Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 412

 

 

  

 

 

 

 

   2019          06           07                                    2019/ШЦТ/412  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ч-ийн Э-т холбогдох эрүүгийн 1910005020408 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Яллагдагч Ч.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “U” зочид буудлын 9 дүгээр давхрын ... дугаартай өрөөнд иргэн Н.Д- рүү “хурдан ирсэнгүй” гэх шалтгаанаар уурлан хутга шидэж, түүний духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910005020408 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “U” зочид буудлын 9 дүгээр давхарын өрөөнд покер тоглож байхад  гаднаас зүс таних Э- орж ирээд намайг “гаръя” гэсэн. Би босох гэж байхад над руу эвхэгддэг хутга шидэж миний духны зүүн хэсэгт онож цус гарсан. Цусаа цэвэрлэж байхад Э- орж ирээд намайг “Мөнгөнгүүр” эмнэлэг рүү дагуулж яваад боолт хийлгүүлсэн. Намайг айлгаж сүрдүүлж, дарамталж, зодож цохисон зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулмаар байна. Миний биеийн байдал сайн байгаа... Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/,

 

            Гэрч А.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “U” зочид буудлын 9 давхрын лифтээр зүүн эргээд эхний хаалга руу 23 цаг өнгөрч байхад өрөөнд орсон. Тэнд покер тоглоод нэг цаг орчим болсон. Цааш техас тоглож байгаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед хүнтэй уулзахаар гарч яваад 14 цагийн үед буцаж буудалд ирээд тоглосон. 21 цагийн үед намхан махлаг шардуу царайтай “шар” гэх хочтой хүн /Э-/ орж ирээд “чи босоод гараад ир, пизда минь” гэх мэтээр Д-тэй маргалдаж эхлэхээр нь би гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

            Гэрч Б.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад найз Г-тай уулзахаар утсаар ярихад “миний байгаа газар хүрээд ир” гэж хэлсэн. Би “U” зочид буудлын 9 давхрын лифтээр зүүн эргээд эхний хаалга руу 21 цагийн үед ороход Г- хөзөр тоглож байсан. Ороод мөнгө зээлэх талаар асуудал ярьж байхад 21 цагийн үед зүс таних Э- орж ирээд тэнд сууж байсан залууг “хурдлаач, босоод ирээч” гэх мэтээр хэлж байсан. Би Г-тай юм ярьж сууж байгаад гараад явчихсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20, 33-34-р хуудас/,

 

            Гэрч Ш.Ж- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим миний хуурай ах А- над руу залгаад “мөнгө байна уу дүү, хүрээд ирээч. Ах нь тоглож байна.” гэхээр нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байдаг “U” зочид буудлын ... тоот өрөөнд очсон. Тэнд ороход 10 орчим хүмүүс мөрийтэй покер тоглоом тоглоод сууж байсан. Цаг орчмын дараа үл таних, 50 орчим насны, оросдуу шар царайтай, том толгойтой, махлаг биетэй залуу бас нэг залуугийн хамт орж ирээд тэнд тоглоод сууж байсан залууг “наашаа босоод ир” гээд дуудаж байгаад гэнэт баруун гараараа халааснаасаа эвхэгддэг жижиг хутга гаргаж ирээд шидэх шиг болсон. Гэтэл миний баруун талд сууж байсан залуу орилоод нүүрээ дарах шиг болоход толгойноос нь цус гарч байсан. Тоглоом тараад би А-, С- хоёрын хамт түрүүлээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

            Гэрч Д.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байдаг “U” зочид буудлын ... тоот өрөөнд мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан юм. Миний зохион байгуулсан тоглоом дээр ойролцоогоор 10 орчим хүмүүс цугласан. Тэд буудлын өрөөнд тоглож хоноод 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим үргэлжлүүлэн тоглоод сууж байтал гаднаас Ч.Э- Ц- гэх залуутай орж ирээд “муу бацаан минь утсаа аваач” гээд тоглоомын ширээн дээр сууж байсан Д- /Д-/ гэх залуу руу юм шидэх шиг болсон. Тэгтэл Д-ийн /Д-/ духнаас цус гараад нойлын өрөө рүү орчихсон. Шидсэн юмыг нь харсан чинь эвхэгддэг хутга ширээн дээр уначихсан байсан. Тэнд тоглож байсан хүмүүс бүгд харсан. Хутганы өнгө зүсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан жижигхэн эвхэгддэг тонгорог шиг хутга байсан. Би Д-ийн /Д-/ араас нойлын өрөө рүү орсон чинь Ч.Э-, Д- хоёр юм ярьчихсан зогсож байсан. Би юу болоод байгаа талаар асуутал Ч.Э- “Энэ муу бацаан утсаа авахгүй, намайг гадуур муулаад яваад байна” гэхэд Д- “О- ах аа юу ч болоогүй ээ. Бид хоёрын хоорондын асуудал. Та хаалгаа түр хааж байхгүй юу” гээд намайг гаргаад тэр хоёр үлдсэн. Удалгүй Ч.Э-, Д- хоёр нойлын өрөөнөөс эвлэрчихсэн байдалтай гарч ирсэн. Тэнд тоглож байсан хүмүүс тэр явдлаас болоод бүгд гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

 

            Гэрч Л.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд ирээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байдаг “U” зочид буудлын 9 дүгээр давхарт Хаппи О-гийн зохион байгуулсан мөрийтэй покер тоглож байтал 21 цагийн үед гаднаас Э- орж ирээд тэнд тоглож байсан хүмүүстэй мэндэлж байх шиг харагдсан. Тэгтэл гэнэт хүн “ёооё” гээд орилохоор нь хартал бид нартай хамт покер тоглож суусан Д- /Д-/ гэх залуу духаа бариад босоод ирсэн. Гэтэл Д-ий духнаас нь цус гарчихсан байсан. Би болсон явдлыг сайн хараагүй. Тоглоомондоо улайраад сууж байсан. Д- /Д-/ духаа барьж босч ирээд шууд угаалгын өрөө орсон. Тэнд байсан хүмүүс “Э- Д- рүү эвхэгддэг хутга шидчихлээ, яаж нүдэнд нь зоогдчихоогүй юм” гээд ярилцаж байсан. Тэр явдлаас болоод мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс тарсан. Би ч гэсэн шууд гараад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

 

            Гэрч Т.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “U” зочид буудлын 9 дүгээр давхарт гараад лифтний хажуу талын хаалга руу ортол хүмүүс байхаар нь хүлээж байгаад нилээн оройхон тоглож эхэлсэн. Бид нар тоглож байгаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Э- нэг халамцуу залуутай хамт орж ирсэн. Би Э-ыг ороод ирэхээр нь “тамхины өрөө рүү орчихоод явъя даа” гэж бодоод гарчихаад орж иртэл ширээ тойроод сууж байсан хүмүүс босчихсон тарж байхаар нь хасаагаа аваад Д-ий читаныг тоолж өгөөд гараад явсан. 3 хоногийн дараа над руу залгаад “200.000 төгрөгөө төлөх үү” гэхээр нь “би мөнгөө авахаар өгье. Тархи толгой чинь гайгүй юу” гэхэд “миний бие зүгээр, цагдаагаас дуудсан” гэхээр нь “ноцтой юм болсон юм уу” гэхэд “үгүй ээ, надаас мэдүүлэг аваад би явсан” гэж хэлээд утсаа салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

            Гэрч Т.Хэрлэнговь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “U” зочид буудлын 9 дүгээр давхрын өрөөнд тоглож эхэлсэн. Би деллер хийж байсан. Тэнд байсан хүмүүс тоглосон. Маргааш орой 20 цагийн үед Э- өрөөнд орж ирээд Д-ийг дуудсан чинь босч ирэхгүй байхаар нь Э- юм шидсэн. Би айгаад цаад талын өрөө рүү ороод 20 минут орчим болоод гараад иртэл Д-ий толгойноос цус гарчихсан байхаар нь хувцсаа аваад гараад явсан. Тэнд байсан хүмүүс үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №2531 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 1.5х1см зуйван хэлбэрийн язарсан шархтай, орчны эд хавдсан. Дүгнэлт:

  1. Н.Д-ий биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь 2019.02.17-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

            Шүүгдэгч Ч.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад мөнгө хэрэг болоод Д- рүү зээлсэн мөнгөө авахаар залгахад “буудалд покер тоглож байна” гэхээр нь “яваад очьё” гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “U” зочид буудлын гадаа ирээд залгатал утсаа авахгүй байхаар нь 30 орчим минут хүлээгээд 9 давхарт гараад өрөөнд ороход тоглоод сууж байсан. Би “Д- өө гараад ир” гэхэд тоохгүй байхаар нь халаасанд байсан зүйлээ шидэхэд түүний духнаас нь цус гарсан. Би Д-ийг дагуулаад ариун цэврийн өрөө оруулж цусыг нь угааж тогтоогоод “эмнэлэг явъя” гэхэд “би зүгээр” гэсэн. Би тэгээд яваад өгсөн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна... Би Д-тэй хамт “Мөнгөнгүүр” эмнэлэг орсон. Мөн эмийн сангаар орж эм авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/, “Штайнколе” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 67-68-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 70-72-р хуудас/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 797 дугаартай магадлал /хх-ийн 72-74-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 76-р хуудас/, Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 78-82-р хуудас/, Төв аймгийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Хянан магадлангийн захирамж /хх-ийн 83-р хуудас/, Октябрийн районы ардын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 85-86-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “U” зочид буудлын 9 дүгээр давхрын ... дугаартай өрөөнд хохирогч Н.Д-ийг “утсаа авсангүй” гэж шалтаглан хутга шидэж, “духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Д-ий ...2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад гаднаас зүс таних Э- орж ирээд намайг “гаръя” гэсэн. Би босох гэж байхад над руу эвхэгддэг хутга шидэж миний духны зүүн хэсэгт онож цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/,

 

            Гэрч А.Х-н ...2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед намхан махлаг шардуу царайтай “шар” гэх хочтой хүн /Э-/ орж ирээд “чи босоод гараад ир, пизда минь” гэх мэтээр Д-тэй маргалдаж эхлэхээр нь би гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

            Гэрч Б.Ц-ын ...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой “U” зочид буудлын 9 давхрын лифтээр зүүн эргээд эхний хаалга руу 21 цагийн үед ороход Г- хөзөр тоглож байсан. Ороод мөнгө зээлэх талаар асуудал ярьж байхад 21 цагийн үед зүс таних Э- орж ирээд тэнд сууж байсан залууг “хурдлаач, босоод ирээч” гэх мэтээр хэлж байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20, 33-34-р хуудас/,

 

            Гэрч Ш.Ж-ы ... 50 орчим насны, оросдуу шар царайтай, том толгойтой, махлаг биетэй залуу /Э-/ нэг залуугийн хамт орж ирээд тэнд тоглоод сууж байсан залууг /Д-/ “наашаа босоод ир” гээд дуудаад халааснаасаа эвхэгддэг жижиг хутга гаргаж ирээд шидэх шиг болсон. Гэтэл миний баруун талд сууж байсан залуу /Д-/ орилоод нүүрээ дарах шиг болоход толгойноос нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

            Гэрч Д.О-ын ...Орой 21 цагийн орчим үргэлжлүүлэн тоглоод сууж байтал гаднаас Ч.Э- Ц- гэх залуутай орж ирээд “муу бацаан минь утсаа аваач” гээд тоглоомын ширээн дээр сууж байсан Д- /Д-/ гэх залуу руу юм шидэх шиг болсон. Шидсэн юмыг нь харсан чинь эвхэгддэг хутга ширээн дээр уначихсан байсан. ...Би юу болоод байгаа талаар асуутал Ч.Э- “энэ муу бацаан утсаа авахгүй, намайг гадуур муулаад яваад байна” гэхэд Д- “О- ах аа юу ч болоогүй ээ. Бид хоёрын хоорондын асуудал. Та хаалгаа түр хааж байхгүй юу” гээд намайг гаргаад тэр хоёр үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

 

            Гэрч Л.С-ын ...Гэнэт хүн “ёооё” гээд орилохоор нь хартал бид нартай хамт покер тоглож суусан Д- /Д-/ гэх залуу духаа бариад босоод ирсэн. Гэтэл Д-ий духнаас нь цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

 

            Гэрч Т.Хэрлэнговийн ...Орой 20 цагийн үед Э- өрөөнд орж ирээд Д-ийг дуудсан чинь босч ирэхгүй байхаар нь Э- юм шидсэн. Би айгаад цаад талын өрөө рүү ороод 20 минут орчим болоод гараад иртэл Д-ий толгойноос цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №2531 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Н.Д-ий биед духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2019.02.17-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

            Шүүгдэгч Ч.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би “Д- өө гараад ир” гэхэд тоохгүй суугаад байхаар халаасанд байсан зүйлээ шидэхэд түүний духнаас нь цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Ч.Э-ын хохирогч Н.Д- рүү хутга шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

          

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ий биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “Ч.Э- бид хоёр эвлэрсэн, хохиролд 1.500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 93-р хуудас/ хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Ч.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Н.Д-, шүүгдэгч Ч.Э- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирол төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр “Штайнколе” ХХК-нд хөдөлмөрийн гэрээтэй уулын мастераар ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг /хх-ийн 60, 63–р хуудас/ харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Э-т торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Б овогт Ч-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Н.Д-д 1.500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР