Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

    2019         06          10                                    2019/ШЦТ/413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,

шинжээч эмч Ц.Ганболд,

хохирогч Т.Г-,

шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-гийн Н-д холбогдох эрүүгийн 1910002200318 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ... байрны ... тоотод болон орцонд Т.Г-гийн нүүрийг маажих, гарыг хөших зэргээр зодож, эрүүл мэндэд “зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед манайд Г- нь “нөхрийгөө авъя” гэсэн нэрийдлээр ирж, хаалга үүд хүчтэй нүдэхээр нь онгойлгоод “за, нөхрөө аваад яв” гэхэд нөхөр Б- нь “явахгүй” гэсэн. Үүнээс болж хэрэлдэж маргаан үүссэн нь үнэн. Манайд 6 настай хүү маань унтаж байсан тул би “хэрүүл маргаанаа дараа больё” гээд Г-г гэрээсээ гаргасан. Г- надад уурласан уурандаа хаалга үүд хүчтэй нүдээд, лифтэнд чимээ шуугиан гаргаад байсан. Тэр үед Г-гийн биед гэмтэл учирсан байх магадлалтай. Би Г-гийн биед гэмтэл учруулаагүй, миний үйлдлийн улмаас хохирогчид ийм гэмтэл учраагүй гэв.

Хохирогч Т.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Тухайн орой Н- манай нөхөр Б-ийн утаснаас над руу залгаад “та ирж нөхрөө аваарай” гэхээр нь би такси бариад Н-ын гэрт нь очсон. Би эхлээд орохдоо таксины жолоочийг хамт орохыг хүссэн. Намайг гэрт нь ороход Н- “та гутлаа тайлчих” гэхээр нь гутлаа тайлаад дээшээ болтол миний нүүрийг маажихад би гарнаас нь бариад хаалгыг нь онгойлгоод гарахад миний гарыг дарсан. Тэр үед хажуу талын хаалганаас эмээ гарч ирэхээр нь “та надад туслаач” гэхэд “туслахгүй” гэж хэлсэн гэв.

Шинжээч эмч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчийн биед үзлэг хийсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон. Хохирогчийн зүүн гарын 4-р шивнүүр яс хугарсан, нүүрэнд зулгаралт үүссэн байсан. Эдгээр гэмтлүүд нь нийлээд 5 удаагийн үйлчлэлээр үүснэ. Өөрөөр хэлбэл Зүүн хацарт нь 1х0.2см 3 ширхэг, баруун хацарт нь 1х0.2см 1 ширхэг, шивнүүр ясны хугарал нийт 5 удаагийн үйлчлэлээр учирсан гэсэн үг. Зүүн гарын 4-р шивнүүр яс гэдэг нь ядам хуруу юм. Гарын хурууны байрлал болон бөх бат байдлынхаа хувьд чигчий хуруу хугарах нь элбэг тохиолддог. Тодруулбал чигчий хуруу нарийн учраас чигчий хурууны шивнүүр яс нарийн гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг гарын хажуу хэсгээр цохиход 4-р шивнүүр яс хугарах боломжгүй харин чигчий хуруу гэмтдэг. Гарын ар хэсгээр чигээрээ цохиход илүү төвийж гарсан дунд хурууны шивнүүр яс гэмтдэг. Хатуу мохоо зүйл гэдэгт галт зэвсэг болон ир, үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарна. Гараараа хойш дарах үйлдэл нь хатуу мохоо зүйлд хамаарна. Хатуу мохоо зүйлээр хөшигдөх, мушгигдах үйлчлэлээр үүсч болно. Ясны хугарлын эдгэрэх хугацаа өөр өөр байдаг. Шивнүүр ясны хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зулгаралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Хэд хэдэн гэмтэлтэй тохиолдолд хамгийн хүнд зэргээр гэмтлийн зэргийг тогтоодог. Тэгш гадаргууг цохиход яс хугарсан ч арьс гэмтэхгүй байж болно  гэв.

 

Эрүүгийн 1910002200318 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг 55 минутанд манай нөхөр В.Б-ийн 99068300 гэсэн дугаарын утаснаас Э.Н- миний 95871212 гэсэн дугаартай утас руу залгаад “Та нөхрөө ирж ав, айх хэрэггүй шүү” гэхээр нь би такси бариад Хан-Уул дүүргийн ...-р хороо, Туулын ... байрны 4 давхар ... тоотод байрлах гэрт нь очсон. Тэгээд таксины жолоочийг “надад туслаач “гэж хэлээд хамтдаа хаалгыг нь тогшиход онгойлгоогүй. Би гараад тухайн байрыг тойроод байж байтал дахин над руу залгаад “Та ганцаараа ороод ир” гэсэн. Би хаалгыг нь тогшиход Н- хаалгаа онгойлгож өгөөд, намайг орсны дараа “Та гутлаа тайлчих” гэсэн. Би үүдээр нь ороод гутлаа тайлаад дээшээ харахад Н- 2 гараараа миний нүүрэн хэсэгт 1 удаа маажихаар нь би түүний нэг гарыг бариад хаалгыг онгойлгоод гарч зугтаасан. Н- орцонд гарч ирээд миний хоёр гарын сарвуу хэсгээс барьж аваад хөшиж дарсан. Үүнээс болж миний зүүн гар хэсгээр бамбайж хавдсан, баруун гарны долоовор хурууны зөөлөн эд нь гэмтсэн. Би балмагдаад цахилгаан шатанд сууж зугтсан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны оройн 23 цагийн үед Н- надаас “уучлалт гуйна” гээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 17-...02 тоотод байх манай гэрт ирсэн. Манай нөхөр тамхи татах гээд орцондоо гарахад Н- нь “заза, би явлаа” гээд куртикээ өмссөнөө миний нүүрийг маажаад, шилэн тавагаар миний толгойн дагз хэсэгт цохиж толгойг минь хагалсан. ...Миний нүүрний баруун хацар хэсэгт 2-3см орчим урттай зулгарч, зүүн хацар хэсэгт 1-2см урттай, шанаа болон хацрын яс хэсэгт зулгарсан байсан. Мөн толгойн ар хэсэг рүү цохисны улмаас хавдаж, гараараа дарж үзэхэд хөндүүртэй байсан. Би тухайн үедээ эмнэлэгт үзүүлж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-21-р хуудас/,

Гэрч С.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед хүмүүс хашгирч орилоод, хэрэлдээд унтуулахгүй байхаар нь би хаалгаа онгойлгоод “та нар яах гээд байгаа юм, больцгоо” гэж хэлэхэд хөрш айлын эмэгтэй /Н-/, үл таних эмэгтэйтэй /Г-/ маргалдаад ноцолдож байсан. Тухайн үед намайг шаардлага тавихад хөрш эмэгтэй /Н-/ гэр рүүгээ орж, нөгөө эмэгтэй /Г-/ цахилгаан шатанд суугаад явчихсан. Би уг хаяг дээр 2016 оноос хойш амьдарч байна. Манай хажуу айл (... тоот)-д өмнө нь ийм асуудал болж байгаагүй, чимээ гарч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Ц.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай хажуу айлын буюу ... тоотын хаалгыг цохиод байгаа бололтой чимээ гараад байсан. Хүүхэд унтаж байсан болохоор би гарч хараагүй. Ямартай ч эмэгтэй хүний дуу гараад орилоод байсан. Намайг энэ хаяган дээр амьдарч эхэлснээс хойш 2-3 удаа иймэрхүү хэрүүл маргаан үүсэж зодолдож байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Н.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын дундуур шөнийн 02 цагаас 03 цагийн үед Нарны хорооллын 17-1 тоотод дуудлагаар очиход нэг эмэгтэй байсан. Дараа нь Хан-Уул дүүргийн 2-р хороо Дөл хотхоны хажууд байрлах Туул Ван хотхоны 4 давхарт ... тоот айл руу хамт ороод /тухайн эмэгтэйн нөхрийг нь авахын тулд/ 1 цаг гаруй хаалгыг нь нүдсэн боловч хаалгаа онгойлгоогүй. Буцаад нөгөө эмэгтэйтэй /Г-/ гэр рүү нь явж байхад утас нь дуугараад авч ярьснаа “буцаж явъя” гэж хэлсэн. Мөн “эгч нь одоо ганцаараа ороод ирье, чи хүлээж бай” гэж хэлээд орсон. Нөгөө эмэгтэй /Г-/ 5 минут ч болоогүй гүйгээд гарч ирэхдээ нүүрээ маажуулаад цус нөж болчихсон, хөл нүцгэн миний машины урдуур гүйж орж ирж суусан. Тэгээд тэр эмэгтэй /Г-/ цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яв” гэхэд нь тэр эмэгтэйг /Г-/ Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст буулгаж өгсөн. “Яагаад зодолдоод байгаа юм бэ” гэж асуухад “манай нөхөр ноолуурын компаний захирал болохоор тэр эмэгтэй чамайг явах юм бол би амиа хорлоно, надтай хамт бай гээд манай нөхрийг байнга дарамталдаг” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /х-ийн 32-34-р хуудас/,

Гэрч В.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед Натурын орчимд байрлах пабд найз С-тэй ороод “EDEN” архи 0,75 граммын 2 шил архи уусан. Хэдэн цагт тэр газраас гарснаа санахгүй байна. Би согтсон байсан. Би өглөө явах гэсэн чинь Н- “танай эхнэр ирээд” гэсэн. Би Н-ын гэрээс гарахдаа эхнэр Г- руу залгаад “шөнө яах гэж ирсэн юм бэ” гэж асуухад “наад хүүхэн чинь чиний утаснаас залгаад ирээд ав гэхээр нь би такси бариад очоод авах гэсэн биш миний нүүрийг маажаад, хуруу хөшсөн” гэж хэлсэн. Би Н-тай 2017 оны 04 дүгээр сараас хойш ажил төрлийн холбоотой болсон. Хамт 1 жил гаруй ажиллаж байна. Би тодорхой хэмжээгээр мэднэ. Ерөнхийдөө ширүүн зан ааштай эмэгтэй байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №1341 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвуунд гөлтгөнө боолттой, 2019.01.13-ны СД-д зүүн алганы 4-р шивнүүр хугарсан. Зүүн хацарт 1.0х0.2см, гурван ширхэг, баруун хацарт 1.0x0.2см зулгаралттай. Дүгнэлт:

1. Т.Г-гийн биед зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн таван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-р хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 77-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Н- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Хамт амьдарч байсан Б- миний 91117662 дугаар руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өглөөнөөс хойш удаа дараа залгахад би дуудлагыг нь аваагүй таслаад байсан. Орой 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ... байрны 1-... тоот гэртээ байхад гэрийн хаалга маш хүчтэй нүдээд байсан. Гэрт хүүхэд унтаж байсан болохоор “сэрчих байх” гэж бодоод очоод хаалгаа тайлахад Б- таксины жолооч гээд нэг хүнтэй хамт зогсож байсан. Тэгснээ “таксины мөнгө байна уу, мөнгө байвал өгөөч” гэхээр нь би мөнгийг нь өгөөд хаалгаа хаах гэтэл Б- “уучлаарай, түр ярилцах хэрэг байна” гээд гэрт орж ирсэн. Б- “чамтай уулзахгүй, чамайг утсаа авахгүй болохоор хэцүү байна” гээд ярилцаж байгаад унтаж амрах гэтэл Б-ийн утас дуугарсан. Б- нойрон дундаа намайг утас авчих гэхээр нь авсан. Гэтэл миний өөдөөс эмэгтэй хүн /Г-/ “чи манай нөхрийг гэртээ аваачсан байна” гээд орилоод байхаар нь “ирээд нөхрөө ав, сая манайд таксины мөнгө байхгүй гээд Б- өөрөө ирсэн” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь очоод онгойлготол Б-ийн эхнэр Г- байсан. Г- гутлаа тайлаад орж ирээд “нөхрийгөө авъя” гэхэд Б- “явахгүй” гэж хэлэхэд Г- миний нүүрийг самардаад орилоод байсан. Би тэр үед тийм зүйл болно гэж бодоогүй байсан учраас Г-г “гэрээс гар” гээд түлхээд гаргасан. Г- гэрийн хаалга нүдээд коридорт орилоод байсан. Гэрт Г-гийн гутал нь байсан болохоор би хаалга онгойлготол Г- лифтний хаалгыг гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд би хаалгаа хаасан. ...Би Г-д хүнд гэмтэл учруулах хэмжээний ноцолдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, гэрч Д.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/, гэрч Д.А-ын мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 85-р хуудас/, Их засаг их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 86-87-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 88-102-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Хохирогч Т.Г- энэ хэргийн гэрч В.Б- нар гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 12-наас 13-нд шөнө  хохирогч Т.Г- “нөхрөө авах”-аар шүүгдэгч Э.Н-ын гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ... байрны ... тоотод орсон байна. Шүүгдэгч Э.Н-, хохирогч Т.Г- нарын хооронд “В.Б-ийн гэр бүлээс гадуурх харилцаанаас” үүдэлтэй маргаан үүсэж, шүүгдэгч Э.Н- нь хохирогч Т.Г-гийн нүүрийг маажиж, гарыг хөшиж дарсаны улмаас “зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Т.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн “... Тухайн орой Н- манай нөхөр Б-ийн утаснаас над руу залгаад “та ирж нөхрөө аваарай” гэхээр нь би такси бариад Н-ын гэрт нь очсон. Намайг гэрт нь ороход Н- “та гутлаа тайлчих” гэхээр нь гутлаа тайлаад дээшээ хартал Н- 2 гараараа миний нүүрэн хэсэгт 1 удаа маажихаар нь би түүний нэг гарыг бариад хаалгыг онгойлгоод хөл нүцгэн гарч зугтаасан. Н- орцонд гарч ирээд миний гарын сарвуу хэсгээс барьж аваад хөшиж дарсан. Үүнээс болж миний зүүн гар хэсгээр бамбайж хавдсан. ...  Тэр үед хажуу талын хаалганаас эмээ гарч ирээд “та нар яагаад байгаа юм гээд бид 2-ыг загнасан. Тэгэхээр нь би “танайд эрэгтэй хүн байна уу? Надад туслаач” гэхэд “манайд эрэгтэй хүн байхгүй” гээд тэр эмээ гэртээ орсон.  Миний хувьд нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,  /хх-ийн 9-21-р хуудас/,

 

Гэрч С.Н-гийн ...2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед хүмүүс хашгирч орилоод, хэрэлдээд унтуулахгүй байхаар нь би хаалгаа онгойлгоод “та нар яах гээд байгаа юм, больцгоо” гэж хэлэхэд хөрш айлын эмэгтэй /Н-/, үл таних эмэгтэйтэй /Г-/ маргалдаад ноцолдож байсан. Тухайн үед намайг шаардлага тавихад хөрш эмэгтэй /Н-/ гэр рүүгээ орж, нөгөө эмэгтэй /Г-/ цахилгаан шатанд суугаад явчихсан. Би уг хаяг дээр 2016 оноос хойш амьдарч байна. Манай хажуу айл (... тоот)-д өмнө нь ийм асуудал болж байгаагүй, чимээ гарч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Гэрч Ц.Ц-ын ...2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай хажуу айлын буюу ... тоотын хаалгыг цохиод байгаа бололтой чимээ гараад байсан. Тухайн шөнө хүүхэд унтаж байсан болохоор би гарч хараагүй. Ямартай ч эмэгтэй хүний дуу гараад орилоод байсан. Намайг энэ хаяган дээр амьдарч эхэлснээс хойш 2-3 удаа иймэрхүү хэрүүл маргаан үүсэж зодолдож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Н.Э-ы ...Нөгөө эгч /Г-/ 5 минут ч болоогүй гүйгээд гарч ирэхдээ нүүрээ маажуулаад цус нөж болчихсон, хөл нүцгэн миний машины урдуур гүйж орж ирээд суусан. ...“Яагаад зодолдоод байгаа юм бэ” гэж асуухад “манай нөхөр ноолуурын компаний захирал болохоор тэр эмэгтэй чамайг явах юм бол би амиа хорлоно, надтай хамт бай гээд манай нөхрийг байнга дарамталдаг” гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /х-ийн 32-34-р хуудас/,

 

Гэрч В.Б-ийн ... Би өглөө явах гэсэн чинь Н- “танай эхнэр ирээд” гэхээр нь би Н-ын гэрээс гарахдаа эхнэр Г- руу залгаад “шөнө яах гэж ирсэн юм бэ” гэж асуухад “наад хүүхэн чинь чиний утаснаас залгаад ирээд ав гэхээр нь би такси бариад очоод авах гэсэн биш миний нүүрийг маажаад, хуруу хөшсөн” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №1341 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Г-гийн биед зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн таван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-р хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчийн биед үзлэг хийсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичлэгийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон. Хохирогчийн зүүн гарын 4-р шивнүүр яс хугарсан, нүүрэнд зулгаралт үүссэн байсан. Эдгээр гэмтлүүд нь нийлээд 5 удаагийн үйлчлэлээр үүснэ. Өөрөөр хэлбэл Зүүн хацарт нь 1х0.2см 3 ширхэг, баруун хацарт нь 1х0.2см 1 ширхэг, шивнүүр ясны хугарал нийт 5 удаагийн үйлчлэлээр учирсан гэсэн үг. Зүүн гарын 4-р шивнүүр яс гэдэг нь ядам хуруу юм. Гарын хурууны байрлал болон бөх бат байдлынхаа хувьд чигчий хуруу хугарах нь элбэг тохиолддог. Тодруулбал чигчий хуруу нарийн учраас чигчий хурууны шивнүүр яс нарийн гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг гарын хажуу хэсгээр цохиход 4-р шивнүүр яс хугарах боломжгүй харин чигчий хуруу гэмтдэг. Гарын ар хэсгээр чигээрээ цохиход илүү төвийж гарсан дунд хурууны шивнүүр яс гэмтдэг. Хатуу мохоо зүйл гэдэгт галт зэвсэг болон ир, үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл хамаарна. Гараараа хойш дарах үйлдэл нь хатуу мохоо зүйлд хамаарна. Хатуу мохоо зүйлээр хөшигдөх, мушгигдах үйлчлэлээр үүсч болно. Ясны хугарлын эдгэрэх хугацаа өөр өөр байдаг. Шивнүүр ясны хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зулгаралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Хэд хэдэн гэмтэлтэй тохиолдолд хамгийн хүнд зэргээр гэмтлийн зэргийг тогтоодог. Тэгш гадаргууг цохиход яс хугарсан ч арьс гэмтэхгүй байж болно  гэх мэдүүлэг,

 

          Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд: улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир “Э.Н- хохирогч Г-г утсаар дуудсан уу эсхүл Г- эхэлж залгасан уу гэдгийг шалгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” мөн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Иймд Э.Н- нь хохирогч Т.Г-д гэм буруугүйгээр хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Энэ хэргийн гэрч В.Б- нь гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ зөрчиж Э.Н-тай гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгэсэн нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь үйл явцаараа тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай. Гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ач холбогдолтой юм.

          Энэ хэргийн тухайд Э.Н-, Т.Г- нарын хооронд “Б-ийн гэр бүлээс гадуурхи харилцаанаас” үүдэлтэй маргааны явцад шүүгдэгч Э.Н-ын хохирогч Т.Г-гийн нүүрийг маажиж, гарыг хөшиж дарсан үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Э.Н- нь хохирогч Т.Г-гийн биед халдаж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын “Э.Н- нь хор уршигийг гэм буруугүйгээр учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Э.Н- нь хохирогч Т.Г-гийн нүүрийг маажиж, гарыг хөшиж дарсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Тухайн хэргийн хувьд хохирогч Т.Г-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н-ыг хохирогч Т.Г- болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзах, утсаар ярих, ажлын байран дээр нь  очих зэрэг үйлдлийг хязгаарлах албадлагын арга хэмжээг 01 жилийн хугацаагаар авах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял  оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь 2012 онд төрсөн хүү Ш.Анхбаярын хамт  ам бүл 2-уул амьдардаг, хувиараа орчуулга хийж орлого олдог хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр хохирогч Т.Г-гийн биед 5 удаагийн үйлчлэлээр “зүүн сарвууны 4-р шивнүүрний хугарал, хоёр хацарт зулгарал” бүхий  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 В.Б- нь Э.Н-ын гэрт ирсэн ба хохирогч Т.Г- “нөхрөө авна” гэж шүүгдэгчийн гэрт ирснээр энэ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд улсын яллагчаас гаргасан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч Т.Г-, түүний гэр бүлийн гишүүдтэй уулзах, утсаар ярих, ажлын байран дээр нь очих зэрэг үйлдлийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С овогт Э-гийн Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Н-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР