Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00081

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/05516 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

40,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 60,000,000 төгрөг бүхий ******* сүлжээ рестораны маркетинг, сошиал медиа хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

1.2. Гэтэл ажлын гүйцэтгэл саатаж, гэрээний дагуу ажлууд ямар ч төлөвлөгөөгүй, эмх цэгцгүй, маш чанаргүй явж эхэлсэн учир 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 24/05 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, хариуцагчийн зүгээс гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн.

1.3. Захиалагч талын 2024 оны 02 дугаар сараас 4 дүгээр саруудад хийж гүйцэтгэсэн брэндбүүк ба лого 10,000,000 төгрөг, судалгаа 5,000,000 төгрөг, пост 1,250,000 төгрөг, график видео 3,000,000 төгрөг, нийт 19,250,000 төгрөгийн ажлуудыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг суутгуулах боломжтой. Үлдсэн ажлууд огт хийгдээгүй буюу чанаргүй хийгдсэн бөгөөд гэрээ цуцлагдсан тул 37,644,662 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний дагуу тохиролцсон ажлууд болох брэндбүүк, судалгаа болон сошиал хөтлөлтийн ажлуудаа хийж байсан. 2024 оны 03 сарын 31-ний өдөр ******* ХХК-ийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад ажилчдын сургалт хийж, 2 дугаар сар болон 3 дугаар сарын хийж гүйцэтгэсэн ажлын тайлан цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, брэндбүүк болон хийсэн судалгаагаа хүлээлгэн өгсөн. Үргэлжлүүлэн рийлс-ийн зураг авалт болон гэрээний дагуу тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэж байсан.

2.2. Гэтэл нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24/05 тоот албан бичгээр 14 хоногийн хугацаатай гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирсэн. Хариуцагч компанийн зүгээс гэрээ цуцлах тухай асуудалд бол татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн боловч дараагийн буюу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 24/06 тоот албан бичигт манай компанийн хийж гүйцэтгэсэн үнэлгээг шударга бусаар хийсэн буюу гэрээний төлбөрийг буцаан өгөхийг шаардсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хариу албан бичгээр мэдэгдсэн боловч өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг зохих ёсоор үнэлэлгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн 40,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,105,338 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-иас 37,644,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 346,173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 361,700 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа хэргийг шийдвэрлэдэг өдөр хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг андуурсаны улмаас 20 минут хоцорж ирэхэд шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн.

4.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн буюу ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч маргасан. Гэтэл шүүхээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэхдээ гэрээ цуцласантай холбогдон хариуцагчид учирсан хохирол болох ажилчдын сургалт хийсэн танхимын түрээс, нууц үйлчлүүлэгчийн судалгаа хийхэд гаргасан зардал, гэрээгээр нэмэлтээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажил гэх мэт зардлууд болон гэрээний дагуу хийгдсэн судалгааны зах зээлийн үнэлгээг харгалзалгүй гүйцэтгэсэн ажлыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ видео болон рийлний зураг авалтууд хийгдсэн болохыг дурдсан бөгөөд энэ ажил нь постер хийх болон бусад ажлуудаас ялгаатай тодорхой хүний бүрэлдэхүүнтэй хийж цаг хугацаа, тодорхой зардал гарган хийгдсэн ажил байтал үүнийг шүүхээс огт үнэлээгүй.

Мөн ******* фэйсбүүк хуудсанд хийгдсэн үзлэгт тус хуудсанд 3 бичлэг байрласан нь тогтоогдсон боловч үүнийг график видео гэж үзсэн. Гэтэл энэ нь *******-ийн салбаруудын байршлыг харуулсан дроноор авсан зураг авалттай ямар ч график ашиглалгүй хийсэн бичлэг байсан боловч шүүхээс үүнийг график видео гэж үзэж үнэлсэн нь бодит байдалд үл нийцсэн.

4.4. Хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний хавсралт буюу ажлын даалгаварт тохиролцсон нийт 10 ажлын ихэнхийг хийсэн буюу зөвхөн цаашид сошиал сувгууд дээр орох постер, видео, рийлийг бэлтгэж гаргах ажил үлдсэн байсан. Гэрээний дагуу хийгдэж байгаа бүх ажлыг бэлэн болмогц захиалагч талд хүргүүлээд засварлах шаардлагатай гэснийг нь буцааж засварлаж, зөвшөөрсөнийг нь шууд сошиал сувгуудад оруулах байдлаар ажилладаг. Гэтэл сошиалд тавигдах контентууд нь эцсийн байдлаар бэлэн болоогүй зөвхөн зураг авалтын шатандаа явж байхад зураг авалт чинь шаардлага хангахгүй байна, 2024 оны 4 сарын эхний 7 хоногт 1 пост орсон (үзлэгээр 2 пост орсон нь тогтоогдсон) гэх мэт шалтаг гаргаж нэг график дизайнер хөлслөөд хийж гүйцэтгэхээр ажил үлдээд байхад гэрээ цуцлах тухай санал гаргаж ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэгүйдүүлсэн.

Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан ажил гүйцэтгэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болон ажлын үнэлгээг огт харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн туслахын имэйлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг илгээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх рүү орж байна гэж мэдэгдсэн боловч шүүх хуралдаан эхлэх цагт хүрэлцэн ирээгүй.

5.2. Хэргийн 22-26 дугаар талд авагдсан баримтад 60,000,0000 төгрөгийн үнийн задаргаанд сар болгон хийгдэх ажлын үнийн дүн орсон. Хариуцагч талаас гэрээ дуусгавар болсон талаар маргадаггүй. Нийт 10 сард хуваагдаад хийгдэх ёстой байсан ажлууд 2 сарын хугацаанд хийгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээ болон Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн хийсэн ажлыг тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хасаж нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар талууд гэрээнээс татгалзсан учраас өгсөн авснаа буцаах, буцаах боломжгүй бол мөнгөн хөрөнгөд тооцон хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалнаас үүсэх үр дагавар болох 40,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй. Үүнд:

3.1. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* ХХК нь ******* сүлжээ рестораны маркетинг, сошиал медиа хөгжүүлэлтийн ажлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон.

Талууд брэндбүүк 10,000,000 төгрөг, хэрэглэгчийн судалгаа 5,000,000 төгрөг, 100 пост 5,000,000 төгрөг, 47 рийл 10,000,000 төгрөг, 8 график видео 8,000,000 төгрөг, 2 дүрс бичлэг 5,000,000 төгрөг, 1 дүрс бичлэг 2,500,000 төгрөг, зураг авалт 3,000,000 төгрөг, 5 урамшуулал санаа 4,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 10,000,000 төгрөг, нийт ажлын хөлс 60,000,000 төгрөг байхаар тохиролцсон.

3.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 60,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д ажлын хөлсөнд шилжүүлсэн.

3.3. Хариуцагч ******* ХХК нь 10,000,000 төгрөг бүхий брэндбүүк ба лого, 5,000,000 төгрөг бүхий хэрэглэгчийн судалгаа хийсэн.

3.4. Талууд гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан.

 

4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг хариуцагч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэх ажил болох 100 пост, 47 рийл, 8 график видео, 2 дүрс бичлэг хийх ажлын тоо хэмжээ дээр, зураг авалт, бүтээлч санаа гаргах ажил хийгдсэн эсэх, 10,000,000 төгрөгийн үйл ажиллагаа явуулах эсэх талаар тус тус маргасан гэж зөв тодорхойлжээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ******* ХХК-ийг гэрээнд заасан 100 пост хийх ажлаас 25-ийг гүйцэтгэж 75-ийг гүйцэтгээгүй, 47 рийл огт хийгээгүй, 8 график видео хийх ажлаас 3-ийг гүйцэтгэж 5-ийг гүйцэтгээгүй, 2 дүрс бичлэг болон фото зураг авалт тус тус огт хийгээгүй, бүтээлч санаа гаргаагүй /4,000,000 төгрөг/, үйл ажиллагаа явуулаагүй /10,000,000 төгрөг/ гэж тайлбарласан бол хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч 83 пост, 3 рийл, 7 график видео, 1 дүрс бичлэг болон фото зураг авалт тус тус хийсэн, 5 урамшуулал санаа гаргаж /4,000,000 төгрөг/, үйл ажиллагаа явуулж 10,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх тайлбар гаргажээ.

6.1. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн гаргасан хүсэлтээр 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******* сүлжээ рестораны фэйсбүүк хуудаст үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд нийт 3 бичлэг, 25 пост байрласан гэжээ.

6.2. Түүнчлэн уг үзлэгээр тогтоогдоогүй 5 постыг хийж гүйцэтгэсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч ******* ХХК нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

6.3. Иймд хариуцагч ******* ХХК-ийг гэрээний дагуу хийж гүйцэтгэх 53 пост, 3 рийл, 4 график видео, 1 дүрс бичлэг хийсэн, зураг авалт хийсэн, бүтээлч санаа гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

6.4. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК брэндбүүк болон шинэ лого үүсгэх 10,000,000 төгрөгийн ажил, хэрэглэгчийн судалгаа гаргах 5,000,000 төгрөгийн ажил, график видеоны 3 ажил 3,000,000 төгрөг, 30 постын 1,500,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, захиалагч ******* ХХК хүлээн авсан гэж зөв дүгнэжээ.

6.5. Харин нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг гэрээний дагуу хийж гүйцэтгэх 159 ажлаас хийж гүйцэтгэсэн 34 ажлын хэмжээнд бүтээлч санаа гаргасан гэж дүгнэж, бүтээлч санаа гаргахад гарах зардлыг хуваарилж 855,338 /4,000,000:159*34/ төгрөгөөр, үйл ажиллагааны зардлыг гэрээний нийт хугацаа болох 10 сарын хугацаанаас 34 ажлыг хийж гүйцэтгэсэн 2 сараар тооцож 2,000,000 /10,000,000:10сар*2сар/ төгрөгөөр тус тус тодорхойлсныг буруутгах боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Новотел хотел ХХК-д 683,046 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Үйлс дизайн ХХК-д 118,500 төгрөг тус тус төлсөн гэх баримт нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд шууд хамааралтай гэж дүгнэх боломжгүй боловч анхан шатны шүүхээс бүтээлч санаа гаргах, үйл ажиллагаа явуулах зардалд тооцож дүгнэсэн 2,855,338 /855,338+2,000,000/ төгрөгт орсон гэж дүгнэхээр байна.

6.6. Иймд хариуцагч ******* ХХК -иас 22,355,338 /10,000,000+5,000,000+3,000,000+1,500,000+855,338+2,000,000/ төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн 60,000,000 төгрөгөөс хасч 37,644,662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасан шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн алдаатай болсныг залруулна.

 

7. Хариуцагч ******* ХХК үзлэгийн тэмдэглэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт шүүхэд гаргаагүй тул уг тэмдэглэлийг буруу гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч тал зураг авалт хийсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

8. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/22808 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан ба шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гарын үсэг зуржээ. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан 9.20 цагт эхэлсэн байх бөгөөд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд хариуцагч тал 20 минут хоцорч ирэхэд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор заасан дарааллыг алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулахдаа уг заалтыг өөрчлөн найруулна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2024/05516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 37,644,662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,105,338 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА