Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05045

 

 

 

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/05045

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, БЗ-30 дугаар байр, 19 оршин суух, Харчин овогт Доржийн Лхагвасүрэн /РД-ХБ61091301/-гийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1977-1979 онд Фрунз хотын ТМС-ийг төгсөж ирээд Хувцас захиалга, засварын үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдөр оёдолчноор тушаал гарч ажиллаж эхэлсэн.

Би 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр Урт цагааны тасгаас гарсан.

Миний бие 1961 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргасан боловч ажилд орсон он сар, хөдөлмөрийн дэвтэр нээсэн он сар зөрүүтэй байна гэсэн.

Иймээс Хувцас захиалга, засварын үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Д.Лхагвасүрэнгийн Хувцас захиалга, засварын үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн ажилласан тухай мэдээлэлд Хувцас захиалга, засварын үйлдвэрийн даргын 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 156 тоот тушаалаар тус үйлдвэрийн эмэгтэй хувцасны тасагт оёдолчноор авч ажиллуулав гэсэн тэмдэглэгээ хийж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байх бөгөөд улмаар Д.Лхагвасүрэнгийн ажилласан хугацааг 13 жил, 1 сар, 1 хоногоор тооцон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч 2002 онд баталгаажуулсан байна.

Д.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийг 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нээсэн байгаа нь хүсэлт гаргагчийн ажилласан хугацааг тодорхойлохгүйн гадна 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс ажилласан гэдгийг үгүйсгэж буй үйл баримт биш юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Лхагвасүрэнгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД