| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06748/И |
| Дугаар | 102/ШШ2016/05212 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/05212
| 2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/05212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Бүрэн төвийн 101 тоотод оршин байгаа Үнэт хөрөнгө ХХК /РД-5438225/-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тунгалаггэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Үнэт хөрөнгө ХХК шүүхэд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус компанийн захирал Д.Ганболд, А.Эрдэнэчимэгтэй 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Renualt Samsung sm50 маркийн, 3395 УБВ улсын дугаартай автомашин барьцаалж, өөрөө унаж явах нөхцөлтэйгээр зээлсэн.
Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Эрдэнэчимэг нь зээлийн төлбөрөө төлөлгүй, олдохгүй байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, А.Эрдэнэчимэгээс нийт 4,122,331 төгрөгийг шүүхээр гаргуулахаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 3 дугаар байр, 32 тоот хаяг, мөн хорооны Го парк 303 дугаар байр, 214 тоот хаягаар тус тус нэхэмжлэл гаргасан боловч Монгол Улсын хилээр гарсан талаар хариу өгсөн.
Иймд А.Эрдэнэчулууныг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Үнэт хөрөнгө ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Эрдэнэчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А.Эрдэнэчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/14383 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/20433 дугаар захирамж, зээлийн гэрээ, А.Эрдэнэчимэгийн Үнэт хөрөнгө ХХК-д гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-5-11, 18-20 32-33 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Урианхай овогт Авирмэдийн Эрдэнэчимэг /РД-УХ61050364/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалган, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
А.Эрдэнэчимэг нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 3 дугаар байр, 32 тоот хаяг, мөн хорооны Го парк 303 дугаар байр, 214 тоотод тус тус оршин суудаг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Урианхай овогт Авирмэдийн Эрдэнэчимэг /РД-УХ61050364/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.А.Эрдэнэчимэг нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 3 дугаар байр, 32 тоот хаяг, мөн хорооны Го парк 303 дугаар байр, 214 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Бүрэн төвийн 101 тоотод оршин байгаа Үнэт хөрөнгө ХХК /РД-5438225, Утас- 99094200, 99830281/.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД