| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0363/Э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 419
2019 06 10 2019/ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч Э.Э-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын С-д холбогдох эрүүгийн 1910009630334 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Т.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заводын автобусны буудлын уулзвар дээр Э.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай ангийнхан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой “Гранд Irish” пабд уулзаж шар айраг ууцгаасан. Бид пабаас гараад манай найз О-ын галлерейд очиж үргэжлүүлэн уусан. Л- нилээн согтолттой байсан тул манай жолооч түүнийг таксинд суулгаж өгсөн. Араас нь Т-, Э- бид гурав харихаар гарсан. Тухайн үед Т- тасарчихсан байсан тул түрүүлж буулгахаар явах замд Э- бид хоёр маргалдаад “Таван богд” компанийн урд талын уулзвар дээр би Э-ийг цохиод машинаасаа буулгасан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлье гэв.
Хохирогч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө архи уучихаад гэр рүүгээ харих замд С- бид хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед би согтуу байсан гэхдээ болж байгаа зүйлийг мэдэж байсан. Нэг мэдэхэд л миний толгой руу цохьсон. Би С-д “цус гараад байна, боль доо” гэхэд жолооч нь намайг татаж буулгахад би сөхөрч газар унасан. С-г миний ам руу өшиглөхөд би хойш савж унасан. Тухайн үед надад элс шиг зүйл зажлагдсан. Тэгээд С-гийн машин хөдлөөд явсан. Би замын голд хэвтэж байгаад такси бариад Гэмтлийн эмнэлэгт очсон. Маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн Цагдаад гомдол гаргасан. Миний хохирол төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би С-гээс нэг төгрөг ч илүү авсан зүйл байхгүй. Миний “нүдний хүүхэн харааны булчин тасарсан байна” гэсэн онош гарсан. Одоо нүдний хүүхэн хараа томорсон жижигрэхгүй байгаа. Гадаа явахаар гэрэл гялбадаг, харанхуйд машин барихад хэцүү байна. Миний хараа -3.5-тай байхад 2006 онд Америкийн Нэгдсэн Улсад нүднийхээ харааг тэглүүлж байсан. Гэтэл нүд рүүгээ цохиулснаас хойш -1.5 болсон. Нүдний булчин залгах эмчилгээ аль ч оронд гараагүй, эмчлэх боломжгүй гэсэн. Миний нүдний ухархай хугарсан тул 1 жилийн дараа лазераар хараа тэглэх боломжтой эсэхийг шийднэ гэсэн. Хэрэв боломжтой гэвэл би хараагаа лазераар тэглүүлмээр байна. Гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1910009630334 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... С- бид хоёр 10-н жилд нэг ангид сурдаг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аяриш” пабд очиход С-, Т-, Л- нар ирчихсэн байсан. Бид “Хаяникан” нэртэй 0.33 граммын шилтэй пиво нэг хүний 3-4-н шилийг уугаад С-гийн найз руу явсан. С-гийн найзынд очоод 1 литрийн архи ууж байхад Л- нилээн согтсон тул явуулсан. Түүнээс хойш удалгүй Т-, С- бид нар явахаар гарахад С-гийн жолооч /А-/ “хүргэж өгнө” гээд машиндаа сууж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заводын автобусны буудлын уулзвар дээр ирэхэд С- “би чамайг хүргэж өгдөг хэн юм бэ” гэснээ “машинаа зогсоо” гэж хэлээд баруун урд талаас бууж ирээд хойд хаалгаа онгойлгож намайг 6-7 удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Би “болиоч ээ, хамарнаас цус гарчихлаа, одоо болоо биз дээ” гэж хэлэхэд С- жолоочдоо /А-/ хандаж “энийгээ буулга” гэж хэлэхэд жолооч /А-/ нь миний араас хоёр гарыг барих үед С- миний баруун нүд рүү баруун гараараа хоёр удаа цохисон. Би сөхрөөд суухад миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь хойшоо савж унасан. С- машиндаа суугаад яваад өгсөн. Би такси бариад Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн. С- бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. ...Миний баруун нүд хэзээ ч эмчлэгдэхгүй хүүхэн харааны булчин тасарсан. Би эмчилгээний зардалд 1.311.488 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
Гэрч М.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: С-, Э- бид гурав 10-н жилийн нэг ангид сурдаг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүрэгт “Аяриш” пабд С-, Л-, Э- бид дөрөв “Хаяникан” нэртэй 0.33 граммын шилтэй пиво нэг хүний 3-4-н шилийг уугаад Хан-Уул дүүргийн “Авто ланд”-ын хажуу талын байранд очиж 1 литрийн нэг шил архи хувааж ууж байхад Л- гараад явсан. С-, Э- бид гурав гарахад С-гийн жолооч /А-/ нь “хүргэж өгнө” гээд машиндаа сууж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заводын автобусны буудлын уулзвар дээр ирэхэд С- Э-т “би чамайг хүргэж өгдөг хэн юм бэ” гэснээ “машинаа зогсоо” гэж хэлээд баруун урд талаас бууж ирээд Э-ийн сууж байсан зүүн хойд хаалгыг онгойлгож Э-ийг баруун гараараа толгой хэсэг рүү нь 7-9 удаа, зүүн гараараа 6-7 удаа цохиход хамарнаас цус гарсан. Э- “болиоч ээ, хамраас цус гарчихлаа, одоо болоо биз дээ” гэж хэлэхэд С- жолоочдоо /А-/ хандаж “энийг буулга” гэж хэлэхэд жолооч /А-/ нь ирж Э-ийг буулгаад араас нь хоёр гарыг барих үед С- Э-ийн баруун нүд рүү нь баруун гараараа хоёр удаа цохисон. Э- сөхрөөд суухад Сүгарсүрэн түүний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Э- хойшоо савж унасан. Тэгээд С- машиндаа суугаад яваад өгсөн. Намайг гэрийн гадаа С- хүргэж өгөөд явсан. С-, Э- хоёр маргалдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Г.Л- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүрэгт “Аяриш” пабд С-, Т-, Э- бид дөрөв “Хаяникан” нэртэй 0,33 граммын шилтэй пиво нэг хүний 3-4-н шилийг уугаад Хан-Уул дүүргийн “Авто ланд”-ын хажуу талын байранд очиж 1 литрийн нэг шил архийг хувааж уусан. С- “намайг муудчихсан байна” гэж хэлээд намайг жолоочоороо /А-/ таксинд суулгаж өгөөд явуулсан. Тэр үед С-, Э- хоёр маргалдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ц.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед захирал С- пабд орсон. Харин би машиндаа суугаад үлдсэн. Орой 23 цаг өнгөрч байхад захирал С- 3-н найзын хамт пабаас гарч ирээд 120 мянгатын “Жетро” дэлгүүрээс 1 литрийн нэг шил архи, 7-8 шил пиво аваад “Эрэл” компанийн замын урд талд Хан-Уул дүүргийн “Авто ланд”-ын хажуу талын барилгын 4 давхарт гарч булангийн өрөөнд орсон. Би тухайн газрыг уран зургийн галлерей байна гэж бодсон. Галлерейгийн дарга нь хорхог хийчихээд захирлыг /С-/ дуудсан байсан. Тэнд хоол унд идээд хоорондоо юм ярилцаж байх зуур нэг найз /Л-/ нь нилээн согтсон тул захирал /С-/ намайг “хүргэж өг” гэхээр нь би дагуулаад гарахад нөгөө ах /Л-/ “би таксинд суугаад явна” гэхээр нь таксинд суулгаад явуулсан. Намайг буцаж ороход захирал /С-/ “явъя, манай хэд согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа тул гэрт нь хүргэж өгье” гэж хэлээд машиндаа суугаад хөдлөөд явж байхад захирлыг /С-/ хэл амаар доромжлоод байсан. Ингээд заводын буудлын уулзвар дээр ирэхэд захирал /С-/ уурлаж “чи машинаас буу” гэхэд нөгөө ах /Э-/ “онигоотой пизда минь өөрөө машинаас буу” гэж хэлсэн. Захирал /С-/ “машинаа зогсоо” гэж хэлээд баруун урд талын хаалгаар буугаад зүүн хойд талын хаалга дээр очоод машинаас татаж буулгах үед нөгөө ах /Э-/ нулимахад захирал /С-/ “чи ингэж байгаа юм уу” гэж хэлээд машин дотор цохисон. Би машинаас буугаад очтол захирал /С-/ нөгөө ахыг /Э-/ татахад тэрээр машинаас унангуут захирал машиндаа суугаад явсан. Тэгээд нөгөө ахыг /Т-/ хүргэж өгөөд гэртээ харьж амарсан. Захирал /С-/ тэр хүнийг /Э-/ гараараа нүүр, гэдэс, гарын булчин хэсэг pүү нь 3-4 удаа цохиж, машинаас татаж буулгах үедээ газар унагаасан. Өөрөөр цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч М.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед найз С- рүү залгаад “хорхог болчихлоо, зав байвал ирэхгүй юу” гэхэд “3-н найзын хамт яваад очьё” гэж хэлсэн. Удалгүй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны барилгын архитектурын корпарацийн 4 давхарт байх манай галлерейд С- нь гурван найз /Т-, Э-, Л-, жолоочийн /А-/ хамт орж ирсэн. Бид хорхог идэж, пиво болон 1 литрийн шилтэй архи уусан. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 00 цаг өнгөрч байхад нэг найз /Л-/ нь муудсан байсан тул С- жолоочдоо /А-/ “хүргэж өг” гэж хэлэхэд жолооч /А-/ нь дагуулаад гарсан. Удалгүй жолооч /А-/ нь орж ирээд “такси бариад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд С- “маргааш ажилтай юм чинь харъя, согтууруулах ундаа хэрэглэсэн учир хоёр найзыгаа хүргэж өгье” гээд тэд бүгдээрээ гараад явсан. Манай галлерейд зодоон болоогүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С-тэй чат бичиж байхад тэрээр “манай нэг найз гарчихаад явахгүй гээд байхаар нь аваад явсан. Замдаа над руу агсараад байхаар найз нь хэдэн удаа цохичихсон чинь цагдаагаар яваад байна” гэж чат бичихээр нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №4638 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд 4.5х4см талбайд хөх ягаан цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний алимны салстад улаан хүрэн тархмал цус хуралттай, баруун нүдний зовхины дотор хэсэгт 1.5х0.2см, хамрын нурууны баруун хэсэгт 1.2х0.2см улаан ягаан зулгаралттай, баруун, зүүн дээд 1-р шүдний гадна паалан доод ирмэгээр эмтэрсэн, баруун доод 1, 2, 3-р шүд, зүүн доод 1, 2-р шүднүүдийн дотор паалан доод ирмэгээр эмтэрсэн, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн эгэмний доод хэсэгт 3.4х0.3см улаан ягаан зулгаралттай. Өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт:
1. Э.Э-ийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 30-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журамд нүдний гэмтлийг хараа бууруултаар нь үндэслэж тогтоодог. Дээрх тохиолдолд Э-ийн хараа бууралт 0.1 байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
“Med Trauma” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 31-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 43-45-р хуудас/,
Шүүгдэгч Т.С- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Э- бид хоёр 1987 оноос хойш нэг ангид сурч төгсөөд одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүрэгт “Аяриш” пабд бид дөрөв “Хаяникан” нэртэй 0.33 граммын шилтэй пиво нэг хүний 3-4-н шилийг уусан. Бид нар Хан-Уул дүүргийн “Авто ланд”-ын хажуу талын байранд манай найз зураач О-ын галлерейд очиж 1 литрийн нэг шил архи хувааж уусан. Найз Л- согтолт ихтэй байсан тул би “муудчихсан байна, найз харьж амар” гэж хэлээд жолооч А-гаар таксинд суулгаж өгөөд явуулсан. Бид 5-10 минутын дараа гарч хоёр найзаа “гэрт нь хүргэж өгье” гээд машиндаа суулгаад явсан. Заводын автобусны буудлын уулзвар дээр ирэх хүртэл Э- араас харааж хашгираад байхаар нь “чи ямар учраас уурлаад байгаа юм бэ” гэхэд Э- “цаашаа хүнтэй хамт явах гэж байхад чи намайг аваад явчихлаа” гэхээр нь “одоо би чамайг хүргээд өгье, чимээгүй болчих” гэж олон удаа гуйсан боловч над руу хараалын үг хэлээд байсан. Би машинаас бууж тойрч очоод зүүн хойд хаалгыг онгойлгож Э-ийг машинаас буулгах гэж байхдаа зүүн гараараа түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж, угзарч татаж буулгах үедээ газар унагаачихсан. Тэгээд машиндаа суугаад Т-ыг гэрт буулгаж өгөөд гэртээ харьсан. Э-ийн биед учирсан нүдний гэмтлүүд, зовхи хамрын нурууг би гараараа цохиж байхдаа үүсгэсэн. Харин би эгэмний гэмтлийг машинаас чирч буулгах гэж байхдаа үүсгэсэн байх. Шүдний эмтрэлийг нь машинаас татаж буулгаж байхдаа өвдөгөөрөө үүсгэсэн байж болзошгүй. Өөрөөр бол ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, Техникийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 63-64-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.С-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Т.С-, хохирогч Э.Э- нар нь дунд сургуульд хамт сурч байсан найз нөхдийн харьцаатай бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Шүүгдэгч Т.С- нь 2019 оны 4 дүгэр сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” ХХК-ийн ойролцоо өөрийн автомашинтай явж байхдаа хохирогч Э.Э-ийг “хэл амаар доромжиллоо” гэж шалтаглан нүүр болон нүд рүү гараараа цохиж, машинаас татаж унагааж, өшиглөх зэргээр зодож биед нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө архи уучихаад гэр рүүгээ харих замд С- бид хоёрын хооронд маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед би согтуу байсан гэхдээ болж байгаа зүйлийг мэдэж байсан. Нэг мэдэхэд л миний толгой руу цохьсон. Би С-д “цус гараад байна, боль доо” гэхэд жолооч нь намайг татаж буулгахад би сөхөрч газар унасан. С-г миний ам руу өшиглөхөд би хойш савж унасан. Тухайн үед надад элс шиг зүйл зажлагдсан. Тэгээд С-гийн машин хөдлөөд явсан. Би замын голд хэвтэж байгаад такси бариад Гэмтлийн эмнэлэгт очсон. Маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн Цагдаад гомдол гаргасан. Миний хохирол төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би С-гээс нэг төгрөг ч илүү авсан зүйл байхгүй. Миний “нүдний хүүхэн харааны булчин тасарсан байна” гэсэн онош гарсан. Одоо нүдний хүүхэн хараа томорсон жижигрэхгүй байгаа. Гадаа явахаар гэрэл гялбадаг, харанхуйд машин барихад хэцүү байна. Миний хараа -3.5-тай байхад 2006 онд Америкийн Нэгдсэн Улсад нүднийхээ харааг тэглүүлж байсан. Гэтэл нүд рүүгээ цохиулснаас хойш -1.5 болсон. Нүдний булчин залгах эмчилгээ аль ч оронд гараагүй, эмчлэх боломжгүй гэсэн. Миний нүдний ухархай хугарсан тул 1 жилийн дараа лазераар хараа тэглэх боломжтой эсэхийг шийднэ гэсэн. Хэрэв боломжтой гэвэл би хараагаа лазераар тэглүүлмээр байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг,
Гэрч М.Т-ын ...2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заводын автобусны буудлын уулзвар дээр ирэхэд С- Э-т “би чамайг хүргэж өгдөг хэн юм бэ” гэснээ “машинаа зогсоо” гэж хэлээд баруун урд талаас бууж ирээд Э-ийн сууж байсан зүүн хойд хаалгыг онгойлгож Э-ийг баруун гараараа толгой хэсэг рүү нь 7-9 удаа, зүүн гараараа 6-7 удаа цохиход Э-ийн хамарнаас цус гарсан. Э- “болиоч ээ, хамраас цус гарчихлаа, одоо болоо биз дээ” гэж хэлэхэд С- жолоочдоо /А-/ хандаж “энийг буулга” гэж хэлэхэд жолооч /А-/ нь ирж Э-ийг буулгаад араас нь хоёр гарыг барих үед С- Э-ийн баруун нүд рүү нь баруун гараараа хоёр удаа цохисон. Э- сөхрөөд суухад С түүний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд Э- хойшоо савж унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч Ц.А-гийн ...Заводын буудлын уулзвар дээр ирэхэд захирал /С-/ уурлаж “чи машинаас буу” гэхэд нөгөө ах /Э-/ “онигоотой пизда минь өөрөө машинаас буу” гэж хэлсэн. Захирал /С-/ “машинаас зогсоо” гэж хэлээд баруун урд талын хаалгаар буугаад зүүн хойд талын хаалга дээр ирээд машинаас татаж буулгах үед нөгөө ах /Э-/ нулимахад захирал /С-/ “чи ингэж байгаа юм уу” гэж хэлээд машин дотор цохисон. Би машинаас буугаад очтол захирал /С-/ нөгөө ахыг /Э-/ татахад тэрээр машинаас унангуут захирал машиндаа суугаад явсан. ...Захирал /С-/ тэр хүнийг /Э-/ гараараа нүүр, гэдэс, гарын булчин хэсэг pүү нь 3-4 удаа цохиж, машинаас татаж буулгах үедээ газар унагаасан. Өөрөөр цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч М.О-ын ...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С-тэй чат бичиж байхад тэрээр “манай нэг найз гарчихаад явахгүй гээд байхаар нь аваад явсан. Замдаа над руу агсараад байхаар нь найз нь хэдэн удаа цохичихсон чинь цагдаагаар яваад байна” гэж чат бичихээр нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №4638 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.Э-ийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 30-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журамд нүдний гэмтлийг хараа бууруултаар нь үндэслэж тогтоодог. Дээрх тохиолдолд Э-ийн хараа бууралт 0.1 байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
“Med Trauma” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 31-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Т.С- яллагдагчаар өгсөн: ...Би машинаас бууж тойрч очоод зүүн хойд хаалгыг онгойлгож Э-ийг машинаас буулгах гэж байхдаа зүүн гараараа түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж, угзарч татаж буулгах үедээ газар унагаачихсан. Э-ийн биед учирсан нүдний гэмтлүүд, зовхи хамрын нурууг би гараараа цохиж байхдаа үүсгэсэн. Харин би эгэмний гэмтлийг машинаас чирч буулгах гэж байхдаа үүсгэсэн байх. Шүдний эмтрэлийг нь машинаас татаж буулгаж байхдаа өвдөгөөрөө үүсгэсэн байж болзошгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Т.С- нь хохирогч Э.Э-ийн нүүр рүү гараараа цохих, өшиглөх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогч Э.Э-ийн биед “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөл, хүүхэн харааны булчингийн урагдал, 7 шүдний эмтрэл, зовхи, хамрын нуруу, эгэмд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “үл ялих зүйлээр” шалтаглан хохирогч Э.Э-ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.С- болон түүний өмгөөлөгч Ц.Туяа нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээ болон бусад зардалд нийт 2.311.488 төгрөг зарцуулсан талаарх баримт хэргийн 42-45-р талд гаргаж өгсөн байна. /хх-ийн 75-р хуудас/
Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.С- нь хохирогч Э.Э-т 2.311.488 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Харин хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс шинжээч эмчийн эмдүүлгээр хараа бууралтаар гэмтлийн зэрэг тогтоодог гэсэн. Миний үйлчлүүлэгчийн баруун нүдний хүүхэн харааны булчингийн тасралт гэсэн онош гарсан ба одоогоор эмчлэх боломжгүй, цаашид лазерын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч Т.С- болон түүний өмгөөлөгч Ц.Туяа нар нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ хохирогчид олон тооны гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр ажил эрхэлдэг тогтмол орлоготой хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С- нь хохирогч Э.Э-т 2.311.488 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.С- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР