| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/04231/И |
| Дугаар | 210/МА2025/00087 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00087
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,
Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн ******* хороо *******ийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Тус зуслангийн сууц тухайн үед 84 м.кв талбайтай байсан, миний эзэмшлийн 700 м.кв талбайтай газрын зах хэсэг рүү орж баригдсан байхад Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь надад хэлж мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Улмаар тус байгууллага 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болон 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн албан бичигт зуслангийн сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс гадна газрын гэрчилгээг дуудлага худалдааны ялагчид шинээр гаргуулахаар хууль бус ажиллагаа явуулсан.
Гэтэл миний эзэмшилд бүртгэлтэй ******* нэгж талбарын дугаартай энэхүү газрыг шүүхээс хурааж битүүмжилсэн тогтоол байхгүй, газар эзэмшигч намайг албадан дуудлага худалдаанд дуудаж оролцуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр бусдад хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тэр дундаа дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд, миний Чингэлтэй дүүргийн ******* хороо, *******ийн зусланд байрлах 700 м.кв талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117а тоот шийтгэх тогтоолоор *******, ******* нараас 486,901,858 төгрөг гаргуулж ******* ХЗХ-ны хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолд худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн хороо, *******ийн зуслан, *******ий энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууц, газрын хамт 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон байна.
Нэхэмжлэгч ******* нь дуудлага худалдааны ялагч ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн хороо ******* гудамж, ******* тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/0230 дугаар тогтоол буюу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн ******* хороо *******ийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 11 дүгээрт ...нэхэмжлэгчийн эд хөрөнгөтэй холбоотой дуудлага худалдаа явагдаагүй... хэмээн ташаа дүгнэсэн байна.
2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан амины орон сууцыг *******, ******* нарын 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийсэн аман хэлцлийг 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нотариатаар баталгаажуулаад нь 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******, , , нарын өмчлөлд бүртгэгдсэн. Хариуцагч нь уг амины орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.4, 69.2, 69.2.2, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтуудыг зөрчсөн.
2. Үндэслэл хэсгийн 13 дугаарт ...******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэн, мөн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж... гэжээ. Гэвч энэ нь хариуцагч болох Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас Чингэлтэй дүүргийн газрын албанд явуулсан 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1/0739 тоот дугаартай хууль бус албан бичгийн үр дагавраар 2019 онд үүссэн газрын маргаантай холбоотой миний нэхэмжлэлтэй Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлүүлэх хугацаанд захирамжид нэр нөхөн оруулах боломжгүй гэсэн хариу өгч байсан буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой хэрэг болохоос 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр явуулсан албадан дуудлага худалдааны үеэр тухайн газар нь Төрийн мэдээллийн санд *******ийн эзэмшилд бүртгэлтэй байсныг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хэдий хүлээж аваагүй. Чингэлтэй дүүргийн 2005 онд ажиллаж байсан бичиг хэргийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй хайнга байдлаас нэрийг минь орхигдуулсан асуудал байсан, хэрэв би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй энгийн үе-д байсан бол нэр нөхөн оруулах бүрэн боломжтой байсан.
Иймд, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, дуудлага худалдаанд орсон амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй болохыг дурдсан дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий газрыг шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хувийн сууцыг дагалдуулж, дуудлага худалдаанд оролцуулсан. Тухайн үед , нарт уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн шийтгэх тогтоолын хавсралтад дурдаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаас битүүмжилж, хураан авсан учир өмчлөгч нараас тодруулах шаардлагагүй гэж үзсэн гэв
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117а тоот шийтгэх тогтоолоор *******, ******* нараас 486,901,858 төгрөг гаргуулж ******* хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн хавсралт 4-т заасан 124 нэр төрлийн 48,145,950 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөр хохирогч нарын хохирлыг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгажээ. /х.х-ийн 9-20/
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх шүүхийн шийдвэрийн хавсралтад Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******ийн зуслан, *******ий энгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансард бүхий 97 м.кв талбайтай хувийн сууц орсон эсэх талаар маргаагүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байна. /х.х-ийн 27-28/
4. Нэхэмжлэгч ******* нь 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч *******гаас өөрийн хохиролд энэхүү үл хөдлөх хөрөнгө буюу Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах тоот дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцыг шилжүүлэн авах хэлцэл байгуулж, улмаар тэрээр , , нарын хамт 2006 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ. /х.х-ийн 130, 161-163/
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2002/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө бүртгэгдсэн байх боловч нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцсон ад худалдан борлуулсан байх тул зохигч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар маргах эрхгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тус хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
5. Мөн нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дуудлага худалдааны ялагч ад 84 м.кв талбайтай хувийн сууц оршин байдаг 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэхийг эрх бүхий байгууллагуудад мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэж маргажээ. /х.х-ийн 30/
Хэдийгээр анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/15489 тоот захирамжаар Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******ийн зусланд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгох гэж иргэний хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгч *******ийг тухайн үл хөдлөх хөрөнгө байдаг газрын талаар маргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /х.х-ийн 45-46/
Тодруулбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0209 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *******т олгосон 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 164-172/
Иймд, нэхэмжлэгч *******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй.
6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон газар эзэмших эрх хүчингүй болсон учир түүнийг газар эзэмшигч гэж үзэхгүй тул тухайн газрыг бусдад шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв үнэлж нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш тул шаардах эрхгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР