| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0171/Э |
| Дугаар | 430 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 430
2019 06 14 2019/ШЦТ/430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Ж-ын А-т холбогдох эрүүгийн 1810029110122 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.А- нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 94 тоотын гадна хохирогч С.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тэр хүүхдүүд манай хаалгыг 1 цагийн турш цохиход нь би 4-5 удаа “яв” гэж хэлэхэд яваагүй. Тэр хүүхдүүд архи, пиво уусан байсан юм билээ. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан тул би найзтайгаа хамт нэг шил архи уусан байсан. Хаалга нүдэхэд манай жаахан хүүхдүүд айгаад уйлаад байсан. Учир нь манай гэр дан хаалгатай тул дуу чимээ их сонсогддог. Би Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэд манай хүүхдийг зодно гээд байсан тул би хүүхдээ хамгаалсан. Би хаалгаа тайлаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байх байсан, миний буруу гэв.
Эрүүгийн 1810029110122 дугаартай хэргээс:
Хохирогч С.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Ө- бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед цомгийн нээлтэнд оролцоод 120 мянгатад очсон. Тэгээд А- руу залгаж дуудахад тэрээр 5-10 минутын дараа ирсэн. Ө- А-гаас мөнгө зээлээд дэлгүүрээс 3 пиво авсан. Ө- А- бид хоёрт “би 5 цаг хүртэл чөлөөтэй, надтай хамт байж байгаач” гэхээр нь би “бид хоёр 2 цаг хүртэл завтай, тэр болтол хамт байя” гээд бид гурав 120 мянгатын 3-р байрын захын орц руу орсон. Ө- 3 пиво гаргаж ирэхээр нь А- бид хоёр “пиво уухгүй, аав ээж хоёроос зөвшөөрөл авч гарч ирсэн” гэж хэлэхэд Ө- “зүгээр ээ 2 цаг хүртэл байх юм чинь уучих” гэсэн. Би нэг амсахад их гашуун байхаар нь шат руу асгачихсан. А- бид хоёр юм ярьж байхад Ө- пиво ууж байсан. Шөнийн 12 цагийн үед бид гурав гараад явж байхад Ө- “Арвин” дэлгүүр рүү орж 2.5 литр пиво аваад гарч ирсэн. А- бид хоёр “наад пивоо яах гэж байгаа юм бэ” гэхэд Ө- “ууя” гэхээр нь “бид хоёрын гэр ойрхон, удахгүй 2 цаг боллоо, чи гэр рүүгээ ор” гэж хэлэхэд Ө- бид хоёр руу муухай харж байгаад А-тай маргалдаж эхэлсэн. Гэтэл Ө- миний куртикний халааснаас А-гийн гар утасыг аваад зугтаахаар нь А- бид хоёр араас нь хөөж 67-р цэцэрлэгийн гадна ирэхэд Ө- үл таних эгчийн машинд суугаад “амь авар” гээд хашгирч байсан. Би Ө-гаас А-гийн гар утасыг булааж аваад явах гэж байтал Ө- миний гарнаас гар утасыг дахин аваад гэр рүүгээ зугтаасан. Шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 6 дугаар орцонд А- бид хоёр утсаа буцааж авахаар Ө-гийн гэрийн хаалгыг тогшиход Ө-гийн аав /А-/ хаалга онгойлгосон. А- ах уурлаад А- бид хоёрыг загнаж “хар шөнө яагаад хаалга нүдээд байгаа юм бэ” гээд хаалгаа хаасан. Хаалганы завсраар хартал Ө- харагдахаар нь “чи хүүхдийн утас өгөөч” гэж хэлээд би өөрийн дугаараас А-гийн утас руу залгахад утас гэр дотор дуугарч байсан. А- Ө-гийн гэрийн хаалгыг дахиад тогштол Ө-гийн аав /А-/ хаалгаа нээгээд А-г түлхээд “яах гээд байгаа юм бэ” гэсэн. Энэ үед би шатан дээр унагаасан утсаа авах гэхэд Ө-гийн аав /А-/ баруун хөлөөрөө миний уруул орчим руу хүчтэй өшиглөсөн. А- “та болиоч” гэхэд Ө-гийн аав /А-/ А-г шатны уруу шидсэн. Намайг утсаа авахаар сунахад миний дух руу дахин өшиглөөд намайг бас шатны уруу шидсэн. Энэ үед манай аав ирж цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед Ө- Х-ын утаснаас над руу залгаж намайг “гараад ир” гэж дуудсан. Гэрийн гадаа Ө-, Х- хоёр хамт байсан ба Ө- надаас 1000 төгрөг зээлсэн. Дэлгүүрээс гарч ирэхдээ Ө- гартаа цагаан савтай ундаа шиг зүйл барьсан байсан. Намайг гэртээ орох гэтэл Ө- “надтай хамт 5 цаг хүртэл байгаач” гээд гуйгаад байсан. Х- бид хоёр Ө-тай хамт юм ярьж сууж байхад Ө- нөгөө савтай ундаа шиг зүйлээ задалж бид хоёрт өгсөн. Амсаж үзтэл гашуун байхаар нь буцааж өгсөн ба Ө- өөрөө тэрийгээ уусан. Шөнө 12 цагийн үед Ө- дэлгүүр орж 2.5 литрийн том пиво авч 4-р байрны орцонд Ө- ганцаараа пивоо уусан. Намайг уулгах гээд шахахаар нь би татгалзсан. Тэрээр Х-ын куртикны халаасанд байсан миний гар утсыг авч зугтаахаар нь бид хоёр хойноос нь гүйгээд очиход Ө- 67-р цэцэрлэгийн гадна машинд суусан байсан. Х- миний гар утасыг Ө-гаас авчихаад явах гэж байтал Ө- булааж аваад гэр рүүгээ зугтаасан. Х- бид хоёр гэрт нь очиход аав нь /А-/ хаалгаа тайлж өгсөн. Учир явдлыг тайлбарлахад хаалгаа хааж Ө-г “дандаа оройтдог” гэх мэтээр загнаж байгаа сонсогдсон. Хаалгыг нь дахиад тогштол Ө-гийн аав /А-/ гарч ирээд намайг шатны уруу шидсэн. Хэсэг хугацааны дараа нэг хүн миний хажууд өнхрөөд ирсэн ба хартал Х- байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч С.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед охин Х- ээж рүүгээ залгаад “20 дугаар байрны 94 тоотын гадаа манай найзын аав намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би тийшээ очоод хаалгыг нь тогших гэтэл охин маань “наад хүн чинь согтуу байна лээ” гэсэн. Би цагдаа дуудчихаад охиноосоо юу болсон талаар асуусан. Цагдаа нар ирээд хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан учир би охиноо дагуулж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч А.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Х- бид хоёр Зайсан хиллийн “Ион” баарны зааланд тоглолт үзчихээд 120 мянгат руу явсан. Харих гээд явж байтал А- Х- руу залгаж “би очих байсан юм, ээж саяхан унтлаа, та хоёр байж байгаарай” гэж ярьчихаад 5 минутын дараа ирсэн. Х- тэр үед 10.000 төгрөгтэй байсан ба “dose пиво авна” гэж ярьж байснаа намайг “аваад ир” гээд явуулсан. Би “Арвин” дэлгүүр рүү ороод 0.33 граммын 3 шил “dose” пиво авч гарч ирсэн. Гадаа хүйтэн байсан учир 3-р байрны орцонд очиж тэр хоёр нэг нэг шил пиво уусан. Намайг амсахад ундаа шиг амттай байсан. Тэд юм ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Намайг “гарч бай” гэхээр нь би орцны гадаа 5 минут зогсож байгаад ороход тэр хоёр нийлж байгаад намайг үсдэж, миний нүүр рүү өшиглөсөн. Би гарч зугтааж байгаад замд машинтай хүмүүс таарахаар нь “ах аа намайг авраарай” гээд машинд нь суусан. Энэ үед Х- ирээд “буугаад ир, би чамайг сая өмөөрсөн биз дээ” гэж байгаад Х-, А- хоёр машины хаалгыг хоёр талаас нээгээд намайг татаж буулгахаар оролдож байсан. Машинд байсан хүмүүс “та хоёр болиоч” гээд намайг гэрийн гадаа аваачиж өгсөн. Би гэртээ ороод аавд болсон явдлыг хэлтэл “хохь чинь, хар шөнөөр гадуур юугаа хийж явсан юм” гэж хэлсэн. Би үсээ угаачихаад унтах гэтэл хаалга нүдээд “Заяатай уулзах гэсэн юм” гээд Х-, А- хоёр зогсож байсан. Намайг А-гийн гар утасыг авсан гэж гүжирдэж байсан. Аавын /А-/ утсаар залгаж “холбогдохгүй байна, Заяа гараад ир, хамт хайя” гээд байхаар нь аав /А-/ “та хоёр манай охиныг зодсон хоёр охин байна” гээд уурлаж тэр хоёрыг түлхээд хаалгаа хаасан. Би Х-ын аав руу залгаж “энэ хүүхэд чинь хаалга нүдээд унтуулахгүй байна, энэ хүүхдээ ирж ав” гэж хэлчихээд унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №51 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Толгойн дагзны хуйханд тэмтрэхэд бага зэргийн эмзэглэлтэй, духны баруун дээд үстэй 3х2.8см овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, бүдэг хөх цус хуралттай, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт 1х0.8см цайвар өнгө бүхий язралттай. Дүгнэлт:
1. С.Х-ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №52 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун өвдөгний хэсэгт 3.5х2.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Бүсэлхий нурууны хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй. Дүгнэлт:
1. Б.А-гийн биед баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгч Ж.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 9-ний шөнө найз Б-гийнд очиж төрсөн өдрөө тэмдэглэчихээд гэртээ ирээд унтаж байхад шөнө 2 цагийн үед манай охин Ө- гэрийн хаалга тогшихоор нь босож онгойлгосон. Ө- орж ирээд “Х- гар утас хулгайллаа гээд намайг зодоод байна” гэхээр хувцсыг нь нэгжиж үзтэл ямар нэгэн гар утас байгаагүй. Охиноо загнаж унтуулчихаад байж байтал ойролцоогоор 10 минутын дараа хаалга нүдэхээр нь онгойлгоод “яах гээд байгаа юм” гэхэд “охиноо гаргаад ир” гээд орилоод байсан. Би хаалгаа буцааж хаагаад цагдаа руу залгатал дуудлага хүлээж авах боломжгүй байсан. Би “цагдаа дуудчихсан шүү” гэж хэлсэн ч явахгүй байхаар хаалгаа онгойлгосон. Тэр хоёр охин манайх руу орох гээд дайраад байхаар би Х-ын цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд шат руу унаж байгаа харагдсан. Үүний дараа А- орох гээд дайрахаар нь түүнийг бас цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд шат руу унаж байгаа харагдсан. Би “та нарыг явахгүй бол бүгдийг чинь цөм цохино шүү” хэлсэн. Х- утсаа унагаачихаад авах гээд сунахад нь би уурандаа толгой руу нь нэг өшиглөсөн. Дараа нь хаалгаа хаачихаад унтсан. Би гэр бүл, үр хүүхдээ шөнө дунд гэмт халдлагаас хамгаалах эцэг хүний үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 51–р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 52–р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.А- нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 94 тоотын гадна хохирогч С.Х-ыг “шөнө хаалга цохьлоо” гэж түүнийг шатны уруу түлхэж, өшиглөж биед нь “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч С.Х-ын ...Шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 6 дугаар орцонд А- бид хоёр гар утасаа авахаар Ө-гийн гэрийн хаалгыг тогшсон. Ө-гийн аав /А-/ нь уурлаж А- бид хоёрыг загнаж “хар шөнө яагаад хаалга нүдээд байгаа юм бэ” гээд хаалгаа хаасан. ...А- Ө-гийн гэрийн хаалгыг дахиад тогштол Ө-гийн аав /А-/ хаалгаа нээгээд А-г түлхэж “яах гээд байгаа юм бэ” гэсэн. Энэ хооронд би шатан дээр унагаасан утсаа авах гэхэд Ө-гийн аав /А-/ баруун хөлөөрөө миний уруул орчим руу хүчтэй өшиглөөд, шатны уруу шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
Хохирогч Б.А-гийн ...Х- гар миний утасыг Ө-гаас авчихаад явах гэж байтал Ө- булааж аваад гэр рүүгээ зугтаасан. Х- бид хоёр гэрт нь очиход аав нь /А-/ хаалгаа тайлж өгсөн. Учир явдлыг тайлбарлахад хаалгаа хааж Ө-г “дандаа оройтдог” гэх мэтээр загнаж байгаа сонсогдсон. Хаалгыг нь дахиад тогштол Ө-гийн аав /А-/ гарч ирээд намайг шатны уруу шидсэн. Хэсэг хугацааны дараа нэг хүн миний хажууд өнхрөөд ирсэн ба хартал Х- байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч С.С-ын ...2018 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед охин Х- ээж рүүгээ залгаад “20 дугаар байрны 94 тоотын гадаа манай найзын аав намайг зодчихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч А.Ө-гийн ...Аав /А-/ “та хоёр манай охиныг зодсон хоёр охин байна” гэж уурлаж А-, Х- хоёрыг түлхээд хаалгаа хаасан. Би Х-ын аав руу залгаж “энэ хүүхэд чинь хаалга нүдээд унтуулахгүй байна, энэ хүүхдээ ирж ав” гэж хэлчихээд унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №51 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. С.Х-ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,
Шүүгдэгч Ж.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Тэр хоёр охин манайх руу орох гээд дайраад байхаар нь би Х- охины цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэхэд шат руу аль нэг талаараа унаж байгаа дүр зураг харагдсан. Үүний дараа А- орох гээд дайрахаар нь түүнийг бас цээж хэсэг рүү нь хоёр гараараа түлхэхэд шат руу унаж байгаа харагдсан. Би “та нарыг явахгүй бол бүгдийг чинь цөм цохино шүү” хэлсэн. Х- утсаа унагаачихаад авах гээд сунахад нь би уурандаа толгой руу нь нэг өшиглөсөн. Дараа нь хаалгаа хаачихаад унтсан. Би гэр бүл, үр хүүхдээ шөнө дунд гэмт халдлагаас хамгаалах эцэг хүний үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ж.А- нь хохирогч С.Х-, Б.А- нарыг “шөнө хаалга цохьлоо” гэж шатны уруу түлхэж, толгой руу нь өшиглөсний улмаас хохирогч С.Х-ын биед “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад язралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан харин Б.А-гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.А- нь хохирогч С.Х-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.А- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “Ж.А- бид хоёр эвлэрсэн, хохиролд 120.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 57-р хуудас/ бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч Ж.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, биеийн эрүүл мэндийн байдал тааруу сахарын өвчтэй хөдөлмөр эрхлэх боломжгүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Ж.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр сахарын өвчтэй хөдөлмөр эрхлэх боломжгүй байдлыг харгалзан шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эхнэр 6 хүүхдийн амьдардаг байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх Ж.А-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т- овогт Ж-ын А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.А-т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А- нь хохирогч С.Х-д 120.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР