| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/03164/И |
| Дугаар | 210/МА2025/00102 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00102
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04025 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 133,964,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******, ******* ХХК-иудын хооронд 21/03 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* нь 75,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн сар бүр гэрээгээр тохиролцсон зээлийн хүүний төлбөр төлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл болох 75,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.
1.2. Зээлийн гэрээний хугацаа дуусахад ******* нь зээлийн төлбөрөө төлж дуусгаагүй бөгөөд үндсэн зээлд 7,137,658 төгрөг, үндсэн хүүд 30,051,010 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,590,076 төгрөг, нийт 39,778,744 төгрөг төлсөн.
Түүнээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 67,862,342 төгрөг, үндсэн хүү 55,700,932 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,401,345 төгрөг, нийт 133,964,619 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, *******ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, гудамж, ******* байр, ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-аас эгч *******ийн орон сууцыг барьцаалан 75,000,000 төгрөгийн зээл авсан. Гэтэл Ковид /COVID-19/ цар тахлын нөхцөл байдлын үед зээлээ төлөх боломжгүй болсон. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хүүг зогсоож өгөх хүсэлтийг нэхэмжлэгч компанийн захиралтай уулзаж гаргасан боловч зогсоож өгөөгүй.
2.2. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хэт өндрөөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1-т Зээлдэгч зээлийн хүүг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд ББСБ нь мэдэгдэл өгсний дараа зээлийн гэрээг цуцлан хуулийн байгууллагад шилжүүлэх эрхтэй гэж заасан. Хариуцагч зээл болон зээлийн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүсч төлөлт хийгээгүй байхад нэхэмжлэгчээс гэрээнд заасан тус эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хариуцагчийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж байна.
Иймд хариуцагч *******д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас нийт 115,035,707 /нэг зуун арван таван сая гучин таван мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, 18,928,912 /арван найман сая есөн зуун хорин найман мянга есөн зуун арван хоёр/ төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлицйн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч *******ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, гудамж, ******* байр, ******* тоот үл хөдөл эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,040,747 төгрөгөөс илүү төлсөн 142,774 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 733,128 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс тооцоохоор заасан байх ба үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусгавар болох үед төлөхөөр заасан байх тул зөвхөн хүү төлөх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийн гэрээний хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрт тусгасан "үндсэн зээлээс нэмэгдүүлсэн тооцно" гэх агуулга байхгүй, харин "үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцно" гэж тодорхой тусгасан байна.
Түүнчлэн, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам"-ын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа /төлөгдөөгүй зээлийн дүн*зарласан хүүгийн хувь*нэмэгдүүлсэн хүүгийн хувь*хугацаа хэтэрсэн хоног/ гэх томъёогоор нэмэгдүүлсэн хүүг тооцох бөгөөд нэхэмжлэгчээс уг аргачлалд нийцүүлэн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцсон. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгасан үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцно гэх үндэслэл нь хуульд нийцэхгүй.
5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн нийт 10,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцох үндэслэлтэй гэж дүгнэн *******ын үндсэн зээлийн үлдэгдлийг 67,862,342 төгрөгөөр биш 57,862,342 төгрөгөөр тооцон холбогдох тооцооллыг хийж нэхэмжлэлийн шаардлагаас 18,928,912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасан бөгөөд тус заалтад дурдсан үндсэн үүрэг гэдгийг үндсэн зээл гэж ойлгон шүүх үндэслэлгүй тооцоолол хийсэн.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн хувьд зээл ашигласны хариу төлбөрт хүү төлөх нь түүний үндсэн үүрэг юм. Тиймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан "үндсэн үүрэг-ийг "үндсэн зээл" гэж буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээний 4.2-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, зээлдэгчийн хүүд төлсөн 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, нийт 18,928,912 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөв тайлбарлаж, хуулийг зөв хэрэглэсэн гэжээ.
7. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүхээс зээлийн гэрээ хэзээ цуцлагдсан, хариуцагч нь Ковид /COVID-19/ цар тахлын нөхцөл байдлын үед зээлээ төлж чадахгүй тухайгаа мэдэгдэж байсан байхад тус нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.
7.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1-т Зээлдэгч зээлийн хүүг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага нь мэдэгдэл өгсний дагуу зээлийн гэрээг цуцлан хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* зээлээ нэгэнт төлж чадахгүй нь илэрхий байсан, түүнчлэн хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалж тэрээр ажил хөдөлмөр эрхэлж орлого олж чадахгүй байсан тул нэхэмжлэгчид зээлээ төлж чадахгүй болсон болон зээлийн хүүг зогсоож өгөхийг удаа дараа илэрхийлж байсан байхад шүүх зээлийн гэрээ цуцлагдсан эсэх, зээлдэгчийн хүү шаардах хугацаа хэзээ дуусгавар болж байгаа талаар хариуцагчийн татгалзалд дүгнэлт хийгээгүй.
7.3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл олгосны шимтгэлд 375,000 төгрөгийг нэхэмжлэгч суутган авсан. Нэхэмжлэгчээс тус зээлийн шимтгэлд тээврийн зардал, бичиг цаасны зардал, ажилтны 1 өдрийн цалин зэргийг тооцсон ба нэхэмжлэгч үйл ажиллагаа хэрэгжүүлсний төлөө үйл ажиллагааны зардлыг шимтгэл болгон тооцох үндэслэлгүй.
7.4. Хариуцагчаас үндсэн зээлд 17,137,658 төгрөг, зээлийн хүүд 22,641,086 төгрөг, нийт 41,869,572 төгрөгийг төлж, 76,715,828 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байхад шүүхээс 115,035,707 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн буюу 38,319,879 төгрөгийн илүү төлбөр төлөх үүрэг ногдуулж байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 38,319,879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
8.1. Хариуцагч ******* нь өөрөө зээл авах хүсэлт гаргаад холбогдох материалуудаа өгсөн. Мөн барьцаа хөрөнгө санал болгосон учраас ******* ХХК эрсдэлийг үнэлээд зээл олгосон. Зээл олгосныг буруутгаж эргэн төлөх чадваргүй байсан гэдэг нь олгосон зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлийн хүү нь зээлийг эргүүлэн төлөгдөх хүртэл бодогдож дуусна. Гэрээ цуцлагдсан ч цуцлагдаагүй ч зээл төлөгдөж дуусаагүй бол хүү бодогдоно.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,964,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ******* нь 12 сарын хугацаатай 75,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцожээ.
3.1. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Гэрээний 2.4-т зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээний 1.3. болон хавсралтад заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн нийт хүүгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг /үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх/ үндсэн хүүгийн хамт давхар төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 74,625,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлд 7,137,658 төгрөг, зээлийн хүүд 29,778,744 төгрөгийг тус тус төлсөн гэж анхан шатны шүүх зөв тооцжээ.
Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 41,869,572 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч *******аас гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлснийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцсон нь буруу болжээ.
Учир нь талууд гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлбэл банк бус санхүүгийн байгууллага нь үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг эхний ээлжинд тооцон авч, дараа нь үндсэн зээлийн төлүүлнэ гэж тохиролцсон, энэ тохиролцоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 21 дүгээр зүйлийг 21.2. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцжээ.
6.1. Иймд хариуцагч ******* нь үндсэн зээл 67,862,342 /75,000,000-7,137,658/ төгрөг, зээлийн хүү 55,700,932 /2022 оны зээлийн төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 2,288,621+67,862,342*3,5хувь:30хоног*681 хоног/, нэмэгдүүлсэн хүү 10,401,345 /55,700,932 *20 хувь/ нийт 133,964,619 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.
6.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк ..., Санхүүгийн зохицуулах хороо ...-д тус тус зөвлөсүгэй гэж заасан бөгөөд талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд уг заалтын зохицуулалт хамаарахгүй юм.
6.3. Зээлийн гэрээний 3.1-т Зээлдэгч зээлийн хүүг 1 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага нь мэдэгдэл өгсний дагуу зээлийн гэрээг цуцлан хуулийн байгууллагад шилжүүлнэ гэж заасан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах эрхэд хамаарах бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн субьектив эрхэд хамаарна.
6.4. Хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийг төлж чадахгүй болсон, зээлийн хүүг зогсоох талаар хүсэлтээ гаргаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
6.5. Иймд хариуцагч ******* зээлээ нэгэнт төлж чадахгүй нь илэрхий байсан, түүнчлэн хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалж тэрээр ажил хөдөлмөр эрхэлж орлого олж чадахгүй байсан тул нэхэмжлэгчид зээлээ төлж чадахгүй болсон болон зээлийн хүүг зогсоож өгөхийг удаа дараа илэрхийлж байсан байхад шүүх зээлийн гэрээ цуцлагдсан эсэх, зээлдэгчийн хүү шаардах хугацаа хэзээ дуусгавар болж байгаа талаар хариуцагчийн татгалзалд дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
7. ******* ХХК болон ******* нар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 65.33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагын хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.
8. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг тухайлан заах шаардлагагүй тул ерөнхий байдлаар заах нь зүйтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/04025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 133,964,619 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гэж,
3 дахь заалтыг 733,128 гэснийг 827,773 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА