Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05213

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05213

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 16 дугаар байр, 81 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Түвшинжаргалын Учрал /РД-ЧД86070368/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 16 дугаар байр, 81 тоотод оршин суух, эмэгтэй, Хадынхан овогт Баяржаргалын Ганбат /РД-ЧЙ85040410/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Валя, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд /шүүхэд төлөөлөх эрх-1958/, хариуцагч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Валя шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд Б.Ганбаттай Швед улсад танилцаж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Монгол Улсад ирж 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2012 оны 3 дугаар сарын 03-ны өдөр том хүү Г.Ингүүмэл, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Г.Маргад нар мэндэлжээ.

Тэд нийтдээ 8 жил хамт амьдарсан бөгөөд зан харилцааны тааламжгүй, бие биенээ үл ойлголцох болон том, жижиг маргааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж сүүлийн 2 жил тусдаа амьдарч байна.

Гэрлэгчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээн, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Талууд эд хөрөнгийн маргаангүй.

Нэхэмжлэгч нь одоо 2 хүүхдийн хамт Шведэд амьдарч байгаа зөвхөн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Т.Учралын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид хамт амьдрах боломжгүй болсон тул хоорондоо ярилцаад гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг авахгүй байхаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь Швед улсад байх сонирхолтой байсан, би ирэн очин байснаас сүүлийн 2 жил хөндий байсан гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Учрал нь Б.Ганбатаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Т.Учрал, Б.Ганбат нар 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүү Г.Ингүүмэл Юоаким, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр охин Г.Маргад Эмма нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-7-9 дүгээр тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч уг ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-14 дүгээр тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүү Г.Ингүүмэл Юоаким 4 настай, охин Г.Маргад Эмма 2 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдүүдийг эх Т.Учралын асрамжид үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Т.Учралд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Учрал нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, мөн гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гөрөөчин овогт Түвшинжаргалын Учрал, хариуцагч Хадынхан овогт Баяржаргалын Ганбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Г.Ингүүмэл Юоаким, охин Г.Маргад Эмма нарыг эх Т.Учралын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Ганбатаас 70,200 төгрөг гаргуулан Т.Учралд буцаан олгосугай.

4.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, мөн гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД