| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/01889/И |
| Дугаар | 210/МА2025/00046 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00046
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03949 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, 2022 оны 11, 12 сарууд, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс 990,234 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
Миний бие нь ******* ГХОХХК-д 2022 оны 11 сарын 17-ны өдрөөс тамга хариуцсан ажилтнаар ажилд орсон. Анх ажилд ороход бичиг баримт, гэрээнд тамга дарахаас өөр ажил хийхгүй гээд үндсэн цалин 4,000 юаниар тохиролцож, шилжүүлсэн өдрийн Монголбанкны ханшаар тооцон шилжүүлэхээр болсон. Цалингаа бүтэн авч байсан боловч ажлын чиг үүргээс хамааралгүй ажлуудыг хийлгэдэг байсан. Ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хуульчаас хөдөлмөрийн гэрээний төсөл бэлэн болохоор гэрээг чинь байгуулна гэж хэлээд өдийг хүртэл хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан. Улмаар миний бие 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтны албан тушаалд ажиллах болсон бөгөөд мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний бие анх ажилд орсон 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг ч амраагүй, ажлын тогтсон цаг байхгүй, зарим өдөр хонож ажилладаг байсан. Өдөр бүр багадаа 4 цаг илүү ажилласан боловч илүү цагийн нэмэгдэл хөлс (364 цаг илүү ажилласан, 17,045 төгрөг)-ийг авч байгаагүй, 2023 оны 11, 12, 2024 оны 01 сарын цалин 990,234 төгрөгийг дутуу олгосон. Хариуцагч компани өөрийн ажлыг хийлгэхээс гадна ******* ХХК болон ******* ХХК-д жолооч бүртгэлтийн ажлыг давхар хийлгэдэг байсан. Санхүүгийн албанд "цалин хөлсийг дутуу бодож олгосон, илүү цагийн хөлс авъя" гэж хэлэхэд "******* даргад хэл, бид нар ч угаасаа илүү цагийн хөлс авдаггүй" гэж хэлсэн. 2023 оны 02 сарын 15-ны өдрийн өглөө ажилдаа очиход гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэж өг, одоо чи ажиллах шаардлагагүй" гэж хэлсэн бөгөөд ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд би мэдэхгүй, хуульч чамтай ярина" гэж хэлсэн боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Ингээд 2023 оны 03 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогч "*******" ГХОХХК-д холбогдуулан гомдол гаргаснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 03 сарын 27-ны өдөр 60 дугаартай хуралдааны тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлийн 4-р хэсэгт ажил олгогч ******* ГХОХХК-д хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан 1 нэг сарын цалин хөлс болох 990,234 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч компани уг шийдвэрийн дагуу ажилтны гомдлыг сайн дураар шийдвэрлээгүй тул Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.15-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 60 дугаартай хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан болохыг дурдаж байна.
Иймд хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж, 2022 оны 11, 12 сарууд, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс 990,234 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2022 оны 12 сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар *******г тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар 3 сарын туршилтын хугацаанд ажиллуулахаар болж, ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажиллах хугацаандаа ******* нь компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох тээврийн үйл ажиллагаатай холбогдуулаад ачаа тээврийн тендерт оролцох бичиг баримт боловсруулах ажилд үндсэн ажлынхаа чиг хүрээнд хариуцан ажиллаж байсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлаас итгэмжлэл авч, тендерийн үйл ажиллагаанд компанийн бичиг баримтыг бүрдүүлэх, холбогдох хүсэлтийг өгөх, компанийн төлөөлөх эрх хэмжээний хүрээнд ажиллаж байгаад тухайн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, бичиг баримтын бүрдүүлбэр дутуугаас болж, тендерийн үйл ажиллагаанаас ******* ГХОХХК хасагдсан нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан *******д тухайн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, компанийн үйл ажиллагаанд доголдол учруулсан, хөдөлмөрийн харилцаанд үүргээ зөрчсөн үндэслэлээр 2022 оны 12 сарын 01-ний өдрийн туршилтын хугацаагаар байгуулсан гэрээг 2023 оны 02 сарын 14-ний өдөр дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь ******* ГХОХХК-д ажиллахдаа хөдөлмөрийн хуульд заасан цагаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байгаа. *******г илүү цагаар ажиллуулсан нөхцөл байдал байхгүй. *******г 2022 оны 12 сарын 01-ний өдрийн тушаалаар тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллуулдаг байсан бөгөөд хүний нөөцөөр ажиллуулж байгаагүй. Ажил олгогчоос *******г ажиллуулж байсан ажлын байр нь хүний нөөц биш, үүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж байгаагүй тул *******г хүний нөөцийн менежерийн ажилд томилох боломжгүй. Хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулах, гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй, нөхцөл байдлыг ажил олгогчоос хүлээн зөвшөөрч байгаа, хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлсэн байдаг. ******* нь 2022 оны 11 сарын 17-ны өдөр ажиллаж эхэлснийг ажил олгогч болон нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Талууд харилцан зөвшилцөж, цалин хөлсийг тохиролцоод тухайн үед цалингаа авч байсан, гомдол санал гараагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлээд явж байсан. Илүү цагийн цалин хөлсний талаар ******* тухайн үедээ ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Ээлжийн амралтын цалингийн хувьд *******г ажлаас гарахад ээлжийн амралтын цалинг бодоогүй орхилдуулсан зүйл байх шиг байсан. Сүүлд дутуу олгосон цалин хөлсийг шилжүүлсэн, түүнтэй хамт ээлжийн амралтын мөнгө олгогдсон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар *******г ******* ХХК-ийн жолооч бүртгэлийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговор 17,295,238 төгрөг гаргуулж, *******-д олгож, энэ олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *******-тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахыг ******* ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 саруудын дутуу орсон цалин болох 990,234 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600,000 төгрөг тус тус гаргуулах *******-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,187 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* ХХК-аас 244,426 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговор 17,295,238 төгрөг олгохоор шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид танилцуулж байгаагүй гэрээнд тусгасан цалин 800,000 төгрөг гэж тооцсон нь учир дутагдалтай дүгнэлт болсон. Хариуцагчаас гаргаж өгсөн цалингийн тооцоолол хэрэгт эх хувиараа авагдсан бөгөөд үндсэн цалинг 1,800,000 төгрөгөөр тооцон шилжүүлж байсан тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Хэрэгт цалин хөлстэй холбоотой өөр өөр баримтууд байхад нотлох баримтыг шүүх эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Ажлаас халагдсанаас хойш 21 сар 8 хоногийн дараа эгүүлэн томилогдож, энэ хугацаанд авах байсан олговор 39,240,000 төгрөг бөгөөд шүүхийн шийдсэн 17,295,238 төгрөгийг хасаад 21,944,762 төгрөг дутуу тооцоолсон.
4.2. Анхан шатны шүүх Сангийн сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн ээлжийн амралт олгох, ээлжийн амралт тооцох журмын дагуу ээлжийн амралтын мөнгө олгогдох байсныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ээлжийн амралтын мөнгө журмын дагуу тооцоологдож 354,613 төгрөг гэж нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны олговрыг 39,240,000 төгрөг, амралтын мөнгө 354,613 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Учир нь шүүх ажилд эгүүлэн тогтоохтой холбоотойгоор цалин хөлсийг тооцоолохдоо хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн. *******-ийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх болсон үндсэн баримт буюу нэхэмжлэгчийг 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай, сарын 800,000 төгрөгөөр цалинжуулахаар ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн цалин тооцоололтой холбоотой дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн дээр дурдсан баримтууд нь цалин хөлс тооцоолохтой холбоотой баримт биш. Мөн нэхэмжлэгч сүүлд цалин хөлс олгох үед ээлжийн амралтын мөнгөө тооцоолж гаргасан учраас үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан, хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, 2022 оны 11, 12 сарууд, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс 990,234 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах... гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Учир нь, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах эсэх нь хөдөлмөрийн эрхийн харилцааны талуудын дотоод асуудал бөгөөд хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь ажил олгогчид өөрт нь бий болох тул шүүх үүнийг шийдвэрлэх шаардлагагүй юм.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г ******* ГХОХХК-ийн жолооч бүртгэлийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ГХОХХК-аас ажилгүй байсан хугацааны олговор 17,295,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч ******* ГХОХХК-д даалгаж шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийхгүй.
4. Үүнтэй холбоотойгоор ...хэрэгт цалин хөлстэй холбоотой өөр өөр баримтууд байхад анхан шатны шүүх эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй, ажилгүй байсан хугацааны олговрыг 21,944,762 төгрөгөөр дутуу тооцсон... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Тодруулбал:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтан бус харин жолооч бүртгэлийн ажилтан-ы ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
Улмаар, анхан шатны шүүхийн хийсэн ...*******-г хүний нөөцийн бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллаж байсан гэх байдал үгүйсгэгдэж байна... гэсэн дүгнэлт, мөн ...*******-г жолооч бүртгэлийн ажилтан албан тушаалд 3 сарын хугацаатай томилжээ... гэсэн дүгнэлтийг тус тус нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4.2. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн эрхийн харилцаа нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар уг туршилтын хугацаа дууссанаар дуусгавар болох тул нэхэмжлэгч *******-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиргүй юм.
4.3.Гэсэн хэдий ч, өмнө дурдсанчлан, анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г ******* ГХОХХК-ийн жолооч бүртгэлийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ГХОХХК-аас ажилгүй байсан хугацааны олговор 17,295,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч ******* ГХОХХК-д даалгаж шийдвэрлэсэнд зохигч буюу хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн уг шийдлийг хэвээр үлдээх нь давж заалдах гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим-д нийцнэ.
5. Анхан шатны шүүх 2022 оны 11, 12 сарууд, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс 990,234 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6,204,545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх боловч давж заалдах шатны шүүхээс нэмэлт дүгнэлт хийж, холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шаардах эрхгүй.
Анхан шатны шүүх уг шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.
Иймд, ...анхан шатны шүүхийн шийдвэрт амралтын мөнгө 354,613 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
6. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03949 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч,
тогтоох хэсэгт 4, 5, 6 гэж дугаарласныг 3, 4, 5 гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д... гэснийг ...154 дүгээр зүйлийн 154.2.2-т... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч *******-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 278,962 /11,288+267,674/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР