| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0362/Э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 398
2019 06 04 2019/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Г- /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 1810016810319 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.М- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноц” констракшны хашааны гадаа 2018 оны 07 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд согтуугаар “шоронд байсан” гэх асуудлаас болж Д.О-тай маргалдан нүүр, цээж хэсэг рүү нь гараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн талын 8, 9, 11-р хавирганы хугарал, зүүн зовхи, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1810016810319 дугаартай хэргээс:
Хохирогч Д.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн хуучнаар автозаводын хажуу талын тролейбусны эцсийн буудал дээр гагнуур хийж байхад Г- над руу залгаад “чи 0.5 литрийн архи аваад манайд хүрээд ир” гэхээр нь орой 19-20 цагийн үед “Ноц” констракшны хашааны сахиул Г-ийн гэрт нь очиход Г-, 2 найз эмэгтэй, нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Би тэр хүмүүстэй танилцаад хамт архи ууцгаасан. М- 0.750 литрийн архитай орж ирээд хамт архиа хувааж уусан. М- над руу агсрах гээд байхаар нь би “харьлаа” гээд гарсан. М- намайг эхнэр Г-тэйгээ хардсан байх. Намайг гараад явж байхад М- ганцаараа араас гарч ирээд миний зүүн чихний ар хэсэгт нэг удаа цохиход би газар унасан. М- намайг юугаар цохисныг мэдэхгүй байна. Газар унасан байхад М- миний зүүн хавирга руу хоёр удаа өшиглөсөн. Миний хавирга эвгүй оргиод, амьсгаа авч болохгүй байснаа арай сэргээд өндийхөд миний зүүн хөмсөгний орчим язраад цус гарчихсан байсан. Нэг эмэгтэй надад нойлын цаас өгөхөөр нь хөмсөгнөөс гарч байсан цусаа арчаад ДЦС-З-ын урдуур явж байгаад салхинд хэсэгхэн зуур согтоод ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэргэсэн. Ингээд 2 хоногийн дараа цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан. ...Миний зүүн талын гурван хавирга хугарсан, зүүн талын зовхи, хүзүү, мөр, бугалга, дал, цээж хэсэгт зулгаралт, хөхрөлт үүссэн байсан. ...Би эмчилгээний зардалд мөнгө төгрөг зарцуулаагүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би М-тай сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/
Гэрч А.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай хүү О- 7 дугаар сард зодуулсан үедээ биеийн байдал нь хүнд байсан. Зодуулснаас болж 2 хавирга нь хугарсан, нэг нүдний яс хугарсан, нүүр ам нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Б.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найз А- болон 3-н хүүхдийн хамт гэртээ байхад 16 цагийн үед найз Б- хүний дугаар асууж орж ирсэн. Ингээд сууж байхад О- над руу 89181182 гэсэн дугаарын утсаар залгаад “хаана байгаа юм бэ, гэртээ байвал би очлоо” гэснээ 0.5 граммтай “Ерөөл” архи барьчихсан нилээн халамцуу найзаараа хүргүүлж ирсэн. А- “хүнтэй уулзана” гээд гараад явсан. Тэр үед М- ирээд уурлангуй “юун хүмүүс архи уугаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “О-тай олон жил найзалж байгаа юм, юунд сүржигнээд байгаа юм бэ” гэхэд М- О-тай юм яриад сууж байснаа юунаас болсныг мэдэхгүй маргалдаад гэрээс гарсан. Удалгүй охин Г- “М- ах нойлын цаас аваад гараад ир гэж байна, Х- ах хашаанаас гараад уначихлаа” гэж орж ирээд нойлын цаас аваад гарсан. Би 10 орчим минутын дараа араас нь гарахад Г- М- хоёр хашааны хаалга уяад зогсож байсан. О- цааш алхаж явахаар нь “амраад явахгүй юм уу, найзыг чинь дуудаад өгөх үү” гэхэд юу ч хэлэлгүй цааш явсан. Би М-гаас “яагаад удав, юу болов” гэж асуухад “Х- нилээн муудсан байна. Бид 2 аль аль нь шоронд орж байсан юм байна, ойлголцчихлоо” гэж хэлсэн. Маргааш Х-гийн ээж нь ирээд “миний хүүг та нар алсан байна” гэж хашгираад, харин дүү нь “ах одоо босож чадахгүй хэвтэж байна” гэж хэлээд гараад явсан. Би Х-тай уулзахад зүүн шанаанд нь бага зэрэг шалбарсан байдалтай өөрөө “хавирга жаахан өвдөж байна” гэж хэлсэн. Х-гийн биед тухайн үед хэн нэгэн хүн гэмтэл учруулаагүй, хашааны гадаа унахдаа шанаагаа халцарсан байсан. Зодоон болоогүй. Хэрэв зодоон болсон бол бид гарах байсан. ...О- манай нөхөрт зодуулсан гэж худлаа гүтгэж байна. О-ийг манайхаас гараад явахаар нь би М-д “араас нь гар О- нилээн согтсон байна” гэж хэлэхэд М- араас нь гараад явсан. Би араас нь гараад очиход О- хамраа ариун цэврийн цаасаар дарсан байхаар нь “зүгээр үү, чи явж чадах юм уу” гэхэд О- “зүгээрээ би явчихна” гээд хашааны хаалгаар гараад явсан. Тэгээд би М-тай гэр рүүгээ орсон. ...Гэрт О-, А-, Б-, бид нарыг байхад М- гаднаас орж ирээд “юун архидалт болоод байна, юун хүмүүс вэ” гэж над руу уурласан. О- М-д “Би шорон оронгоор явж байсан, чи ер нь хэн юм, яагаад том том дуугараад байгаа юм” гэхэд “муучгүй би энэ гэрийн эзэн, та нар айлд архидах ямар эрхтэй юм” гэж маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №8435 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд зовхинд 0.8x0.5см хүрэн өнгийн зулгаралттай, зүүн дээд, доод зовхинд шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний зүүн талд 6x3см, зүүн мөрөнд 6x1.5см, 3x2см, 2x1см хүрэн ягаан, зүүн бугалганы гадна доод хэсэгт 6x4см хөх, цээжний зүүн хажуу хэсэгт суганы дунд шугамаар 7x5см зүүн даланд 8x4см, хэвлийн зүүн доод хэсэгт 2x1см захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний зүүн талд тэмтрэхэд нилэнхүйдээ эмзэглэлтэй. Дүгнэлт:
1. Д.О-ийн биед зүүн талын 8, 9, 11-р хавирганы хугарал, зүүн зовхи, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47-р хуудас/,
Шүүгдэгч Б.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой 20-21 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноц” констракшны хашаанд хамтран амьдарч байсан Г-ийн гэрт очсон. Тэнд Г-ийн найз нар ирсэн байсан. Би тэр хүмүүстэй хамт архи ууж байгаад О- нь “шоронд орж гарч байсан” гэх мэтийн зүйл яриад байхаар нь “би ч гэсэн шоронд байсан бахархаж яриад байх зүйл биш” гэж хэлээд жаахан маргалдаж байгаад О- түрүүлээд гэрээс гарсан. Г- “энэ хүн явж чадах юм уу” гэхээр нь би араас нь гараад хашааны гадаа дахин маргалдаад зууралдаж байгаад О-ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэрээр намайг барьж аваад салахгүй зууралдаад байхаар нь дахин нэг удаа цээж орчимд нь өшиглөхөд хамарнаас нь цус гарсан. Хүүхэд дуудаж гэрээс нойлын цаас авчруулж цусыг нь арчиж өгсөн. О- “найз нар ирсэн байгаа, би өөрөө явж чадна” гэхээр нь явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.А-гийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, Баянзүрх дүүргийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 63-64, 66-67-р хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 67-68-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/, бусад /хх-ийн 79-87, 91-92-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 88-90-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 93-р хуудас/, “Визард констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 95-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2018 оны 07 дугаар сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноц констракшн” ХХК-ийн хашаанд байрлах Б.Г-ийн гэрт шүүгдэгч, хохирогч нар нь нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч Б.М- нь согтуурсан үедээ “үл ялих зүйлээр” шалтаглан хохирогч Д.О-ийг зодож биед нь “зүүн талын 8, 9, 11-р хавирганы хугарал, зүүн зовхи, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.О-ийн ...Намайг гараад явж байхад М- ганцаараа араас гарч ирээд миний зүүн чихний ар хэсэгт нэг удаа цохиход би газар унасан. М- намайг юугаар цохисныг мэдэхгүй байна. Газар унасан байхад М- миний зүүн хавирга руу хоёр удаа өшиглөсөн. Миний хавирга эвгүй оргиод, амьсгаа авч болохгүй байснаа арай сэргээд өндийхөд миний зүүн хөмсөгний орчим язраад цус гарчихсан байсан. ...Миний зүүн талын гурван хавирга хугарсан, зүүн талын зовхи, хүзүү, мөр, бугалга, дал, цээж хэсэгт зулгаралт, хөхрөлт үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р хуудас/,
Гэрч А.С-ийн ...Манай хүү О- 7 дугаар сард зодуулсан үедээ биеийн байдал нь хүнд байсан. Зодуулснаас болж 2 хавирга нь хугарсан, нэг нүдний яс хугарсан, нүүр ам нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Б.Г-ийн ...М- ирээд уурлангуй “юун хүмүүс архи уугаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “О-тай олон жил найзалж байгаа юм, юунд сүржигнээд байгаа юм бэ” гэхэд М- О-тай юм яриад сууж байснаа юунаас болсныг мэдэхгүй маргалдаж эхлээд гэрээс гарсан. ...Би М-гаас “яагаад удав, юу болов” гэж асуухад “Х- нилээн муудсан байна, бид 2 аль аль нь шоронд орж байсан юм байна, ойлголцчихлоо” гэж хэлсэн. ...Би Х-тай уулзахад зүүн шанаанд нь бага зэрэг шалбарсан байдалтай өөрөө “хавирга жаахан өвдөж байна” гэж хэлсэн. Х-гийн биед тухайн үед хэн нэгэн хүн гэмтэл учруулаагүй, хашааны гадаа унахдаа шанаагаа халцарсан байсан. ...О- манай нөхөрт зодуулсан гэж худлаа гүтгэж байна. О-ийг манайхаас гараад явахаар нь би М-д “араас нь гар О- нилээн согтсон байна” гэж хэлэхэд М- араас нь гарсан. Би араас нь гараад очиход О- хамраа ариун цэврийн цаасаар дарсан байхаар нь “зүгээр үү, чи явж чадах юм уу” гэхэд О- “зүгээрээ би явчихна” гээд хашааны хаалгаар гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №8435 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.О-ийн биед зүүн талын 8, 9, 11-р хавирганы хугарал, зүүн зовхи, хүзүү, зүүн мөр, зүүн бугалга, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47-р хуудас/,
Мөрдөн байцааалтанд Б.М- яллагдагчаар өгсөн: ...О- нь “шоронд орж гарч байсан” гэх мэтийн зүйл яриад байхаар нь “би ч гэсэн шоронд байсан бахархаж яриад байх зүйл биш” гэж хэлээд жаахан маргалдаж байгаад О- түрүүлээд гэрээс гарсан. Г- “энэ хүн явж чадах юм уу” гэхээр нь би араас нь гараад хашааны гадаа дахин маргалдаад зууралдаж байгаад О-ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэрээр намайг барьж аваад салахгүй зууралдаад байхаар нь дахин нэг удаа цээж орчимд нь өшиглөхөд хамарнаас нь цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.О-ийг зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М- нь хохирогч Д.О-ийг цохих, өшиглөж унагаах байдлаар биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч Ц.Г- нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн биед хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “Б.М- бид хоёр эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 19-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжээр торгох ялыг хорих ялд шилжүүлэн 30 хоногийн хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нийт эдлэх ялыг 02 жил 06 сар 01 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс миний үйлчлүүлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Өмнө нь хорих ял эдэлж байсан боловч өөртөө дүгнэлт хийж гэр бүлтэй болсон, нэр хүндтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Шүүгдэгч Б.М- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч тэрээр хохирогч Д.О-т “зүүн талын 3-н хавирганы хугарал, зовхи, хүзүү, мөр, бугалга, цээж, дал, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий олон тооны хүндэвтэр гэмтлийг учруулж гэмт хэрэг үйлдсэн байдал болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М- нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 66-68-р хуудас/ байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, 60 хоногийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Б-ын М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-г 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 01 хоногийн /хоёр жил долоон сар нэг хоног/ хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 02 жил 07 сар 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР