| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0052/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга С.Өлзий-Отгон,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутан овогт Дамчаабадрахын Өт холбогдох 1929000860041 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд байрлах өөрийн гэртээ иргэн Б.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Б.Энхтайвны хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Д.Ө, Д,Чулуунбаатар нар хоорондоо хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Би Д.Чулуунбаатарт хандаж чи яах гэж хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлээд Д.Чулуунбаатарыг нэг удаа мөрлүү нь түлхээд автал орон дээр сууж байсан Д.Өсөхөбаяр манай ахыг яагаад байна аа гэж хэлээд намайг миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Би нүүрээ гараараа дараад тонгойж байтал намайг дахиад нүүрлүү өшиглөөд авсан” гэх мэдүүлэг /хх-н 12-15-р хуудас/
Д.Өын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...би Д.Чулуунбаатартай хэрэлдэж маргалдаад байж байтал Б.Энхтайван сууж байснаа гэнэт босч ирээд манай ах болох Д.Чулуунбаатарыг гараараа гэн удаа нүүрэн тус газарт цохиод авсан. Тэгтэл Д.Чулуунбаатар гэрийн хойморын орон дээл унасан. Би Б.Энхтайванд хандаж чи яагаад миний ахыг цохиж байгаа юм бэ? Гэж хэлээд гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/
Г.Галболдын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Юунаас болж маргалдах болсныг нь би сайн мэдэхгүй байна. Ах дүү хоёр Д.Чулуунбаатар, Д.Ө нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Б.Энхтайван сууж байснаа гэнэт босч ирээд Д.Өын ах болох Д.Чулуунбаатарыг гэрийн хойморын орон дээр сууж байхад нь гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан. Д.Ө Б.Энхтайваныг миний ахыг агаад цохиж байгаа юм бэ? гэж хэлээд гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь Б.Энхтайвныг цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3787 дугаартай “Б.Энхтайвны биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, яс хугаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээрүүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 34-р хуудас/
Яллагдагч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 46-47-р хуудас/
Д.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 64-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн бадалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 162-163, 117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд байрлах өөрийн гэртээ иргэн Б.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Энхтайвны биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Өын хохирогчийн нүүр орчимд нь гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Д.Өыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3787 дугаартай “Б.Энхтайвны биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, яс хугаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээрүүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 34-р хуудас/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Б.Энхтайван нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа шүүхийн шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тогоруутан овогт Дамчаабадрахын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Энхтайван нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Өын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Өт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН