Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1292

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 04                 Дугаар1292                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32016/04070 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

            Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2012 оны 10 дугаар сараас цалин хөлс хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс Санхүүгийн албаны дарга хүүхэд асрах түр чөлөөтэй байхад Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэх ажил хийж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 25-наас Санхүүгийн албаны даргын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орсон тул мөн өдрөөс цалин хөлс хариуцсан нягтлан бодогчоор буцаан томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа миний бие албаны шилдэг ажилтан, Сангийн яамны жуух бичиг, Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан. Мөн санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын санхүүгийн дотоод хяналтын шалгалт, Үндэсний аудитын газрын шалгалтанд сайн буюу зөрчилгүй дүгнэлттэй гарч байсан. Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар нь 95 жилийн түүхтэй байгууллага байсан бөгөөд Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 149 тоот тогтоолоор 2015 оны 1 дүгээр сараас Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Улмаар аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болохтой холбоотойгоор 2014 оны 06 дугаар сараас эхлэн тооцоо, судалгаа, төлөвлөгөө, Төрийн ордны байр ашиглалтын үйлчилгээний талаар тамгын газруудтай гэрээ хийх, талбайн хэмжээг тохирох, санхүүжилт олж авах гэх мэт урьд өмнө огт хийгдэж байгаагүй олон ажлуудыг миний бие албаны даргын ажлыг гүйцэтгэж байхдаа хамт олныхоо хамт хийж гүйцэтгэсэн. Дээрх байдлаар миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байгаад Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдлаа. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Төр, засгийн уйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын санхүүгийн албанд цалин хөлс хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 01 сарын 22-ны өдрөөс хойш ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, мөн энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

22-ны өдрөөр тушаал гаргаад 22-ны өдөр халсан байна. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлан тушаалдаа давтан гэсэн боловч тайлбартаа ноцтой гэж шүүхэд мэтгэлцэж байна. ХХХ нь хүн чанартай хүн юм. ХХ-ийн өмнөөс мөнгө төлөөд байна. ХХ нь би өөрөө гуйсан юм ямар ч байсан тушаалыг нь хохиролгүй болгоё гээд төлсөн байдаг. ХХийг чөлөөлөгдөх үед амарсан байсан, тушаалын төсөл танилцуулаагүй 08 сард гарсан байдаг. Тэтгэмж нь олговор гээд гарсан байдаг. Үүнийгээ байгууллагын дотоод асуудал гээд байж болохгүй. ХХ-ийн зөрчилд халдаагаад байна уу гэж таамаглаж байна. Дараагийн зөрчлөө цалин бодолттой холбоотой гэж сая уйлж хэлж байна. Төсөвт байгууллагад төрийн сан гүйлгээ хийхгүй болсон. Аж ахуйн тооцоотой газар байхаар өөр банкаар ордог. 21-ний өдөр хүмүүсийн цалин программ дээрээ зөв байснаараа ороод ирсэн. Ингэлээ гээд байгууллагад ямар ч хохирол учраагүй хэтэрхий субъектив байдлаар хандаж байна. Сахилгын зөрчил гэдэг бол хөдөлмөрийн гэрээний, дотоод журмын алийг зөрчөөд байгаа юм. Өөрөөс нь шалтгаалахгүй шалтгаанаар цагийн дотор бичигдсэн байдаг. ХХХ нь хуучин үнэмлэхтэйгээ ирсэн, ХХХ-ийн алдааг өөрөө олж хэлсэн байдаг. Ноцтой зөрчил гэж ажил олгогчид эд хөрөнгийн хохирол, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр ямар нэгэн хохирол учраагүй. Тушаал хэлбэрийн агуулгын хувьд зөв байх хэрэгтэй. 2016 оны 01 сарын 22-ны өдрийн тушаалаар нэг өдөр халчихсан. Үүгээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. 43.1 “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэсэн байдаг, энэ биелэгдээгүй. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тухайн ажилтны ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцоод үүн дээр ажил хүлээлцэхээр тогтоосон хоногийг нэмээд гаргана гэсэн байдаг. 01 сарын 22-нд тушаал гараад 22-ны өдөр чөлөөлөөд явуулсан байдаг. Хөдөлмөрийн дотоод журамдаа шаардах эрх нь байгаа гэж байна. Энэ нь тушаал гаргаад баяртай гэж явуулахаасаа өмнө эрх нь үүсдэг байна. Үндэслэлийг урьдчилан ажилтанд танилцуулж тайлбар авна гэсэн болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхийн маргаан юм. Хөдөлмөрийн дотоод журмын 14 огт хэрэгжээгүй. Харъяаллын болон зохион байгуулалтын албаны саналыг үндэслэн газрын захирлын тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулж байна. Зохион байгуулалтын албаны саналыг авсан нь хаана байна. Программын гэрээ нь одоо болтол дуусаагүй байгаа. Нэг ийм асуудлаас болоод нэг байгууллагын ажилтанд шийтгэл ногдуулаад байгаад харамсаж байна. Гэрчүүдийн мэдүүлэг их зөрүүтэй байна. Тушаал зөв гарсан байх ёстой, гэрчүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь буруу байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а-ын дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 3 сар 10 хоног 73 хоногийн 4.546.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ХХХ нь тус газарт Бараа материал хариуцсан нягтлан бодогчоор 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба 2012 оны 10 дугаар сараас Цалин хөлс хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн албаны даргаар жинхлэн томилогдон ажиллаж байжээ. Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан ХХХХ-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа ороход ХХХг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 145 дугаар тушаалаар Цалин хөлс хариуцсан нягтлан бодогчоор ажиллуулж байсан. ХХХ эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, тус газрын дэд даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ХХ-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг захирлын ямар ч тушаал, шийдвэргүй дур мэдэн байгууллагын өмнөөс төлж, байгууллагад 63,360 төгрөгний хохирол учруулсан юм. ХХХ-ийн энэ үйлдэлд газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дугаар зүйлд заасны дагуу “үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг ХХХ хүлээн зөвшөөрч, байгууллагыг хохиролгүй болгож, 63,360 төгрөгийг улсын төсөвт төлсөн. Тухайн үед энэ тушаалд гомдол гаргаж байгаагүй. Сахилгын шийтгэлийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй байхад Дэд захирал ХХХын цалинг 237,154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч ХХХ-ийн цалин 469,312 төгрөг огт бодолгүй орхигдуулсан санхүүгийн ноцтой зөрчлийг дахин гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ХХХг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан юм. Санхүүгийн албанд ажилладаг хүний гол чанар бол үнэнч шударга байх, мөн удирдлагынхаа итгэлийг эвдэхгүй байх, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандах, гарч байгаа тайлан мэдээ зөрчилгүй байх гэж бид үзэж байна. Удирдлага нь итгэл үзүүлээд байхад итгэлийг нь эвдээд алдаатай санхүүгийн баримтуудыг удаа дараа оруулан танилцуулж, байгууллагыг хохиролд оруулж, албан хаагчдын цалинг илүү бодож, эсхүл огт бодоогүй зэрэг нь сахилгын зөрчилд хамаарна. Эдгээр зөрчил нь сахилгын ноцтой зөрчилд хамаарч байна. Энэ нь юугаар нотлогддог вэ гэвэл хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/01 дугаартай ХХХ-ийн хөдөлмөрийн гэрээний 5.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан тийм тийм зөрчил орно гэж тусгайлан заасан байгаа. Энд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зөрчлийг заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.3.6, 5.3.10 дахь заалтыг ХХХ нь зөрчсөн гэж үзсэн. Эдгээр заалтад өөрийн эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, байгууллагыг өөр хэн нэг этгээдийн өмнө үүрэг хүлээхэд хүргэсэн гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Тогтоолын 15.4.1-т Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байдаг. Тогтоолын 15.4.2.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино гэж заасан байдаг тул ХХХ-ийн гаргасан зөрчил нь сахилгын ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж байгаа. Тогтоолын 15.5 Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж заасан байдаг. Энэ буруутай үйл ажиллагаа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон байгаа. ХХХХ, ХХХХ дарга дүгнэлт гаргасан байдгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. ХХХ нь нэхэмжлэлдээ Сангийн яамны жуух бичиг, Эдийн засгийн тэргүүний ажилтны цол тэмдэгээр шагнагдан ажиллаж байсан хэмээн дурджээ. Аливаа байгууллага нь сайн ажилласан бол шагнаж, урамшуулдаг, алдаа зөрчил гарвал шийтгэл ногдуулах нь зүйн хэрэг юм. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 сарын 22-ны Б/10 ХХХг ажлаас халах тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2016 оны 01 сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, үүнийгээ ХХХ нь хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан тул 01 сарын 22-ны өдөр ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “ХХХ” ХХК-ийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 16/010 дугаартай албан бичиг боловсруулсан процесс, хавтаст хэргийн 141-146 дугаар талуудад байгаа баримт эх хувиараа байгаа нь эдгээр хүмүүс нь ажилдаа хэрхэн хандаж байсан нь харагдаж байна гэв. Иймд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагадаа санхүүгийн алдаатай баримтыг удаа дараа танилцуулж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, ажил олгогчийнхоо итгэлийг эвдсэн ХХХг ажлаас халсан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гарсан тул ХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ХХХ-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас ажилтнуудынхаа цалин хөлсийг cap бүрийн 10 болон 25-ны өдөр олгох ёстой байсны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ХХХ нь ажилтнуудынхаа цалингийн бодолтыг хийж тус газрын ахлах нягтлан бодогч болон Санхүүгийн албаны даргаар тус тус гарын үсэг зуруулсан боловч цалингийн гүйлгээ хийгдээгүй. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгөх ёстой урьдчилгаа цалингаа ажилтнуудад хугацаандаа олгоогүй удсан, мөн цагаан cap болох дөхсөн учир ажилтнууд цалингаа авахыг шаардсан төдийгүй ажилтнууд банкны зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, банкнаас удаа дараа шаардсан зэрэг нөхцөл байдлын улмаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр тус газрын дэд захирал ХХХ нь 1 дүгээр сарын цалинг бүтнээр нь гүйлгээ хийхээр Төрийн сан банкнаас зөвшөөрөл авсны дагуу ажилтнуудын цалинг олгохоор болсон. Уг цалин бичилт нь “Программ хангамжийн лицензийн гэрээ”-ний дагуу программын шинэчлэлтийн явцад хийгдсэн бөгөөд тус газрын захирлаар ажиллаж байгаад дэд захирлаар томилогдон ажиллах болсон ХХХын болон тус газарт ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөгөө дуусган ажилдаа эргэн орсон цай зөөгч ХХХ-ийн цалинд өөрчлөлт орж бодогдсон байсан. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоогүй бөгөөд харин программын шинэчлэлттэй холбоотой бодогдсон юм. Учир нь ХХХХ нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Төсөвт байгууллагад шилжих болсонтой холбоотойгоор санхүүгийн программаа шинэчлэх шаардлагатай болсон ба улмаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “ХХХХ” ХХК-тай “Программ хангамжийн лицензийн гэрээ”-г байгуулж санхүүгийн “Даймонд” программаас шинээр санхүүгийн emerald программ руу шилжихээр болсон ба гэрээний 4.3-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны дотор программ хангамжийг акт үйлдэж хүлээлцэхээр болсон ба 2016 оны 01 дүгээр сарын цалинг бодох үед програмаа бүрэн дуусаагүй, актаар хүлээлгэж өгөөгүй, нэвтрүүлэлт хийгдэж дуусаагүй байсан. Түүнчлэн уг өөрчлөлттэй бичилтээр цалингийн гүйлгээ огт хийгдээгүй бөгөөд тиймээс уг цалингийн бодолтоос байгууллагад нэг ч төгрөгийн хохирол учраагүй, энэ талаар ч хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх дээрх бодит нөхцөл байдал болон үүнд хамаарах нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн хариуцагч талын шүүхэд мэдүүлж буй тайлбар болон хэрэгт ач холбогдолгүй баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХХХХ болон “ХХХХ” ХХК-тай “Программ хангамжийн лицензийн гэрээ”-ний 4.3-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-ны дотор программ хангамжийг акт үйлдэж хүлээлцэх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халах үед программын шинэчлэлтээ хийж дуусаагүй, хүлээлгэж өгөөгүй байсан, шинэчлэлт хийгдэж байсан бөгөөд улмаар 1 дүгээр сарын цалин бодолт нь программын шинэчлэлтийн явцад үүссэн бөгөөд хүний үйл ажиллагаанаас шууд хамаараагүй болох талаар “ХХХ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16/010 дугаартай албан бичигт дурдсан байдаг. Гэтэл хариуцагчаас дээрх бичигтэй холбоотой тус компаний нэр бүхий олон хүний тайлбар гэгчийг бичүүлэн шүүхэд өгч улмаар гэрчээр асуулгах хүсэлт гаргаж шүүх хуралд гэрчээр асуулгасан боловч тэдгээр гэрчийн мэдүүлэг нь шүүхэд өгсөн бичмэл тайлбараасаа огт өөр, хоорондоо зөрүүтэй, ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй байхад шүүх ийм баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчаас шүүхэд өгсөн “ХХХ” ХХК-ийн нэвтрүүлэлтийн менежер ХХХ-ийн бичгийн тайлбарт “ХХХ нь 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш бдөр бүр ярьж 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр миний хувийн дугаар болох ХХХХХХХХ дугаар луу залгасаар 10 дугаар сарын 26-ны өдөр ТЗҮЭГ-ын цалингийн нягтлан бодогч ХХХ нь манай компани дээр 16 цагийн орчим өөрийн биеэр ирж учир шалтгаанаа тайлбарлан албан бичиг бичиж өгөхийг хүсэж хамт бичилцэж, боловсруулсан” гэж бичсэн тайлбар өгсөн байдаг. Гэтэл ХХХ нь уг хүнийг огт танихгүй, өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй бөгөөд түүн рүү залгаагүйг нотлохоор утасны ярианы хуулгыг “Скайтел” компаниас гаргуулж хавтаст хэрэгт өгсөн. Дээрх байдлаар ХХХг танина, уулзаж байсан, хамт бичиг боловсруулсан гэж бичгийн тайлбар өгсөн атлаа гэрч ХХХ нь шүүх хуралдаанд ХХХ-г огт танихгүй юм байна, өмнө нь уулзаж байгаагүй, утсаар ярьсан хүн биш байна, энэ хүнийг анх удаа харж байна гэх зэргээр мэдүүлсэн атал шүүх хэрэгт ач холбогдолгүй, хэргийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангахааргүй, бүхий л гэрчийн мэдүүлгүүд нь ИХШХШТХ-д заасан нотлох баримтын шаардлага хангахааргүй, хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн “ХХХ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16/010 дугаартай албан бичгийг дээрх үндэслэлээр ХХХтай хамт ажлаас халагдсан тус газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан ХХХ очиж авсан болохоо шүүх хуралд мэдүүлсэн, уг бичгийг “ХХХ” ХХК-ийн нэвтрүүлэлтийн хэлтсийн дарга ХХХ уг бичигт өөрөө гарын үсэг зурсан гэдгээ шүүх хуралд мэдүүлсээр атал шүүхээс хууль бус аргаар гаргуулсан хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ХХХг “сахилгын зөрчил давтан гаргасан” хэмээн ажлаас нь халсан атлаа хариуцагчаас шүүхэд өгсөн бичгийн тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч удаа дараа мэдүүлэхдээ ХХХг давтан зөрчлөөр биш харин “сахилгын ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр халсан гэж тайлбарлан мэдүүлдэг. Гэтэл шүүх “хариуцагч шүүх хуралдаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ХХХг ажлаас халсан гэх тайлбрыг өгсөн нь нотлогдож байна” хэмээн хариуцагчийн шүүхэд өгөөгүй тайлбрыг дурдан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ХХХг ажлаас халахдаа тушаал гарсан өдрөөс нь буюу 2016 оны 01 дүгээр сарыи 22-ны өдрөөс шууд ажлаас нь халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг зөрчсөн, мөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцээгүй болно. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч ХХХг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 7.7.6, хөдөлмөрийн дотоод журмын 3.12 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн албанд цалин хөлс хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан байх бөгөөд үүний өмнө хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ХХХд “үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20%-иар бууруулах “сахилгын шийтгэл ногдуулсан, энэ тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч ХХХ нь 2016 оны 1 дүгээр сарын ажилчдын цалинг бодохдоо дэд захирал ХХХын цалинг     237 154 төгрөгөөр өсгөж, цай зөөгч ХХХ-ийн цалинг огт бодолгүй орхигдуулсан гэх хариуцагчийн тайлбарыг “программын алдаанаас болсон” гэж нэхэмжлэгч тайлбарласнаа баримтаар нотлоогүй, хариуцагч байгууллагаас “ХХХХ” ХХК-тай байгуулсан гэрээгээр суурилуулсан программаар цалин бодогдоогүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч ХХХд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахдаа “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан, ...байгууллагад 63 360 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үндэслэл заасан ба нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлээ ХХХ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж хариуцагч тайлбарлажээ.

Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ХХХ нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалд гомдол гаргаагүй, ажилчдын 2016 оны 1 дүгээр сарын цалинг буруу бодсон нь шинээр суурилуулсан программын алдаанаас болсон гэдгийг баримтаар нотлоогүй, программ алдаатай байсан нь хэргийн баримтаар нотлогдоогүй тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг      хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны     шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2016/04070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...128.1.2 гэсний дараа 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2...” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                     ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ