Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 31

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суугч, иргэн Еншээбүү овгийн Дүүдэйгийн Батмөнхийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,

    “Д.Батмөнх миний 2007 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын, 2008 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 1.096.854 төгрөг төлөхийг Тэс сумын Засаг даргын тамгын газарт даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Батмөнх 1956 онд төрсөн, 60 настай. Ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг. Би 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Эрчим хүчний салбарын эрхлэгчээр анх ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл 23 жил тасралтгүй тус салбарт эрхлэгч, гэрлийн байцаагчаар ажиллаж байна. Миний ажиллаж байх хугацаанд 2007 оны долоон сарын, 2008 оны 7 сарын бүгд 300.534 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 2009, 2010 оны нийгмийн даатгалын шимтгэлд 796.320 төгрөгийг тус тус миний цалингаас суутгаж авсан мөртлөө нийгмийн даатгалд төлөөгүй байна. Би 2009, 2010 онуудад Тэс сумын Эрчим хүчний газарт гэрлийн байцаагчаар ажиллаж цалин хөлс авч байсан талаар тодорхойлолт гаргуулж аваад 2016 оны 7 сард тэтгэврээ тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад таны 2007, 2008 онуудын зарим сарын шимтгэл, 2009, 2010 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс хохирч байна. Би анх ажилд орохдоо Увс аймгийн Тэс сумын Засаг даргын захирамжаар ажилд ороод түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Би 2017 оны 1 сарын 03-ны өдөр тэтгэвэртээ гарч, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дээрх ажилласан хугацааны шимтгэл төлөгдөөгүйгээс би ажилласан жилээ бүрэн тооцуулж тэтгэврээ тогтоолгож чадахгүй миний эрх ашиг хохирч байна. Иймд миний 2007 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын, 2008 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 1.096.854 төгрөг төлөхийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт даалгуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэс сумын иргэн Д.Батмөнхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өргөдлийн дагуу Засаг даргын тамгын газрын 2007, 2008, 2009, 2010 онуудын санхүүгийн баримтыг шалган үзэхэд Д.Батмөнх нь Засаг даргын тамгын газраас цалин авч ажиллаж байгаагүй байна. Тухайн үед эрчим хүчний салбар нь хөдөө аж ахуйн банкинд тусдаа данстай орлого, зарлагаа тооцдог аж ахуй нэгж байсан. Иргэн Д.Батмөнхтэй холбоотой сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 01-ний 66 тоот захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 тоот Засаг даргын тамгын газрын тушаал нь эрчим хүчний орсон орлогын цэвэр ашгаас цалинжуулахаар тушаал гарсан байна. Энэ байдлыг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Ц.Энхбаяраас асууж лавлахад тухайн үед тэр байгууллага ашиггүй ажиллаж байсан тул цалин олгож байгаагүй болно. Иймд иргэн Д.Батмөнхийн өргөдөлд тусгагдсан 2007, 2008, 2009, 2010 онд Засаг даргын тамгын газраас цалин авч байгаагүй тул энэхүү хүсэлтийг Засаг даргын тамгын газар хариуцахгүй болохыг тодорхойлж байна. Эрчим хүчний салбар нь Хаан банкинд 5815049911 тоот данстай байсан болохыг тодорхойлов. Д.Батмөнхийн цалинтай холбоотой бичиг баримтыг Тэс баруун бүсийн эрчим хүч хариуцах бөгөөд санхүүгийн баримт бичиг Засаг даргын тамгын газарт байхгүй болно.” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Тэс сумын Эрчим хүчний эрхлэгчээр би хориод жил ажилласан. Манай сум 2008 оны 12 дугаар сард Оросын Холбооны улсаас өндөр хүчдэлийн тогонд холбогдсон. Тэс сумын Засаг даргын захирамжаар намайг гэрлийн байцаагчаар томилж нийт 3 жил ажилласан. 2011 оны 01 дүгээр сард Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д шилжээд тус сумын тамгын газрын харъяанд шугам сүлжээг хүлээлгэж өгсөн. Тэр хугацаанд бид бүхэн айл, өрхөөс авсан борлуулалтын орлогоос өөрсдөө цалингаа авч өөрсдөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой. Баруун бүсийн эрчим хүчний системд 1 киловать цахилгааныг 39 төгрөг 60 мөнгөөр төлбөр төлөх ёстой 66 төгрөгөөр борлуулж байсан. Энэхүү зөрүүгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Засаг даргын захирамж бидний цалинг 158.000 төгрөгөөр тооцож үүнээс нийгмийн даатгалын шимтгэлээ тооцох тухай байсан. Ингээд бид нарт 129.000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг нь нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөнө гэж байсан. Нягтлан бодогч тухайн үед мөнгө хүрэлцэхгүй байсан гэж тайлбарласан байсан. Мөнгө хангалттай хүрэлцэж байсан. Тухайн илүү гарсан мөнгийг нягтлан, Засаг дарга хоёр шамшигдуулсан. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн ирэхэд 750.000 төгрөгөөр эмээл худалдаж авч өгсөн. Мөн Тува улс руу сая сая төгрөг шилжүүлж байсан. Бид нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан мөнгийг шилжүүлэхгүй надад чирэгдэл учруулсан гэж үзэж байна. Миний 2 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол би тэтгэвэрт гарахад хэдэн төгрөг нэмж авах байсан. Би 44 жил ажилласан байхад 35 жилээр тэтгэвэрээ тогтоолгосон. Нягтлан бодогч миний нийгмийн даатгалын шимтгэл төлж өгнө гээд миний сеф авсан. Миний ажиллаж байсан газар хөрөнгөгүй байгууллага биш өөрийн гэсэн хөрөнгөтэй байсан. 110 сая төгрөгийн 2 том дизель самбар запас сэлбэгтэйгээ байсныг бид нар асааж байсан эрчим хүчний салбар байсныг үгүй хийсэн. ОХУ-аас цахилгаан ирдэг болсноор би эрхлэгчтэй тушаалтай байсныг байцаагч болгосон. Мөн надтай хамт ажиллаж байсан ажилтан тогонд цохиулаад нас барсан. Сумын тамгын газраас өгөх мөнгө байхгүй гэхээр нь дарга, нягтлан бодогч хоёрт хэлж байгаад данснаас 500.000 төгрөг ар гэрт нь буцалтгүй тусламж гэж өгүүлсэн байгаа. Ингээд дансанд 1 сая гаруй төгрөг үлдсэн боловч юунд зарцуулсныг мэдэхгүй. Миний гарын үсэгтэй цалингийн цэс бүрэн гүйцэд байхгүй байна. Дансны хуулга нь банкинд хадгалагдаж байгаа. 100-аад сая төгрөг уг дансанд орсон байх юунд яаж зарцуулагдсан нь харагдана. Нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж 2009, 2010 оны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр нэхэмжилж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч  Д.Батмөнх нь тус шүүхэд “2007 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын, 2008 оны 1,2,3,4,10,11,12 дугаар саруудын 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 1.096.854 төгрөг төлөхийг Тэс сумын Засаг даргын тамгын газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж, “2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлд 796.320 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах”-ыг хүссэн байна.

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч  нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгч Д.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тэс сумын Засаг даргын Тамгын газрын харьяанд ажиллаж байх үед 2009, 2010 оны нийгмийн даатгалын шимтгэлд 796.320 төгрөгийг тус тус миний цалингаас суутгаж авсан мөртлөө нийгмийн даатгалд төлөөгүй байна. Би 2017 оны 1 сарын 3-ны өдөр тэтгэвэртээ гарч, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дээрх ажилласан хугацааны шимтгэл төлөгдөөгүйгээс би ажилласан жилээ бүрэн тооцуулж тэтгэврээ тогтоолгож чадахгүй миний эрх ашиг хохирсон” гэж тодорхойлжээ.

       Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын дарга “Д.Батмөнх нь 2009, 2010 онд Тэс сумын Засаг даргын тамгын газраас цалин авч байгаагүй тул энэхүү хүсэлтийг Засаг даргын тамгын газар хариуцахгүй” гэж татгалзалаа илэрхийлжээ.

       Тэс сумын Засаг дарга 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймаг дахь Баруун бүсийн эрчим хүчний газар сумын Засаг даргын хооронд байгуулсан цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг үндэслэн 66 тоот захирамж гарган сумын Эрчим хүчний салбарыг Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлж, сумын төв, Хар-Үзүүрийн багийн төвийг хариуцсан гэрлийн байцаагч 2, монтёр 1, бүгд 3 орон тоогоор ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

      Энэхүү захирамжийн дагуу Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот тушаал гарч Д.Батмөнхийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаанчнаар түр томилж эрчим хүчний орсон орлогын цэвэр ашгаас нь 158000 төгрөгийн жишигт хүргэн цалинжуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Д.Батмөнх нь 2009, 2010 онуудад Тэс сумын Засаг даргын тамгын газарт харъяалагдан цалин авч, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутган  авч байсан нь гэрч Н.Рааш, Ц.Энхбаяр нарын мэдүүлэг болон Тэс сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн иргэн Д.Батмөнхийн 2009 оны 1 сараас 2010 оны 12 сар хүртэлх Тэс сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд ажиллаж байсан үеийн цалин олголтын баримт, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2011 оны 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” 06 тоот тушаалаар тус тус тогтоогдож байна.

      Д.Батмөнх нь төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр  томилогдон ажиллаж байсан учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах ажилтанд хамаарах юм. Тэс сумын Засаг дарга нь эрчим хүчний салбарын орлого зарлагын гүйлгээг хянаж, захиран зарцуулах эрхийг олгодог байсан ба эрчим хүчний салбарын үндсэн хөрөнгө Тамгын газрын үндсэн хөрөнгөд шилжсэн байна.  

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “...ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 –д “... даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч...гүйцэтгэнэ”, мөн 17 дугаар зүйлийн 17.1-д “ажил олгогч  нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй “ гэж заажээ.

      Тэс сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нь иргэн Д.Батмөнхийн сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд цахилгаанчнаар ажиллаж байсан үеийн цалин болох 158000 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцож авч цалингаа олгосон атлаа шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй, дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй  болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгч Б.Батмөнхийн шимтгэл төлөгдөөгүйгээс ажилласан жилээ бүрэн гүйцэд оруулан тооцуулж өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж хохирсон байна.

      Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцахаар зохицуулсан байна.

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгүүдэд зааснаар Тэс сумын ЗДТГ /ажил олгогч/ болон Б.Батмөнх /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг тооцоход 796320 төгрөг / 158000x11%(а.о)x10%(д)x24 сар / болж байна. Өөрөөр хэлбэл Тэс сумын Засаг даргын Тамгын газар Б.Батмөнхийн 2009, 2010 онуудын шимтгэлд 796320 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ёстой байжээ.

      Тэс сумын Засаг даргын Тамгын газрын буруугаас нэхэмжлэгч Б.Батмөнхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батмөнхийн 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлд 796320 төгрөг нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөн төлөхийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэв.  

     Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Батмөнхийн 2009, 2010 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус онуудын нийгмийн даатгалын шимтгэлд 796320 /долоон зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин/ төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ