Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00045

 

******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* БСБ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Алданги 9,787,541 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

******* ТӨХК нь *******сургуультай Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажилладаг. Хариуцагч *******сургууль нь 2022 оны 1-3 сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул уг гэрээний 6.9-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алданги нь 9,787,541 төгрөг болж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу алданги 9,787,541 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Тус сургууль нь тогтмол зардлын санхүүжилтийг дүүрэг орон нутгийн төсвөөс авч санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт багтаан өр авлагагүй ажиллах ёстой. Төлбөрийн талаар *******, *******-т албан бичиг өгч шаардаж байсан. Тухайн төлбөр нь манай байгууллагын бодит зардал биш ба 2022 оны 1-3 саруудад тодорхой төлбөрийг төлөөд үлдсэн төлбөрөөс тооцсон алданги юм. Нэхэмжлэгч нь манай байгууллагатай тооцоо нийлсэн бөгөөд актуудад төлбөрийн үлдэгдлийг 0 дүнтэй баталгаажуулж байсан болно.

Иймд манай байгууллага дээрх алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй ******* сургуульд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны дулааны эрчим хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн 1-р сарын алданги 4,288,258 төгрөг, 2-р сарын алданги 2,644,567 төгрөг, 3-р сарын алданги 1,964,939 төгрөг, үүний НӨАТ 889,776 төгрөг, нийт 9,787,541 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги төлөх үүргийн эрх зүйн харилцаанд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлбөл зохих алдангийг хэрэгсэхгүй болгосон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд үл нийцэх юм. Хариуцагч ******* сургуулийн худалдан авсан дулааны эрчим хүч нь ямар нэгэн доголдолгүй, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан байхад худалдагч тал буюу дулааны эрчим хүчээр хангагч байгууллагыг эрх зүйн байдлын хувьд хууль буюу гэрээнд заасан шаардах эрхээ алдсан мэт нөхцөл байдалд оруулж, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд тусгагдсан анз болон гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд талууд гэрээ цуцалсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах тухай ойлголт байхгүй болох ба гэрээний харилцаа үргэлжилж байгаа нөхцөлд алданги гаргуулах үндэслэлтэйг шүүх анхаараагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох талаар тусгасан хэдий ч бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй бөгөөд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

4.3. Хариуцагч байгууллага нь тухайн онд алданги төлөх боломжгүй байж болох ч дараа оны төсөвт тусгуулан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой бөгөөд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 103/ШШ2024/00615 дугаар шийдвэрээр ******* цэцэрлэгээс 2,910,893 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 103/ШШ2024/00616 дугаар шийдвэрээр ******* цэцэрлэгээс 766,637 төгрөгийн алданги гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Ижил утга агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг өөр өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь шүүх хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх баталгааг хангахад хүндрэл учруулж байна гэж үзэж байна.

4.4.  Манай байгууллага нь санхүүгийн анхан шатны шаардлага хангуулан өгсөн баримтуудыг шүүх ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнээгүй, хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв. 

2. Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч ******* БСБ-д холбогдуулан алданги 9,787,541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тус сургууль нь тогтмол зардлын санхүүжилтийг дүүрэг орон нутгийн төсвөөс авч санхүүждэг төсвийн байгууллага, халаалтын төлбөрийн талаар удаа дараа Багануур дүүргийн *******-т албан бичиг өгч байсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 09 сарын 16-ны өдөр 21/69 тоот Дулааны эрчим хүчээр хангах, ДЭХ хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулж, ******* ТӨХК нь дулааны эрчим хүчээр хангах, ******* БСБ нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

4.  ******* БСБ нь 2022 оны 1-3 саруудад хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээний 6.6-д заасан хугацаанд төлөөгүй, улмаар ******* ТӨХК нь гэрээний 6.9-д заасны дагуу 2022 оны 1 сард 4,288,258 төгрөг, 2 сард 2,644,568 төгрөг, 3 сард 1,964,939 төгрөгийн алданги, тэдгээрт ногдох 889,777 төгрөгийн НӨАТ-ыг тус тус тооцож нэхэмжилсэн үйл баримт тогтоогдсон.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2022 оны алдангийн тооцоолол, *******-ын 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 05/19 тоот албан бичиг, 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 05/55 тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн улмаас 2022 оны татварын орлого төвлөрүүлэлт тасарч, төсөвт байгууллагуудын санхүүжилт бүрэн олгогдох боломжгүй болж, улмаар ******* БСБ-ын халаалтын зардал хугацаандаа санхүүжигдээгүй үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх журамд нийцжээ.

6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.

Иймд, 2022 оны 1-3 саруудад хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээний 6.6-д заасан хугацаанд төлөөгүй явдал нь хариуцагч ******* БСБ-ын буруугаас болоогүй байх тул нэхэмжлэгч******* ТӨХК-ийн нэхэмжилсэн алданги, түүнд холбогдох НӨАТ-ыг хангах үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн гаргасан ...анхан шатны шүүх нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги төлөх үүргийн эрх зүйн харилцаанд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 103/ШШ2024/00637 дугаар шийдвэрийг үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 171,551 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР