Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 15

 

 

Г.Нямтулгад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, ялтан Г.Нямтулга түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг,  нарийн бичгийн дарга Д.Төгс-Эрдэнэ нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой Г.Нямтулгад холбогдох эрүүгийн 201621010018 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2 /хоёр/ жил 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 3 /гурав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Бургууд овгийн Гантулгын Нямтулга нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн иргэн Ч.Баасанжавыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хуурч мэхлэх аргаар залилаж 1.310.000 /нэг сая гурван зуун арван мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “ Бургууд овогт Гантулгын Нямтулгыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар Г.Нямтулгын 500.000 /таван зуу/ мянган төгрөгийг хурааж, 5 /таван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Нямтулгад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Хохирогч Ч.Баасанжав нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Нямтулгын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 278 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож ” шийдвэрлэжээ.

            Ялтан Г.Нямтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхээс намайг буруу зүйл ангиар хүнд ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

            Ялтны өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Хохирлын хэмжээг яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг агуулаагүй байхад хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.     

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь: Г.Нямтулгад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн бус хийсэн, нотлогдвол зохих ажиллагааг бүрэн нотлоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй, хохирогч Ч.Баасанжаваас, Г.Нямтулга нь хичнээн хэмжээний хохирлыг ямар аргаар залилан мэхэлж авсныг тогтоогоогүй өөрөөр хэлбэл объектив талыг тогтоогоогүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  хохирогч  Ч.Баасанжав нь Г.Нямтулгаас нийт өгсөн гэх мөнгө 960000 төгрөг, бензин 150000 төгрөг, түлш 400000 төгрөг. . . нийт 4068100 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байхад /хх-н 223х/, прокурорын яллах дүгнэлтээр хохирлыг 1310000 төгрөг гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн 4068100 төгрөгийн хохирлоос прокурор ямар нотлох баримтуудыг үндэслэн ямар хохирлуудыг хасаж 1310000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч Ч.Баасанжавын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулаагүй байна. Тухайлбал хохирогч Ч.Баасанжав яллагдагч Г.Нямтулгад бэлэн өгсөн гэх 960000 төгрөг, бензин 150000, түлш 400000 төгрөг зэргийг ямар эх үүсвэрээс авч өгсөн, өгөх үед гэрчийн этгээд байсан эсэх зэргийг шалгаж тодруулаагүй байна.

 Энэ нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул Г.Нямтулгын давж заалдсан гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Г.Нямтулгад урьд нь цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                    Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                         Б.ДАМБА