Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

   2019         06           12                                    2019/ШЦТ/423

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогт Ч-ын О-т холбогдох эрүүгийн 1910000000210 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.О- нь 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн ажлын байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлнээр 3.358.750 төгрөг, 624.000 төгрөгийн үнэтэй “Самсунг” маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 3.982.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910000000210 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Д” ХХК-нд 2014 оноос хойш ажиллаж байна. Одоо ерөнхий менежерээр ажиллаж байна. 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай компаний байранд хулгай орсон байсан. Нягтлан бодогч С-т тушаахаар хадгалсан байсан М-ын ширээний шургуулганаас мөнгөө авах гэтэл түлхүүр нь байхгүй байсан. Түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нь нягтлан бодогчоос илүү түлхүүр авч шургуулгыг онгойлгоход урьд өдрийн орлого болох 2.600.430 төгрөг алга болсон байсан. Тэр даруйдаа бусад ажилчдын эд зүйл бүрэн байгаа эсэхийг шалгахад нягтлан бодогч С-ийн ширээний шургуулганд байсан 477.200 төгрөг, нярав У-гийн ширээний шургуулганд байсан 281.120 төгрөг тус тус алдагдсан байсан. Бид С-ийн шургуулгыг шууд татаж хүчээр онгойлгосон, карго менежер болон нярав хоёрын шургуулгыг түлхүүрээр онгойлгосон байх гэж таамагласан. Тэгээд захирлын өрөөг онгойлгоод ороход “Самсунг” маркийн 12 инчийн дэлгэцтэй саарал өнгийн зөөврийн компьютер алга болсон байсан. Тус зөөврийн компьютерыг 3 сая төгрөгөөр үнэлнэ. Манай компани алдагдсан зүйлсээ бүгдийг нь хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй. ...Хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Манайд жолоочоор ажиллаж байсан Ч-ын О- гэх хүнийг сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31–р хуудас/,

 

Гэрч Б.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө карго менежер Барс, терминал менежер М- бид гурав шөнө 00:40 цагт ажлаасаа хамт гарцгаасан. Харуул бүх зүйлсийг цоожилж, шалгадаг учир бид шууд явчихсан. Өглөө 09:04 цагт ажилдаа ирэхэд терминал менежер М- надад “өмнөх өдрийн мөнгөө хүлээлгэж өгөх гэтэл шургуулганд байсан мөнгө алга болсон байна” гэж хэлсэн. Үүнээс өмнө тэрээр над руу залгаад “би шургуулганы түлхүүрээ олдоггүй, илүү түлхүүр чинь хэрэгтэй байна” гэж ярьж байсан. Би М-ыг “мөнгө байхгүй байна” гэхээр нь өөрийн шургуулганд байсан мөнгөө шалгахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орлого 477.200 төгрөг алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35–р хуудас/,

 

Гэрч Ө.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн “К” Солонгос улсын хөрөнгө оруулалттай байгууллагад харуулаар ажиллаж байсан. Тус өдөр байгууллагын ажилчид хамгийн сүүлд 00:30 цагийн үед ажлаа хийж дуусгаад гарахад би араас нь шалгаад, гэрэл унтраагаад гарсан. Би тухайн үед байгууллагын хаалгыг цоожлоогүй. Би ажилчид явсны дараа харуулын байр руугаа явсан. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08:00 цагийн үед жолооч О- ирсэн бөгөөд түүний араас ажилчид ар араасаа цуварч ирсэн. Удалгүй тооцооны мөнгө алга болсон талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38–р хуудас/,

 

Гэрч Л.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө компаний байранд хулгай орж миний шургуулганаас 281.120 төгрөг алдагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44–р хуудас/,

 

Гэрч Н.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Д” ХХК-нд 2015 оноос хойш ажиллаж байна. Одоо тус компанид терминал менежерээр ажилладаг. 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө компаний байранд хулгай орж, миний шургуулганд байсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орлого болох 2.600.430 төгрөг алдагдсан. Би шургуулгаа цоожлоод, түлхүүрээ ил тавиад орхичихдог юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45–р хуудас/,

 

Гэрч Э.Ш- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Д” ХХК-нд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш түгээлтийн жолоочоор 14 хоног ажиллаад гарсан. ...Сүүлд цагдаагаас дуудахаар нь тэнд ажилладаг хүмүүсээс “хулгайн хэрэг гарсан юм уу” гэж асуухад “тийм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46–р хуудас/,

 

Гэрч Н.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би дуудлагын дагуу “К” байгууллага дээр очиж камер шүүхэд хулгай хийсэн хүн шууд голын ширээн дээр очиж ухаж эхэлсэн. Шалтгааныг менежер М.М-эс асуухад “өмнө нь манай орлогыг хураадаг байсан хүн голын ширээнд суудаг байсан, энийг манайд өмнө нь ажиллаж байсан хүн л мэднэ” гэж хэлсэн. Уг хүний явдал, байгаа байдал зэргийг хараад М.М “манайд өмнө нь жолоочоор ажиллаж байгаад гарсан О-тай адилхан юм байна” гэсэн. Тэгээд бид Ч-ын О-ын гэрийн хаягийг тогтоож гэрт нь очиход тэрээр цагдаагийн албан хаагчдыг хараад маш их сандарсан. Бид түүнд болсон асуудлыг хэлсний дараа мөнгө нуусан газраа хэлж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 102–р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/137 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх 6 дугаартай гарын мөр нь Ч-ын О-ын баруун гарын чигчий хуруугаар, 7 дугаартай гарын мөр нь Ш-ын Э-ы баруун гарын алгаар тус тус дарагдсан байна.

3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь Ө.Г-, Ч. О- нарын гарын хээний дардастай болон эзэнгүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Харьцуулах загварт ирүүлсэн Б.Г-, Ч.О- нарын гарын хээний дардаснууд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 53-57–р хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” брэндийн зөөврийн компьютерыг 624.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 60-61-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-28-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сард “К” байгууллагад жолоочоор ажилд орсон. 2 сар гаруй ажиллаад элэгний В вирустай гэсэн онош гарсан тул ажлаас гарсан. Би сард халамжаас 155.000 төгрөг авдаг. Эхнэр, хүү бид гурав халамжийн мөнгөөр амьдралаа залгуулдаг ба нэмж эм авахад мөнгө хүрэлцэхгүй байсан. Зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарсан тул надад хулгай хийх сэдэл төрөөд 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хуучин ажиллаж байсан “К” байгууллагаас хулгай хийхээр шийдсэн. Би хар өнгийн өмд, хар хөх өнгийн юүдэнтэй цамц, түрүүтэй гутал, ногоон өнгийн куртик өмсөөд оройн 20 цагийн үед гэрээсээ гараад “К” дээр очсон. Хоёрдугаар давхрын гэрэл асаалттай байхаар нь ажилчид явахыг хүлээж харанхуйд хэсэг суусан. Даараад харих талаар бодож суутал гэрэл унтарч, Probox машин гарч явсан. Би шөнө хаалгаа цоожилдоггүй талаар мэддэг болохоор хүн харж байгаад орж нярав, нягтлан, менежерийн ажлын ширээнээс мөнгө авсан. Мөн няравын ширээнээс түлхүүрийг нь авч захирлын өрөө рүү ороод зөөврийн компьютерыг аваад гарсан. Гэртээ очоод өмсөж явсан куртикээ гадаа нуучихаад унтсан. Маргааш өглөө буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүүхдээ хүргэж өгөөд гэртээ ирээд мөнгөө тоолж үзтэл 3.250.000 гаруй төгрөг байсан. Хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад хоол хийж байх үед цагдаа нар ирж намайг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч У.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 43–р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 72-81–р хуудас/, “Гэгээн ар үр” эмнэлгийн шинжилгээний хариу /хх-ийн 82–р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93–р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 95–р хуудас/, бусад /хх-ийн 86-87–р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ч.О- нь 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн ажлын байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 3.358.750 төгрөг, 624.000 төгрөгийн үнэтэй “Самсунг” маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлж, 3.982.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.М-ий ...2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай компаний байранд хулгай орсон байсан. Терминал менежер М-оос нягтлан бодогч С-т тушаахаар хадгалсан байсан мөнгөө шургуулганаас авах гэтэл түлхүүр нь олдохгүй байсан. Түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нягтлан бодогчоос илүү түлхүүр авч шургуулгыг онгойлгоход урьд өдрийн орлого 2.600.430 төгрөг алга болсон байсан. Тэр даруйдаа бусад ажилчдын эд зүйл бүрэн байгаа эсэхийг шалгахад нягтлан бодогч С-ийн ширээний шургуулганд байсан 477.200 төгрөг, нярав У-гийн ширээний шургуулганд байсан 281.120 төгрөг тус тус алдагдсан байсан. Захирлын өрөөг онгойлгоод ороход “Самсунг” загварын 12 инчийн дэлгэцтэй саарал өнгийн зөөврийн компьютер алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31–р хуудас/,

 

Гэрч Б.С-ийн ...Би М-ыг “мөнгө байхгүй байна” гэхээр нь өөрийн шургуулганд байсан мөнгөө шалгахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орлого 477.200 төгрөг алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35–р хуудас/,

 

Гэрч Ө.Г-ын ...2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 08:00 цагийн үед жолооч О- ирсэн бөгөөд түүний араас ажилчид ар араасаа цуварч ирсэн. Удалгүй тооцооны мөнгө алга болсон талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38–р хуудас/,

 

Гэрч Л.У-гийн ...2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө компаний байранд хулгай орж миний шургуулганаас 281.120 төгрөг алдагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44–р хуудас/,

 

Гэрч Н.М-ын ...2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө компаний байранд хулгай орж, миний шургуулганд байсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орлого болох 2.600.430 төгрөг алдагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45–р хуудас/,

 

Гэрч Н.А-ын ...Би дуудлагын дагуу “К” байгууллага дээр очиж камер шүүхэд хулгай хийсэн хүн шууд голын ширээн дээр очиж ухаж эхэлсэн. Шалтгааныг менежер М.М-эс асуухад “өмнө нь манай орлогыг хураадаг байсан хүн голын ширээнд суудаг байсан, энийг манайд өмнө нь ажиллаж байсан хүн л мэднэ” гэж хэлсэн. Уг хүний явдал, байгаа байдал зэргийг хараад М.М “манайд өмнө нь жолоочоор ажиллаж байгаад гарсан О-тай адилхан юм байна” гэсэн. Тэгээд бид Ч-ын О-ын гэрийн хаягийг тогтоож гэрт нь очиход тэрээр цагдаагийн албан хаагчдыг хараад маш их сандарсан. Бид түүнд болсон асуудлыг хэлсний дараа мөнгө нуусан газраа хэлж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 102–р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” брэндийн зөөврийн компьютерыг 624.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 60-61-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-28-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Тухайн оройн 20 цагийн үед гэрээсээ гараад “К” дээр очсон. Хоёрдугаар давхрын гэрэл асаалттай байхаар нь ажилчид явахыг хүлээж харанхуйд хэсэг суусан. Даараад харих талаар бодож суутал гэрэл унтарч, Probox машин гарч явсан. Шөнө хаалгаа цоожилдоггүй талаар мэддэг болохоор хүн харж байгаад орж нярав, нягтлан, менежерийн ажлын ширээнээс мөнгө авсан. Мөн няравын ширээнээс түлхүүрийг нь авч захирлын өрөө рүү ороод ил байсан зөөврийн компьютерыг аваад гарсан. ...Маргааш өглөө буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөнгөө тоолж үзтэл 3.250.000 гаруй төгрөг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.М,  гэрч Б.С-, Ө.Г-, Л.У-, Н.М- нарын мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ч.О- нь 2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Д” ХХК-ийн ажлын байранд нэвтэрч 624.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Самсунг” маркийн зөөврийн компьютер /хх-ийн 60-61-р хуудас/, бэлэн 3.358.750 төгрөг хулгайлан авч, 3.982.750 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.О-ын “Д” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийн шинжтэй тул Ч.О-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.О-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ч.О- болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

                “Д” ХХК-ийн зөөврийн компьютерийг “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 624.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 60-61-р хуудас/ ба тус зөөврийн компьютер болон бэлэн 3.358.750 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мд хүлээлгэн өгсөн байх тул /хх-ийн 25-28-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон учруулсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгч хохиролгүй болгосон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр элэгний В вирусын улмаас элэг нь муудсан ба цөс, нойр булчирхайндаа нөлөөлсөн тул ажил хийж боломжгүй, эхнэр нь зүрхний ховдол хоорондын цоорхойтой тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоолгосон байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал болон гэр бүлийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо биет байдлаар төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч Ч.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Ц- овогт Ч-ын О-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.О-ыг 01 /нэг/  жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О- нь хохирогч “Д” ХХК-нд 3.358.750 төгрөг төлсөн, “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн, бусдад төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР