| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2024/00584/И |
| Дугаар | 214/МА2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 214/МА2025/00001
Булган аймгийн Ц*******гийн газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 132/ШШ2024/00478 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Ц*******гийн газрын нэхэмжлэлтэй,
Б.Б*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай 132/2024/00584/И индекстэй иргэний хэргийг гуравдагч этгээд Б.Б******* болон түүний өмгөөлөгч М.Д******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, Ж.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Булган аймгийн Ц*******гийн газрын нэхэмжлэлийн агуулга: Булган аймгийн Булган сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй, Ц*******гийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлхийсэн Б*******ын Б******* -ийг албадан эмчилгээнд явуулах саналтай гэжээ.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ***-ыг архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц*******гийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Гуравдагч этгээд Б.Б******* давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2012 онд хүмүүст зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч гэмтэл согог судлалын эмнэлэгт нүдний, түнхний хагалгаанд орж хоёр түнхэндээ протез солиулсан мөн 2012 онд нурууны үений хагалгаанд орсон. Одоогоос 5 жилийн өмнө баруун бөөрөнд уйланхай үүссэн оноштой гарсан. 2024 оны 09 сарын сүүлээр давтан үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох оноштой гарсан тул албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү. гэжээ.
4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Д******* нь давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүх Б.Б*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэлээ ... бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар удаа дараа баривчлах болон торгуулийн шийтгэл хүлээж байсан нь ц*******гийн байгууллагын лавлагаагаар, архидан согтуурсан үедээ өөртөө аюултай нөхцөлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Булган сумын 2-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гээд Нэгдсэн эмнэлгийн 11-р сарын 21-ний өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Б.Б*******ыг Захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргасан ... тул түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.
Хэдийгээр Б.Б******* нь архидан согтуурах донтой ч биеийн эрүүл мэндийн хувьд маш хүнд нөхцөлд байдаг. Энэ нь түүнийг байнга архи уух шалтгаан болдог байна.
Б******* нь 2012 онд хүнд зодуулж маш хүнд гэмтэл авснаас түнхний хагалгаанд орж 2 түнхэндээ протез хийлгэсэн. Уг протезыг солиулах хугацаа болоод байгаа. Мөн нурууны үений хагалгаанд орсон, зүрхний 2-р зэргийн томролтой, мөр мултралтай зэргээс маш их өвдөлт мэдрэгддэгийн дээр сүүлийн үед бөөрний уйланхай нь олон жил болсноос яаралтай хагалгаанд орох шаардлагатайг эмнэлгийн байгууллага дүгнэлт гаргахдаа анхаарч үзээгүй, байнга архи ууж явдаг хүн гэдэг байдлаар хандсан байдал харагдаж байна.
Эмнэлгийн үзлэгийн хуудсанд түнхний гэмтлийн талаар дурдсанаас бусад өвчин эмгэг байгаа эсэх талаар огт дурдаагүй, өөрийнх нь хэлээд байгаа энэ өвчин архины эмчилгээ хийлгэхэд эсрэг нөлөө байгаа эсэх талаар огт авч хэлэлцээгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг албадан эмчилгээнээс чөлөөлж, эмчлүүлэх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү.
Б******* нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг боловч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж эрүүлжүүлэгдэн баривчлагдсан түүх байхгүй өөрийнх нь мэдүүлсэнчлэн гудамж талбайд архи уулаа гэж ц******* торгодог гэдгийг баталсан лавлагаанууд байна.
Ийм байхад түүнийг архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдож байна гэсэн нь хамтарсан багийн 3 гишүүний хэлсэн үгнээс өөр баримтгүй байна.
Энэ бүхнээс үзвэл Б*******ын архины албадан эмчилгээнд явуулахаар бүрдүүлсэн нотлох баримт нь зарим талдаа бодитой бус / зөрчил гаргаж баривчлагдах, эрүүлжүүлэх арга хэмжээ авагдсан гэх/ байгаагийн дээр эрүүл мэндийн байдалд нь үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй байгаа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3.3-т заасан "... биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлыг хүлээн авч Б.Б*******ыг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Б.Б******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар удаа дараа торгуулийн шийтгэл хүлээж байсан нь Ц*******гийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдож байна.
Архидан согтуурсан үедээ өөртөө аюултай, орчин тойрондоо хүндрэлтэй байдаг болох нь Булган сумын 2 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэлээр мөн тогтоогджээ.
2.2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэжээ.
Б.Б******* архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх хуульд зааснаар биеийн хүнд эмгэгтэй болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
4.Иймд гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 132/ШШ2024/00478 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Б******* болон түүний өмгөөлөгч М.Д*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Б*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР