Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 438

 

 

 

  

 

 

 

    2019         06           17                                    2019/ШЦТ/438   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б-ийн З-т холбогдох эрүүгийн 1910010350374 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны ... тоотод хохирогч О.Э-ийн цээж, нүүрэн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910010350374 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Б.З- ахыг танина. Орхон аймгийн хорих ангид хамт ял эдэлж байсан юм. Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгаас найз Б-той хамт ажлаар Улаанбаатар хотод ирээд найз З-той утсаар ярихад “гэртээ байна” гэхээр нь Б-, Х- нарын хамт гэрт нь очсон. Бид хоол цай хийж идээд 3 шил архи хувааж уугаад сууж байхад З- ах “шоронгийн талаар гэрт ярьлаа” гэж хэлээд босоод явсан. Тэгтэл гэнэт миний зүүн талын суга, бугалга, зүүн талын хацарт тус бүр нэг удаа ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Энэ үед хажууд хэвтэж байсан Х- босч ирээд З- ахыг араас нь тэвэрч авсан. З- ахын гарт хутга харагдсан. Би гараад таксинд суух гэтэл машин зогсохгүй байсан. Энэ үед хажуу талын барилгын ажилчид түргэн дуудаж өгсөн. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирж, намайг “Цэргийн төв эмнэлэг”-т хүргэж өгсөн. Эмнэлэг хутгалуулсан шарханд оёдол тавиад “хэвтэх шаардлага байхгүй, хөнгөн гэмтэл байна” гэсэн тул би гэртээ харьсан. Надад хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би Б.З- ахтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

            Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт байдаг охин Алтанчимэгийн гэрээс гараад явж байхад 11.57 цагийн үед З-оо /З-/ залгаад “манайд шоронгийн найзууд Э-, Б-, Х- нар ирсэн, чи ирэх үү” гэхээр нь “за” гээд утсаа тасалсан. Намайг 13.00 цагийн үед З-ийн гэрт очиход Э-, Б-, Х-, Х- нар архи ууж байсан. О.Э- “Орост онцгой шоронд байсан” гэх мэтийн зүйл ярихад тэр талаар нь маргалдаж байгаад эвлэрсэн. Би З-ийн гэрээс 15.30 цагийн үед гарсан. Би орой 17.09 цагт З-оо руу залгаад “ирсэн хүмүүс чинь явсан уу” гэж асуухад “яваагүй байна” гэсэн. Орой 21:09 цагт З- над руу залгаад “би Эрдэмээг /Э-/ хутгалсан юм шиг байна, хүрээд ир” гэхээр нь 21:36 цагийн үед З-ийн гэр болох Хан-Уул дүүргийн 2-р хороо Нэхмэлийн 11-... тоотод очиход З- “би хүн хутгалсан юм шиг байна, наад цусаа битгий арчаарай” гэсэн. Ширээний хойд талд шал, сандал дээр цус болсон байсан. Би З-ийг орон дээр хэвтүүлчихээд ширээн дээрх зүйлсийг цэвэрлээд, хогнуудыг нь хаясан. Удалгүй цагдаа нар ирж хаясан хогийг минь буцааж авчруулсан. Намайг ирэхэд ширээн дээр хутга байгаагүй. Э-ийг хутгалсан гэх бор иштэй хутгыг хөргөгчний дотор талын дээд тавиур дээр арчиж тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

            Гэрч П.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13-14 цагийн үед 11 дүгээр байрны гадна явж байтал урт гэзэгтэй 30 орчим насны эрэгтэй болон 50 орчим насны шар царайтай эрэгтэй хүмүүстэй таарсан. Урт гэзэгтэй эрэгтэй нь “аниа ганц шил арх уух уу” гэхээр нь “тэгье” гэсэн. Урт гэзэгтэй эрэгтэй нь дэлгүүр рүү ороод нэг шил архи аваад гарч ирсэн. Би тэр хоёр залуутай хамт архи хувааж уугаад талдаа орж байхад цагдаа нар ирээд бид нарыг Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Намайг Цагдаагийн хэлтэс дээр очиход “таны даралт их байна, маргааш ирээрэй” гээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

            Гэрч П.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой 21:00 цагийн үед Э-, Х-, З-т бид дөрөв З-ийн гэрт хамт архи уусан. Би архи ууж байгаад тасраад унасан. Юу болсон талаар санахгүй байна. Намайг нэг хүн сэрээгээд “ах аа явъя” гэхээр нь босоод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

            Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах З-ийн гэрт Б-, Э-, бид гурав очсон. З- архи авч орж ирээд хамт хувааж уусан. Тухайн үед З-, Э- хоёр маргалдаж байсан. Би согтсон байсан учир юуны талаар маргалдсан талаар тодорхой мэдэхгүй байна. Маргалдаж байгаад З- Э-ийн нүүр рүү хутгалсны дараа баруун гар орчим руу нь 2 удаа хутгалсан. Би “хүн аллаа” гэж хэлээд Э-ийн нүүрнээс гарах цусыг гараараа дарахад Э- “бохир орчихно” гээд гараад явсан. Би Б-ийг сэрээгээд гэрээс нь гараад урд талын байрны үүдэн дээр сууж байхад цагдаа ирж бид хоёрыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5043 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: зүүн хацрын доод хажуу хэсэгт эрүүний дээд хэсэгт мэс заслын 3 оёдол бүхий шархтай, шарх орчимд нилээд хавдартай, цэвэр боолттой, зүүн суганы доод хэсэгт мэс заслын оёдол бүхий 2.5см шархтай, шарх идээлж үрэвссэн, резинэн бээлийгээр чихээс хийсэн байдалтай, боолттой, шархнаас улаан шаргал шингэн гарсан байдалтай, зүүн бугалганы гадна доод хэсэгт мэс заслын шарх бүхий 2 шархтай /нэвт хавж хатгагдсан/, шарх үрэвссэн, шархнаас улаан шаргал шүүс гарсан байдалтай, резинэн чихээс хийсэн, боолт нэвтэрсэн байна. Дүгнэлт:

1. О.Э-ийн биед зүүн хацрын хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн  эдийн няцрал, зүүн суга, зүүн бугалганы идээлж үрэвссэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2787 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илрээгүй. /хх-ийн 42-р хуудас/,

     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №2788 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /хх-ийн 44-р хуудас/,

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №2439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй. /хх-ийн 46-47-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо 11 дүгээр байрны ... тоотод О.Э- нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь гэмтэл учирсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Ариунсанаагийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3, 4 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 5 ширхэг гарын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №5 гэж дугаарласан наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь гарын мөр нь Б-ийн З-ийн баруун гарын эрхий, №2, 4 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь гарын мөрнүүд нь Ойровын Э-ийн баруун гарын ядам, долоовор хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн гарын мөнүүд нь “Адис-Папилон” системийн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 49-54-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.З- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 9 цагийн үед Эрдэмээ /Э-/ над руу залгаад “хаана байна ах аа, яваад орчих уу” гэхээр нь “тэг” гэж хэлээд Хан-Уул дүүргийн 2-р хороо Нэхмэлийн 11-... тоот гэртээ байхад 10-11 цагийн орчим Э-, Б-, Мөнхбат нэг эмэгтэйн хамт ирсэн. Би 0.5 литрийн “Хараа” архи авч ууж дуусгаад дахин нэгийг авсан. Эхнэр Б-тэй ярихад “ажилтай байна, очих болоогүй байна” гэсэн. Дараа нь би архи даахгүй болтлоо уусан. Хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр Б- орж ирээд “цус болсон байна” гэхээр нь “битгий арилга” гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Э-, Б- бид нар Эрдэнэт хотын хорих ангид хамт хоригдож байсан... Хамт архи уугаад сууж байхдаа Э- шоронд байсан зүйлээ яриад байхаар нь “ах нь олон жил шоронд суусан, одоо тэр зүйлийг яриад яахав” гэхэд агсам тавиад байсан. Ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга орчимд нь тус бүр нэг удаа хутгалсан. Энэ үед Э-ийн хацар, гарнаас нь цус гарч, Э- гэрээс гарч явсан. Архи уусан байсан учир уурлаад хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 77-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 81-83-р хуудас/, Ажилчны районы 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 87-89-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.З- нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны ... тоотод хохирогч О.Э-ийг “шоронгийн талаар ярьлаа” гэж шалтаглан түүний зүүн хацар, зүүн суга, зүүн бугалга руу хутгалж биед нь “зүүн хацрын хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн суга, зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч О.Э-ийн ... З- ах “шоронгийн талаар гэрт ярьлаа” гэж хэлээд боссон. Гэнэт миний зүүн талын суга, бугалга, зүүн талын хацарт тус бүр нэг удаа ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Энэ үед хажууд хэвтэж байсан Х- босч ирээд З- ахыг араас нь тэвэрч авсан. З- ахын гарт хутга харагдсан. Эмнэлэг хутгалуулсан шарханд оёдол тавиад “хэвтэх шаардлага байхгүй, хөнгөн гэмтэл байна” гэсэн тул би гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

            Гэрч Б.Б-ийн ...Орой 21 цагийн үед З- над руу залгаад “би Эрдэмээг /Э-/ хутгалсан юм шиг байна, хүрээд ир” гэхээр нь 21.36 цагийн үед З-ийн гэр болох Хан-Уул дүүргийн 2-р хороо Нэхмэлийн 11-... тоотод очиход З- “би хүн хутгалсан юм шиг байна, наад цусаа битгий арчаарай” гэсэн. Ширээний хойд талд шал, сандал дээр цус болсон байсан. ...Э-ийг хутгалсан гэх бор иштэй хутгыг хөргөгчний дотор талын дээд тавиур дээр арчиж тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

            Гэрч Б.Х-ы ...Тухайн үед З-, Э- хоёр маргалдаж байсан. Би согтсон байсан учир юуны талаар маргалдсан талаар тодорхой мэдэхгүй байна. Маргалдаж байгаад З- Э-ийн нүүр рүү хутгалсны дараа баруун гар орчим руу нь 2 удаа хутгалсан. Би “хүн аллаа” гэж хэлээд Э-ийн нүүрнээс гарах цусыг гараараа дарахад Э- “бохир орчихно” гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5043 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. О.Э-ийн биед зүүн хацрын хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн  эдийн няцрал, зүүн суга, зүүн бугалганы идээлж үрэвссэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 38-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо 11 дүгээр байрны ... тоотод О.Э- нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь гэмтэл учирсан гэх, хэргийн газрын үзлэгээр а/д Ариунсанаагийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3, 4 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь 5 ширхэг гарын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №5 гэж дугаарласан наалдамхай тууз дахь 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь гарын мөр нь Б-ийн З-ийн баруун гарын эрхий, №2, 4 “75л-ийн “Ерөөл” архины шилний гадаргуунаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн тунгалаг наалдамхай тууз дахь гарын мөрнүүд нь Ойровын Э-ийн баруун гарын ядам, долоовор хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн гарын мөнүүд нь “Адис-Папилон” системийн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 49-54-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.З- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Нэг мэдэхэд манай эхнэр Б- “цус болсон байна” гэхээр нь “битгий арилга” гэсэн. ...Хамт архи уугаад сууж байхдаа Э- шоронд байсан зүйлээ яриад байхаар нь “ах нь олон жил шоронд суусан, одоо тэр зүйлийг яриад яахав” гэхэд агсам тавиад байсан. Би ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга орчимд нь тус бүр нэг удаа хутгалсан. Энэ үед Э-ийн хацар, гарнаас нь цус гарч, Э- гэрээс гарч явсан. Архи уусан байсан учир уурлаад хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.З- нь хохирогч О.Э-ийг хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “хохиролд 1.000.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 113-р хуудас/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.З- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч Б.З-д танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр 1955 онд төрсөн өндөр настай хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.З-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Д овогт Б-ийн З-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З- нь хохирогч О.Э-т 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР