| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 156/2024/00371/И |
| Дугаар | 226/МА2025/00001 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 226/МА2025/00001
2025 01 09 226/МА2025/00001
Т -ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Ж.Б нарт
холбогдох иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц ,
Нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.М- даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2024/00487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т -ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б, Д.Ж, Б.Ц, Д.Д нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 101,471,368 төгрөг гаргуулах, фидуцийн болон барьцааны гэрээгээр тавьсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ж.Б болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр автомашины зээлийн гэрээ байгуулж, түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ буюу фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Уг автомашины зээлийн гэрээгээр 97 сая төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 10,288,059 төгрөг, хүүгийн төлбөрт 27,063,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84,540 төгрөгийг төлж улмаар нэхэмжлэл гаргах өдөр хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тухайд зээлийн гэрээний 3.2.2-т заасны дагуу хариуцагч нь зээл түүний хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь анх 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчсөөр ирсэн. Эргэн төлөх дүнгээрээ төлөөгүй дандаа бага дүнгээр төлж ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийтдээ 185 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээний 7.3, 7.4-д, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үүргээ зөрчсөөр байсан. Бид нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж зээл төлүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсээр байсан. Гэвч хариуцагч нь тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүйгээр үүргээ биелүүлэх санал санаачилга гаргалгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөөр байна. Иймд манай компанийн зүгээс хариуцагч болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан зээлийн гэрээг зээлдэгчийн санаачилгаар цуцалж, 2023.11.25-ны өдрөөс 2024.06.27-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, зээлийн гэрээний үндсэн төлбөр 86,711,940.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,549,473.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 167,954.81 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 42,000 төгрөг нийт 101,471,368.97 төгрөгийг хариуцагч Ж.Б , Д.Ж нараас гаргуулж, өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Б.Ц , Д.Д нарын өмчлөлийн эд хөрөнгийг мөн барьцаалсан тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Барьцаа хөрөнгөөр Ж.Б-ийн өмчлөлийн Хэнтий аймаг, Хэрлэн сум 1-р баг Хэрлэн Л46-12 тоот хаягт байршилтай 32,52 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хувьд Д.Ж-ийн өмчлөлийн Хэнтий аймаг, Хэрлэн сум 6-р баг Цогт-Өндөр Ж хороолол 19-р гудамж 06 тоотод байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, Б.Ц , Д.Д нарын өмчлөлийн .......аймаг, ...................... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар барьцаалагдсан. Зээлийн хүүг бодохдоо 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1-р хавсралтын Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалын дагуу ердийн хүүг бодож тооцоолсон. Ердийн хүүг үндсэн дүн, зарласан хүүгийн хувь, хугацаа буюу жилд хувааж байж хүүг нь гаргаж ирсэн...” гэв.
3. Хариуцагч Ж.Б-ийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2023 оны 04 дүгээр сард 97,000,000 төгрөгийн зээлийг Т-*ХХК-аас авсан. Тэр цагаас эхлээд Сүхбаатар аймаг руу тээвэрт явах гээд Цагаан хадаас нэг машин худалдаж авсан. 2023 оны 6 сараас эхлээд шавар ус ихсэж хүндрэлтэй болж эхэлсэн. Зээл авсан учраас ямар нэгэн байдлаар төлөх шаардлагатай гэж үзээд хувь хүнээс хүүтэй мөнгө авч 8 сар хүртэл төлж явсан. 9 сараас эхлэн зам гайгүй болж хэвийн төлөлт хийж явж байгаад 11 сараас цас орж тээвэрт явах боломжгүй болж эхэлсэн. Машинаа Сүхбаатар аймагт орхиод 2023 оны 12 сараас 2024 оны 04 сар хүртэл зээлээ төлөхийн тулд Өмнөговь аймгийн нэг компанид ажил хийхээр явсан. Тухайн үед олсон мөнгөө өөрийн чадлаараа төлөөд явсан. Тээвэрт явж чадахгүй байгаа учраас өөрийн биеэр ажил хийж төлье гэсэн бодлоор л явсан. 2024 оны 06 сар хүртэл Өмнөговь аймагт...... ажил хийсэн ч ханш унаад төлөх боломжгүй болж зээлийн төлөлтөөс хоцорсон. 2023 оны 12 сараас 2024 оны 04 сар хүртэл байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн учраас зээлийн хүүг 2-3 удаа харж үзэж болох уу гээд гуйж байсан. Машин авснаас хойш сэлбэг, тос, шавар ус, цас зуд гээд ажил хийх боломж нөхцөл бүрдэж өгөхгүй, төлөх боломж байгаагүй. Хүнээс мөнгө зээлж 2023 оны 10 сард байсан малаа зээлд өгөөд дууссан. 2023 оны 12 сард гайгүй цалинтай ажил байна гээд манай найз дуудсан. Гэвч барьцаа авч байж мөнгийг нь өгнө гээд хулхидуулж явсаар байгаад 2024 оны 04 сар хүрсэн. 2024 оны 04 сард машин дээрээ очиход хүйтэнд удаан зогссон машин масло, тосыг нь солихгүй Хятад руу унаж яваад мотор нь цохиж Хятадад үлдээгээд ирсэн учраас зээлээ төлж чадахгүй байсан. Би одоо найзынхаа машиныг бариад тээвэрт явж байгаа. Одоо тасралтгүй ажилтай болсон учраас зээлийн гэрээний үндсэн төлбөр 86,711,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,549,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 167,954 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 42,000 төгрөг, нийт 101,471,368 төгрөгийг зээл төлөх үндсэн хугацаа болох 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаа өгвөл төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Үгүй бол би энэ мөнгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулж чадахгүй тул 5 сарын хугацаанд бодогдсон зээлийн хүүг хасуулах хүсэлтэй байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2023.11.25-ны өдрөөс 2024.06.27-ны өдрийг дуусталх хугацаанд тооцсонд маргахгүй, мөн нэхэмжилсэн 101,471,368 төгрөгийн дүн дээр маргаангүй, нотариатын үйлчилгээний зардал 42,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хариуцагч Д.Ж нь миний эхнэр тул бид энэхүү нэхэмжилсэн 101,471,368 төгрөгийг үндсэн зээлийн эргэн төлөгдөх хугацаа болох 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулах саналтай байна. Энэ хугацаанд барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн байрыг зарж төлбөрт тооцно, харин хадам талын хүмүүс болох хариуцагч Б.Ц, Д.Д нарын өмчлөлийн газрыг барьцаалсан тул эдгээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлмөөр байна” гэв.
4. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б Д.Ж нараас үндсэн зээл 86,711,940.96 /наян зургаан сая долоон зуун арван нэгэн мянга есөн зуун дөчин төгрөг ерөн зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 14,549,473.20 /арван дөрвөн сая таван зуун дөчин есөн мянга дөрвөн зуун далан гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,950.81 /нэг зуун жаран долоон мянга есөн зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 42,000 /дөчин хоёр мянга/ төгрөг, нийт 101,471,368.97 /нэг зуун нэг сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун жаран найман төгрөг ерөн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Фидуцийн гэрээнд заасан 67-48 ГЧ улсын дугаартай чиргүүл, 27-91 ХЭН улсын дугаартай зүтгүүр, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээнд заасан Ж.Б-ийн өмчлөлийн Хэнтий аймаг, Хэрлэн сум 1-р баг Хэрлэн Л46-12 тоот 32,52 м.кв орон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Ж-ийн өмчлөлийн ................... тоотод байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, Б.Ц , Д.Д нарын өмчлөлийн Хэнтий ......... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 735,507 /долоон зуун гучин таван мянга таван зуун долоо/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч Т-ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.29-ний өдрийн 156/ШШ2024/00487 шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир хариуцагч Ж.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Т -тай автомашины 102583 дугаартай гэрээ хийж 97 сая төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ гэрээний 6-д заасан Давагдашгүй хүчин зүйл гэдэгт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үйл ажиллагаа зайлшгүй зогсоох хэмжээний онц ноцтой байгалийн гамшиг... үйл явдлыг ойлгон гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэх боломжтой байтал шүүх хэрэглэсэнгүй. 2023-2024 оны өвөлжилт улс орон даяар, тэр тусмаа зүүн аймгуудаар маш хүнд хэцүү болж төмөр зуд болсон. Энэ нь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар болон Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн тодорхойлолтоор номлогдож байгаа. Өөрөөр хэлбэл уг зуднаас болж Ж.Б нь 2023.12 сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал цаг агаарын онцгой байдлаас хамаарч тээвэр хийх ямар ч боломжгүй байсан. Энэ тухайгаа цаг тухай бүр нь салбарын менежертэйгээ яриад мэдэгдээд явж байсан. Удаа дараа энэ хүнд хэцүү байдлаа илэрхийлсэн. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн автомашины зээлийн нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 12 сараас 2024 оны 4 сарыг дуусталх зээлийн хүү болох 14.307.470 төгрөгийг хасч, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагчийн гаргасан гомдлын тухайд 2023-2024 онд цас их орсны улмаас тээвэр хийх боломжгүй болж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Уг нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй байсан тухай гомдол гаргасан байна. Гомдолтой холбогдуулаад хариуцагчтай байгуулсан гэрээ, мөн давагдашгүй хүчин зүйлийн талаар тайлбарлах ёстой байх. Автомашины зээлийн гэрээ буюу хэргийн материалын 15 дугаар талд байгаа зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлсон байгаа. Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлохдоо “давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалаад энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ талаар нөгөө талдаа хариу мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Мөн гэрээний 4.1-т “Үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрээ” гэж байгаа. Энэ гэрээний 4.1-т энэ цахим сувгууд буюу 75, 43, 11.6, 11.7 манай компанийн цахим хаягт энэ мэдэгдлийг хүргүүлэх бүрэн боломжтой байсан. Хэргийн нөхцөл байдал үйл баримтын хүрээнд хариуцагч тал “давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлөөс үүссэн байна” гэдэг талаар бидэнд мэдэгдсэн албан ёсны мэдэгдэл байдаггүй. Мөн давагдашгүй хүчин зүйл гэж яг юу вэ гэхээр Иргэний хууль тогтоомж болон Монгол худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль тогтоомж дээр давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь талуудын хараа хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй. Урьдчилан шинжлэх ухааны болон техникийн ололтыг ашиглах боломжгүй тохиолдлын улмаас талууд гэрээний дагуу үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрэхийг ойлгодог. Давагдашгүй хүчин зүйлийн байдлыг Монголын худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Худалдаа аж үйлдвэрийн хөгжлийн танхим давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгох. Тухайн нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд тэр гэрчилгээг үндэслээд давагдашгүй хүчин зүйлийг нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй ямар нэгэн байдлаар давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хэргийн материалд байдаггүй. Мөн бидэнд 2024 оны 6 дугаар сард нэхэмжлэлээ шүүхэд анх гаргаж байсан. Түүний дараа буюу 2024 оны 10 дугаар сард онцгой комисс болон үндэсний цаг уур шинжилгээний төвүүдээс иймэрхүү цастай нөхцөл байдал болсон юм гэдэг албан бичгүүдийг авсан байдаг. Мөн өмнө нь буюу бид нарын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үедээ давагдашгүй хүчин зүйлийн байдлаа мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад эхлэхээр шаардлагыг эс зөвшөөрөх зорилгоор тухайн баримтуудыг өгсөөр байгаа. Мөн бид анх гэрээ байгуулахдаа зээлийн гэрээ байгуулсан. Хэрэв давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг ярих ёстой байсан бол бидний хооронд авто машинаар тээвэр гүйцэтгэх тийм төрлийн гэрээ хэлцэл байгуулаад. Түүнээс үүдэлтэй давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн бол энэ давагдашгүй хүчин зүйлийн талаар ярих нь зөв байсан. Гэхдээ бидний байгуулсан зээлийн гэрээ тухайн хүний зорилгыг санхүүжүүлэх зорилгоор зээлийн санхүүжилт олгоод тогтоосон хугацаанд тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой харилцаа. Гэтэл бид хариуцагчтай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй. Тэр машинаар тээвэр гүйцэтгэхтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Тиймээс давагдашгүй нөхцөл байдал гэдгийг зээлийн гэрээн дээр ярих нь үндэслэлгүй. Мөн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг хууль тогтоомжоор ч тэр Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын нотлох гэрчилгээтэй байдаг. Үүнтэй холбоотой гэрчилгээжүүлсэн ямар нэгэн үйл баримт байхгүй. Тийм учраас хариуцагчийн гаргаж байгаа гомдол хууль зүйн болон үйл баримтын хувьд ямар ч үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “Т -ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б , Д.Ж нарт холбогдох хэргийг бүхэлд хянаж үзэв.
8. Нэхэмжлэгч “Т-ХХК нь нэхэмжлэлээр шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч Ж.Б , Д.Ж нартай 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гэрээний нөхцөл нь 36 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй 97,000,000 төгрөгийг зээлж авсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээг зээлдэгчийн санаачилгаар цуцалж, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөр 86,711,941 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,549,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 167,955 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 42,000 төгрөг нийт 101,471,369 төгрөгийг хариуцагч Ж.Б , Д.Ж нараас гаргуулж, өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тодорхойлсон байна.
9.Хариуцагч Ж.Б нь “нэхэмжлэлийн шаардлагаас зээл авсан нь үнэн боловч, нэхэмжлэлийн шаардлагаас 2023-2024 оны өвөлжилтийн байдал хүнд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс тээвэрт явж чадаагүй, машин эвдэрснийг харгалзан 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 05 сар хүртэлх 5 сарын зээлийн хүү 14,307,470 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцжээ.
10. “Т-ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр жилийн 39,60 хувь буюу сарын 3,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 97,000,000 төгрөгийг үндсэн зээлдэгч Ж.Б , хамтран зээлдэгч түүний эхнэр Д.Ж нарт зээлдүүлэх, тэдгээр нь үндсэн зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцон 102583 дугаартай автомашины зээлийн гэрээг байгуулан нэг хоногийн дараа мөнгөн хөрөнгийг Ж.Б-ийн ХААН банкны 5949001589 дугаартай дансанд шилжүүлсэн байна./хх-17-20, 38х/
11. Автомашины гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тухайн өдрөө Ж.Б-ийн Ү-1817000536 улсын бүртгэлийн дугаартай 32,59 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Д.Ж-гийн Г-1817007005 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.Ц , Д.Д нарын Г-1817001363 улсын бүртгэлийн дугаартай 709 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 102583-RC01 дугаартай гэрээг, Ж.Б-ийн 2791 ХЭН дугаартай цагаан өнгийн зүтгүүр, 6748 ГЧ дугаартай ногоон өнгийн чиргүүл зэргийг 102583-FA01 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулжээ. /хх-21-27, 32-34х/
12. “Т ХХК нь Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 313 дугаар тогтоолд үндэслэн ТЗ101/683 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх бөгөөд гэрээнүүд хийх үед зээл олгох үйлчилгээ явуулах эрхтэй байжээ. /хх-11х/
13. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ж.Б , Д.Ж нартай автомашины зээлийн гэрээг бичгээр үйлдэн гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээ болон фидуцийн гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасанд нийцсэн ба зохигч талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
14.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч эсхүл гуравдагч этгээд байж болохоор заасан тул хариуцагч Б.Ц , Д.Д нарыг барьцааны гэрээнд барьцаалуулагчаар оролцуулсан нь хууль зөрчөөгүй. /хх-23х/
15. Үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэг, автомашины зээлийн гэрээний 1.2.7, 2.5.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Ж.Ж-ээс шаардахын зэрэгцээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, автомашины зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 167,954 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
16. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаартай тушаалаар батлагдсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал”-д зааснаар зээлийн хүүг тооцохдоо тухайн өдрийн зээлийн үлдэгдлийг жилийн хүүгийн хувиар үржүүлж, 365 хоногт хуваах байдлаар өдрийн хүүг гаргаж, ашигласан хоногоор хуримтлуулан тооцсон нь зөв болжээ.
17. Хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчид автомашины зээлийн гэрээний 2.3.1, 3.2.2-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөнөөр Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол буюу үндсэн зээл 86,711, 941 төгрөг, зээлийн хүү 14,549,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167, 955 төгрөг, нотариатын зардал 42000 төгрөг нийт 101,471,369 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Түүнээс гадна автомашины гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ болон фидуцийн гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
18. Хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нар нь “Сүхбаатар аймгаас цааш хил рүү тээвэрт явдаг байсан боловч, цаг агаарын нөхцөл байдлаас болж тээвэрт явж чадаагүй, мөн машин маань эвдэрсэн зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг харгалзан үзэж 5 сарын хугацаанд бодогдсон зээлийн хүү 14,307, 470 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах”-ыг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.
19. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102583 дугаартай автомашины зээлийн гэрээний 6.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлсон бөгөөд шүүхээс Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д зааснаар энэ нөхцөл байдлын талаар нотлох баримтаа гарган Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүргүүлж, гэрчилгээ аваагүй” гэсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнээс гадна хариуцагч нар нь автомашины зээлийн гэрээний 6.2-т зааснаар нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 2023-2024 оны өвөл Сүхбаатар аймаг руу тээвэр хийж байснаа нотлоогүй байна.
20. Иймд хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн тэдгээрээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,487 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв./хх-182х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2024/00487 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ