Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 428

 

 

  

 

 

 

 

    2019         06           14                                    2019/ШЦТ/428   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С- овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1910007240330 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Яллагдагч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корпорейт хотел энд конвейшн центр”-ын 16 дугаар давхарт иргэн Б.Ж-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хохирогч Б.Ж-ын биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910007240330 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Ж- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах ресторанд Б-, Б-, Х- болон эхнэр С- нартай хамт үйлчлүүлээд гарах гээд лифтний урд очтол үл таних хүн /Б-/ лифтний товчлуур дарж байсан. Бид доошоо буух товчлуурыг дартал тэр залуу /Б-/ дээш явах товчлуурыг дараад байсан. Тэр үед надтай хамт явж байсан эмэгтэйчүүдийн нэг нь “чи болиоч ээ” гэж хэлсэн боловч Б- үргэлжлүүлэн товчлуурыг дараад байсан тул хамт явж байсан Б- түүнийг түлхэж унагаасан. ...Би тэр залуугийн /Б-/ нүүрэн тус газар нэг удаа цохитол тэрээр зөрүүлээд миний хамар уруулыг хавсарч цохисон. Миний хамарнаас цус гарахаар нь Б-ын толгойн тус газарт 1-2 удаа цохисон. Бид харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Тэгтэл намайг цохисон залуу /Б-/ хамт явж байсан залуутайгаа /Б-/ лифтэнд суугаад зугтаасан. Бид араас нь лифтэнд сууж доош буутал нөгөө хоёр залуу /Б-, Б-/ машинтайгаа явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

 

Хохирогч А.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах ресторанд Б-, Б-, Х- болон нөхрийн /Ж-/ хамт үйлчлүүлчихээд гарахаар лифтэнд ороод 1 давхрын товчлуурыг дараад доошоо буух гэтэл лифт явахгүй хаалга онгойсон. Гэтэл үл таних намхан залуу /Б-/ гаднах товчлуур дараад буулгахгүй байсан ба тус үйл явдал 3-4 удаа давтагдсан. Дахиад дарахад нь манай эмэгтэй найзууд болон би тэр залууд “доошоо буувал хамт яв, буухгүй бол товчлуур битгий дараад бай” гэж хэлсэн. Тэр залуу үргэлжлүүлэн дараад байсан тул нөхөр Ж- “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд цаанаас үл таних өндөр залуу /Б-/ гарч ирээд Ж-тай маргалдаж, зодолдсон. Тэр байгууллагын хамгаалагчид болон Б-, Б- бид гурав зодооныг салгаад нөхрийгөө /Ж-/ тайвшруулаад байж байтал хэрүүл маргаан үүсгэж зодоон хийсэн хоёр залуу алга болсон байсан. Тус байгууллагын менежер доод харуул руу ярьж “сая гарсан хоёр залууг байлгаж байгаарай, үйлчлүүлэгчийг зодсон байна” гэж хэлсэн. Удалгүй хамгаалагчид “тэр хоёр хүнийг саатуулсан” гэхээр нь бид уулзахаар доошоо буусан. Манай нөхөр Ж- тэр хоёр залуутай /Б-, Б-/ зодолдох гээд дайрахаар нь Б- бид хоёр Ж-ыг буудал руу авч ороод хамгаалагчид болон найз Х-, Б- нарт “цагдаа иртэл наад хүмүүсээ явуулж болохгүй шүү” гэж хэлсэн. Нөгөө хоёр залууг /Б-, Б-/ машинаа унаад зугтаасан гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дээр нөхөр Ж-ын хамт очиж өргөдлөө өгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Бөөн бужигнаан болоод бид нар бие биенийхээ хувцаснаас зууралдаад байсан. Би хэний хувцаснаас зуурч байснаа санахгүй байна. Тэр үед л миний баруун гарын чигчий хурууны хумс салсан байх гэж бодож байна. Хэн нэгэн миний хурууны хумсыг салгаагүй, бугалганы цус хуралтыг ноцолдож байхад шалбарсан байх. Иймд надад хэн нэгэн хүн гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-26-р хуудас/,

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах лоунжид найз Б-ын хамт үйлчлүүлээд шөнийн 01 цагийн үед Б- түрүүлж гарсан. Би тооцоогоо хийчихээд лифтний урд очиход Б- лифтний хонгилд зогсож байсан. Лифтний хаалга онгорхой байхаар нь ороод суутал Б- суухгүй байсан. Би буцаж гараад лифтний товчлуурыг дараад хүлээж байтал хажуугийн лифтнээс үл таних хүмүүс гарч ирээд найз Б-ыг цохисон. Эхэнд нэг залуу /Ж-/ над руу дайрч цохиход хамт байсан эмэгтэйчүүд нь миний үснээс зулгааж, толгой руу цохиж миний өмсөж явсан хувцсыг урж бүлэглэн зодсон. Тэр үед тус байгууллагын хамгаалагчид ирээд бид нарыг салгаад Б- бид хоёр лифтэнд сууж доошоо буугаад машины зогсоол дээр очсон. Араас бид хоёртой маргалдаж байсан хүмүүс гарч ирээд үл таних эмэгтэй миний эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Би доошоо эвхэрч суухад Б- машинаа асаагаад хашааны цаана гаргаж байрлуулаад буцаж ирээд намайг аваад явсан. Тэр үйл явдлаас болж миний толгой 7 хоног өвдсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах “View” лоунжид найз Ж-, С-, Х- болон эхнэр Б.Б-ын хамт үйлчлүүлээд гарсан. Бид лифт ирэхийг хүлээгээд зогсож байтал үл таних намхан залуу /Б-/ ирээд бас лифтний товчлуурыг дарсан. Бид лифтэнд суугаад буух гэтэл хаалга хаагдахгүй байсан. Тус үйл явдал хэд хэдэн удаа давтагдсан. Лифтний хаалга хаагдахгүй байсан шалтгаан нь намхан залуу /Б-/  товчлуур дарсантай холбоотой байсан тул бид “болиоч ээ, явмаар байна. Нөгөө лифтэнд суу, хоосон байна ш дээ” гэж хэлсэн. Ингээд лифтний үүдэнд маргаан болж зодолдож эхэлсэн. Би зодооныг салгах гээд оролцоход хэн нэгэн гараараа миний нүүрэн тус газар руу цохисон. Хамгаалагчид ирээд бид нарыг салгасан. Тэр хоёр хүн /Б-, Б-/ лифтэнд суугаад доошоо буухдаа манай эхнэр /Б-/, С- хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Бид тэр хоёр хүнийг зугтааж магадгүй гээд цагдаа дуудчихаад доошоо буусан. Ж-, С- хоёртой хамт 1 давхарт байхад бидэнтэй зодолдсон хоёр залуу /Б-,  Б-/ гараад зугтаасан гээд Х-, Б- хоёр орж ирсэн. ...Миний нүүр хэд хэдэн газарт халцарч, толгой хэд хэдэн газар хавдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3612 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун сарвууны чигчий хурууны хумс садж хөндийрсөн, шарх үүссэн, шархнаас хүрэн өнгийн шаргал өнгийн шингэн гарна, орчны эд хавдаж овойсон, баруун бугалганы гадна дунд хэсэгт 4.2х4.0см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. А.С-ийн биед баруун чигчий хуруунд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... Баруун гарын цус хуралт нь дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 52-р хуудас, 106-107-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3613 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд үүдэн 1-р шүд босоогоороо голоороо болох хазах хэсэг хугарч унасан, дээд уруулын дотор салстад 1.5х1.4см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон. Дүгнэлт:

1. Б.Ж-ын биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би найз Б-тай утсаар яриад уулзахаар болж оройн 21.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах лоунжид очоод найзыгаа хүлээсэн. Б- орой 22.00 цагийн үед ирээд бид хоёр 700 граммын савлагаатай виски ууж дуусгаад гарахаар болж Б- тооцоо хийхээр үлдсэн. Би түрүүлж гараад лифт хүлээж байтал лоунжаас 3 эрэгтэй 3 эмэгтэй гарч ирээд лифтний өөдөөс харсан буйдан дээр сууцгаасан. Миний дарсан лифт ирэхэд тэр хүмүүс лифт рүү орсон. Би найз Б-ийг хүлээгээд тус лифтэнд суугаагүй. “Та нар түр хүлээж байгаач ээ” гэж хэлэхэд “багтахгүй, бид нар явлаа” гээд инээлдсэн. Тэр хүмүүсийн суусан лифт хаагдахаар нь би товчлуур дарахад лифтний хаалга онгойсон. “Чи яах гээд байгаа юм бэ, наад хаалгаа хаагаад зайлаач ээ” гэж хэлээд хаалга нь хаагдсан. Үүний дараа би дахиад товчлуур дарахад хаалга онгойсон. Тэр үед найз Б- гарч ирээд лифтэнд суух гэтэл “Чи багтахгүй” гээд гаргасан юм шиг байсан. Би дахиад лифтний товчлуурыг дарахад нэг залуу гарч ирээд нүүрэн тус газар гараараа цохисон. Дараа нь манай найз Б-ийг цохисон. Тэнд бөөн бужигнаан болсон ба намайг цохисон залууг би зөрүүлээд баруун гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Тэр үед хамгаалагчид гарч ирээд биднийг салгахаар нь Б- бид хоёр лифтэнд суугаад доошоо буусан. Би машинаа холдуулж байрлуулчихаад буцаад иртэл хамгаалагчид Б-ийг “явуулахгүй” гэсэн. Би “найзыгаа аваад явчихъя” гэж хэлээд хамт машинд суугаад явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-70-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 71–р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73–р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 74–р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75–р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76–р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77–р хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 78-79–р хуудас/, “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 80–р хуудас/, гэрч Т.О-ын мэдүүлэг /хх-ийн 81-83-р хуудас/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар: 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корпорейт” зочид буудлын 16 дугаар давхарт байрлах лоунжаар үйлчлүүлээд гарч явахдаа шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Ж- болон түүний найз нарын суусан лифтний товчлуурыг дарж доошоо буухад саад болсноос шүүгдэгч, хохирогч нарын дунд маргаан үүсэж харилцан зодолдох явцдаа хохирогч Б.Ж-ын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь “зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Ж-ын ...Бид доошоо буух товчлуурыг дартал тэр залуу /Б-/ дээш явах товчлуурыг дараад байсан. Тэр үед надтай хамт явж байсан эмэгтэйчүүдийн нэг нь “чи болиоч ээ” гэж хэлсэн боловч Б- үргэлжлүүлэн товчлуурыг дараад байсан тул хамт явж байсан Б- түүнийг түлхэж унагаасан. Би тэр залуугийн /Б-/ нүүрэн тус газар нэг удаа цохитол тэрээр зөрүүлээд миний хамар уруулыг хавсарч цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

Хохирогч А.С-ийн ...Үл таних намхан залуу /Б-/ гаднах товчлуур дараад буулгахгүй байсан ба тус үйл явдал 3-4 удаа давтагдсан. Дахиад дарахад нь манай эмэгтэй найзууд болон би тэр залууд “доошоо буувал хамт яв, буухгүй бол битгий дараад бай” гэж хэлсэн. Үргэлжлүүлэн дараад байсан тул нөхөр Ж- “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд цаанаас үл таних өндөр залуу /Б-/ гарч ирээд Ж-тай маргалдаж, зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-26-р хуудас/,

Гэрч Д.Б-ийн ...Би буцаж гараад лифтний товчлуурыг дараад хүлээж байтал хажуугийн лифтнээс үл таних хүмүүс гарч ирээд найз Б-ыг цохисон. Эхэнд нэг залуу /Ж-/ над руу дайрч цохиход хамт байсан эмэгтэйчүүд нь миний үснээс зулгааж, толгой руу цохиж миний өмсөж явсан хувцсыг урж бүлэглэн зодсон...гэх мэдүүлэг/хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч Б.Б-ы ...Нөгөө лифтэнд суу, хоосон байна ш дээ” гэж хэлсэн. Ингээд лифтний үүдэнд маргаан болж зодолдож эхэлсэн. Би зодооныг салгах гээд оролцоход хэн нэгэн гараараа миний нүүрэн тус газар руу цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №3613 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Ж-ын биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би дахиад лифтний товчлуурыг дарахад нэг залуу гарч ирээд нүүрэн тус газар гараараа цохисон. ...Намайг цохисон залууг би зөрүүлээд баруун гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 66-70-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Ж-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжтэй тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Хохирогч Б.Ж- мөрдөн байцаалтын шатанд “хохиролд 760.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 93-р хуудас/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Ж-, шүүгдэгч Б.Б- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-нд Төслийн менежментийн газрын цахилгааны инженерээр ажилладаг, тогтмол орлоготой /хх-ийн 76, 80-р хуудас/ хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. С- овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Ж-д 760.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.Одбаяр