Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Т” ХХК-ийн захирал Ш.Б 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

“Т” ХХК-ийн эзэмшлийн XV-..... тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Т” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх сумаас гаргасан бид бүхний нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гомдолтой байна.

Бид бүхэн тус хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хариу тайлбар, байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа шалтгаанаа удаа дараа тус компанид болон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг газруудад албан бичгээр хүргүүлж байсан. Мөн тус хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаний нийт талбайн 80 гаруй хувь нь манай сумын нутаг дэвсгэрт хамаарагдаж байхад Цагаанхайрхан сумын Засаг даргын тайлбар, гаргасан шийдвэрийг нь манай сумыг гаргасан мэтээр өмнөх нэхэмжлэлдээ дурдсан нь ойлгомжгүй байна.

Шүүхээс дээр дурдсан компаний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гээд байгаа үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгөхгүй байгаа учир шүүхэд гомдол гаргахад хүрч байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас “XV-....... дугаартай тусгай зөвшөөрлийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасугай” гэснийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

“Т” ХХК-иас Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “тус компанийн эзэмшлийн XV-...... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШТ2019/0538 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэх талаарх баримтыг цуглуулалгүйгээр шууд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу…” гэж дүгнэсэн, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь энэ асуудлаар эцсийн байх үр дагавартай байхад тогтоолын хүрээнд ямар ч ажиллагаа явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргах шаардлагатай, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2018 оны 1 дүгээр сарын 22, 30-ны өдөр тус тус дээрх төлөвлөгөөг батлуулахаар хандсан талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан төдийгүй холбогдох баримтаар ч тогтоогддог.

Анх олгосон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс тооцвол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох бөгөөд хуульд заасны дагуу үүнээс 1 сарын өмнө сунгуулах өргөдлийг шаардлага ханган хүргүүлнэ гэж үзэхэд сүүлийн хугацаа мөн оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байх үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгчээс нэг жилийн дараа буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энэхүү төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа энэ тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолд заасанчлан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах нь нэг талаас хугацааны талаарх хуульд заасан шаардлагыг хангуулах, нөгөөтэйгүүр хариуцагчийн батлахгүй байсан гэх эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С хандсан 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 05/01 дүгээр албан бичигт “…бид 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр танай суманд очиж мөн оны хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Танд хандсан боловч баталж өгөхөөс татгалзсан. 2018 оны 2 дугаар сарын 13-наас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бичиг баримтын бүрдэлд энэхүү төлөвлөгөөг батлагдсан байхыг шаарддаг. …Батлахаас татгалзаж байгаа нөхцөл шалтгаанаа албан ёсоор бичгээр гаргаж өгнө үү” гэсэн;

-мөн байгаль орчны менежментийн шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг батлаагүйтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага хангахгүй өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гаргаснаа нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа;

-энэ үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 305 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан зэргээс үзэхэд эдгээрийн аль алинаас ч тооцоход чухам ямар шалтгаанаар нэхэмжлэл гаргахгүй байсан талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид “…нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримт цуглуулах бүрэн боломжтой байсаар байтал зохих ажиллагаа хийлгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэний эцэст хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гомдол гаргаж, улмаар энэхүү гомдол давж заалдах шатны шүүхээс хангагдсан нь хэргийг шууд шийдвэрлэх үр дагаварт хүргэхгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд болон захиргааны хэрэгт бичгээр гаргасан тайлбар зэргээс үзэхэд анхнаас хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон, санал авах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж тайлбарлах бөгөөд Ашигт малтмалын тухай одоогийн хүчин төгөлдөр хуульд энэ талаарх зохицуулалт байхгүй тул энэ талаар бус харин хэрэгт хамаарал бүхий 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасны дагуу хүргүүлж батлуулсан эсэх;

-мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах, тухайлбал 38.1.5-д заасан “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг тухайн сумын Засаг даргад хүргүүлэх”; 38.1.8-д заасан “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх” үүргээ хэрхэн биелүүлж байсан зэргийг тодруулах нь хариуцагчийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН