад шүүхээс бодитой үгүйсгэсэн няцаасан дүгнэлтийг хийгээгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хуулийн зүйл заалттай уялдуулан тайлбарлахын зэрэгцээ түрээсийн төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй гэх үйл баримттай холбон тайлбарласан боловч мөн л энэ шаардлагад шүүхээс үгүйсгэсэн няцаасан дүгнэлтийг шийдвэртээ тусган дүгнээгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод байр хөлсөлсөн юм бол нааш цааш явсан гэх шатахууны зардлыг тооцох шалтгаант холбоо үүсэх эрх зүйн үндэслэлгүй болно. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас эмчилгээтэй холбоотой 4 922 740 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, харин 1 161 550 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан шууд болон дамжмал нотлох баримтуудыг эргэлзээгүй, үндэслэл бүхий үнэлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.
1-р хавтаст хэргийн 91-92 талд авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1812 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээний 3.1-т гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, төлбөрийн хэмжээг 1 сарын 750 000 төгрөг байхаар тохиролцжээ. Түүнчлэн гэрээний 5.3-т Хөлслөгч тал байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель телевиз интернет зэргийн төлбөр гарсан даруйд нь төлөх үүрэгтэй ба төлөөгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байна.
Энэ талаар анхан шатны шүүх ...М.******* нь хүнд гэмтэл авсны дараагаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, эмчийн хяналтад байх шаардлагатай, эмчилгээ хийлгүүлж байсан байх ба тэрээр уг орон сууцыг хөлслөн амьдарч байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ, П.Оюунчимэгийн дансны хуулга зэргээр нотлогддог тул энэхүү зардлыг М.*******ын эрүүл мэндийн гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэв. гэж дүгнэн түрээсийн төлбөр 9 000 000 төгрөг, СӨХ төлбөр 788 077 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн дээрх гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гомдол гаргагч тайлбарлаж байх ба энэ талаар анхан шатны шүүх Уг хэрэг маргаан нь гэрээний бус үүргийн харилцаанаас үүсэх үүрэгтэй хамааралтай тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээр хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон тайлбар үндэслэлгүй. гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэл зөв юм.
2-р хавтаст хэргийн 1-8 талд авагдсан Сэтгэл зүйч, үйлчлүүлэгчдийн хоорондын гэрээ-г М.******* , Б.Баярмаа нар байгуулсан байх ба дээрх гэрээний 2.5-т Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын үйлчилгээний 1 цагийн хөлс 250 000 төгрөг, ..., гэрээний 2.6-д Сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөрийг ******* ТББ-ын ******* дансанд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, сэтгэц заслын 8 сарын үйлчилгээний хөлс 8 сая төгрөгийг шилжүүлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч нь 2-р хавтаст хэргийн 11 талд авагдсан банкны дансны хуулгаар 4 000 000 төгрөгийг ******* дансанд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн шатахууны зардалд хариуцагчаас 6 579 763 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээс анхан шатны шүүх 4 890 643 төгрөг гаргуулах шаардлагыг хангахаас татгалзаж, 1 689 120 төгрөгийг ... М.*******ын орон нутгаас Улаанбаатар хот руу явж Цэргийн төв эмнэлэгт амбулаторийн үзлэгт нь 4 удаа хамрагдсан болох нь Цэргийн төв эмнэлгийн албан тоотоор нотлогддог тул шатахууны зардлыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 390 дугаартай Жишиг норм батлах тухай тушаалаар: 100 км гүйлтэд зарцуулагдах шатахууны зарцуулалтын жишиг нормд Рогез1ег III 2.5ХТ машин нь орон нутагт 11.0 литр, хотын төвд 13.8 литр бензин зарцуулагдана гэснийг баримтлан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин нэхэмжлэгчээс өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж маргаагүй тул давж заалдах шатны шүүх диспозитив зарчимд нийцүүлэн маргаангүй үйл баримт гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүхийн Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлийн хувьд гэм хорын эрх зүйн харилцаа байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх эрх зүйн харилцаагаар тодорхойлсон нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй байгаагаас гадна сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан цалин хөлсөнд илүү төлсөн гэх 24 302 014.59 төгрөгийг эрүүгийн журмаар шийдвэрлэж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул дахин хэлэлцэх үндэслэлгүй байна. гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулсан хэсэгт гэм буруутай этгээд нь хуульд заасан хугацааны дотор давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүйгээс шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байна.
6. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2024/00368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 150 /хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин мянга/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР