Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1293

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 04                      Дугаар 1293                                  Улаанбаатар хот

ХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

            Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХ нь анх тус байгууллагад 1985 онд биеийн тамирын багшаар ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. ХХ нь энэ жил 55 настай бөгөөд захиргаанаас өндөр насныхаа тэтгэвэрт гар гээд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн болно. Энэхүү тэтгэвэртээ суух мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байхад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б/193 тоот тушаалаар ажлаас халсан. ХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасны дагуу хөдөлмөрлөх дээд насны хязгаар 60 нас хүртлээ ажиллах хүсэлтэй бөгөөд үүнээс өмнө ямар нэгэн байдлаар захиргаандаа өндөр насны тэтгэвэртээ гарах тухай хүлээн зөвшөөрсөн өргөдөл өгөөгүй юм. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийг ХХХ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний Б/193 тоот “ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Боловсролын тухай хуулийн 43.1.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4, Засгийн газрын 338 тоот тогтоол болон Захиргааны зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ХХХ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцсэн баримт бичиг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваад ямар нэгэн тайлбар гаргаагүй, 60 нас хүртэл ажиллах хүсэлтээ амаар болон бичгээр яман нэгэн байдлаар илэрхийлээгүй болно. Мөн 2015 оны төсөвт тэтгэмжийн мөнгө нь суусан байсан бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, мөнгөө авсан болно. Нэхэмжлэлдээ тэтгэвэртэй суух мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байхад Б/193 тоот тушаалаар халсан гэж байгаа боловч тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ яаж, хэзээ, хэнд, ямар хэлбэрээр гаргаснаа нотлоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХг Монгол Солонгосын политехник Биеийн тамирын ахлах багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.475.615 төгрөгийг хариуцагч ХХХ-ээс гаргуулан ХХд олгож, уг олговороос хуульд заасан хураамжийг суутган авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч ХХХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 166.559 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь хүний нөөцийн ажилтантай тэтгэвэрт гарах талаар тохиролцсон байдаг. Үүнийг шүүх үнэлээгүй. Ажил олгогчоос өндөр насны тэтгэвэрт суух мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мэдэгдэх хуудастай танилцаж гарын үсэг зурагдсан байдаг. Мэдэгдэх хуудас өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдсан. Ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч авсан. Мөн өдрөө хүсэлтээ гаргаж тэтгэвэрээ тогтоолгосон байдаг. Мэдэгдэх хуудас өгсөн өдөр тушаалаа гардаж авсан өдөрч тэр “би тэтгэвэрт гарахгүй, цаашид ажилмаар байна” гэдгээ байгууллагад амаар болон бичгээр нэг удаа хандаагүй байдаг. Тэтгэмжийн мөнгө нь 2015 оны төсөвт суугдсан байсан бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, тэтгэмжийн мөнгө 18.776.700 төгрөг авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тэтгэвэрт суух мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байхад Б/193 тоот тушаалаар халсан гэж байгаа боловч тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгээ яаж, хэзээ, хэнд, ямар хэлбэрээр гаргаснаа нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/193 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон тухай мэдэгдэх хуудсыг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад ХХ нь ямар нэг тайлбар гаргаагүй, 60 нас хүртэл ажиллах хүсэлтээ амаар болон бичгээр гаргаагүй, тэтгэмжийн мөнгийг хүлээн авсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, ...55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь 55 нас хүрсэн тухайд талууд маргаагүй, ХХ өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүссэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд мэдэгдэл өгөх шаардлагагүй ба тухайн мэдэгдэлд ажилтан амаар болон бичгээр заавал тайлбар гаргах хуулийн зохицуулалтгүй болно.

Иймд нэхэмжлэгч ХХ нь зөвхөн өөрөө хүссэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах үндэслэлтэй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” хэсгийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны     шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03335 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 гэсний дараа 46 дугаар зүйлийн 46.2” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 166 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                     ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ