| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0050/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Савга овогт Өлзийгийн Эид холбогдох 1929000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор 45 боодол 1 350 кг ховор төрлийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 99-33 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 84-73 УБЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/
Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19-р хуудас/
Гэрч С.Алтанцэцэгийн өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Ө.Э нь 84-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9933 БЧ дугаарын чиргүүлийн тэвшинд нүүрсэн дунд 45 боодол нийт 1350 килограмм нүүрсэн дунд далдалж гаалийн хилээр гарах үед хяналт шалгалтын явцад илрүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/81 дугаартай шинжээчийн: Уг дээж нь Манай оронд тархдаг Майлцтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Уг зүйл нь Монгол орны умард болон дорнод хэсгээр ургамал газарзүйн Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Дундад халх, Дорнод Монголын тойргуудад тархсан бөгөөд үетэнт хээр, хуурай хээр, тариан талбайд ургана. Монгол улсын Байгалийн ургамлын тухай (1995) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно. Уг зүйл нь ургамлын экологи-Эдийн засгийн /БОАЖ-ны сайдын 2015 оны 00000007 сарын 09-ний өдрийн а/282 тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50581 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
Ө.Эийн яллагдагчаар өгсөн: “...Цагаанхад дээр 20 цагийн үед Баялаг гэх дэлгүүрийн хажууд явж байхад хар малгайтай ноосон цамцтай залуу тааралдаад ахаа 10 ширхэг мах тавиад хилээр гаргаад өг гэж хэлсэн. Тус бүрт нь 100 юань өгөе гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүгдэгч Ө.Эийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ө.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн мэдээлэл лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 35-41-р хуудас/,
Шүүгдэгч Ө.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор 45 боодол 1 350 кг ховор төрлийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 99-33 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 84-73 УБЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлд нуун Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19-р хуудас/, Гэрч С.Алтанцэцэгийн өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Ө.Э нь 84-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9933 БЧ дугаарын чиргүүлийн тэвшинд нүүрсэн дунд 45 боодол нийт 1350 килограмм нүүрсэн дунд далдалж гаалийн хилээр гарах үед хяналт шалгалтын явцад илрүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/81 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ө.Эийн яллагдагчаар өгсөн: “...Цагаанхад дээр 20 цагийн үед Баялаг гэх дэлгүүрийн хажууд явж байхад хар малгайтай ноосон цамцтай залуу тааралдаад ахаа 10 ширхэг мах тавиад хилээр гаргаад өг гэж хэлсэн. Тус бүрт нь 100 юань өгөе гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Эийг Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 45 боодол 1 350 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг чанар нь муудсан талаарх дүгнэлт байхгүй тул шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн орлого болгохыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Савга овогт Өлзийгийн Э улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эийг 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эид оногдуулсан 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялыг 6 / зургаа/-н сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ө.Эийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ховор ургамал болох 45 боодол 1 350 кг Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА