| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0043/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Ууганбат,
Улсын яллагч В.Төгсбаяр
Шүүгдэгч М.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньч овогт Мягмарын Хөд холбогдох 1929000000029 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 64-11 ӨМӨ улсын дугаартай Тоёота Надиа маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган, иргэн З.Ганболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: “Өмнө нь бүх зүйлээ ярьсан учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 7-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-17-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 18-р хуудас/,
Хохирогч З.Ганболдын: “...Говь буудлын хажуу талд явж байхад урдаас тод гэрэлтэй машин гарч ирсэн. Тэгээд машин шарвах шиг болсон, тэгээд онхолдсон юм. Тэгээд би машины цонхоор мөлхөж гарч ирээд хөдөлж болохгүй, босох гэсэн босож болохгүй байсан. Удалгүй эмнэлэгийн машин ирээд суугаад эмнэлэг дээр очсон. Х хүүхдээ аваад эмнэлэгийн машинаар хамт явсан. М.Х надад эмчилгээний төлбөр болгож 700,000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх мөнгө байхгүй. Гомдол саналгүй болсон”. гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнчимэгийн: “...манай нөхөр М.Х 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 64-11 ӨМӨ улсын дугаартай Тоёота Надиа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн охин Чинхүслэн, найз Ганболд, Жаргалсайхан нарын хамт явж байгаад Говь буудлын зүүн талд онхолдож зам тээврийн осол гаргасан. ... ослын талаарх нарийн зүйлийг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/,
Гэрч Ц.Жаргалсайханы: “...хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Тэгээд М.Х бага зэрэг дарсан юм шиг байгаа юм, гэнэт шарваад машин нь хажуулдаад гулсаж явж байгаад өндөр хүчдэлийн шонг хажуу талаараа мөргөөд ойчсон. Тэгээд машин нь зүүн талаараа газарт унасан байсан. Би ар талын цонх нь хагарсан байсан болохоор тэрүүгээр машинаас гарсан. ...би дүү Ганболдыг эмнэлгийн машинд суулгаж явуулчихаад өөрөө алхаад гэртээ хариад унтаад өгсөн. Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 169 дугаартай: “...1. З.Ганболдын зүүн эгэм зөрүүтэй, 3, 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаарх хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 42-р хуудас/,
Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн: “... 2. 64-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” в/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” г/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 4. Жолооч Мягмар овогтой Х нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байна” гэх дүгнэлт /хх-н 46-47-р хуудас/,
М.Хийн яллагдагчаар өгсөн: “...Би гэрлийн гялбаанд ороод замын хажуу тал руу дарсан, тэгээд машин шарваад хажуу талаараа хөндөлдөөд явсаар байгаад замын хажууд байсан асфалтан шонгийн модыг хажуу талаараа мөргөөд онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-н 52-54-р хуудас/,
М.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 56, 57, 59-70 дугаар хуудас/,
Хохирогч З.Ганболдын хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт /хх-н 71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 64-11 ӨМӨ улсын дугаартай Тоёота Надиа маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган, иргэн З.Ганболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 7-р хуудас/
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-17-р хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 18-р хуудас/,
- Хохирогч З.Ганболдын мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнчимэгийн мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/,
- Гэрч Ц.Жаргалсайханы мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/,
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 169 дугаартай дүгнэлт /хх-н 42-р хуудас/,
- Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн: “... 2. 64-11 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, б/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” в/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” г/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 4. Жолооч Мягмар овогтой Х нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байна” гэх дүгнэлт /хх-н 46-47-р хуудас/
зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч М.Хийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.Ганболдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хүний биед хийсэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай шинжээчийн: “...1.З.Ганболдын биед зүүн эгэм зөрүүтэй, 3, 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаарх хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-н 42-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч М.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогчид 700,000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч З.Ганболд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 71 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас санал болгосон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Хийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.Ганболд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Хөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хоньч овогт Мягмарын Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Мягмарын Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар М.Х нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Хийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.Ганболд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Хөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Хөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН