Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00124

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******э намайг ажилтан *******, *******, *******, *******, ******* нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.5 дахь хэсгийг зөрчиж, ажлын байранд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, зүй бус хэллэг хэрэглэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн мөн нийгэмлэгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн ялгаварлан гадуурхсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Би, *******д ажиллаж байх хугацаандаа өөрийн удирдлага доор ажиллаж байгаа хүмүүс болон бусад хүмүүсийг ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах, дарамт хүчирхийлэл, ажлын байрны тэвчишгүй байдалд оруулсан зүйл огт байхгүй, үүнийг нотлох баримт болон эрх бүхий этгээдийн шийдвэр тогтоолоор тогтоосон зүйл байхгүй, өргөдөл гаргасан гэх этгээдүүдийн бичсэн зүйлийг нотлон тогтоогоогүй, өргөдөл гомдол ирсэн л бол ийм үйлдэл хийсэн гэх байдлаар асуудалд хандсан, тухайн өргөдөл гомдлуудын цаад учрыг олох талаар ямар нэг ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.

Иймд, *******ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ийн даргаар ажилласан байсан *******ийн ёс зүйн талаар манай байгууллагын зарим ажилтнуудаас замын удирдлагад хандаж гомдол өгсөн.

Улмаар -ын Ёс зүйн хорооны хурлаар энэхүү гомдлыг хэлэлцээд 24/02 тоот дүгнэлт гарсан ба тус хорооны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/02 тоот албан бичгээр холбогдох дүгнэлтийг ХНН-ийн нэгдүгээр орлогч даргад хүргүүлсэн.

Тухайн дүгнэлтэд: ийн дарга *******э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1, 7.1.3 дугаар зүйл, Замын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-560 дугаар тушаалаар дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн дотоод журам-ын 13.2.1-д Ажил үүргээ гүйцэтгэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах гэснийг баримтлан ажиллаагүй, 13.3.2-т ...хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа ... бусдыг дарамтлах, ...эрхшээлдээ байлгахыг оролдох, нэр хүндийг унагах..., 14.3.5-д ...бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан доромжилсон, танхайрсан, зодох цохих зэргээр хүч хэрэглэсэн, хэрүүл маргаан үүсгэсэн, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, гүтгэн доромжилсон, өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн... Замын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-419 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ХНН-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.4-д заасан бүдүүлэг, доромж, ёс бус үг хэллэг хэлэх, гүжирдэх доромжлох, өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх-ийг хориглоно гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж дүгнэсэн байсан.

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А-48 дугаар тушаалаар баталсан *******-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам-ын 6.11-д Энэхүү журмын 6.9-д заасан ёс зүйн хариуцлагыг хүлээлгэхийн зэрэгцээ, ёс зүйн зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулах тухай санал, дүгнэлтийг ажил олгогчид хүргүүлнэ. гэснийг үндэслэн ийн дарга *******э сахилгын шийтгэл ногдуулах саналыг Замын удирдлагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингээд ХНН-ийн нэгдүгээр орлогч даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 дугаар тушаалаар Ч.ийг хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ажлын байранд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, зүй бус хэллэг хэрэглэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн, уг үйлдлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан, ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан гэх зэрэг үйлдэл гаргасан нь Ёс зүйн хорооны 24/02 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах нөхцөлүүдийг харилцан тохиролцсон ба 5.3.11 дэх заалтад ... ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт ... үзүүлсэн болох нь Нийгэмлэгийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохирсон.

*******ийн ажлын байран дээрх дарамт шахалтын улмаас ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх аяллын менежер ******* нь *******э ажлаас чөлөөлөгдсөний дараа эргэн -д ажилдаа орох хүсэлтээ өгсөн ба бодит байдалд ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй, түүний дарамт шахалт, зүй бус харьцаанаас үүдэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан талаар тайлбарладаг ба *******ыг өмнө эрхэлж байсан ажилд нь буцаан томилсон болно.

Иймд, дээрх ажил олгогчийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн *******ийг буруутай байгаа тухай огт дурдаагүй, шүүхийн дүгнэлтээс үзэхэд бичгийн баримт зохигчдын тайлбар, гэрч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг гэж тодорхойлсон боловч тухайн яригдаад байгаа асуудал нь ямар баримтаар нотлон тогтоогдож байгаа тухай ямар ч дүгнэлт хийгээгүй.

...Шүүхээс *******ыг 55 нас хүрсэн тул тэтгэвэрт гар гэж шахсан, ажлын байран дээр дэмждэггүй, ажилтны эд зүйлийг дээрэмдэж авдаг, нас хүйс, гэрлэлтийн байдлаар дарамталсан, ёс зүйн хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргаагүй гэх асуудлыг тодруулан дурдсан. Уг асуудал тус бүрийн тайлбар хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийг эсэргүүцэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн зүйгээс зүй ёсны шаардлага буюу ажлаа хийх шаардлага тавьж байсан. *******ын тухайд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа тасалсан нөхцөл байдал нь эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн мөн бусад шалтгаан ч байсан, *******ийн хувьд хуурамч баримт бичгийн асуудал үүссэн мөн л эрх зүйн байдалд нь сөрөг нөхцөл байдал үүссэн гэх мэт тухайн таван хүн тус бүрийн өөрийн гэсэн асуудалтай. Мөн олон жил хамт ажилсан зэрэг бусад шалтгаант холбоотой нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар тухайн албан тушаалаас нь холдуулж өөрсдөө буцаж ажилдаа орох, эсхүл өөрсдийн эрх зүйн байдлаа дээрдүүлэх гол зорилготой байсан нь хэргийн үйл баримтаас тодорхой харагдаж байгаа.

...Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тайлбар үндэслэлийг нотлох зорилгоор хариуцагчаас хэрэгт ач холбогдол бүхий өөрт байхгүй, өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

...Иймд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******д холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар *******э нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******ын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагын ийн даргаар томилогдон ажиллаж байхад нь ажил олгогчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/12 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, 80 дугаар зүйлийн 80.1.4-т тус тус зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /1.х.х-ийн 4-5, 35, 50-52/

 

Тодруулбал, ажил олгогч нь тус байгууллагын Ёс зүйн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/02 тоот дүгнэлтийг үндэслэн *******ийг Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа бусдыг дарамталж, эрхшээлдээ байлгахыг оролдсон, нэр хүндийг гутаасан, бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, доромжилсон, хэрүүл маргаан үүсгэсэн, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, гүтгэн доромжилсон, өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, мөн ажилтын ёс зүйн дүрмийг зөрчиж бүдүүлэг, доромж, ёс бус үг хэллэг хэлж, гүжирдэж, доромжилж, өндөр чанга дуугаар маргалдаж, хэрэлдсэн ёс зүйн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзээд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ. /1.х.х-ийн 6-8/

 

4. Анхан шатны шүүх зохигч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлоогүй байхад үүнийг дээр дурдсан Ёс зүйн хорооны 24/02 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй боловч гагцхүү ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх учиртай.

 

Хэрэгт цугларсан баримтаар *******ын Ёс зүйн хороонд ийн ажилтан *******, , *******, *******, ******* нараас дарга *******ийн талаар ... компьютер болон өрөөний эд хогшлоос дураараа авсан, хурдан тэтгэвэртээ гар, харааны бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхдаг, ажлын шаардлага хангахгүй мэргэжлийн бус гэсэн байдлаар байнга дарамталдаг, бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар тэтгэвэрт гаргаж, ажлаас чөлөөлсөн, орлогын төлөвлөгөө биелүүлээгүй ажилчдыг ажлын үзүүлэлтээр нь барьцаалж, ажил ярихаар өрөөнд нь ороход удаа дараа гар утасны камераа асааж ажилтныг камер руу харж ярихыг шаарддаг, ажлын өрөөнд камер суурилуулж бүх ажилтныг хянаж ажиллах болно гэж сүрдүүлдэг, бүдүүлэг зан харьцаатай, хөдөлмөрийн харилцааны ёс зүйгүй үйлдлийг байнга гаргадаг ... гэсэн утгатай гомдол гаргажээ. /1.х.х-ийн 65-67/

 

Нэхэмжлэгч *******э нь энэхүү гомдолтой танилцаад ... ажилтан *******ийн туршилтын хугацаа дууссан, туршилтаар ажиллах хугацаандаа төлөвлөгөө биелүүлээгүй, ын ажлын үзүүлэлт хангалтгүй, түүнийг тэтгэвэрт гарах нэрийдлээр сүүлийн 2 сар ажил хийгээгүй, өөрийнхөн тэтгэвэрт гарах хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн, мөн ******* нь ээлжийн амралтыг хугацааг хэтрүүлж ажлын 3 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцөл үүссэн байсан боловч ийм арга хэмжээ авахгүйгээр өөрийнхөө хүсэлтээр тэтгэвэртээ гарсан, Х.Маргад-Эрдэнийг ажлаас халаагүй, ажлаа хийж байгаа, мэргэжилтэн *******ийн боловсролын үнэмлэх улсын бүртгэлд байхгүй, холбогдох байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж ирсэн... эдгээр хүмүүсийн миний талаар гаргасан гомдол үндэслэлгүй, судалгаагүй гүтгэлгийн чанартай зүйл гэсэн ... тайлбар өгчээ. /1.х.х-ийн 72-74/

 

6. *******ын Ёс зүйн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл дээр дурдсан нэр бүхий ажилтнуудаас нэхэмжлэгчийн талаар гаргасан энэхүү гомдолд дурдсан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон баримтгүй байхад эдгээр хүмүүсийн гомдлыг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч тал энэ тохиолдолд ажилтны талаар ирүүлсэн гомдол дахь зөрчлийг шалгаж тогтоох ёстой бөгөөд харин тухайн гомдол нь зөрчил гаргасан гэдгийг шууд нотлох баримт биш юм.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа бусдыг дарамталж, эрхшээлдээ байлгахыг оролдсон, нэр хүндийг гутаасан, бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, доромжилсон, хэрүүл маргаан үүсгэсэн, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, гүтгэн доромжилсон, өдөөн хатгасан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, бүдүүлэг, доромж, ёс бус үг хэллэг хэлж, гүжирдэж, доромжилж, өндөр чанга дуугаар маргалдаж, хэрэлдсэн ёс зүйн зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******э нь хэрэгт сүүлийн сарын цалин хөлсний талаарх баримтыг өгөөгүй учир 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын цалин 2,323,550 төгрөгөөр тооцож түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтооно. /2,323,550:21=110,645/

 

Иймд, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ажлаас чөлөөлсөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 216 хоногийг нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 110,645 төгрөгөөр тооцоход 23,899,320 /110,645х216/ төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05383 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус заасныг баримтлан *******ийг урьд нь эрхэлж байсан *******ын ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23,889,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Б.МАНДАЛБАЯР