Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 174

 

Д.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан, Т.Урангэрэл, хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 705 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох 1905041920404 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Халзад овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Д.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 9.040.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 30.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгуулах, хохирогч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.М-ын хохирлоос 19.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.06-ний өдрийн 705 дугаартай магадлалыг тус тус эс хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014.09.14-ний өдрөөс 2016.05 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагын эзэмшлийн “ногоон зоорь”-ийг худалдана гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.М-ын 30,000,000 төгрөгийг залилсан...” гэж хэргийн нөхцөл байдлыг тогтоосон. Энэхүү үйл баримтыг тогтоохдоо хохирогч Д.М-ын удаа дараагийн зөрүүтэй мэдүүлэг, гэрч Б.Ч, Г.М, О.М, Б.У, Р.О, М.Э, М.Э, Т.Б нарын мэдүүлгийг үнэлсэн ба өөр нотлох баримтыг үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад төрлийн гэмт хэргээс хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан үйлдлийн арга, хохирогчийн тухайн үйлдэлд хандсан сэтгэхүйн харьцаагаар ялгагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирогчийн хувьд төөрөгдөлд орсон, төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө өөрийн сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлсэн байх шаардлагатай. Энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолд1 “...Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа хүн байдаг. Гагцхүү энэхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно...” гэж тайлбарласан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлтэд дурдсан “ногоон зоорь”-ийг хувьчилна, худалдана, “зоорь худалдана авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх бэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надад хэлчих, ногоон зоорины нэгийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг чи ав” гэх зэргээр хохирогчид төөрөгдсөн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй буюу нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.25-ны өдрийн 11 дугаартай шийдвэрт/1хх-ийн 120/ “...хариуцагч Д.М тайлбартаа “Рояал шүр” ХХК түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа УБТЗ ХНН-ийн итгэл найдварыг алдалгүй түрээсэлж буй объектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж чирэгдэлгүй ажиллаж ирсэн. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УБТЗ-ын харьяа ногоон зоорины ерөнхий түрээслэгчээр 2013.06.01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1,000,000 төгрөгөөр тохирсон. Мөн 2014.10.01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тохирч, түрээсийн төлбөрийн 7,000,000 төгрөгт оруулан тооцож байхаар хийсэн. ...харуул хамгаалалтыг өөрөө хариуцах хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Ингээд манай хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч 2016.05.01-ний өдрөөс 2021.05.01-ний өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг шинэчилсэн. Гэрээнд харуул хамгаалалтын зардлыг хасч, түрээсийн гэрээний төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохирсон. ...УБТЗ-ын дотоод аудитын дарга н.Пунцаг гэдэг хүнд би түрээслэгч нарыг яагаад айлгаад байгаа талаар асуухад тэр надад насаараа бизнес хийсэн хүн хоёулаа тохирьё гэж, өөрөөр хэлбэл надаас мөнгө нэхэхэд нь би зөвшөөрөхгүй гэж хэлээд гарсан. Үүнээс болоод гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах гээд байна гэж үзэж байна...” гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигч 2014.09.15-ны өдөр түрээсийн 14/2-53 тоот гэрээг байгуулж, УБТЗ ХНН нь Баянгол дүүрэг, тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногоон зоорины хашааны талбай, төмс, байцаа, манжингийн зоорь, модон зоорь, ажилчдын байрыг төмс, хүнсний ногоо, барилгын материал хадгалах, хашаанд түрээслэгч өөрийн контейнерийг байршуулан барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар хариуцагч “Рояал шүр” ХХК-д 2014.10.01 өдрөөс 2017.10.01 өдрийг хүртэл хугацаанд сард 7,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр эзэмшүүлэхээр тохирч, түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч 2015.05.21 өдөр УБТЗ-ын Тээш худалдааны төвтэй, 2018.05.21 өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөг байхаар 15/2-53 дугаартай гэрээг байгуулсан. Үүний дараа хариуцагч 2016.05.01 өдрөөс 2021.05.01 өдрийг хүртэл хугацаатай түрээсийн гэрээ байгуулах хүртлээ түрээсийн төлбөрийг сар бүр 7,000,000 төгрөгөөр төлсөөр ирсэн талаар зохигч маргахгүй байна...” гэж дүгнэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.02-ний өдрийн 588 дугаартай магадлал /1хх-ийн 133/, Монгол Улсын Дээд шүүхийн 2018.06.19-ний өдрийн 01010 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бол талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, ийнхүү түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг хэн аль нь зөвшөөрсөн, маргаагүй гэдгийг тогтоосон юм. Хохирогч Д.М иргэний хэргийн шүүх, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбартаа түрээсийн гэрээ байгуулж байснаа хүлээн зөвшөөрч байсан атлаа гэнэт 2019.10.03-ны өдрөөс Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргахдаа түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээг би уншаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, намайг сар бүр түрээсээ төлөөд худалдаж ав гэсэн гэх нөхцөл байдлыг зохиож мэдүүлэх болсон нь илтэд хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн 1хх-ийн 188 дугаартай талд авагдсан “Рояал Шүр” ХХК -ийн 2018.07.09- ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Мөн УБТЗ-ын тээш худалдааны төвийн ногоон зоорийн хашааг түрээслэхдээ... Шүүх УБТЗ ХХН-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ түрээсийн гэрээг цуцлаагүй мөртлөө түрээсийн зүйлүүдийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн... нэхэмжлэлийн шаардлага: “Рояал Шүр” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний хугацаа дуустал үргэлжлүүлэхийг УБТЗ ХХН-т даалгаж өгнө үү...” гэж хүсэл зоригоо илэрхийлж байсан.

Гэрч Б.Ц-аас гаргаж өгсөн нотлох баримт болох /1хх-ийн 171/ 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээслэгч “Рояал шүр” ХХК-ийн захирал Д.Мтай хийсэн хурлын тэмдэглэлд “...Д.М: Танай энэ хүүхэн чинь /эдийн засагчийг хэлэв/ ногоон зоорины гэрээ 2 хувь зурагдаад 1 хувийг дарга өөрт нь өгсөн байтал ураад устгаж хаячихаад гэрээ байхгүй гээд 7 саяар тооцоод яваад байна. ...цахилгааны зардлыг түрээсийн төлбөрт оруулсан байгаа гэж заасан байгаа... Д.М:            ногоон зоорины гэрээг хийхдээ доторх түрээслэгчид нь мөнгөө өгдөггүй байсан, би ерөнхий түрээслэгч болсноор бүх түрээс цагтаа төлөгддөг болсон. Д.М: Би энэ гэрээний 1 хувийг ямар ч байсан танайд 1 хувийг өгье, уг нь цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрөөс гадна төлөхгүй үндсэн төлбөрт оруулсан...” гэж мөн адил тэмдэглэгдсэн байна. “Рояал Шүр” ХХК-иас шүүгдэгч Д.Б-т гаргаж байсан хүсэлтүүдэд /Зхх- ийн 84-87, 5хх-ийн 1369-143/ мөн адил хохирогч Д.М хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд хүсэл зоригоо илэрхийлж, бодит нөхцөл байдлыг ухамсарлаж байсан болох нь тогтоогдоно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Энэхүү иргэний хэргийн шийдвэр нь түрээслүүлэгч Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, түрээслэгч “Рояал шүр” ХХК-ийн хооронд үүссэн түрээсийн маргааныг хянан шийдвэрлэсэн буюу шүүгдэгч Д.Б-ийн Д.М-ыг залилсан үйлдэлд хамааралгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн танилцаагүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг харуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан болон уг хэсгийг үндэслэл болсон шийдвэрийн үндэслэх буюу хянавал хэсэгт дүгнэгдсэн хоорондоо уялдаа холбоо бүхий үйл баримтыг ойлгодог.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.25-ны өдрийн 11 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.02-ний өдрийн 588 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018.06.19-ний өдрийн 01010 дугаартай тогтоол нь тус эрүүгийн хэрэгт хохирогчийн төөрөгдөлд орсон гэх ногоон зоорийн түрээстэй холбоотой, шүүгдэгч Д.Б, хохирогч Д.М нарын өөрсдийн байгууллагыг төлөөлж, хоорондоо хийж байсан гэрээний маргааныг шийдвэрлэсэн шийдвэр юм. Тус шийдвэрээс хохирогч Д.М хүсэл зоригийн илэрхийлэл нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.29-ний өдрийн 435 дугаартай магадлалд хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй болохыг тогтоосон атал 2022.07.06-ний өдрийн 705 дугаартай магадлалд хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болсон гэрч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй ба, өөр хоорондоо зөрүүтэй болно. Үүнд хохирогч Д.М 2014.09.15-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн, уг мөнгийг Г.М гэрээс авчирч өгсөн гэх боловч гэрч М.Э-гийн /3хх- ийн 51/ “...10,000,000 төгрөгийг бэлдээд аавын ажил болох ногоон зоорь гэх газарт аваачиж өгсөн...” гэх мэдүүлгээр няцаагдана. Хохирогч Д.М 2015 оны 02 дугаар сарын дундуур 10,000,000 төгрөг өөрийн ажилтан, гэрч Б.Ч-ын хамтаар өгсөн гэх боловч гэрч Б.Ч нь “Рояал шүр” ХХК-д ажилладаг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр 2015 оны 1 сар, 3 сар, хавар ажилд орсон гэх зэргээр илтэд зөрүүтэй мэдүүлдэг. Хохирогч Д.М 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 10,000,000 төгрөг өгөхдөө Г.М, О.М нараас мөнгө зээлж өгсөн гэх боловч Д.Б--т 10,000,000 төгрөг өгсөн гэх өдрийг гэрч Г.М, О.М нар зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Г.М нь 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 3 дахь өдөр өгсөн гэх боловч гэрч О.М 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 5 дахь өдөр өгсөн гэх зэргээр зөрүүтэй мэдүүлнэ. Мөн гэрч О.М-ийн мэдүүлэг нь Хаан Банкнаас ирсэн лавлагаа, дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 170-180/ зэрэг баримтуудаар няцаагдана. Гэрч Г.Мийн мөнгөн хөрөнгийн эх сурвалж хэрэгт авагдаагүй болно.

Дээрх илтэд зөрүүтэй мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Эсрэгээрээ, шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлгийн эх сурвалжууд хэрэгт авагдсан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд, “Рояал шүр” ХХК-иас гаргаж өгсөн хүсэлтүүд, Д.Б-ийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтууд, гэрч Г.Т, Д.Ш, Д.Ш, Д.Ж, Д.З, Т.Б, Б.Ц, Г.Г, Ш.Б нарын мэдүүлгүүд, Д.Б-ийн дансны хуулга, ажлын цагийн бүртгэл болон бусад нотлох баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдоно.

Тус эрүүгийн хэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрхэн үнэлэх буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх эсэх, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой эсэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний онолын маргаантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.06-ний өдрийн 705 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 705 дугаар магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч миний зүгээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар шийдвэрийн Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн байдаг.

Хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ. Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна. Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэм буруутай байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй.

Тодруулбал өмгөөлөгч миний давж заалдах гомдолдоо дурдсан Д.Б нь Д.М-ыг залилсан нь тогтоогдоогүй гэсэн агуулга бүхий үндэслэлд давж заалдах шатны шүүх “...Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог” хэмээн маш товч дүгнэлт хийсэн. Гэтэл талууд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдах талаар тохиролцсон хэлцэл, хүсэл зоригийн илэрхийллийг нотолсон нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад нэгэнт байгуулагдсан гэрээний нөхцөл биелэгдсэн эсэх талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн үндэслэл болгож миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтууд нь эргэлзээтэй байгаа талаар гомдол гаргасан ч уг нотлох баримтуудын эргэлзээгүй гэж үзсэн талаараа давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж болох хохирогч төөрөгдсөн эсэх талаар гомдлын агуулгад няцаалт хийж дүгнээгүй.

Дээрх байдлаар шүүгдэгч Д.Б-т холбогдох гэмт буруугийн асуудлыг шийдвэрлэхээр цуглуулсан хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй, шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б-ийн гэм бурууг тогтоосон хоёр шатны шүүхээс хийсэн нь дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүгдэгч Д.Б-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг огт үнэлээгүй, няцаагаагүй. Хохирогч гэх хүн “Рояал шүр”, “Зэст шүр” гэдэг хоёр компаниараа Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зоорь, дэлгүүр зэрэг 3 объектыг 2013 оноос 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлж байсан. Хохирогч нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ямар ч объектыг хэн нэгэн дураараа түрээслэх эрхгүй гэдгийг маш сайн мэдэж байсан. Гэмт хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн гэж үздэг. Гэтэл иргэний хэргийн шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл маргасан бөгөөд шүүхийн шийдвэрээс харахаар 3 объектыг түрээсэлж байсан, түрээсийн гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд 2013-2014 онд зооринд 126 сая, дэлгүүрт 23.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засвар хийсэн нь түрээсийн төлбөрт суутгагдаж байсан гэх асуудлууд яригддаг. Эдийн засагч Б.Ц 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр протокол үйлдэж тооцоо нийлсэн баримтыг үнэлэхийг хүсэж байна. Иймд Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөнгө өгсөн, өгөхийг харсан, өгсөн газрууд, цаг хугацаа бүгд зөрүүтэй. Гэрч Г.М, О.М, Б.Ч, М.Э нар бол Д.М-тай ашиг сонирхол нэг хүмүүс. Тэдний мэдүүлэгт хэт автах бус бусад нотлох баримтыг харьцуулан шинжилж үзээсэй ...” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг хэлсэн саналдаа “... Залилан мэхлэх гэмт хэрэг бол нууц, далд аргаар, аль болох төөрөгдүүлж, баримт, гэрч үлдээхгүй байдлаар үйлдэгддэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс төөрөгдөөгүй гэх асуудлыг ярьж байх шиг байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч “Д.Б-аа чи иргэний хэргийн гурван шатны шүүх хурлыг дуустал энэ хэргийг аргална гэж хамаг юм баллаа биз дээ” гээд маргаан гарсан байдаг. Тэгэхээр давхар төөрөгдсөн асуудал яригдана. Залилан хийж байгаа хүн хувьчлах асуудлыг хурлаар оруулах биш мөнгөө авахаа л бодно шүү дээ. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөнгөө залилуулаад алдчихсан хүний аргаа барсан үйлдэл юм. Хохирогчийн зүгээс түрээсийн гэрээг үргэлжлүүлэх нэхэмжлэл гаргахад Д.Б гэрчээр оролцсон үеэс залилсан мөнгөний асуудал яригдаж эхэлсэн. Иргэний хэргийн гурван шатны шүүхэд объектыг зарахтай холбоотой асуудал яригдаагүй. Зөвхөн гэрээний үүрэг зөрчигдсөнийг маргааныг шийдвэрлэсэн. Шүүхээс тогтоосон 49.5 төгрөг бол Д.Б бага багаар авсан мөнгөн дүн юм. Хохирогчийн зүгээс залилуулсан асуудлаар хуулийн байгууллагад хандахдаа бүгдийг нь санаагүй байж болно. Гэтэл нотлогдоогүй, зөрүүтэй гэх байдлаар хохироож болохгүй. Нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийг гэрч хохирогч л мэдүүлдэг. Тэгэхээр мөнгө өгсөн үйлдлийг харсан гэрч, хохирогчийн мэдүүлгийг үнэлэх ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн ...” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Д.Б нь албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулж өгөөгүй бусдын эд хөрөнгийг бусдын мэдэлд шилжүүлнэ гэж урьдчилан амлах хэлбэрээр иргэн Д.М-аас 30.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 705 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг албан тушаалын байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.М-аас 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 30.000.000 төгрөг залилан мэхэлж авсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэв.

Гэмт этгээд өөрийн албаны эрх мэдэл, эсхүл тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй, шилжүүлэх эрх олгоогүй эд хөрөнгийг өөрийн болон бусдын мэдэлд шилжүүлэх, эсхүл шилжүүлэхээр амлаж, итгэл төрүүлж бусдаас бэлэн мөнгө, эд зүйл авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн залилах гэмт хэргийн үндсэн шинж юм.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэм болон хохирогч Д.М, гэрч Т.Б, М.Э, Б.У нарын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд уг нийгэмлэгийн салбар нэгжийн дарга буюу “Тээш” худалдааны төвийн дарга Д.Б нь тухайн байгууллагын эзэмшлийн “Ногоон зоорь”-ийг худалдах, бусдад шилжүүлэх эрх хэмжээгүй атлаа албан тушаалтны хувьд уг обьектыг худалдан авахад нь тусалж чадах мэтээр хохирогчид итгэл найдвар төрүүлж, улмаар удаа дараагийн үйлдлээр төөрөгдүүлж мөнгө авсан үйл баримт нь залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнээс гадна хохирогч Д.М-ын удаа дараагийн үйлдлээр шүүгдэгч Д.Б-т өгсөн нийт 30.000.000 төгрөг нь түүний “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эзэмшлийн “Ногоон зоорь” болон бусад объектыг түрээслэн эзэмшиж байсан үйл баримттай холбоотой иргэний хэргийн маргаанд хамааралгүй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын хяналтын гомдолд дурдсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн үйл баримт тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 19.500.000 төгрөг нь хохирогчийн мэдүүлгээс бусад байдлаар нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа “хэлэлцэхгүй” орхиж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “хэрэгсэхгүй” болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 705 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Баясгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

       Ч.ХОСБАЯР

        Б.ЦОГТ

        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН