Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 397

 

 

 

 

  

 

 

    2019         05           31                                    2019/ШЦТ/397   

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.БуянЖ- хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт С-ийн Д-т холбогдох эрүүгийн 1910005530329 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо Арцадын 9б задгайд согтуугаар Д.Ц-тай маргалдан улмаар ус буцалгагч шидэж эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910005530329 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр Хүрлээ /Х-/ хөрш айлд мөнгөөр усанд явж өгсөн. Нөхөр Х- хөрш айлын Д-той хамт 1 шил 0.75л савлагаатай “Хараа” архитай орж ирээд бид гурав архиа хувааж ууж дуусаад, дэлгүүрээс дахин 0.5л савлагаатай “Ерөөл” архи авчраад ууж байгаад тасарчихсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Ухаан ортол миний нүүр дагаад цус урсаад, аманд цус амтагдаад байсан. Маргааш нь сэртэл дух өвдөөд байхаар нь толинд хартал миний духыг боосон байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “чиний толгойг түргэн ирж оёсон” гэж хэлсэн. Өдөр нь хөрш Д- орж ирээд “яанаа, гэмгүй найзыгаа цохьчихлоо, уучлаарай” гэж хэлээд гарсан. Би өөрөө юу ч санахгүй байгаа юм. Харин манай зээ хүү надад “Д- эгч таны толгой руу ус буцалгагч шидээд хагалсан” гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д- надаас тухайн болсон өдрийн маргааш уучлалт гуйгаад 75.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад эмээ Ц-гийн гэрт 23 цагийн үед очтол эмээ Ц- хамтран амьдрагч Хүрлээ /Х-/ болон хөрш айлын Д- эгч гурвуулаа 0.75л савлагаатай нэрийг нь мэдэхгүй архи хувааж уугаад сууж байсан. Тэр гурав архиа ууж дуусаад дахиад 0.75л савлагаатай архи ууж дуусгасан. Х- ах, Д- эгч хоёр хамт дуу дуулж байхад эмээ Ц- тэр хоёрыг хардаж уурлаад барьж байсан хундагаа газарт шидсэн. Д- эгч, эмээ хоёр хоорондоо хэрэлдээд нэгнийгээ хараагаад байсан. Гэтэл Д- эгч эмээг шалан дээр түлхээд унагаачихсан. Х- ах бид хоёр тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд тэр хоёр өөрсдөө салцгаасан. Эмээ гэрийн зүүн хэсэгт зогсож байсан. Харин Д- эгч хойморийн орон дээр байсан. Эмээ Д- эгч рүү халуун сав шидэхэд Д- эгч зөрүүлээд ус буцалгагч, халуун баригч аяга зэрэг эд зүйлс шидсэн. Би яг аль нь оносон болохыг мэдэхгүй байна. Нэг хартал эмээгийн духны зүүн хэсгээс цус гарч байсан. Би Д- эгчийн гэрт очоод Ж-д “эмээ Д- эгч хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. Мөн ээжийн дүү Байгаль эгчийг дуудсан. Д- эгчийг хүүхдүүд нь авч явсан. Би эмнэлэг болон цагдаа дуудсан. Ж- эгч “цагдаа дуудаад хэрэггүй” гэхээр нь би дуудлагаа буцаачихсан юм. Д- эгч эмээ рүү олон эд зүйл шидсэнээс миний бодлоор ус буцалгагч толгойг нь онож цус гаргасан байх..гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Гэрч П.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед хажуу айлын Д-ынд нилээн хэдэн удаа ус авч өгсөн юм. Д- баярласнаа илэрхийлээд 0.75л савлагаатай архи авч өгөөд, манай гэрт орж Ц- бид гурав хувааж уусан. Удалгүй гаднаас Ц-гийн зээ М- орж ирсэн. Гэтэл манай эхнэр Ц- гаднаас 0.5 билүү 0.75л савлагаатай “Ерөөл” архи авчирсан. Бид гурав тэр архийг нь хувааж уугаад талдаа орж байхад Д-, Ц- хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Би тэднийг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёрыг барилцаад авахаар нь арай гэж салгасан. Гэтэл Д- Ц-г “халуун савтай цайгаар нуруу түлчихлээ” гэж уурлаад юм шидээд байсан. Би тухайн үед тэр хоёрыг нээх тоолгүй зурагт үзэж байгаад эргээд хартал Ц-гийн толгойноос цус гарч байсан. Би М-д “гараад Д-ын хүүхдүүдийг дуудаад ир” гэж хэлээд явуулсан. Удалгүй 103 дуудаж Ц-гийн толгойд оёдол тавиулсан. Сүүлд нь гэр орноо янзалж байхад жижиг ус буцалгагчны ёроол нь цус болсон байхаар нь “Д- ус буцалгагч шидээд Ц-гийн толгойг оносон юм болов уу” гэж бодсон. Би тухайн үед Д-ыг юу шидсэнийг хараагүй боловч ямар ч байсан Ц- руу юм авч шидэж байсан. Тэр хоёр хоорондоо ноцолдож зууралдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө унтах гээд хэвтэж байхад 01 цагийн үед манай эгчийн хүүхэд М- над руу залгаад “Д- эгч эмээгийн толгойг хагалчихлаа, та хурдан хүрээд ир” гэхээр нь очтол манай ээж Ц- гэрийнхээ гадаа хаалганы зүүн талд хамтран амьдрагч Х-ыг түшчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай зогсож байсан. Энэ үед Д- эгчийн хүүхэд нь ирчихсэн ээжийгээ аваад гарсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд ээжийн толгойг оёчихоод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №2820 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд үстэй нийлэх заагт байрлалтай 3см урт мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шархтай. Зүүн бугалганы дунд урд хэсэгт 3.5x2см, гадна хэсэгт 5x2см, ар хэсэгт 5x3.5см, шууны дээд гадна хэсэгт 4x2см хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. Д.Ц-гийн биед духанд шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 29-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №3841 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Нурууны дээд хэсгээр нилэнхүйдээ 24x1Зсм хэмжээтэй бор өнгийн нимгэн нөсөөтэй. Дүгнэлт:

1. С.Д-ын биед нуруунд нөсөө тогтоогдлоо.

2. Дээрх нөсөө нь ямар зүйлээр хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. /хх-ийн 33-р хуудас/,

 

Шүүгдэгч С.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрш айлын Х-, Ц- нарын хамт тэдний гэрт орж 0.75л савлагаатай “Хараа” архи хувааж ууж байгаад тасарчихсан. Ухаан ортол өглөө болсон, би гэртээ байсан. Миний нуруу өвдөөд байхаар нь охин Ж-аас юу болсон талаар асуухад “та өчигдөр Ц- эгчийнхээс нуруугаа түлчихсэн орж ирсэн, Ц- эгч болохоор таныг толгой хагалсан гээд байсан” гэхээр нь би Ц-гийн гэрт очоод уучлалт гуйгаад, “эм тариа аваарай” гээд 75.000 төгрөг бэлнээр өгсөн. Би архи ууж байхдаа Ц-тай ойр зуурын зүйл ярьж байснаа санаж байна. Харин муудалцсан эсэхээ санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 9б задгайд  Д.Ц-гийн гэрт шүүгдэгч С.Д-, хохирогч Д.Ц-, гэрч П.Х- нар нь хамтдаа архидан согтуурсан байна. Шүүгдэгч С.Д-, хохирогч Д.Ц- нар нь биеэ хянах чадваргүй согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч С.Д- нь хохирогч Д.Ц- руу ус буцалгагч шидэж биед нь “духанд шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Ц-гийн ...Ухаан ортол миний нүүр дагаад цус урсаад, аманд цус амтагдаад байсан. Маргааш нь сэртэл дух өвдөөд байхаар нь толинд хартал миний духыг боосон байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “чиний толгойг түргэн ирж оёсон” гэж хэлсэн. Өдөр нь хөрш Д- орж ирээд “яанаа, гэмгүй найзыгаа цохьчихлоо, уучлаарай” гэж хэлээд гарсан. Би өөрөө юу ч санахгүй байгаа юм. Харин манай зээ хүү надад “Д- эгч таны толгой руу ус буцалгагч шидээд хагалсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн ...Х- ах, Д- эгч хоёр хамт дуу дуулж байхад эмээ Ц- тэр хоёрыг хардаж уурлаад барьж байсан хундагаа газарт шидсэн. Д- эгч, эмээ хоёр хоорондоо хэрэлдээд нэгнийгээ хараагаад байсан. Гэтэл Д- эгч эмээг шалан дээр түлхээд унагаачихсан. ...Эмээ гэрийн зүүн хэсэгт зогсож байсан. Харин Д- эгч хойморийн орон дээр байсан. Эмээ Д- эгч рүү халуун сав шидэхэд Д- эгч зөрүүлээд ус буцалгагч, халуун баригч аяга зэрэг эд зүйлс шидсэн. Би яг аль нь оносон болохыг мэдэхгүй байна. Нэг хартал эмээгийн духны зүүн хэсгээс цус гарч байсан. ...Д- эгч эмээ рүү олон эд зүйл шидсэнээс миний бодлоор ус буцалгагч толгойг нь онож цус гаргасан байх..гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Гэрч П.Х-ы ...Д- Ц-г “халуун савтай цайгаар нуруу түлчихлээ” гэж уурлаад юм шидээд байсан. Би тухайн үед тэр хоёрыг нээх тоолгүй зурагт үзэж байгаад эргээд хартал Ц-гийн толгойноос цус гарч байсан. ...Сүүлд нь гэр орноо янзалж байхад жижиг ус буцалгагчны ёроол нь цус болсон байхаар нь “Д- ус буцалгагч шидээд Ц-гийн толгойг оносон юм болов уу” гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч Ц.Б-гийн ...М- над руу залгаад “Д- эгч эмээгийн толгойг хагалчихлаа, та хурдан хүрээд ир” гэхээр нь очтол манай ээж Ц- гэрийнхээ гадаа хаалганы зүүн талд хамтран амьдрагч Х-ыг түшчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №2820 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Ц-гийн биед духанд шарх, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 29-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд С.Д- яллагдагчаар өгсөн: …Ухаан ортол өглөө болсон, би гэртээ байсан. Миний нуруу өвдөөд байхаар нь охин Ж-аас юу болсон талаар асуухад “та өчигдөр Ц- эгчийнхээс нуруугаа түлчихсэн орж ирсэн, Ц- эгч болохоор таныг толгой хагалсан гээд байсан” гэхээр нь би Ц-гийн гэрт очоод уучлалт гуйгаад, “эм тариа аваарай” гээд 75.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл: шүүгдэгч С.Д- нь хохирогч Д.Ц- руу ус буцалгагч шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангасан байна.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь эмчилгээний зардалд 75.000 төгрөг төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 13-р хуудас/ гэснийг тогтоолд дурдав.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч С.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Д.Ц-, шүүгдэгч С.Д- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Д- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Д-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Д-ын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх С.Д-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

          1. Б- овогт С-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Д-т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь хохирогч Д.Ц-д 75.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР